СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг: Би гивлүүр зүүж амьдрахгүй

2008/05/06
Share |
СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг: Би гивлүүр зүүж амьдрахгүй

Г.Эрдэнэтунгалаг өрх гэр, үр хүүхдийнхээ төлөө тэмцэж яваа мянган мянган эмэгтэйчүүдийн нэг гэдгээрээ бусадтай адилхан. Гэхдээ тэр гайхамшигтай уран бүтээлч гэсэндээ бусдаас, мөн мэргэжил нэгтнүүдээсээ ялгардаг. “…Би ёстой явж өгч байна” гэж тэр хэлсэн. “Үдшийн болзоо” аялан тоглолтоо хэлж байгаа юм. Өвөрхангайгаас гараалсан аялан тоглолт очсон газар бүртээ цасан будраа дагуулсанд “Хувьтай хүн хур борооноор” хэмээгээд тэр их бэлгэшээж байна лээ. Ийнхүү хөндлөн гулд туучихад нь “Спирт бал бурам”-ынхан их дэм болж. Эрдэнэтунгалаг ч их том болж. Хэсэг хугацааны дараа тэрээр “Үдшийн болзоо” тоглолтоос бүтсэн DVD-гээ худалдаанд гаргах юм байна. Айл өрх бүхэнд түүний тун сонирхолтой тоглолтыг гэртээ шимтэн үзэх таатай боломж олдох нь. Сониноос аялан тоглолт тун удахгүй үргэлжлэх гэнэ. Гэхдээ түүнтэй уран бүтээл нэг их ярьсангүй.

-Танд амжилт хүсье. Дээхнэ нэг таарахад охинтойгоо ч тухтай уулзаж чадахгүй юм даа гэж халаглаж явсан. Охинтойгоо ихэнх цагийг өнгөрөөхгүйдээ харамсдаг уу?
-Барагтай бол үгүй шүү. Төрчихөөд хоёр гурван cap болоод би зурагтын тоглолтуудыг үзээд тайван сууж чаддаггүй байсан. Бусад уран бүтээлчдээ харахаар би л хаягдаж гээгдэн, арчигдах гэж байгаа юм шиг санагдаад их хэцүү шүү. Хөгжмийн зохиолч, хамтран ажилладаг хүмүүсээс зарим нь “Чи ядаж охиноо зургаан cap хүргээд ирээч” гэж загнасан удаатай. Намайг бүдрэхэд түшээд авдаг аав, ээж минь охин Есүйг хүн болгосон. Би нэг бодлын их азтай. Миний эргэнтойрон найз нөхөд минь байна. Жаргалтай юм шиг хэрнээ би амьдралын төлөө шаналдаг. Шаналалаа харин уран бүтээлээрээ тайлдаг.
-Ингэхэд Есүй маань одоо хэнээрээ овоглох вэ?
-Охин маань хүн болж төрж мэндэлсэн учраас албан ёсны бичиг баримттай байх шаардлагатай биз дээ. Гэтэл тэр хүн энэ асуудалд үнэхээр хайнга хандсан. Би охиноо Эрдэнэтунгалагийн Есүй гэх үү. Уг нь энэ чинь төрсөн эцэгтэй охин шүү дээ. Би охиноо өвөөгөөр нь овоглоно гэж бодож байгаа. Миний аав энэ орчлонгийн хамгийн ухаантай хүн, өвөө нь аавыг нь орлож чадна. Аав маань тамхиа татаад цөөн хэдэн үг сургах нь үнэхээр жинтэй шүү. Тэр хүний ярианаас ухаарал, амьдралын баяр баясгалан гэж юу болох гээд бүгдийг мэдэж авдаг.
-Гаваасүрэн гуай одоо хаана ажиллаж байгаа вэ?
-Төрийн ажил гэж хэцүү, цаг наргүй. Аав “Иргэний бүртгэл мэдээллийн төв”-д ажилладаг. Сонгууль дөхөөд, ард иргэдийг бичиг баримтжуулах ажил ид өрнөөд, урьдынхаас ч ачаалалтай яваа. Би ч гэсэн ажиллаад, шөнө орой, үүр цүүрээр орж ирэхэд аав тамхиа нэрсэн шигээ, ажлаа хийж суудаг. Уран бүтээлч хүнд ийнхүү суух нь жаргалтай байдаг болов уу.
