Ардчиллын багтай авлигачид АТГ руу...

2012/05/14
Share |
Хүмүүс:

/“Монгол хүнийг хорь хорь” хөтөлбөр эхэллээ/

С.УуганбаатарМонголд өдөр бүхэн баривчилгаа, шүүн таслах ажиллагаа болж байна. Засаг дарга, агентлагийн дарга, удирдах ажилтнууд, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан өмгөөлөгчдийг, жагсаал цуглаан зохион байгуулсан жирийн иргэдийг өнөөх шинэ Ганцхудагтаа эсвэл Дэнжийн мянга дахь 72-тоо аваачиж далд хийгээд л, энэ баривчилгаа улам хүрээгээ тэлж, нөлөөгөө ихэсгэж байна. Тэр бүхний цаана олон арван ээжүүд элгээ эмтлэн харуусч, үрээ тэвэрсэн бүсгүйчүүд ханиа хүлээн шаналж байгаа. 1937 онд л ийм байсан болов уу гэмээр хоморголон баривчлах үйл ажиллагаа ардчилсан Монголыг нөмөрчээ. Үүнд олон хүн сэрдхийж, сэтгэл эмзэглэж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, улсын өмч хөрөнгийг идэж шамшигдуулсан буруутнуудад хариуцлага тооцох нь зүйн хэрэг.

Гэмт буруутныг хэзээ ч өмгөөлж, хамгаалж болохгүй.Гэхдээ өнөөдөр өрнөж байгаа баривчилгаа бол арай өөр өнгө аястай байгаад иргэд эгдүүцэн, зэвүүцэж, айн хиртхийж байгаа юм. Өөр өнгө аяс гэдэг нь улс төрийн нөлөөлөл, улстөрчдийн захиалга гэдэг нь тодорхой болжээ. Анх авлигачдыг цээрлүүлнэ, АТГ том тул барьж эхэллээ хэмээн пиардахад нь олон нийт түүнийг нь дэмжиж байсан. Гэтэл сонгууль дөхөх тусам авлигачдыг авлах ажиллагаа арай өөр галын шугамаар үргэлжлээд явчихлаа. Сүүлийн үед баривчлагдаад байгаа хүмүүсийг харахаар дандаа нэг намынхан.  Тэгэхээр үүнийг сонгуулийн өмнө хүчтэй өрсөлдөгчдөө дарж авах гэсэн кампанит ажил гэхээс өөр арга алга.Увс аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт саяхан ял сонсгов. Говьсүмбэр, Орхон аймгийн Засаг дарга нарыг ч мөн баривчилсан. Зарим агентлагийн дарга асан хүмүүсийг ч мөн баривчиллаа. Баривчилгаа, баривчилгаа бас дахин баривчилгаа.

Дандаа л МАН-ынхан баривчлагдаад байдаг. АН-аас сонгогдсон Засаг дарга, агентлагийн дарга нар тийм энхийн цагаан тагтаа, МАН-ынхан болохоор хар хэрээнүүд юм уу гэхээр үгүй. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь АТГ-д шалгагдаж байгаа, дээлээ толгой дээгүүрээ нөмрөхөд ойрхон болсон нэгэн гэдэг. Стандартчилал хэмжилзүйн газрын дэд дарга Г.Энхтайван гэгч Н.Алтанхуягийн нөмөрт идэж ууж авсан нь илэрч, сандал ширээ нь савлаж ганхан сандаргаад л байгаа дуулддаг. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг гэгч байнга л хэл амны бай болж өөрийн намынхантайгаа хүртэл өглөө оройгүй байлдаж байдаг нөхөр бий. Идсэн уусан, эрх мэдлээ хэтрүүлсэн нь дөрөвхөн жил тамга барьсан Засаг даргад ахадмаар л олон факт болсон юм билээ. Энэ мэтээр ардчиллын багтай авлигачид олон л байна. Тэднийг АТГ шалгаж байгаа байлгүй дээ. Гагцхүү авлигачдыг баривчлахдаа намаар нь ялгаад байгаа нь, баривчилгаа бүхэн илт улс төрийн шинжтэй болоод байгаа нь үүнд АН-ынхны захиалга, нөлөөлөл ороод байна уу гэсэн хардлага төрүүлж байна.

Ард түмэн хардах эрхтэй. Хэвлэл мэдээллийнхэн хардах эрхтэй. Тиймээс ингэж хардаж байгаа юм.АН энэ жилийн сонгуульд өрсөлдөх гол хөзрөө “Монгол хүн-2020” хөтөлбөртөө тулгуурлаж боловсруулсан гээд байгаа. “Монгол хүн-2020” гэдэг нь юу гэсэн үг ч юм бүү мэд. Намынх нь мөрийн хөтөлбөр юм биз дээ, бодвол. Яг одоогийн нөхцөл байдлаас харахад АН-ынхны “Монгол хүн-2020” хөтөлбөр гэдэг нь өдөр бүр 20 хүнийг баривчил гэсэн утгатай юм биш үү. Эсвэл өрсөлдөгч намаасаа 2020 хүн баривчилна гэсэн үг үү. Нэг бол 2020 оноос өмнө бүх дургүй хүмүүсээ барьж, хорьж дуусгана гээд байгаа юм уу. Тийм бол АН-ынхан мөрийн хөтөлбөрөө сонгуулиас өмнө хэрэгжүүлээд эхэлчихэж гэж хэлмээр байна. Өнөөдөр Монголд 20 байтугай хүнийг баривчилж, залхаан цээрлүүлж, эрүүдэн шүүж байгаа.  АН-ынхан сонгуульд шударгаар өрсөлдөөд ялахгүйгээ мэдээд мөрийн хөтөлбөрөө сонгуулийн наана хэрэгжүүлээд эхэлж. “Монгол хүн-2020” гэдэг нь “Монгол хүнийг хорь хорь” гэсэн үг юм байна. Тиймээс тэд захиалгат баривчилгааг эхлүүлжээ. Улс төрийн баривчилгаа Монголд эхэлжээ.Монгол төр зүтгэсэн хүндээ халгаатай гэж А.Амар сайд хэлсэн байдаг. Монголын төрд үнэнч зүтгэсэн хөвгүүдийг Манж, Хятад, Орос гээд харь гүрний хатгалга, оролцоотойгоор хөнөөсөөр ирсэн байдаг юм.

Тэд монголчуудыг монголчуудаар устгуулах бодлого барьж ирсэн. Тэд монголчууд эвтэй байхад дургүй. Тиймээс дандаа хутган үймүүлж, хооронд нь алалцуулдаг байсан нь гашуун боловч үнэн түүх. Энэ түүх өнөөдөр давтагдаж байгаа юм биш биз гэх болгоомжлол төрж байна. Улс төрийн хүчнүүдийн хоорондын өрсөлдөөнийг гадаадынхан ашиглаж, монголыг монголоор нь баривчлуулж, улс орны лидерүүдийг нь шоронд хатаан, шонд дүүжлэх төлөвлөгөө хэрэгжүүлээд байгаа юм биш биз. Харийн хатгаастай, АН-ынхны захиалгатай “Монгол хүнийг хорь хорь” (“Монгол хүн-2020”) хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм биш байгаа. Эдийн засгийн алуурчид буюу хитмэнүүд Монголд аль хэдийнэ орж ирчихсэн, одоо хуулийн алуурчид нь орж ирлээ гэж олны танил эрхэм анхааруулсан нь ортой юм биш үү. Тэр хар л даа, хаа сайгүй “Монгол хүнийг хорь хорь” гэсэн улаан эрээн самбарууд...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.