Эрх баригчид сонгуулийн өмнөхөн С.Зориг агсны хэргээр хамгийн том хөзөр дэлгэнэ

2008/05/07
Share |
Эрх баригчид сонгуулийн өмнөхөн С.Зориг агсны хэргээр хамгийн том хөзөр дэлгэнэ

С.Зориг агсны хөшөөг Монголын ард түмэн бөртөлзөн тойрсоор арав дахь жилтэйгээ золголоо. Түүний учир битүүлэг үхлийн талаар өнөөдөр ам нээх улс төрчид ч хуруу дарам үлджээ. Уг нь амьд гэрчтэй, хангалттай баримт үлдээсэн энэ хэргийг цөөхөн хүн амтай Монголд хэдийн илрүүлчихэж болохоор. Гэхдээ илрүүлэхгүй сонирхол бий нь ч нэгэнт тодорхой болсон. Цагдаагийн туршлагатай кадруудынхаар энэ хэрэгт анхны үзлэгээсээ эхлээд л хайхрамжгүйн дээдээр хандсан гэдэг нь хэдийн олонд ил болсон. Энэ хэрэг хангалттай улс төрийн ашиг хонжоо эрэгчдийн золиос болсоор ирэв. Хэрэгт авагдсан байсан чамлахааргүй баримтууд захаасаа үрэгдсээр өнөөдрийг хүрсэн. Энэ нь олон баг ээлжлэн солигдож ажилласны гор. Сүүлдээ Монголын цагдаа гараа өргөж, таван зуун саяар мэдээлэл худалдаж авна гэж бууж өгөөд ч алуурчин эрийг бүр мухарлаж орхисон гэхэд болно. Уг нь гавьяат хуульч Д.Мөрөн мөн ч олон удаа улс төр хийж, хөзөр дэлгэдэг хүн болоод байсан. Одоо үүнээсээ ичдэг болов уу. Эсвэл мартсан болов уу. Бат, Оюун нэртнүүдийг хавтгайд нь шалгаж, баахан цаг үрсэндээ инээд нь хүрдэг байх даа. Хутга, сүх барьж орж ирээд, тухтай гэгч нь хөнөөчихөөд, амьд гэрч үлдээгээд гарсан алуурчдын мөр арван жил баларсныг Монголын цагдаа хүчин мөхөсдсөн гэж үзэх үү? Аль эсвэл эрлийн учиг атгаад орхисон гэх үү? Ямартаа ч бидэнд олдсон мэдээллээр хүчний байгууллага сонгуулийн өмнөхөн энэ хэргийн талаар шинэ юм сонсгож мэдэхээр байна. Талийгаачийн гэрээс алдагдсан эд зүйлс хаа нэгтээгээс олдож, цагдаагийнхан ч үүнд хүч тавьж, ихээхэн ач холбогдол өгч байгаа ч нууцлалыг чандалж байгаа аж. Учир нь улс төрийн хүчнүүдийн хувь заяаг шийдэх мөч сонгуультай давхацуулахаар тооцоолж байгаа нь тодорхой.

Саяхан нэг хэсэг гадны экспертүүдийг авчирч тусламж авах тухай яриа дэгдсэн нь ч үүнтэй холбоотой байж болох. Урьд нь зарим нэг гадныхан ирээд Монгол жижигхэн, хүчилбэл болох л юм гээд эзэд нь танай саарал ордонд сууж байна гэж заасан юм гэдэг. Монголын ард түмний хүлээлт арван жил дамналаа. Энэ хүлээлтийг зад татах эр зоригоо эрх баригчид УИХ-ын сонгуулийн өмнөхөн гаргаж, АН-ынханыг нам дарж мэдэхээр байна.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.