”Anemone” нэртэй нисэх онгоцтой болохыг мөрөөддөг

2012/06/18
Share |
Хүмүүс:
”Anemone” нэртэй нисэх онгоцтой болохыг мөрөөддөг

"Учиртай гурав" киноны "Чи яг дурлал" шиг дууны клипээ үзэгчдэд хүргэснээс хойш шинэ бүтээл төрүүлээгүй "Anemone" хамтлагийг сураг алдарсан хэмээн шүүмжлэх нэгэн цөөнгүй байсан. Гэтэл тэд өнгөрсөн хугацаанд зүгээр суулгүй шинэ уран бүтээл гаргахаар бэлдэж байсан аж. Энэ нь тэдний анхны бие даасан цомгийн ажил юм байна. Тиймээс шаргуу ажиллаж байгаа гэнэ. Энэхүү цомгийн ерөнхий продюсерээр хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат, хөгжмийн найруулагчаар Н.Халиун ажиллаж буй аж.
Ийнхүү “Anemone” хамтлагийнхан шинэ уран бүтээлээр арвин байж, уран бүтээлийн олз омгоор дүүрэн залуустайгаа мэндчилэв. Тэд ээлжит нэгэн гэнэтийн бэлэгээ задалж байгаа нь тэдний дөрөв дэх клип буюу “Надад мөрөөдөл бий” хэмээх цоо шинэ бүтээл юм байна.  “Надад мөрөөдөл бий” цоо шинэ бүтээлийг танилцуулж байна.

“Надад бүхнийг гийгүүлэх аз жаргалтай мөрөөдөл бий
Чамд бүхнийг бишрүүлж гайхашруулах хүсэл бас бий
Хүн бүхэнд мөрөөдөл бий хязгааргүй
Мөрөөдөл бүхэнд гэрэл бий
Мөрөөдөж хүсэж тэмүүлж алхам алхам ойртож
Гэрэлт мөрөөдөлдөө би заавал хүрнэ” хэмээн


энэ цагийн авьяаслаг залуу яруу найрагч Золзаяа буюу та бидний мэддэгээр ZZ шүлэглэжээ. Харин дууны амин сүнс нь болсон аялгуу буюу хөгжмийг найруулагч Н.Халиун хийсэн байна. “Надад мөрөөдөл бий” дуу хэрхэн бүтсэн талаар уран бүтээлчид ийн ярьж байна.

 

- "UP MUSIC" продакшны хөгжмийн найруулагч, “Anemone” хамтлагийн продюсер: Н.Халиун- Дууг сонсоод үнэхээр сайхан мэдрэмж төрлөө. Өсвөр үеийнхэн төдийгүй залууст таалагдана гэдэгт итгэлтэй байна?
- Залууст болон өсвөр үеийнхэнд ер нь хөгжим сонирхдог бүх хүмүүст энэ дуу таалагдана гэж бодож байна. Яагаад гэвэл бүх насны хүмүүст мөрөөдөл байдаг. Дуу маань өөрөө нийтлэг сэдэвтэй болохоор олон хүнийг хамарч, хүн болгонд мөрөөдлийг нь шинээр амилуулах болов уу гэж бодож байна.

 

- Дуу төрсөн түүх?
- Хүн болгоны нүдэнд мөрөөдөл гэрэлтэж байдаг. Миний хувьд зөвхөн энэ хамтлагийнхаа хүсэл мөрөөдлийг нь олж харахаас илүүтэй тэднийг сонсож байгаа залуусын хүсэл мөрөөдлийг нь олж харах гэж хичээдэг. Энд тэнд тоглолтоор явж байхад хүүхэд бүр их гэгээн, ариун итгэл, сэтгэлээр энэ хамтлагт бас дуунд нь хандаж харагддаг. “Anemone” хамтлагийн бас нэг имиж, гол онцлог гэх юм бол уран бүтээлийн хувьд үргэлж гэрэл гэгээтэй дуу дуулдаг. Энэ өнгө аясынх нь үргэлжлэл болгон “Надад мөрөөдөл бий” дууг зохиосон. Нөгөө талаар үүрэн харилцааны “SKYTEL” компани бидэнд энэ дуун дээр хамтарч ажиллах санал тавьснаар дуу бүтээх ажилдаа орсон.
Хамтлагийн охид маань бүгд авьяаслаг болохоор дууг богино хугацаанд сурч, өөр өөрийн онцлогоо харуулан дуулцгаасан. Тэд дуугаа яг л өөр өөрийн мөрөөдлөөр хөглөж дуулсан.

- Дууны төрөл, жанрын тухайд?
- “Anemone” хамтлаг поп стильтэй. Тийм болохоор хөнгөн поп стильтэй, цоглог ритмтэй дуу болсон. Мөрөөдөл гэдэг сэдэв маш өөдрөг, их хөгжилтэй сэдэв болохоор бүжгийн хэмнэл шаардсан дуу болсон.

