Хүмүүс: Намбар Энхбаяр | |
Сайн найруулагчдын сэтгэлээс сэдэв нь урган гарч, сэдэл бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүлж явдаг. Энэ жишээг эрхэм экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үйлдлүүдээс тодхон харж болно.
Анхны шүүх хурлын үеэр өлсгөлөн зарласнаас болж биеийн байдал нь муу байсан. Хоёр дахь удаагийн тов зарлагдахад өөрийн биеэр очсон ч өмгөөлөгч нараа сольсон гэх шалтгаанаар дахин хойшлуулсан. Иймэрхүү байдлаар тэрбээр өөртэй нь холбоотой гэх хэргийн шүүх хурлыг хойшлуулсаар байна.
Тэгвэл гурав дахь тов нь уг нь маргааш. Биеийн байдал нь дээрдсэн. Өмгөөлөгч нараа сонгосон. Гэсэн ч экс Ерөнхийлөгч хурлаа хойшлуулах дараагийн шалтгаа олсон гэдгээ хэвлэлийнхнийг цуглуулсан уулзалтдаа ам алдлаа.
Тодруулбал, Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагийн орой МАХН-ын байранд хэвлэлийнхэнтэй уулзалт зохион байгуулав. Тэрбээр энэ үеэрээ өлсгөлөн зарласнаас болж биеийн байдал, эрүүл мэнд нь хэр хохирсон, одоо ямар байгаа талаар чөлөөтэй ярилцсан. Түүний хувьд эмнэлгээс гарснаас хойш сэтгүүлчидтэй ийнхүү нээлттэйгээр анх удаа уулзсан юм.
Мөн тэрбээр Төв аймгийн Урьдчилан хорих төвд хоригдож байх үедээ ямар нөхцөлд байсан тухайгаа болон өлсгөлөн зарласан байхад нь тус төвийн ажилтнууд яаж “горьдоож” ходоодыг нь ажиллуулсан. Чухам яагаад ажил үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийн өөдөөс салаавч гаргасан гэх зэргээр тайлбар хийж байлаа.
Сэтгүүлчид түүнээс Урьдчилан хорих төвд байхдаа гар утас ашиглан хууль зөрчсөн талаар ч асуусан. Харин экс Ерөнхийлөгч “Манай хамгаалагчдыг Урьдчилан хорих төвд байлгахгүй гэсэн шийд гарсан. Би хамгаалагчгүй очихгүй гэсэн. Тэгэхээр манай өмгөөлөгч: “Ийм шийд гарсан болохоор та аюулгүй байдлаа бодохгүй бол болохгүй. Гар утастай байж бай. Ямар нэгэн байдлаар амь насанд чинь аюул учирбал мессеж илгээ” гэсэн.
Өөрөөр хэлбэл, таны аюулгүй байдал эрсдэлд орлоо гэж тайлбарласан. Би тэр утсаар яриагүй, ямар нэг ч мессеж бичиж явуулаагүй. Юмыг яаж мэдэх вэ, хамгаалагчгүй юм чинь аюулгүй байдал шийдэгдтэл гээд гар утсыг халаасандаа байлгасан. Түүнээс утсаар ярьж, мэдээлэл тараасан зүйл байхгүй” хэмээсэн.
Харин олны анхаарлыг ихээр татаж, Ерөнхийлөгч байсан хүн бусдыг доромжилж салаавч гаргасан тухайд “Өлсгөлөн зарласан хүн чинь ууртай байгаа шүү дээ. Тэгтэл өлсгөлөн зарлаж байгаа хүнтэй хүндэтгэлгүй, ёс бусаар харьцаж, хууль бус олон үйлдэл гаргасан. Тэр бүрт нь хүлээцтэй хандаж, харьцсан ч тэд хүлээж аваагүй. Тэгээд л та нарын мэддэг хэл, харьцдаг харьцаагаар чинь харьцъя гээд салаавч гаргасан. Өлсгөлөн зарлаж байгаа тохиолдолд хянах зорилгоор 24 цагийн турш хянадаг. Ер нь тэр бичлэгийг олон нийтэд зарлах нь өөрөө хууль бус үйлдэл. Нэгэнт тэр бичлэгийг гаргаж байгаа бол 32 өдрийн бичлэгийг бүтнээр нь үзүүлэх ёстой” гэж байлаа.
Харин нүцгэн хоригдлууд дундуур явуулсан тухайд “Өмгөөлөгчтэйгээ уулзахаар бууж байхад хоригдож байсан хүмүүсийг нүцгэлээд, галуун цуваагаар алхуулж байсан. Өмгөөлөгчөөсөө учрыг нь асуухад хашрааж, хэрэг хүлээлгэх аргуудын нэг гэж тайлбарласан” гэсэн тайлбарыг хийв.
Өөрт нь үүсгэсэн хэргийн хувьд ““Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хэрэгт би огт хамааралгүй. Би буруугүй. Шүүх шударга байвал би ялах нь тодорхой. Харин дээрээс өгсөн даалгаврын дагуу шударга бусаар намайг яллах юм бол худал хуурмаг яллаа гэсэн үг. Одоо яахыг харъя. Өөрийнхөө эрхийг хамгаалахийн төлөө ямар боломж байна, тэр бүхнийг хийнэ. Энэ бол ганц Н.Энхбаярын асуудал биш, Монголын нийт ард түмний асуудал. Н.Энхбаярыг ингэж чадаж байгаа юм чинь хэнийг ч ингэж чадах нь байна гэсэн тогтолцоо тогтоно. Тиймээс Н.Энхбаяр өөрийгөө биш, Монголын ард түмэн нийлээд Н.Энхбаярыг хамгаалах ёстой. Хэлмэгдүүлэлт нэг хүнээс эхэлдэг. Сүүлдээ бүгд хэлмэгдэж дуусдаг” гэж хариулсан юм.
Хэдийгээр тэрбээр намынхаа сонгуулийн ажилд идэвхийлэн ажиллаж байгаа ч байнга эмнэлгийн хяналтад байх ёстой гэнэ. Өлсгөлөн зарлахаас өмнө 93 кг жинтэй байсан ч одоо 77 орчим кг болжээ. Мөн элэг, бөөрний ажиллагаанд өөрчлөлт орсон, зүрх, тархины үйл ажиллагаанд нөлөөлөл ороогүй ч, цус өтгөрснөөс цусны эргэлт нь удааширсан. Эмч нарын зөвлөснөөр түүнийг байнгын дэглэм барьж эмчилгээ хийлгэвэл намар гэхэд тэнхэрнэ гэсэн ажээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"