-Та охинтой болсноо мэдэх үе хамгийн аз жаргалтай байсан уу? Охины аав МУ-ын начин Сэр-Од гэдгийг хүмүүс мэднэ. Тэр хүн охин дээрээ ирдэггүй юм уу?
-Стресс ядаргаанаас болоод сарын тэмдэг ирэхгүй байх үе надад тохиолддог болохоор би мэдэхгүй явсаар нэг мэдэхэд дөрвөн cap болчихсон байсан. Үртэй болсноо мэдэх “сонин” юм билээ. Охинтойгоо гэдсэнд байхаас нь ярьж хөөрч битүүхэндээ ойлголцож эхэлсэн гэх үү дээ. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх цагаасаа эхлээд бүх мэдрэмжийг авч, төрөнгүүтээ хамгийн түрүүнд ээжийнхээ дууг таньдаг гэдэг. Жирэмсэн эх баярлах, гомдох нь амархан, эмзэг гэдгийг үр хүүхэдтэй хүн бүхэн мэдэх байх. Би чинь их хатуу хүн. Эмэгтэй хүн хичнээн хатуу ширүүн ч эр хүний алдаа оноог уучлах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Гэтэл эмэгтэй хүн хөл хүндтэй байх үеийн тэр их шаналал, гомдол цөхрөлийг юутай зүйрлэх вэ. Тэр үед тохиолдсон зүйлс арай хүнд шийтгэл болдог юм болов уу. Урьд өмнө салсан эхнэр, үр хүүхэд, ахиад нэг бүсгүйн тухай сураг энэ бүхэн тийм хүсмээр зүйл гэж үү. Үүр цайтал хэн нэгнийг хүлээн шогшоод л, хөлийн чимээ гарахаар давхийн цочоод л суух нь эмэгтэй хүн бүрт тохиолддог байж болзошгүй зүйл гэдэг ч миний хувьд тийм ч тэвчмээр зүйл биш.
-Сэр-Од начин найран дээрээ сүйт бүсгүйгээ уриагүй гээд л бөөн сенсаац дэгдсэн?
-Сэр-Од сонинд “Эрдэнэтунгалаг бид 2 проблемтой байгаа” гэж ирээд л ярилцлага өгсөн байсан. Бидэнд урилга өгүүлсэн. Ээж бид хоёр очоогүй. Аав минь очсон. Түүнээс хойш мань эр 20 хоног алга болсон шүү дээ.
-Тэр хүн одоо таныг гээд хүрээд ирвэл яах вэ?
-Арай өмнөхөн ирсэн бол хүлээж авах л байсан байх. Одоо оройтсон. Одоо бол хүний эцэг юм хойно мэдээж үр хүүхэд дээрээ ирнэ биз. Эцэг хүнд бодож явдаг зүйл байгаа л байх. Хүн чинь хүүхэд дээрээ ирж болох биз дээ. Ирдэггүй л юм даа.
-Сүүлийн үед та маш их эрч хүчтэй байгаа. Хэрэв Сэр-Од гэдэг залуутай үерхэж байгаад хүүхэдгүй салсан бол энэ их эрч хүч гарах байсан болов уу?
-Үгүй. Хүчтэй хайр аугаа их амжилтыг даллан дууддаг гэдэг. Энэ бол яах аргагүй миний амьдрал. Заримдаа “Өө, байдаг л амьдрал” гэж бодох мөртөө заримдаа “Яагаад заавал би гэж, би яагаад шаналах ёстой гэж” гэсэн эмзэглэл маань надаас сэм сэмээр холдон одсоор…
-Охиноо гэртээ орхиод тайзан дээр гарахад, охин нь, таныг орхиод явсан хүн нүдэнд чинь харагдана биз?
-Бүх зүйлийг нүдэндээ харна. Бүх зүйлийг дотроосоо гаргахын тулд… Би заримдаа уйлдаг байсан. Гэхдээ би ил биш далд уйлдаг байсан.
-Үгүй ээ. Та миний мэдэхээр лав л нэг удаа зрителийн өмнө уйлсан шүү дээ?
