Хүмүүс: Намбар Энхбаяр | |
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ оны хамгийн дуулиантай хүнээр нэрлэгдээд байгаа. Учир нь өнгөрөгч дөрөвдүгээр сард түүнийг албадан баривчилж, “аавынд” хорисон үйл явдал нь Монголчуудыг нийгэм даяар нь улстөржүүлсэн. Бараг хүн бүр шахуу цэнхэр дэлгэцийнхээ өмнө нойргүй хоносон тэр шөнө ганцхан хүн унтаж байсан нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байв. Тэрбээр энэ үйл явдал болсны маргааш “Би юу ч мэдээгүй ээ. Унтаж байсан юм” хэмээн хээв нэг инээмсэглэн ярьсан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Н.Энхбаяр дарга ч түүнд зэвүүцэхийн дээдээр зэвүүцэж, “Монголд Ц.Нямдоржийн санаачилсан хууль л хэрэгждэг юм байна лээ. Манай Ц.Нямдорж гурван хууль санаачилсан юм. Нэг дэх нь Албадан. Хоёр дахь нь Албадан.
Гурав дахь нь бас л Албадан. Тэрэнд албадан саатуулах, албадан хооллох, албадан эмчлэх, албадан баривчилах гээд албадан гэдэг үггүй хууль, тогтоомж гаргасан түүх байхгүй” хэмээн ярьж байсан. Сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан ч эвсэлээсээ нэр дэвшигчдийг дэмжиж энд тэндгүй уулзалт хийж явсан тэрбээр зургаадугаар сарын 26-ны өглөө намын нөхдийнхөө хамтаар Зайсангийн оройд гарч нар харжээ. Ургах нарны туяанд улстөрийн амжилтаа даатгасан тэрбээр Зайсан дээрээс орчныг ажиглан зогсохдоо “Одоо хэдүүлээ буугаад Ц.Нямдоржийн хөлсний байраар орж цай уучихаад буцъя” хэмээн хошигнож, нэлээд инээд наргиан болгоод авсан гэнэ лээ.