Үнэгүйдсэн амь

2012/05/14
Share |
Хүмүүс:
Үнэгүйдсэн амь

Ирж яваа цаг гэж бодсон бас л үгүй бололтой, эргээд хүйтрэх гэнэ

Цасаар, бороогоор, шороогоор шуурна гэнэ, энэ амралтын өдрүүдэд. Энэ ч яах вэ цаг зуурын үзэгдэл, маргааш нь тэнгэр цэлмэж л таарна. Харин 2012 гарсаар 40 гаруй хүүхэд амиа хорлосон байна. Бурхан багшийн сургаалд айлдсанчлан зүүний үзүүрт арвай тогтохтой адил ховорхон хувь заяаг олж төрсөн энхрий жаахан үрс, “Аав аа, ээж ээ надад чихэр зайрмаг авч өгөөч” хэмээн булцайж бумбайсан гараа сарвалзуулан эрхлэх тэд энэ амьдралыг үзэн ядсандаа “Нүгэлт энэ орчлонг орхисон нь дээр юм байна” хэмээн бяцхан оюундаа тунгаагаад амиа хорлож. Аав, ээжийнхээ энгэрт цамнан саатаж, сэтгэлийн хиргүй өсөх тэр жаалууд ийм аймшигтай сонголтыг хийхээсээ өмнө юуг бодон сэтгэлээ чилээсэн бол. Бодохоос ч эмзэглэм. Энэ бол хэзээ ч цэлмэхгүй сэтгэлийн тэнгэр бас бидний амьдарч буй эл цаг үед хүний амь гудамжаар сүлэлдэх машинаас  ч дорд ортол үнэгүйдсэнийг илтгэх жишээ билээ. Тиймээс энэ ертөнцийн төгс дээд нь хэмээн нэрлэгддэг байсан хүн, монгол хүний амь үнэгүйдсэнийг гэрчлэх энэ он жилүүдийг цөвүүн цаг гээд нэрлэчихэд буруудахгүй биз.

Бас энэ долоо хоногт ээлж дараалан болсон ноцтой хэргүүд, ослууд үүнийг нотлох тул илүүг нурших хэрэггүй болов уу гээд сонгууль дөхөх тусам Төрийн ордон, дээдсийн суудлаас өөрийг бодохоо больсон эрхмүүдэд үүнийг заавал уншаасай хэмээн он дараалалтай нь хаяглаж байна.

2012 оны  тавдугаар сарын 8

Чингэлтэй дүүргийн XVII хороонд оршин суух 14 настай охин амиа хорложээ. Цагдаагийнхны өгсөн мэдээл­лээр талийгаач охин өөрийгөө боомилсон бөгөөд юунаас болж ийм алхам сонгосныг тодруулахаар тэд ажиллаж байгаа гэнэ. 14 гэдэг бол сэтгэлийн буртаггүй нас. Гоёж, гангалж, үеийнхээ хөв­гүүдээс хайрын үгтэй зурвас аван ичингүйрч гүйдэг цэцэг цэврүү шиг үе. Гэвч тэрээр үхлийг сонгож. Уншигчдад дахин сануулахад зөвхөн энэ он гарсаар 40 гаруй хүүхэд амиа хорлосон бөгөөд Өмнөговь аймагт болсон нэгэн эмгэнэлт явдлыг энд дурдахгүй өнгөрч болохгүй нь. Энэ нь 10 настай бяцхан хүү дөнгөж хөлд орж яваа гурван настай дүүтэйгээ “Тавантолгой” ХК-ийн ажилчдын тосгонд байрлуулсан усан оргилуурын хажууд тоглож байгаад амиа алдсан хэрэг. Уг нь мэргэжлийн хүмүүсийн өгүүлснээр тус компанийнхан усан оргилуурыг барихдаа цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс бяцхан хүүхдүүд цахилгаан гүйдэлд цохиулж амиа алдсан юм билээ. Гэтэл энэ хэргийг шалгасан цагдаагийн байгууллагынхан хүүхдүүдийг амиа хорлосон гэж үзсэн байгаа юм. Тэдний тайлбарласнаар арван настай бяцхан хүү гурван настай дүүгээ дагуулаад сайн дураар үхлийг сонгосон болж таарч байна. Итгэмээргүй явдал. Хамгийн эмгэнэлтэй нь, цагдаагийнхантай үгсэн хуйвалдсан “Тавантолгой” ХК-ийнхан нас барсан хүүхдүүдийн эцэг эхэд нэг сая 200 мянган төгрөгийг нөхөн олговор гэж өгсөн байгаа юм. Ирээдүй болсон бяцхан үрсийн амь ганц  сая гаруйхан төгрөгөөр үнэлэгдэж. 