-Мэдэхгүй. Яагаад гэвэл би өөрийгөө мэдэхгүй ш дээ. Манай рок попын нэгэн томоохон хатагтай “Эрдэнэтунгалаг аа, чи уйлж ирээд л.. .Ямар хаашаа хүүхэд вэ. Битгий тэг” гэж зэмлэсэн. Тэр хүн миний дотор хүнийг илүү ойлгоод байгаа юм.
-Батсайхантай хоршин дуулдаг байхад хүмүүс танаас тийм дүр төрх олж харсан болов уу. Аль эсвэл тухайн үедээ мэдрээгүй ч байж болох юм?
-Муу дууг ч сайн дуулж, бусдад хүргэдэг дуучныг дотортой дуучин гэдэг. Дэлгэрмөрөнгийн энэ чадварт нь түшиглээд “Тэнгэрийн бүсгүй”-г Дэлгэрмөрөнд өгөөч ээ” гэдэг саналыг би ээжид хэлээд, энэ дуу түүний дуулснаар ард түмэнд илүү хүрсэн. Би ч дуундаа жаргал, зовлон бүгдийг амьдралаараа үзэж, туулаагүй ч дүрслэн бодож дуулдаг. “Дуулж л явахаас даа” бол миний амьдралд эргэлт гарсан хойно дуулагдсан учраас хүмүүсийн сэтгэлд илүү хүрсэн болов уу.
-Танд нэг давуу тал байна. Зарим хүмүүс бусдын мэдсээр байгаа зүйлийг улайм цайм нуудаг. “Манай нөхөр тийм биш” гэж ирээд л,… Сонин хэвлэлийнхэн увайгүй худалч амьтад юм уу, хаашаа юм. Эмэгтэй хүн хамаг байдгаа дэлгэхээ байг. Худлаа гэж “гүрийснээс” бүр чимээгүй байсан нь дээр ч юм шиг?
-Хатуухан хэлбэл би нэг ёсондоо өрх толгойлсон эмэгтэй байхгүй юу. Тэгэхдээ би тэгж хэлүүлэхийг хүсдэггүй. Тэр бол уран бүтээлч хүмүүсийн нэг том чанар нь.Нэр төр гэж айхтар юм байдаг. Нэр хугарахаар яс хугар гээд, нэр төрөө хайрлаад элдэв юмаа ярьдаггүй байх л даа. Миний хувьд бусдын адил бусдын өмнө гивлүүр зүүж амьдрахгүй. Хойшид ч энэ л хэвээрээ явна. Эмэгтэй хүний хувьд нууц байна л даа.
-Телевизээр таны амьдралыг өгүүлсэн “Хайрлаарай…”мюзикль гарсан нь олны сэтгэлд нийцсэн болов уу. Дажгүй санаа байна лээ шүү?
-Миний амьдралын нэгээхэн хэсэг. Эрка тийм л байсан юм байгаа биз. Цаашид ямар болохыг би өөрөө ч мэдэхгүй ш дээ. Уран бүтээлч хүн алхам тутамдаа өөрчлөгдөж байх ёстой. Мюзикл хийсэн газраас надад “кинонд тоглооч” гэсэн санал ирсэн. Бодвол өчүүхэн авъяасыг минь олж харсан юм болов уу. Үүнийг хий гэж зоригжуулсан хүн бол аав. Аав минь “Миний охинд жүжиглэх авъяас байдаг юм шүү. Чамд кино зохиол бичиж өгнө” гэж байсан. Аав цагдаагийн амьдралын тухай “Түгшүүрт шөнө” гэдэг сайхан кинотой. Үнэхээр чанартай юм хийх гэхэд асар их хөрөнгө шаардагддаг. Мюзиклийг арваад саяар хийлгэсэн. Гэхдээ их гоё болсон гэж олон хүн хэлсэн. Олон ч хүн уйлснаа нуугаагүй.
-Эр хүний нөмөр нөөлөг алга болчихоор эхэндээ хэцүү байсан уу. Эргээд хурдан ирээсэй гэж бодогдож байсан уу?
