МАН: Битгий горьд

2012/07/02
Share |
Хүмүүс:

Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэгчээр МАН сонгуульд ялагдсан шалтгаанаа шууд л Сонгуулийн машин руу чихэх гэж улайрч эхлэв. Уг нь, анх Сонгуулийн санал тоолох машиныг УИХ-д олонх байсан МАН-ын гишүүд магтаад л байсан санагдана.

 

Тэд энэхүү машинд гомдсон сэтгэлээ бусад жижиг намуудтай хамтран илэрхийлэхээр шийдсэн бололтой. Үнэндээ МАН хэзээ байтлаа, Буянгийн буюу Гуравдагч хүчин эвсэлийн Б.Жаргалсайхан, АНОД-ын буюу ИХН-ын Н.Даваатай, ИЗНН-ын С.Оюунтай дотно харилцаатай байлаа. Хэрвээ сонгууль болоогүй бол тэд МАН-ын эрх баригчдын өмнө хэн ч биш. Ийн хайрлахын цаана юу нуугдана вэ. Яагаад заавал МАН сонгуульд ялж, МАН засгийн эрх барих ёстой вэ гэдгийг хэн нь хэрхэн тайлбарлах бол…

 

МАН-аас Саналын тоо алга болоод байна хэмээн мэдэгдэл хийж, Сангийн дэд сайд гуай “Буруу тэмдэглэсэн саналын хуудсыг машин тоолоод байна” хэмээн гүрээнийхээ судсыг гурийтэл мэдэгдэл хийж сууна. Ёстой ниргэсэн хойно хашгирав гэгчээр Сонгуулийн санал тоолох машины талаар яригдаж байхад МАН тэргүүтэй жижиг намынхан хаагуур юу хийж байсан хэрэг вэ.

 

УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ гурван өдрийн өмнө л мэдэрч гэнэт шалдан гуяа ганзагалаад орчихсон нам бий гэж үү. Багаар бодоход хоёр, гурван жилийн өмнөөс л сонгуульд үзнэ дээ хэмээн намаа байгуулж, нэр дэвшигчдээ тодруулсан баймаар даа. Эсвэл УИХ-д өрсөлдөнө гэдэг улсын наадамд зодоглохтой ижил болчихсон юм болов уу. Улсын цолтой бөхтэй ганц золгоод үзчих юмсан гэж мөрөөдөж явдаг цэргийн банди нар шиг УИХ-ын сонгуульд өрсөлдсөн дөө хэмээн нэр зүүх гэсэндээ давхиад орчихсон нөхөд хэд юм бол доо. Гэтэл эдгээр нөхөд нь МАН-ын хувьд сайхан хүйтэн зууш болж, АН-ын өмнөөс бамбай хийн “Би биш бид сонгууль булхайтай боллоо” гэж бодож байна гэх өгүүлбэртэй болгоод өгчихөж байгаа юм биш үү.

 

Тэгвэл жижиг намууд МАН-аас үүнийхээ төлөө юу горьдож байгаа юм бол гэдэг л үнэхээр сонирхолтой байгаа юм даа.МАН засгийн эрх авчихвал яам, агентлагтаа жижиг намуудад суудал гаргаж өгөх юм болов уу.

 

Магадгүй МАН хэрэгтэй үедээ хэнийг ч ашиглаж чаддаг гэдгийг тэд одоогоор ухаарахгүй ч байж мэднэ. Н.Энхбаярыгаа, Ч.Улааныгаа, Д.Тэрбишдавгыгаа, О.Чулуунбатыгаа МАН хэрхэн хээр хаясныг санах л хэрэгтэй дээ. Уг нь Н.Энхбаяр МАН-ын дарга, Ч.Улаан Сангийн сайд, Д.Тэрбишдавга Хүнс хөдөө аж ахуйн сайд, О.Чулуунбат нь Монголбанкны ерөнхийлөгч байсан гэдгийг мартчихдаг хүмүүс “жижигхээн” намуудын дарга нарт ирэх дөрвөн жилд хайртай байж чадна гэж үү. Мартана гэдэг чинь маниасаа өмнө байсан зүйлээ гэдэг үг МАН-ын хэнбугайн амнаас л гарч мэднэ дээ. Гурван жил хамтарсан Засгийн газрын гишүүдийнхээ араас  л “Түгжил”-дэж чадсан гэдгийг мартах ёсгүй л баймаар даа. Хэрвээ гомдогсдын арми үүсгээгүй бол МАН ялах байжээ гэсэн дүр зураг сонгуулийн дүнгээс харагдаж л байгаа юм. Гэхдээ энэ удаад ард түмэн АН-д итгэл үзүүлсэн гэдгийг мартаж болохгүй.

 

Сонгуулийн ерөнхий хорооноос санамсаргүй тохиолдлоор шодож 52 хэсгийн санал тоолох машинаас гарсан саналын хуудсыг тоолсон. Гараар тоолсон тооллогын дүнгээр үндсэндээ санал тоолох машины тайланд гарсан тоо зөрөөгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс нь батлан хэлж байгаа.Түүнээс МАН-ынхны сенсааци болгон тараагаад байгаа шиг саналын дүн 1000-аар зөрсөн юм байхгүй ч гэдгийг хэлсэн.

 

Мөн улс төрийн хүчнүүд нийтэд хандаж хийж байгаа мэдэгдэлтэй хариуцлагатай хандаж, буруу зөрүүтэй, гүтгэлгийн чанартай мэдээлэл хийвэл хуулийн дагуу эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж, шалгагдахыг үгүйсгэхгүй. Асуудалд бодитойгоор хандана уу хэмээн анхааруулсаар байгаа.

 

Магадгүй МАН-тай эвсэж, элдэв мэдэгдэлд нь нэрээ хавчуулаад байвал дараа нь Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй болох нь дээ. “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр хөөрхий Боролдойн хэлдэг шиг МАН-ын бол “тэнгэр татаад авчихна”, харин жижиг намуудыг бол загас хооб болох вий дээ.
Ахиад хэлэхэд ард түмэн АН-ыг сонгосон юм шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.