2012 оны  тавдугаар сарын 9
 
Хан-Уул дүүргийн IV хороо, Нүхтийн зуслангийн задгайд барьж байсан хоёр давхар барилгын суурь нурж, таван хүн  дарагдсан аймшигт осол гарав. О.Мэндсайхан гэх хүний эзэмшлийн барилгыг барьж байсан 14 хүний тав нь дарагдсан бөгөөд 15 цагийн үед дөрвийг нь эсэн мэнд гаргасан ч харамсалтай нь нэгнийх нь амийг аварч чадаагүй. Талийгаачийн цогцсыг уржигдар 20 цагийн үед гаргасан юм. 56 настай тэр эрэгтэйн цогцсыг нуранги дороос олоход хүндрэлтэй байсан, дөрвөн цаг орчим ажиллаж байж олсон гэдгийг тэнд ажилласан мэргэжлийн багийнхан өгүүлсэн. Гэвч хэн нь ч ямар хүний буруутай үйл ажиллагаанаас болж энэ хүн нас барав гэдгийг хэлсэнгүй. Байдаг л осол мэтээр өгүүлсэн нь хамгийн ихээр сэтгэл хөндүүрлүүлэв. Талийгаач юу хийдэг, хэн ч байсан байж болно. Гэхдээ түүнийг эрдэнэт хүн, эхнэрээ, хүүхдүүдээ тэжээх гэж тэр аюултай нөхцөлд ажиллаж байсан эцэг хүн гэдгийг нь мартах ёсгүй. Магадгүй ар гэрээ тэжээх гэж яваад амиа алдсан түүнийг 70-80 настай эцэг нь, эх нь хүлээгээд сууж байхыг ч үгүйсгэх аргагүй. Бид хүнээ гаргуунд гаргасны бас нэг жишээ энэ.

Дашрамд дуулгахад Монгол Улсад 2008-2010 онд 1223 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэнд 1479 хүн өртөн үүнээс 83 нь нас барсан гэдгийг МХЕГ-ын дарга Р.Содхүү өгүүлсэн байна билээ. Энэ тоо өсөх бөгөөд учир нь 2011, 2012 онд хэчнээн хүн ийм эмгэнэлт байдлаар хорвоог орхисон тоог одоо ч нэгтгээгүй л байна.     

2012 оны  тавдугаар сарын 8

Хөндөхгүй байж болохгүй бас нэг сэдэв нь зам тээврийн осол. Хэрэв уншигчид санаж буй бол энэ өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг буюу  Хонхорын замд “Subaru impreza” маркийн автомашин замын хажуу руу онхолдсоноос 20 орчим насны зургаан залуу хүнд хөнгөн гэмтсэн. Тэднийг Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэсэн бөгөөд гурав нь сэхээн амьдруулах тасагт байгаа. Бие нь маш муу, заримынх нь амийг аврах найдлагагүй болов уу гэдгийг эмч нар хэлсэн гэсэн. Харин тэдгээр залуусын аав нь, ээж нь, ах эгч, дүү, эмээ өвөө нь “20 хон настай юм шүү дээ” хэмээн өмөлзөж, бурхнаас амийг нь гуйн залбирч сууна. Үхэхэд дэндүү харамсалтай хайран залуу нас. Замын цагдаагийн газрын мэдээлснээр энэ оны эхний дөрвөн сард зам тээврийн ослоор 98 хүн амиа алдсан байна. Тэдний 59 нь орон нутагт нас барсан бол 39 нь нийслэлд. Энэ тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувиар өссөн дүн бөгөөд 277 хүн маш хүнд гэмтсэн байгаа юм. Дөрөвхөн сарын дотор 98 айл цаг зуурын хагацал үзэж, 277 хүн дахин хөдөлмөрлөж чадахааргүй болжээ.

