Долоон удаа хуримласан хос

2012/04/16
Share |
Хүмүүс:
Долоон удаа хуримласан хос

Драмын урлагт үнэнчээр зүтгэж яваа алтан гэр бүлийн нэг бол Хасар Б.Жаргалсайханых. Хайртайгаа илэрхийлэхийн тулд дaвс идэж, цантсан цонхон дээр сэтгэлийн үгсээ бичсэн тэдний хайрын түүх тун сонин, бас дурсамжтай.

Б.Жаргалсайхан 1982 онд дунд сургуулиа төгсч ОХУ-ын Москва хотноо Театр урлагийн дээд сургуульд шалгалт өгчээ. Дөрөв, таван зуун хүүхдээс ердөө л зургаар нь тэнцүүлсэн энэ шалгалтад ирээдүйд эхнэр болох бүсгүйтэйгээ хамт үлдэнэ гэж огтхон ч санаагүй явжээ. Тэрээр Соёлын яаманд очиж, томилолт бичгээ аваад явж байхдаа анх Г.Урнаатайгаа таарсан гэдэг. Үүнээс хойш ойр ойрхон уулздаг болж, тэр бүү хэл Эрхүү хотноо хэлний бэлтгэлд хамт орж илүү дотносчээ.

ВАЛЕНТИНЫ БАЯРААР ХАЙРАА БАТАЛГААЖУУЛСАН

Амьдралынхаа хамгийн сайхан, дурсамжтай мөчийг 1983 оны хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн хайрын өдөр тохиосон гэж тэд үздэг юм билээ. Энэ өдөр сэтгэлээ илчилж, хайр сэтгэлээ баталгаажуулсан болохоор тэр хэмээн хэн, хэн нь хуучилдаг.

Харин 1985 онд оюутан байхдаа албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хуримаа хийсэн гэдэг. Тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү, бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлсэн хэлбэр нь гэнэн атлаа хөгжилтэй. Гэхдээ эргээд бодоход хамгийн нандин, дурсамжтай үйл явдлын нэг байжээ. Хоёул хамт сууж байгаад "Бие, биедээ хайртай гэдгээ яаж илэрхийлэх вэ" хэмээн ярьж л дээ.

Гэтэл тухайн үед хамгийн ойр байсан зүйл нь давс. Б.Жаргалсайхан эхлээд хоолны халбагаар хутгаж аваад "Энэ давсыг идээд чамд хайртайгаа баталъя" гэж. Хайртай бүсгүй нь ч үүний хариу болгож, нөгөө давснаас нь идэж инээд наргиан болж байсан гэдэг. Цантсан цонхон дээр сэтгэлээ илчилж "Би чамд хайртай" гэж бичиж байсан оюутан цаг, Эрхүүгийн хавар гээд олон сайхан дурсамж тэдэнд бий.

Одоо ч тэдний сэтгэл зүрхний хамгийн нандин дурсамж нь тэр.

ӨНӨР БҮЛ

Анх амьдрал мэдэхгүй, хоосон оюутнууд байж. Гэтэл хамтын амьдрал эхлүүлснээс хойш өнөр болжээ. Тэднийх гурван хүүхэдтэй. Одоо тэд нь өсч, ач, зээтэй болсон. Гэр бүлээ өдий хэмжээнд хүртэл бат бөх, аз жаргалтай байлгасан нь тэдний бие биедээ өгсөн агуу их хайр, хүндлэлийн үр дүн болов уу.

ХАЙРТАЙ ХОСУУДАД ХАЯГЛАСАН ХАЙРЫН ЗАХИА

Сургуулиа төгсч ирээд кино, жүжигт тоглож эхлэх үед шинэ, залуу жүжигчин гэдэг утгаар, тодорхой хэмжээнд олны танил болжээ. Тэр үед одоогийнх шиг интернэт гэх мэт чөлөөтэй харилцах зүйл байсан биш. Зөвхөн захидлаар л харилцах боломжтой. Эхнэр нөхөр гэлтгүй, тэдэнц хаягласан захиа театрт их ирнэ. Заримд нь хариу бичнэ. Заримыг нь уншаад хоёулаа инээлдээд өнгөрдөг байжээ. Энэ хүртэл гэр бүлийнхээ аз жаргалыг хадгалж яваа хосууд үе үеийн залууст тодорхой хэмжээгээр үлгэр дууриал болж ирсэн болов уу.