 

- Энэ хамтлагийн продюсерээр ажиллаж байгаагийн хувьд уран бүтээлийнх нь чиг баримжааг тодорхойлж хэлбэл?
- Бид анхнаасаа өсвөр үеийн шүтээн болсон хамтлаг байгуулах зорилготой байсан. “Anemone” хамтлаг хүүхэд залуусын дунд нэрд гарсан хамтлаг. Бид анхны бие даасан цомгоо “Anemone” хэмээн нэрлэж байгаа. Энэ цомгийн хамрах хүрээ яг л өсвөр үеийнхэнд чиглэгдсэн байна.

Хүн ер нь бага балчир насандаа л хүмүүжиж, амьдралд алхах бүх бэлтгэлийг олж авдаг. Харин урлаг талаасаа дуу, хөгжимд хандах үзэл нь “Anemone” хамтлагаар хөглөгдөж байгаасай гэсэн бодлоор хөгжмийн чиг баримжааг нь тусгайлан өсвөр үе рүү чиглүүлсэн.

 

"Anemone" хамтлаг

 

- Анх энэ дуутай хэрхэн танилцсан бэ?
- Жулиа /хамтлагийн ахлагч/ Халиун ах энэ дууны аяыг зохиож байхад бид нар яг хажууд нь байсан. Тэр үед шүлэг нь хараахан бэлэн болоогүй байсан төдийгүй энэ дууг бид нарт өгнө ч гэж бодоогүй. Гэтэл Халиун ах “Охидуудаа ороод ир. Энэ дууг сонсдоо” гээд тэгээд л бидэнд өгсөн дөө.


- Жанна. Энэ дуу их гэгээлэг дуу л даа. Бүх насны хүмүүс сонсож болно. Бидэнд ч мөрөөдөл бий. Та нарт ч мөрөөдөл бий. Хүн бүхэн мөрөөдлөөр жигүүрлэн амьдардаг учраас энэ гэгээлэг зүйлийг магтан дуулсан. Хүн бүхэн өөр өөрийн мөрөөдлөө бодоод энэ дууг сонсоорой гэж хэлмээр байна.

 

- Чухам ямар мөрөөдлийг энэ дуу илэрхийлэх бол?
- Жулиа. Бид хэдий дөрвөн өөр хүн ч хамтлаг гэсэн нэрийн дор итгэл, сэтгэлээрээ нэгдсэн, хүсэл мөрөөдөл, зорилго нэгтэй охид. Бид тэрхүү мөрөөдлөө л энэ дуундаа чин сэтгэлээсээ шившин дуулсан.

- Дууны хувиарлалтаа хэрхэн хийсэн бэ?
- Цэнгэлэн. Дууны хувиарлалтыг Халиун ах гишүүдийн дуу хоолойн өнгөнд тааруулан хийдэг. Өөр өөрсдийн дуулна гэж бодсон хэсгүүдээ дуулсан. Гишүүд бүр өөрсдийн дуулах ур чадвараа харуулсан гэж бодож байна. Мөн дууны бичлэг “UP MUSIC” продакшн дээр хийгдсэн. Харин дууны инженерээр Наагий ах ажилласан.

 

- Энэ дуу залууст ямар сэтгэгдэл, мэдрэмж төрүүлэх бол?
- Жанна. Манай продюсерүүд хэлдэг л дээ. Ямартай ч эхний хоёр цомог маш аялгуу сайтай дуунуудтай байх ёстой гэж. Энэ дуу ч бас маш аялгуулаг дуу болсон. Би анх сонсоод л шууд чихэнд буусан. Энэ дуу хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногших болов уу гэж бодож байна.

 

- Клипний талаар?
- Халиун. Клипийг “Wanted” энтертайнментийн уран бүтээлчид хийж гүйцэтгэсэн. Урьд нь манай “Хаврын хайр” дууны клипийг хийж байсан удаатай. Энэ дашрамд, бидэнд сэтгэл зүрхээ зориулан ажилласанд талархаж буйгаа хэлмээр байна.

Энэ удаагийн клип илүү гэгээлэг, шинэлэг, өнгөлөг болсон. Ямар нэгэн зохиолд баригдаагүй. Клип дээрээ бүгд сайхан инээж дуулж, бүжиглэж гарсан. Бид бүгд дотроо мөрөөдлөө бодон дуулсан. Тийм болохоор үзэгчид маань биднээс маш гоё энерги авна гэж бодож байна. Мөн клипний төгсгөлд гадаад болон монгол хүүхэд залуус бүжиглэж гардаг. Манай хамтлаг мөрөөдөлтэй байхад тэр хүүхдүүд ч бас өөрийн гэсэн мөрөөдөлтэй гэдгийг харуулсан. Бидний нэг гоё мөрөөдөл байдаг нь олон жилийг хамтдаа сурч мэдэж, хийж бүтээж өнгөрөөгөөд “Anemone” нэртэй нисэх онгоцтой болохыг мөрөөддөг. Тэр нэгэн мөрөөдөл маань “Надад мөрөөдөл бий” клип дээр минь гарсанд их бэлгэшээж байгаа.