2012 оны  тавдугаар сарын 10

Энэ нийтлэлийг бичиж байхад редакцид бас нэг гашуун мэдээ ирэв. Энэ нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт хувиараа алт олборлож байсан хоёр хүн шороонд даруулжээ. Тэд шороонд даруулаад нэг хонож буй ч аймгийн Мэргэжлийн хяналт болоод Онцгой байдлын хэлтсийнхэн одоо ч аварч чадаагүй аврахаар ажиллаж байгаа гэлээ. Хамгийн харамсалтай нь тэднийг дарагдаад олон цаг болсон тул амьд гэж хүлээх хэрэггүй болов уу гэсэн үгийг манай сэтгүүлчид хэлсэн байсан. Монгол Улс өнөөдөр хувиараа алт олборлогч буюу нинжа гэдэг шинэ хүмүүсээр бүл нэмчихээд байгаа. Өчнөөн хүн ийм замаар ар гэрээ тэжээж, амьдралаа авч явж байгаа. Гэвч төр засаг тэр хүмүүсийн нэгдсэн тоог өнөөдрийг хүртэл гаргаж чадахгүй, нэгдсэн зохицуулалтанд оруулчихаж дийлэхгүй байгаа бөгөөд хэчнээн хүн шороонд даруулж нас барсныг ч хэлж мэдэхгүй суугаа нь туйлын үнэн билээ.

2012 оны  тавдугаар сарын 8
Нийтлэлийнхээ төгсгөлийг эх орныхоо төлөө амиа алдсан эрэлхэг хөвгүүдийн гавьяагаар төгсгөх нь зөв болов уу. Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам хэмээх газарт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байсан гурван залуу харамсалтайгаар амиа алдав. Эх орныхоо төлөө амиа өгсөн тэдний гавьяаг эх орон нь мартах учиргүй. Иймээс ч Засгийн газраас амиа алдсан гал сөнөөгчдийн ажилласан жилээс хамаарч гэр бүлд нь 60-80 сая төгрөгийг буцалтгүй тусламж болгон олгохоор шийдвэрлэх шиг боллоо. Харин тэдэнтэй мөр зэрэгцэн зүтгэж яваад хүндээр түлэгдсэн хоёр гал сөнөөгчид тус бүрт нь 10 сая төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлбөр болгон олгохоор болжээ. Эх орныхоо төлөө амиа алдсан тэд уг нь үүнээс ч илүүг авах гавьяатай. Эцэст нь өгүүлэхэд монгол хүний амь хэрхэн үнэгүйдсэнийг дээрх жишээнүүд харуулсан болов уу. Гэхдээ энэ бол зөвхөн сүүлийн гуравхан хоногт болсон таагүй үйл явдлын баримтууд бөгөөд хүнээ хүн гэж дээдэлдэг, үнэлдэг болсон цагт энэ бараан мэдээ сонсогдохгүй болох биз ээ. Харин үүний тулд төрд буй эрхмүүд тулга тойрсон хэрүүлээс арай өөрийг, ирээдүйг хараалаг. Тэгж гуйж бас, түүний төлөө түмэн олон залбирч байна. Тэр үед энэ цөвүүн цаг арилж сэтгэлийн нар мандана, хүмүүсийн.

Л.Оюунгэрэл

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.