Хүмүүс: Lohan Lindsey | |
Холливудын "муу" охидын нэг Линдсей Лохан нэрт жүжигчин Элизабет Тайлорын хайр дурлалыг харуулсан телевизийн намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээнэ гэж AFP мэдээлэв.
Телевизийн бүтээл хийдэг “Лайфтайм” кино компани энэ оны зургадугаар сард Лос-Анжелест киноныхоо зураг авалтыг эхлэхээр төлөвлөсөн байна. Элизабет Тайлорын амьдралыг харуулсан киноны нэр нь “Лиз ба Дик” аж.
“Лайфтайм” кино компанийн дэд ерөнхийлөгч Роб Шаренау “Бид Линдсей Лоханыг Элизабет Тайлорын дүрийг гайхалтайгаар харуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэр түүнийг дүрд тоглох маш дуртай байгаагаа илэрхийлсэн. Линдсей энгийн харагддаг хэрнээ үзэсгэлэнтэй жүжигчин юм” гэжээ. Түүний ярьснаар киноны ихэнх хэсэгт Тайлор болон Буртон нарын хайр дурлалын адал явдлыг өгүүлэх аж.
Роб Шаренау “Тайлор болон Буртон нарын янаг амрагийн харилцаа тухайн үед үнэхээр шуугиант мэдээлэл байсан. Тэд үнэхээр бие биедээ хайртай байсан учраас гайхалтай хосууд болж чадсан” гэжээ. Жүжигчин Элизабет Тайлор өнгөрсөн онд 79 насандаа таалал төгссөн юм.
25 настай жүжигчин Линдсей Лохан өнгөрсөн онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт орооцолдоод байсан бол энэ оноос кино урлагтаа эргэн ирж байна. Тэрбээр AFP-д өгсөн ярилцлагадаа “Би үргэлж Элизабет Тайлороос жишээ авч ирсэн. Тэр чадварлаг жүжигчин гэхээс илүү гайхалтай эмэгтэй байснаар нь бахархдаг. Би түүний дүрийг бүтээхээр болсон нь маш сайхан түүх болж үлдэх юм" гэжээ.
Т.Арьяа