Н.Энхбаярын тухай муу ёрлогсод

2012/05/08
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Н.Энхбаярын тухай муу ёрлогсод

   Хүний мөс муудаж байна гэх яриа гарах болсон нь оргүй ч зүйл биш бололтой. Хальтирч унаж байгаа өндөр настан, согтуу эрд ээрүүлж байгаа хүчин мөхөс эмэгтэйн дэргэдүүр хээв нэг өнгөрөхөөс эхлээд үнэхээр хүний мөс мууджээ. Энэ нь улс төр нийгмийн дээд хүрээнд улам бүр мэдрэгдэж байна. Өнөөдөр авлига, хээл хахуулийн хэргээр мөрдөн шалгагдаж байгаа Н.Энхбаярыг өлсгөлөн зарласан тухай амтай болгон ярьж, алийгаа мэдэхгүй зарим нь нулимс дуслуулах нь халаг болж байна.

   Амралтын өдрүүдэд Н.Энхбаярыг хуурай өлсгөлөн зарласныхаа улмаас ухаан алдаж, бараг л амь нь тасарч байгаа мэтээр муу ёрлов. Тэр ч бүү хэл баттай эх сурвалжийн мэдээллээс сонсоход намынх нь нөхөд нөгөө ертөнцөд очуулсан мэтээр хилийн чанад руу мэдээлэл цацсан гэх. Нээрээ л муу ёр шүү. Магадгүй эндээс харахад Н.Энхбаярын үхэл хэн нэгэн бас хэсэг бусаг хүмүүст хэрэгтэй ч юм шиг дүр зураг харагдаж байна. Үүнийг нотлохын тулд өрнөж буй үйл явцыг логик дараалалтай нь зөв эрэмблэж чадваас харагдах болно.


    Мэдээж хэрэг барьж хорьсон байгууллага болон сөрөг хүчнийхэнд Н.Энхбаяр эрүүл энх тунх байх нь хэрэгтэй. Хэрэвзээ муу юм болбол хал бал нь хэнд наалдахыг нь намынх нь нөхөд заагаад өгчихсөн. Өлсгөлөн зарлах мөчид МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тэргүүтнүүд хэвлэлийн бага хурал дээр Н.Энхбаярын амь нас сүйдвэл тэр тэр хариуцна гээд нэртэй устай нь цохно билээ. Эндээс юу харагдаж байнав. Уншигч та эрхбиш нэгийг ойлгоно биз. Тэгсэн хэрнээ Н.Удвал тэргүүтэй намынх нь нөхөд түүний биеийг бодож өлсгөлөнгөө зогсоохыг ганц ч удаа гуйсангүй. Хэвлэлийн од болоод байгаа Баасанхүү ч билүү өмгөөлөгч нь бие нь муудаад бараг л үхэх гэж байна гэсэн үгийг их л баяр бахдалтай мэдээлж байх юм. Уг нь өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн асуудлыг ч бодолцох ёстой.

   Н.Энхбаярыг анхлан Төв аймгийн мөрдөнд хоригдоход нь Ж.Бямбадорж даргатай Хүний эрхийн үндэсний комиссынхон санд мэнд очиж босон суун дүгнэлт гаргасан. Гэтэл энэ удаад өөрийнхөө амьд явах эрхийг зөрчих гээд байгаа Н.Энхбаярын талаар ганхийхгүй байна.

   Өлсгөлөн зарладаг нь үндсэндээ гарах гарцгүйгээ ойлгоод айлгаж мултрах гэсэн сүүлчийн арга мөн боловч шүүх, хууль хяналтын байгууллагуудыг дарамтлах гэсэн увайгүй үйлдэл л дээ. Бор оймсоо гозолзуулаад баригдаад явж байхад нь уйлан хайлж, нус нулимсандаа хутгалдаад байсан нөгөөх авгай нар ч таг чиг.

   Үндсэндээ Н.Энхбаярын талыг баримтлагчид өлсгөлөнг нь зогсоож, амь насыг нь аврах оролдлого ерөөсөө хийхгүй байна. Хэрэвзээ бие нь муудаад муйхарласаар байгаад муу юм болбол хэнд ашигтай, хэнд хортой байх вэ. Мэдээж хэрэг гэр бүлийнх нь түүнийг энх тунх байгаасай гэж бодож байгаа. Үүнтэй хэн ч маргахгүй бизээ. Харин улс төрд хамт явж байгаа багийнх нь тоглогчид муу юм болбол ашиг завшаан гарахыг арай олж харсан юм биш биз. Таагүй зүйл болбол баатар болгодог монгол зан буй. Ер нь ч тэгээд манайхан том улс төрчийг бурхан болохоор үйл хэргийг нь үргэлжлүүлнэ гээд суудлыг нь эзлэх гээд дайрдаг увайгүй зантай болоод байгаа.

   Юу хэлэх гээд байгааг та бүхэн ойлгож байгаа биз ээ. Хэрэвзээ түүнийг нэг мөсөн түлхэж орыг нь залгамжилж, өрөвдүүлэх нийгмийн сэтгэл зүй дээр маргаашийнхаа тавагтай хоолыг хийх гээгүй л юм бол намынх нь нөхөд үхэх гэж байна гээд баяр бахдалтай мэдээлж байхаар өлсгөлөнгөө зогсоож эрүүл мэндээ бодож, тэмцлийн өөр соёлтой хэлбэрийг сонгохыг сануулмаар юм.

   Намынх нь удирдлагад шинээр орсон Д.Тэрбишдагва ч гэсэн бие нь муу, үхэх гэж байгаа мэтээр ярилцлага өгч од болж байхаар нөгөөх хүн чанараа гаргаж өлсгөлөнгөө зогсоох талаар нэгийг хиймээр. Хүн ч муугаа болохоор хамгийн адгийн адгуус даа.

   Улс төр тэгээд өөрөө их бохир зүйл юм. Сонгууль ойртсон энэ өдрүүдэд Н.Энхбаярыг өрөвдөж байгаа мэтээр намынх нь хамтрагчид мөн ч их шоудаж байна даа. Тэгсэн хэрнээ өлсгөлөн зарлаад бие нь доройтож байгаад ер санаа зовохгүй юм. Гэхдээ ухаангүй, бараг л үхлийн дээсэн дээр байгаа мэтээр мэдээлэгдээд байсан хүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баттулгыг очиход босон суун ярилцаж байх юм. Үнэндээ мэдэх юм алга. Хэн нь тоглоод, хэн нь хохироод, хэн нь хожих гээд байгааг ч ойлгох юм алга. Ямар ч байсан муу юм болбол Н.Энхбаярын тойрон хүрээлэгчид өөрсдийгөө хожно гэсэн балмад тооцоог л хийсэн нь баараггүй болж байна.

   Дэргэдэх нөхрөөрөө туг тахиж дээшээ гарах харгис чанар адгуусны ертөнцөөс зөвхөн ухаант хүнд л заяасан байдаг нь юучив дээ.

Д.Анхбаяр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.