Хүмүүс: Lohan Lindsey | |
Уран бүтээлийн замнал нь тасалдаж, бараг сүйрэх дээрээ тулаад байсан Линдси Лоханы амьдралд огцом өөрчлөлт гарчээ. Тэрээр хүсч байсандаа хүрч Элизабет Тейлорын дүрд тоглохоор болжээ. Өмнө нь Линдси бүсгүй алдарт жүжигчин эмэгтэйн дүрд хувирч байсан билээ. 2006 онд тэрээр Тейлорыг дүрсэлж сэтгүүлүүдийн хуудаснаа олонтаа гарсан.
Тэгэхэд Лохан ердөө 19 настай байсан юм. Түүний уран бүтээлийн замнал ид үедээ байсан аж. Хар өнгийн парик зүүж, нүд хөмсгөө хар өнгөөр будаж, хиймэл мэнгэтэй болсон Линдси бүсгүйн гэрэл зургийг хараад бид түүнийг ямаршуухан Элизабет болохыг нь мэдэрч болно. Өнгөрсөн долоон хоногт Линдси жүжигчин Тейлорыг ихэд хүндэлж явдгаа өгүүлжээ.
“Би Элизабетыг хэзээд шүтэж, түүнийг гүн хүндэтгэдэг байсан билээ. Тэр авъяаслаг жүжигчин төдийгүй гайхалтай эмэгтэй байсан юм. Түүний дүрийг амилуулахыг надаас хүссэн нь нэр төрийн хэрэг боллоо” гэж Линдси ярив. Түүнийг Тейлорын дүрд сайн хувирна гэдэгт эргэлзэх хүн олон байгаа юм. Линдсид авъяас дутахгүй нь тодорхой билээ. Харин түүнийг согтууруулах ундаа болон хар тамхины асуудал нь баллаж мэднэ.
Цагтаа Лоханы найз нөхөр явсан нэрт жүжигчин, телевизийн хөтлөгч Рози О’Доннел өөрийн хөтлөн явуулдаг ток шоуны үеэр шуугиан таригч бүсгүйн уран бүтээлийн замнал сэргэнэ гэдэгт итгэхгүй байгаагаа хэлсэн юм. “Линдси энэ янзаараа бол Уитни Хьюстоны хувь заяаг давтаж магадгүй. Би үүнийг хүсэхгүй байна. Би одоо 50 настай. Би Уитнигийн оршуулгын ёслолд оролцож зогсохдоо “Хүмүүс яагаад мэдэж байсан зүйлийнхээ талаар ярьдаггүй юм бэ?” гэж бодсон. Бид юу болоод байгааг бүгд л мэдэж байсан шүү дээ... Тухайн хүн өөрөө л өөрийн амьдралын хэв маягийг хянах чадвартай биз дээ? Та нар Линдсиг хар л даа. Түүний байр байдал бидний сэтгэлийг зовоосоор байна” гэж хөтлөгч бүсгүй өгүүлсэн аж.