-Мэдээж хэцүү. Төрөхөөс өмнө төрсний дараа үнэхээр хэцүү эмзэг байдаг. Магадгүй би өөр мэргэжлийн хүн байсан бол их хэцүү байдалд орох байсан байх даа гэж боддог. Дээр нь би их шартай. Намайг хөглөж хурцалж байсан ганцхан хүн бол миний охин. Би охиноо тэврээд унтах бүртээ, хөхүүлээд суух тоолондоо, харах тусмаа “Ертөнц дээр ирчихээд би ийм “юм” бүтээчихлээ. Би энэ хүний төлөө юу хийх ёстой вэ. Эцсийн мөчид бүхнээ энэ хүүхдэд зориулах ёстой. Тийм учраас чи зүтгэх ёстой” гэж өөртөө хэлдэг болсон. Нэг ёсондоо гомдол, үзэн ядалт нь уучлалт болоод одоо бол ялалтын төлөө хөдөлмөр болчихсон.
-Одооны хүүхнүүд би нэг эр хүнийг үзэн ядсан бол бусад нь яг адилхан гэж сэтгэхээ больсон шүү дээ?
-Одоо тийм ойлголт байхгүй шүү дээ. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг шиг хүнтэй нэг танилцаад, нэг нөхөрлөөд хүнийг таньж чаддаггүй л байхгүй юу.
-Та хоёр анх яаж танилцсан бэ?
-Хүлээн авалтан дээр танилцсан. Нэг уран бүтээлчийн цайллага л даа.
-Хүүхнүүд их адтай. “Тэрийг” Эрка яаж тоосон юм бэ гээд л …?
-Би хүний сэтгэлтэй ойрхон байхыг хичээдэг. Тэр хүний сэтгэл нь надад таалагдсан байх л даа. Тийм ч учраас бүгдийгээ зориулж чадсан байх.
-Гэтэл сайхан сэтгэлтэй хүн биш байсан гэж үү?
-Үгүй яахав дээ. Одоо хүртэл ойлголцохгүй л байгаа ш дээ. Түс тас ярилцаад ч салсан юм байхгүй ш дээ. Зүгээр л цаг хугацаа урт учраас ганцаараа явах гээд холдчихсон. Гэхдээ одоо миний сэтгэлд байхгүй. Тэр хүнд сэтгэл байдаг юм уу үгүй юу би мэдэхгүй. Байлгах ганц зүйл гэвэл ерөөсөө охин дээрээ л бид хоёрын сэтгэл байх хэрэгтэй. Энэ хүүхдийн өмнө хүлээх хоёр талын хариуцлага бий.
-Сэр-Од чиний хувьд анх учирсан эр хүн чинь мөн үү?
-Хамгийн анх бүх юмаа зориулж, хамгийн анх би өөртөө байгаа нандин зүйлээ зориулсан.
-Тэгэхээр Сэр-Одоос өмнө та бусадтай учраагүй байсан гэсэн үг үү?
-Хаанаас даа. Юу гэж тийм юм байх юм бэ. /Тас тас хөхрөв. сур/
-Сэр-Одын яриад байсан проблем нь юу байсан юм бэ?
-Ёстой мэдэхгүй. Энийг тэр хүнээс асуу.
-”Хайрлаарай” дууны үг аяыг хэн зохиосон юм бэ?
-Бавуудорж ах бичсэн. “Хайрлаарай” чинь Сэр-Од биднийг танилцахаас өмнө гарсан дуу. Ямар сайндаа хүмүүс Бавуудорж ахаас хүртэл асуудаг гэсэн. “Танд захиалж бичүүлсэн үү” гэж ирээд л… Би бүр сүүлдээ Бавуудорж ахаас “Та ер нь ямар учиртай шүлэг бичсэн юм” гэдэг.
-Уучлаарай Сэр-Од яг юуг проблем гэж үзсэн юм бэ?
-Мэдэхгүй. Одоо юу байсан юм бол. Проблем гарахаар амьдрах хугацаа байсан юм уу. Жил ч болоогүй, нэг гэрт ч ороогүй явж байгаад л больсон.
-Тэр найран дээр нь яагаад очоогүй юм бэ?
-Надад урилга өгөхөөр нь очоогүй.
-Яагаад?
-Яагаад гэдэг асуулт чинь одоо болтол миний дотор байгаад байна ш дээ. Яагаад надад урилга өгсөн юм бол, би хаана суух байсан юм бол.
-Тэрнээс өмнө та хоёр сэтгэлээ уудалж болоогүй юм уу?
