Жүжигчин Г.Алтаншагай: Бидэнд туршлага хангалттай байгаа болохоор тун удахгүй хошин урлагт хүч үзнэ

2012/05/02
Share |
Хүмүүс:
Жүжигчин Г.Алтаншагай: Бидэнд туршлага хангалттай байгаа болохоор тун удахгүй хошин урлагт хүч үзнэ

Монголын драмын урлагийн хамгийн отгон гэгдэх "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь уран бүтээл болох “Хайртай бол эргэж хараарай” жүжгийнхээ нээлтийг хийх гэж байна. Энэ талаар тус театрын жүжигчин, МУСТА Алтаншагайтай ярилцлаа.

-  “Мөрөөдлийн театр” өнөөдөр шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Энэ талаар яриагаа эхлье?
- Юуны өмнө Factnews.mn сайтаар зочилж байгаа эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргье. Манай “Мөрөөдлийн театр”-ын шинэ уран бүтээл МУСГЗ Ш.Гүрбазарын зохиол “Хайртай бол эргэж хараарай” шоу драм өнөөдөр “Тусгаар тогтнолын ордонд” нээлтээ хийх гэж байна. Энэхүү уран бүтээлийн маань ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа.

- Бэлтгэл ажил хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?
- Бараг жил гаруйн өмнө Гүрээ ахдаа бид зохиолын санал тавьсан. Энэ дагуу бид маш олон удаа уулзаж, зохиол дээрээ ажиллаж байгаад эцсийн байдлаар хамгийн шилдэг гэж үзсэн зохиолоо сонгож тайзан дээр тавихад бэлэн болоод байна. Бэлтгэл сургуулилтын хувьд сар гаруй хугацаанд бэлдсэн.

- Энэ жүжиг бусад уран бүтээлээс юугаараа онцлог байж чадах вэ?
- Энэ жүжигт маань хүн төрөлхтөний мөнхийн сэдэв болсон хайр сэтгэл, өнөөгийн нийгэмд залуусын өмнө тулгараад байгаа асуудлууд, баян хоосны ялгаа зэргийг бодитоор харуулахыг зорьсон. Дөнгөж сургуулиа төгсөж байгаа хоёр залуу гудамжинд явж байгаад үзэсгэлэн гоо бүсгүйг олж харсанаар энэ жүжгийн үйл явдал эхлэнэ дээ. Зохиолын хувьд маш эрэлт ихтэй, ар араасаа дараалсан сонирхолтой өрнөлтүүдтэй учраас үзэгчдийг үнэхээр уйдаахааргүй бүтээл болсон.

- Шоу драм гэсний учрыг тайлбарлах нь зүйтэй байх?
- Шоу драм гэдэг төрлийг бид Монголд анх гаргаж ирж байгаа юм. Шоу гэдэг бол хамгийн сонирхолтой, содон үзүүлбэрийн нэгдэл юм л даа. Драм гэдэг бол эхлэл, өрнөл, төгсгөл, тайлалтай байдаг. Тэгэхээр бид шоу хэлбэрээр драмын тоглолт тавих гэж байгаа юм. Цаашид ч манай уран бүтээлүүд энэ жанраар тоглогдоно.

- Энэ жүжгийн дуу гадуур нэлээд хит болж байна л даа. Дуугаа танай уран бүтээлчид өөрсдөө зохиосон гэж сонссон?
- Дууны маань хөгжмийг “New star” студийн продюссер Л.Гантөр ах маань зохиосон. Харин шүлгийг нь манай театрын жүжигчин Г.Эрхэмбаяр бичсэн. Тэгээд залуусын дунд нэлээд олон сайхан уран бүтээлээрээ танигдсан дуучин A cool дуулсан. Гадуур хүмүүс их сонсдог болсон байна лээ.

