Ц.Нямдорж, Д.Цэвээнжав нар Гүнтэд хаяа дэрлэн амьдарч байна

2012/05/03
Share |
Хүмүүс: Д Цэвээнжав |  Ц Нямдорж | 
Ц.Нямдорж, Д.Цэвээнжав нар Гүнтэд хаяа дэрлэн амьдарч байна

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудалтай зэрэгцээд нэлээд хэдэн агентлагийн дарга нарын суудал чичирхийлж байгаа сурагтай. Эдний нэг нь Гаалийн Ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав гэнэ.

Учир нь Д.Цэвээнжавтай холбоотой ямар нэгэн асуудал УИХ, Засгийн газрын түвшинд яригдвал Ц.Нямдорж цээжээрээ хамгаалдаг. Уг нь ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавыг албан тушаалаас нь огцруулах хэмжээний томоохон хэргүүд гааль дээр үйлдэгдсэн. Бүр эдгээр хэрэгт гаалийн байцаагч нар холбогдож байсан нь тодорхой болсоор байгаа билээ. Тухайлбал, гаалийн байцаагч нарын бүлэглэн үйлдсэн 27 вагон самрыг хил давуулсан хэрэг, 180 тонн төмрийг цемент болгож татвараас бултуулсан хэрэг гээд л дурдвал урт жагсаалт хөвөрнө.

Гэвч улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой гааль, гаальчидтай холбоотой асуудал босож ирэх бүрт Засгийн газар дээр очоод дарагдаж замхардаг. Энэ мэтчилэн ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавтай холбоотой олон хэрэг замхарч, сураг алдарсаар байна.

Тэгвэл энэ бүхний ард ХЗДХ-ийн сайд байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь Д.Цэвээнжавтай холбоотой хэрэг төвөг, хууль, шүүхийн асуудлыг зохицуулчихдаг Иймээс ч Д.Цэвээнжав ажлаа санаа зовох зүйлгүй хийсээр байна.

Д.Цэвээнжавын хувьд хэзээнээс Ц.Нямдоржийн хүн байсаар ирсэн гэдэг. Бүр нэг нутгийнх. Ц.Нямдорж 1956 онд Увс аймагт төрсөн бол, Д.Цэвээнжав 1953 онд Увс аймагт төрсөн. Ерөнхийдөө нэгэн үеийнхэн гэхэд болно. Ц.Нямдоржийн хамгаалалт дор тухалж, төрийн өндөр албан тушаалаас буухаа байчихсан Д.Цэвээнжав шиг олон хүн бий.

Иймдээ ч 2008 оны нэгдүгээр сард Ц.Нямдорж дотны анд Д.Цэвээнжавыг ГЕГ-ын дарга болгожээ. ГЕГ бол Сангийн яамны харьяа байгууллага. Тухайн үед ГЕГ-ын даргаар Б.Баттөмөр, Сангийн сайдаар Ч.Улаан ажиллаж байв. Иймээс Ц.Нямдорж нутгийн найзыгаа ГЕГ-ын дарга болгоход ямар ч асуудалгүй байсан Гэхдээ Ц.Нямдорж, Д.Цэвээнжав нарын харилцаа холбоо энгийн найзуудынхаас илүү бат бэх гэхэд болно.
Ямар сайндаа л Гүнт дэх зуслангийн байшингаа зэрэгцүүлэн барьж байх вэ дээ. Жаахан хүүхдүүд найзуудтайгаа ижилсэж, нэгнээ барааддаг шиг зуслангийн хаусаа нэг хашаанд зэрэгцүүлээд барьчихсан байна лээ.


Өнгөрсөн оны сүүлээр Ц.Нямдорж сайдын зуслангийн хаусыг барьж байсан хоригдол нас барсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж, шуугиан дэгдээсэн. Хоригдол үхсэн гэх мэдээлэл гарсны дараа жижигхэн байр түрээсэлж амьдардаг хэмээн өөрийгөө өрөвдүүлж байсан Ц.Нямдорж сайд Гүнтэд өмнө нь баригдаж байгаагүй нүсэр хаус бариулж буй нь олон нийтэд ил тод болсон билээ.

Тэгвэл Д.Цэвээнжавын хаус Ц.Нямдорж сайдын дуулиан шуугиантай баригдаж байгаа хоёр залгаа хаусны яг урд байрладаг юм билээ. Тэд тус бүртээ хоёр хаустай. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж, Д.Цэвээнжав нарын дөрвөн нүсэр хаус нэг том хашаанд байдаг.

Ц.Нямдорж сайдын хоёр хаус хоорондоо залгаатай. Гаражтайгаа нийлээд гурван давхар гэсэн үг. Залгаа хоёр хаусны урт багцаагаар 60-70 метр бол өргөн нь 20-25 метр Бараг л сумын төвийн дунд сургуулиас том хаус сүндэрлэж байна. Баруун талын хаус нь ашиглалтад орчихсон бол зүүн талынх нь дотоод засал чимэглэл хийгдэж байгаа бололтой, алх, хөрөөний дуу хадаж байлаа.

Эднийх өдөр шөнөгүй л гэрлээ асааж байдаг бололтой. Гэрлийн авжуур, хөшиг, тюль, хана гээд л цонхоор харагдаж байгаа хэдхэн зүйл нь дотроо ямар тансаг, дээд зэрэглэлийн зочид буудал шиг хаус болохыг илэрхийлж байв. Сайд маань хүрэн, бор өнгөнд дуртай бололтой. Тэрбээр хаус болон дотор ханаа хүрэн бор өнгөөр тохижуулсан байв. Харин Д.Цэвээнжав даргын хаус хоёр тусдаа байрладаг. Эдний нэг хаус нь гаражтайгаа нийлээд дөрвөн давхар, нөгөөх нь гурван давхар. Нэг нь хуучирсан боловч бас л чамин тансаг хэвээрээ байх аж. мөн л гурван давхар энэхүү байшиндаа будаг түрхэлгүй, модных нь өнгөөр үлдээж, лакадсан байв. Энэ хаусанд нь хотоос уригдаж ирсэн зочид, хүүхдүүд нь зусдаг гэнэ лээ.

Д.Цэвээнжав дарга өөрөө шар өнгөтэй дөрвөн давхар хаустаа суудаг юм байна. Уржигдар буюу энэ сарын нэгэнд эхнэр хүүхэдтэйгээ ирж, өдөржин хэвтэж байгаад явсан гэнэ. Уг нь тавдугаар сарын нэгэн ажлын өдөр байсан. Тэр тусмаа мягмар гараг гэдэг бол долоо хоногийн эхлэл гэхэд болно. Ийм өдөр ГЕГ төрийн хариуцлагатай байгууллага байтугай хувийн компанид ч ажил ундарч байдаг шүү дээ. Эсвэл ГЕГ-ын дарга нар мягмар гарагт амардаг юм болов уу, бүү мэд. Ямар ч байсан ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав ажлын эхний өдрийг амралтын өдөр шиг өнгөрөөж, гэр бүлтэйгээ зусландаа өнжөөд буцжээ.

Б.Даваахүү, Өлгөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.