 

- Клипэн дээрх стиль имижийг хэрхэн бүрдүүлсэн бэ?
- Бүжиг дэглэлтийг Мөнхжин багш хариуцсан. Нүүр будалтыг “Wanted” энтертайнментийн Бэрээ эгч чадвардаг хийсэн. Харин имиж бүрдүүлэлтээ бид өөрсдөө хийсэн.

- Та бүгдийн хүүхэд насны хүсэл мөрөөдлөөс хуваалцмаар байна?
- Жулиа. Ээж маань намайг эмч мэргэжилтэй бол гэж их зөвлөдөг байсан. Гэхдээ “Making the band” шоу оролцсоноор миний хүсэл мөрөөдөл ёстой л 360 градус эргэсэн гэхэд болно. Цаашид дуучин мэргэжлээр шамдан суралцах болно.

- Цэнгэлэн: Миний хувьд ч тэр хүсэл мөрөөдөл маань их өөрчлөгдсөн гэж хэлж болно. Миний дотор байсан нууцхан мөрөөдөл минь “Making the band” шоунд оролцсоноор нээгдсэн. Урьд нь энгийн нэгэн оюутан охин үйлдвэрийн менежмент, менежерээр суралцдаг байсан. Гэхдээ энэ мэргэжлээ орхилгүй энэ жил төгссөн байгаа. Харин бүр багадаа онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байсан. Мөн дараа нь манай гэрийнхэн ихэнх нь эмч мэргэжилтэй хүмүүс болохоор намайг эмч болгох сонирхолтой байсан. Гэхдээ би эмч болох сонирхолгүй байсан болохоор цагдаа болно гэж хэсэг зүтгэсэн. Ер нь юм юманд сонирхолтой, их сониуч охин байсан. 

- Халиун: Би багаасаа л дуулах дуртай охин байсан. Ширээн дээрээ гарчихаад дуулаад л. Манай эмээ намайг “Хүүхдийн ордон”-д оруулна гээд л дагуулаад явдаг байж билээ. Анх наймдугаар ангидаа амьд хөгжмийн охидын хамтлаг байгуулж байсан. Түүндээ ритм гитар тоглодог байсан. Түүнээс хойш 11-р ангидаа ороод л дуучин болно гэж шийдээд СИУС-д орж байсан.



- Жанна: Хүмүүс бага насандаа их олон янзын мэргэжилтэй болно гэж боддог шүү дээ. Миний хувьд дуучин болно гэсэн хүсэл мөрөөдлөөсөө огтхон ч няцаж байгаагүй. Өөр мэргэжилтэй болно ч гэж төсөөлж үзээгүй. Чухам яаж дуучин болохоо л мэдэхгүй явсан. Гэхдээ СИУС-д орох нь тодорхой байсан болохоор энэ сургуульдаа одоо хүссэн мэргэжлээрээ суралцаж байна. Цаашдаа ч сайн дуучин болохын төлөө ихийг суралцах болно. Бурхан миний хүсэл мөрөөдлийг сонссон болохоор надад манай хамтлагийн охидыг илгээсэн болов уу.

- Тэгвэл танай хамтлагийн хамгийн том мөрөөдөл юу вэ?
- Цэнгэлэн. Бидний хувьд анх цомогтой болох юмсан гэж мөрөөддөг байсан. Одоо анхны цомгийн ажилдаа орчихсон явж байна. Мөрөөдөл маань шат шатаар биелж яваад баяртай байдаг. Цомгоо гаргасны дараа тоглолтоо хийнэ. Дахиад л цомог гаргана. Хамгийн гол нь маш олон жил хамтдаа байж, сайн сайн уран бүтээлүүд хийхийг хүсдэг.

 

Халиун: Ер нь хамтлагт хамгийн чухал нь олон жилийн нөхөрлөл, итгэлцэл байдаг болов уу. Бид удаан хугацаанд оршин тогтнож байж л сайн хамтлаг, сайн уран бүтээлүүд хийнэ.

Бид Ц.Чулаанбат, Н.Халиун гэсэн хоёр гайхалтай продюсерээрээ бахархаж явдаг. Бид яг л нэг гэр бүл шиг. Багагүй хугацааг хамтдаа өнгөрөөсөн болохоор бидэнд тэр хүмүүс яг л аав шиг минь, ах шиг минь дотно хүмүүс болцгоосон. Биднийг түшиж, тулж явдагт нь их талархаж явдаг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.