- “Мөрөөдлийн театр” байгуулагдаад удаагүй байгаа ч хоёр жүжиг, нэг кино хийгээд амжжээ. Кино бас тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа байхаа?
- За бид нар “Image” энтертаймент, “Mill” студитэй хамтраад “Ээжийн дайсан” гэдэг бүрэн хэмжээний инээдмийн кино хийсэн. Кинонд маань МУГЖ Тунгалаг, дуучин Ч.Цэлмүүн, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон. Киноны зураг авалт  хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Жүжгээ өнөөдөр нээчихээд, хоёр хоногийн дараа киноныхоо нээлтийг хийнэ. Тэгээд энэ сарын 17-ноос Солонгос улсад болох Олон улсын театрын фестивальд явах гэж байгаа. Бэлтгэл ажил хангагдсан.

- “Мөрөөдлийн театр” их шахуу хувиараар ажиллаж, богино хугацаанд хэд хэдэн бүтээл гаргачихлаа шүү дээ. Тэгэхээр богино хугацаанд хийгдэж байгаа эдгээр бүтээлүүд үзэгчдийн сэтгэлд нийцэхүйц чанартай болж чадсан болов уу?
- Хэр чанартай байх вэ гэдгийг бид өөрсдөө үнэлэх эрхгүй. Аль болох богино хугацаанд маш хурдтай, ажиллаж ихийг хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэллээр л ажиллаж байна. Заавал богино хугацаанд чанаргүй бүтээл гардаг гэж ойлгож болохгүй. Тийм болохоор маш шаргуу хувиараар ажлаа төлөвлөчихсөн байгаа. Одоо ч гэсэн нүдээ аниад  жаахан суувал унтчих гээд л байна. Бид нар чинь өглөөний 09 цагаас шөнийн 04-05 хүртэл ажиллаж байгаа. Амрахыг мартаад, ажиллахыг л гол болгож байна даа. Бид одоо л хөдөлмөрлөхгүй юм бол хэзээ хөдөлмөрлөх вэ. Тиймээс хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцье, шинийг хийж бүтээе гэж бодсон. Тийм ч учраас “Мөрөөдлийн театр” гэж нэрлэсэн юм. Яахав магадгүй бидний уран бүтээл зарим нэгэнд таалагдахгүй байж болно. Ямартай ч бидний ажлын үр дүнг ирж үзээд, үнэлэлт дүгнэлтээ өгч, чанарын талаар санал бодлоо хуваалцах байх аа.

- Сүүлийн үед “Х-Түц” продакшны жүжигчин Батаа “Мөрөөдлийн театр”-ыг сонголоо гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?
- Тиймээ. Батаа маань манай үндсэн жүжигчин болсон. Тэгээд хөгжмийн зохиолч Батсайхан ах, жүжигчин Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр, О.Дөлгөөн, Т.Баттулга, Чука, дээрээс нь би нэмэгдэнэ, мөн маркетингийн албаныхан маань ороод манай театр 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Энэ жил Чука, Дөлгөөн хоёр маань сургуулиа төгсөнө.

- “Ээжийн дайсан” киноны гол дүрд дуучин Ч.Цэлмүүнийг тоглуулсан байсан. Энэ талаар олон хүн сонирхож байгаа байх?
- Цэлмүүний хувьд гадаад төрх байдлаараа манай зохиолын гол дүрийн эмэгтэйд яг таг нийцсэн. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн маш чадварлаж тоглосон гэж бодож байна. Мөн киноныхоо дууг маш сайхан дуулсан байгаа. Өмнө тоглосон киног нь үзэхэд тэр үнэхээр чадварлаг байсан.

- “Мөрөөдлийн театр” хошин урлагт хүч үзэх юм биш биз?
- Тиймээ. Бидний дараагийн уран бүтээл цэвэр хошин шоу тоглолт байх болно. Манай жүжигчид бүгдээрээ л хошин урлагт хүчин зүтгэж байсан хүмүүс. Батаа маань “Х-түц”-д байсан, Батушка бид хоёр бол “Шинэ-үе” -д байсан. Мөн Эрхэмээ маань драмын театрт байхдаа нэлээд хэдэн хошин шоу тоглолтонд оролцсон. Тийм болохоор бидэнд туршлага хангалттай байгаа гэж бодож байна. Тэгэхээр ирэх намраас хошин урлагийн шоу тоглолт хийнэ.

- За энэ их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцсанд баярлалаа
- За та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье.

А.Ариунхур

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.