Г.Мөнхбаярын эсрэг Э.Бат-Үүл ажиллагаа

2012/05/25
Share |
Хүмүүс: Э Бат-Үүл | 
Г.Мөнхбаярын эсрэг Э.Бат-Үүл ажиллагаа

Улаанбаатар хотноо улс төрийн цаг ширүүсэв. Ардын нам, Ардчилсан намынхан нийслэлийн удирдлагын эрхийн төлөөх тэмцлийг нэгэн зэрэг эхлүүлэв. Г.Мөнхбаяр ба түүний команд. Тийм ээ, тэд эрх баригч хүчнийг төлөөлж нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө. Э.Бат-Үүл ба түүний бригадынхан. Утопи үзэлт Үүл Улаанбаатар хотыг хяналтдаа авахын төлөөх тэмцэлд багаа удирдана. Сонирхолтой биш гэж үү. Ардын намаас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшвэл ялах магадлал өндөр байсан Г.Мөнхбаяр хотыг хориглон хамгаалалтад авлаа.

Харин Э.Бат-Үүл УИХ биш, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр шийдэв. Эрх баригч хүчний нөлөө бүхий лидер, ардчиллын “Өвгөн партизан” хоёрын дунд хүч тэнцвэргүй тулаан өрнөх нь нэгэнт тодорхой боллоо. Г.Мөнхбаяр ба Э.Бат-Үүл. Нэг нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг тодорхойлогч. Харин нөгөө нь УИХ дахь улаан хэрүүлч нөхдийн нэг.

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын хувьд, зарчимч бөгөөд ажил хэрэгч улстөрч. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн тухайд, барьцгүй зантай популист нэгэн. Товчхондоо, энэ хоёр эрхэм бол улс төрийн хоёр өөр өнгө. Тэгвэл хотын мэр Г.Мөнхбаярын командад ямар, ямар нөхөд багтсан бэ. Ардын нам нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуульд инженер, эрх зүйч, хуульч, эдийн засагч, эмч, сэтгүүлч, багш, химич, орчуулагч мэргэжилтэй гишүүдээ нэр дэвшүүллээ.

Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр оршин тогтнодог эрх баригч хүчнийхэн ажил хэрэгч, дадлага, туршлагатай залуусаа энэ удаагийн сонгуульд өрсөлдүүлэхээр шийдэв. Сайн мэдээ биш гэж үү. Монголын улс төрийн хамгийн том пирамид болох Ардын нам хотын мэр Г.Мөнхбаяр ба түүний командад маш хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ. Тиймээс энэ эрхэмд алдах эрх байхгүй. Э.Бат-Үүл гишүүний хувьд ч мөн адил. Ардчилсан нам орон нутгийн хурлын 2008 оны сонгуулиар нийслэлд ганцхан Хан-Уул дүүрэгт ялалт байгуулсан.

Харин одоо Э.Бат-Үүл ба түүний бригадынхан нийслэлийг тэр чигт нь хяналтдаа авахаар зэхэж байна. Учир нь нийслэл бол УИХ-аас ч том “сав”. Төсөв мөнгөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй. Хөрөнгө оруулалтын томоохон ажлууд ч нийслэлд хаяглагдана. Тиймээс эрхэм гишүүн Улаанбаатар хотын удирдлагын сэнтийг урьдчилаад онилчихсон нь тэр байж. Ингэхэд хотын мэр Г.Мөнхбаярын халаасанд ямар төлөвлөгөө байна вэ. Энэ эрхмийн эрин үед Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдөв. Хоёр дахь асуултаас хариултаа эхэлье. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр дэд бүтцийн хувьсгалыг хэдийнэ эхэлчихсэн. Зам, гүүр, гэрэлтүүлэг, дулааны шугам, ногоон байгууламж…

Тийм ээ, тэрбээр Улаанбаатар хотын удирдлагын эрхийг авмагцаа хөгжлийн газрын зургийг нь огт өөрөөр зурсан юм. Иргэд ч түүнийг дэмжсэн. Харин саяхан мань эр “Барилгын салбарын хөгжилд огцом эргэлт хийнэ. Гэр хорооллыг дулааны шугамд холбох, метротой болох, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг шийдэх, байгаль орчныг хамгаалах, Туул, Сэлбэ голыг сэргээх ажлыг шуурхай хэрэгжүүлнэ. Нийслэлийг ундны усны шинэ эх үүсвэртэй болгож, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой иргэд бүхий Улаанбаатар хотыг цогцлооно” гэж мэдэгдлээ.

Тэгвэл Э.Бат-Үүл гишүүн ямар бодолтой яваа бол. Сэлэнгийн тойргийг сэлгэж, нийслэл рүү “нүүсэн” түүний ашиг сонирхол чухам юу вэ. Тэр тухай тун товчхон өгүүлбэл нийслэлийн Засаг дарга болох амбиц Э.Бат-Үүлд бий. Тиймээс тракторчдыг помещикуудын эсрэг хөдөлгөж байсан тэрбээр Улаанбаатар хотын гэр хорооллынхноор бригадаа бүрдүүлчихээд байгаа. Харамсалтай нь нийслэлчүүдийн хувьд, Үүл гишүүн шинэ зочин. “Дөчин мянгатын атаман”, “Эрдэнэ баавайн хүү” хэмээн өөрийгөө сурталчилж болох ч Сэлэнгийн олигархи түүнд Улаанбаатарт лав хийсэн ажил байхгүй.

Тэр тусмаа өглөө ярьснаасаа өдөр нь буцдаг түүнд улаанбаатарчууд урилга илгээгээгүй нь тодорхой. Магадгүй, зарим нь “Энэ нөгөө хэнийд малгайгаа орхичихоод баригддаг нөхөр мөн үү” хэмээн хорон үгс хэлж ч мэднэ. Гэвч хүссэн ч, эс хүссэн ч нийслэлийн тойргуудад улс төрийн үүл нүүж эхэллээ. Г.Мөнхбаярын эсрэг Э.Бат-Үүл ажиллагааг Ардчилсан намынхан эхлүүлэх нь тэр. Харамсалтай нь тус нам нэрийг нь байтугай зүсийг нь ч танихгүй нөхдийг нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нарыг эс тооцвол шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ. Ардчилсан намд боловсон хүчний нөөц хомсдсон нь тэр үү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.