-Хүн хайртай байсан бол сөхрөөд ч хамаагүй гуйгаад ирэх байсан. Хайр чинь хамгийн хүчтэй зүйл. Хайрын ард бас хариуцлага байдаг байхгүй юу.
-Та хоёр уулзахаа больсноос хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Уран бүтээлээ хийгээд явж байгаа ийм гайхамшигтай эмэгтэйтэй учирсан азтай эр байгаа болов уу?
-Байхгүй ээ. Одоохондоо би хэнээр ч эзэмдүүлэхийг хүсэхгүй байна. Юу гэхээр охин маань байна. Хоёрт би ганцаараа биш, миний ард олон хүн байдаг учраас их хариуцлагатай байх ёстой гэж боддог. “Энгэрээ битгий сул тавиарай” гэдэг шиг би их ёс жудагтай байх ёстой. Тэгэхээр надад “тийм юм” зохицуулах цаг зав ч байдаггүй. Охиноо том болохоос өмнө бүхнийг бэлэн байлгах юмсан гэж зүтгэж яваа. Өөрийн гараар бэлэн болгочих юмсан. Өрөөлийн тусыг ямар нэгэн байдлаар авахгүй юмсан гэж хичээж явна.
-Миний ажиглалтаар, бусдын яриагаар та энэ хугацаанд өөртөө байгаагүй гоо сайхны зарим нэг хэсгийг хүртэл өөртөө бий болгож, өөрийгөө ялан дийлж чадсан юм шиг. Энэ үнэн үү?
-Миний зургийг авдаг нэг ах маань “Эрка чамд баяр хүргэе. Уруул дээрх мэнгэ чинь гоё зохижээ гэдэг шиг, наад давхраа чинь үнэхээр гоё зохижээ” гэж хэлсэн. Би гэдэг хүн чинь ийм гоё нүдтэй болохын тулд дөрвөн cap шахам зовлоо шүү дээ. Миний төлөвлөсөн зарим ажил навс хойшилж байгаа юм. Амьхандаа нэлээд өндөр үнэ ханштай, сайн эмнэлэгт давхраа хийлгэсэн чинь алдаа гараад, нүд гэдэг эмзэг эрхтэн чинь өвдөхөөрөө маш хэцүү. Би орь дуу тавиад л…Өвчин намдаах эм уугаад, тариа хийлгээд л… Маш удаан эмчлүүлэх хугацаандаа Солонгос хүртэл явсан. Ямарваа зүйлд эцсийн эцэст үр дүн чухал. Би ямар ч байсан урьдахаасаа илүү гоё нүдтэй болж чадсан.
-Давхраа хийлгэх оролдлого дэмий байж дээ гэж тэр үед харамссан уу. Өвдөлт маш хэцүү?
-Үгүй, үгүй. Хурдан эдгээсэй л гэж бодож байсан. Айвал бүү хий. Хийвэл бүү ай гэдэг дээ. Би чинь урлагийн хүн. Хэр чинээгээрээ өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Үзэгчдээ хүндлэх хэрэгтэй.
-Төвөг. Төвөг. Танд ямар нэгэн зүйл тохиолдсон бол яана. Таныг сонсдог хүмүүст таны дуу хоолой хэрэгтэй биш үү. Дахиад ямар нэгэн гоо заслын эмчилгээнд орох уу?
-Надад үзэгчдээ хүндлэх сэтгэл байвал би өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Миний ямар нэгэн эрхтнийг илүү гоё болгоод өгье гэсэн хүн байвал, надад үнэхээр ашигтай санал тавибал би тэр хүнтэй хамтрахад бэлэн байна. Зарим хүмүүс хэлдэг л дээ. “Амьдаар нь” харсан чинь их энгийн юм байна. Тайзан дээрээс харахаар аймаар том, их сүртэй харагддаг гэж. Энэ бол алтан тайзны минь буян. Бид ч гэсэн тайзны ард хувцсаа өмсөж зогсохдоо нэг өөр, тайзан дээр гарахдаа харин жинхэнэ уран бүтээлч гэдгээ мэдэрдэг. Биднийг чинь их л гоё хүн гэж боддог. Тэр үзэгчдийн итгэлийг, тэр тайзны сүр хүчийг хүндэлж гоё байхын төлөө тэмцэх хэрэгтэй.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.