ЭХНЭРЭЭ НЭГДҮГЭЭРТ ТАВЬЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ

"Зуурдын явдлаар бие биеэ шохоорхоно гэдэг огт өөр. Нэг нэгнийхээ дотоод сэтгэлийг таньж мэдээд "Энэ миний насан туршдаа хамт амьдрах хань мөн үү" гэж сонгох ч бас өөр асуудал. Нэгэнт сонгосон хайраа хүндлэл болгож, хэзээ ч хиртээхгүй байх шиг сайхан зүйл байхгүй" хэмээн Б.Жаргалсайхан нэгэн ярилцлагадаа онцолсон байдаг.

Түүнд "Хэнийг нэгдүгээрт тавьж, хайрлаж хүндлэх вэ" гэсэн асуултад хариулсан нь их сонин. Хүн болгон үүнийг хүлээн зөвшөөрдөг ч, тэр бүр ил гаргаж яриад байдаггүй. Ихэвчлэн эсрэг талаас нь ярих тохиолдол ч бий! "Юутай ч, хамгийн эхэнд би эхнэр хүүхдүүдээ тавина. Яагаад гэвэл энэ бол миний амьдрал. Хоёрдугаарт нь аав ээж, ах дүүгээ тавина" гэж хэлсэн нь багагүй шуугаан тарьжээ.

Зарим нь "Чи ёстой тэнэг байна даа. Аав ээж чинь нэг л удаа олдоно шүү дээ. Авгай хүүхэд бол яахав" гэж зэмлэж. Ээж нь хүртэл энэ тухай мэдчихээд "Чи ингэж ярьсан байна лээ" гэж тунирхсан гэдэг. Гэсэн ч энэ яриаг сүүлд нь хүлээн зөвшөөрсөн гэдэг.

Б.ЖАРГАЛСАЙХАНЫ "ЗӨРҮҮД" ОНОЛ

"Ямар эр хүнийг хүндэлж хайрладаг вэ" гэсэн асуултанд зарим хүн "Гүндүүгүй монгол эр хүн сайхан даа" гэдэг ч юм уу, аль эсвэл "Адгийн тэнэг авгайгаа магтана" гэх мэтээр хариулдаг. Гэтэл энэ үг надад ер таалагддаггүй юм. Бид хоёр бие биедээ асар их хайр хүндлэлтэй хандаж, нэг нэгнийхээ төлөө үргэлж санаа тавьж явдаг. Би зөвхөн ганцаараа зүтгэж, энэ амьдралыг бүтээнэ гэж байхгүй. Амьдралынхаа аз жаргалыг зуун хувиар тооцлоо гэхэд 60 хувьд нь эхнэр хүн нөлөөлсөн байх жишээтэй.

Тэгэхээр гүндүүгүй монгол эр хүн гэдэг ойлголт одоо цагт ер зохицохгүй. Хөдөө ан хийж, айл хэсч, айраг уугаад л хийх ажилгүй, нэг л их сайхан инээсэн хүн яваад байж болохгүй шүү дээ" хэмээн ярьсан Б.Жаргалсайханы үг хэнд ч нэгийг бодуулж, хоёрыг сануулах биз ээ.

ХАМТЫН АМЬДРАЛАА ТАЙЗАН ДЭЭР МӨНХӨЛСӨН

Тэд тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримлажээ. Амьдралынхаа хуримыг нэмбэл долоон удаа хуримласан хэрэг. Хоёулаа жүжигчин мэргэжилтэй учраас уран бүтээлд хамт ажиллана гэдэг сайхан байдаг биз ээ. Тэр ч байтугай, үр хүүхдүүдтэйгээ хүртэл нэг жүжигт тоглож байсан удаатай гэнэ лээ. Урлагийн гэр бүл гэдэг гайхалтай. Тэр тусмаа, жүжигчний мэргэжил бүр сайхан. Үр хүүхэд, үзэгч олон хожим нь "Б.Жаргалсайхан, Г.Урнаа гэж ийм жүжигчин байсан байна. Ийм дүрүүдэд тоглож, тайз дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн байна" гэж дурсах нь хамгийн гайхамшигтай сайхан зүйл, мартагдашгүй дурсамж болов уу.

Л.Хэрлэн Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.