Лу.Болдын луйврын машины дээр төөрийн хууль мөнх тэнгэр хоёрын аль нь байдаг вэ?

2012/07/03
Share |
Хүмүүс:

    Ийм нэгэн асуулт гарч ирэв.УИХ-ын 2012 оны сонгуулийн саналыг Лу.Болдын “Бодь” групп хууль зөрчиж авсан эрхийнхээ дагуу оруулж ирсэн автомат машинаар тоолсон нь энэхүү ээдрээтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм.Лу.Болдын “Бодь” групп Монголын төрөөс дээгүүр давхиж, төрийн дээр залран, төрийг сонгов.Эл үнэмлэхүй эрхийг “Бодь” группт АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд байхдаа хууль зөрчин олгосон байдаг.Автомат машинтай холбоотой жүжигт анхнаасаа АН-ынхан гол дүр бүтээж иржээ.Энэ нь ч хардаж сэрдэх гол үндэслэл болоод байгаа юм.

 

    Иргэдээ цахим үнэмлэхтэй болгох ажлыг анх АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг санаачилсан.Улмаар сонгуулийн саналын хуудсыг автоматаар тоолох санаачлага З.Энхболдоор үргэлжилсэн түүхтэй.Зүй нь санал өгөх насны хоёр сая хүрэхгүй иргэнтэй манайх шиг улс орнуудын хувьд гараар саналын хуудсыг тоолох нь элдэв асуудалгүй хамгийн шударга зарчим гэж дэлхий нийт үздэг.Хорь гучин сая иргэнтэй том гүрнүүд автомат машинд найдахаас өөр аргагүй биз.Тийм байтал иргэдийнхээ саналыг автомат машинаар тоолох нэрээр зохицуулах гэж зүтгэж, баталгаатай байдал нь тодорхойгүй, өндөр үнэтэй машин оруулж ирсэн нь анхнаасаа хуйвалдааны шинжтэй болсныг үгүйсгэх аргагүй.

 

    Улмаар санал тоолох автомат машин тойрон өрнөсөн жүжигт АН-ын дарга Н.Алтанхуяг, БХ-ын сайд асан Лу.Болд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар оролцон гол дүр бүтээж, эдүгээ СЕХ төгсгөлийн хэсгийг найруулахаар “үгээ цээжилж” байна.Хамтарсан Засгийн газарт багтан ажиллаж байх үедээ тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хууль зөрчин АН-ын гол санхүүжүүлэгч болох “Бодь” группт цахим иргэний үнэмлэх болон автомат машин оруулж ирэх олон тэрбумын өртөг бүхий ажлыг дур мэдэж, тендер зарлалгүй өгсөн байдаг.Тухайн үед МАН үүнд нь хяналт тавьж, тендер зарлахыг хэд хэдэн удаа шаардсан боловч Н.Алтанхуяг албаа орхин, АН С.Батболдын засгийн газрыг орхин замын дундаас зугтсанаар энэ асуудал бүрхэгдэн үлдсэн билээ.

 

    Цахим иргэний үнэмлэх 2012 оны дөрөвдүгээр сарын дунд үе гэхэд иргэдийн гар дээр очих ёстой байсан боловч “Бодь” групп энэ ажлыг зориуд цалгардуулан, сонгуулийн өдөр гэхэд иргэдийн маань ердөө гуравхан хувь үнэмлэхтэй болсон.Үүний нөгөө талд санал тоолох машин нийлүүлэх, програмчлах ажил өрнөн, ямартай ч тойрог хэсгийн хороод автомат машинтай болж амжсан байдаг. Үүнтэй давхцуулан АН-ынхан “Сонгууль будлиантай болно” гэсэн мессежийг бүх сонин хэвлэлээр цацан, З.Энхболд, Лу.Гантөмөр, Э.Бат-Үүл нараас эхлээд толгойтой болгон нь сонгуулийн луйвраас сэргийлэх тухай ярилцлага өгч эхэлсэн нь саяхны явдал.Эцэст нь  Ц.Элбэгдоржийн тайзан дээр гарах ээлж ирэхэд эрхэм  Ерөнхийлөгч маань СЕХ-нд морилон саатаж “Сонгууль шударрга явагдана гэсэн итгэл төрлөө” хэмээн инээд алдан баталгаажуулав.Энэ бүхэн санал тоолох автомат машиныг рекламдаж, олон нийтийн тархийг угаах зохион байгуулалттай ажил байсан нь уг үйл явдлын өрнөлөөс харагдлаа.

 

    Гэвч харамсалтай нь Ц.Элбэгдоржийн тунхаглан зарлаж, лообийдон рекламдсан Лу.Болдын луйврын машин зохион байгуулагчид нь болох АН-ынхны нүүрийг түллээ.Санал тоолох машины тоолшгүй олон алдааг   тойрог хэсгийн хороодоос СЕХ-нд ирсэн гомдлууд гэрчилж байна.Саналаа өгсөн сонгогчдын тооноос илүү олон хуудсыг автоматаар  тоолсон, хэдэн цагаар гацаж санал будлиантуулсан, хэдэн мянган саналын хуудсыг толгой бохирдсон, программ гацсан нэрээр хүчингүй болгосон гэхчлэн автомат машины авчирсан балаг дууссангүй.Лу.Болдын луйврын машины тарьсан будлиан эдүгээ сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж, ялсан гэгдээд байгаа АН-д итгэх итгэлийг устгаад байна.Үүнээс улбаалан ард түмэн  төрөө сонгов уу, эсвэл автомат машин Монголын төрийг сонгов уу гэдгийг ч ойлгоход хэцүү болов.Энэ бүх алдааг саналын хуудсуудыг гараар тоолон нэгтгэж, автомат машины тооллоготой  тулган шалгах замаар залруулж болно.Гэвч СЕХ үүнээс татгалзан  улс  төрийн есөн намын хүсэлт, мэдэгдлийг үл тоон “Лу.Болдын луйврын машины дээр мөнх тэнгэрээс өөр юу ч байх учиргүй” хэмээснээс өөрцгүй байдлаар асуудалд хандаж байна.Зүй нь энэ мэтийн зөрчил будлианыг эв нэгдлийг эрхэмлэх, сахин хамгаалах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн Ерөнхийлөгч хариу өгч зохицуулах учиртай.Гэвч АН-ын Ерөнхийлөгч хэмээх тодотголтой Ц.Элбэгдоржийн хувьд энэ нь эрсдэлтэй болчхоод байгаа юм.АН анх удаа Ерөнхийлөгчтэй, Шүүхтэй, Прокурортой, АТГ-тайгаар, хүч нэмэгдүүлэн сонгуульд өрсөлдсөн.

 

    Гэхдээ авлигатай шударга бус байдлаар тэмцэн МАН-ын гишүүдэд хатуурхсан нь нийгмийг цочирдуулсан билээ.Тиймээс ч Ц.Элбэгдоржийг автомат машины асуудалд шударга хандана гэдэгт улс  төрийн нам хүчнүүд төдийгүй энгийн иргэд итгэхгүй байгаа юм. СЕХ ч мөн Лу.Болдын луйврын машинд тархиа атгуулж, саналыг гараар тоолохоос татгалзаж улстөржсөн шийдвэр гаргаж буй.Энэ бүхнээс харахад Монголын төрийн дээр Лу.Болдын луйврын машин залардаг болсон бололтой.Автомат машины дээр зөвхөн мөнх тэнгэр оршдог цаг ирэв үү? Тэнгэрийн дор  төрж, төрийн дор амьдарч, хуулийн дор аж  төрдөг монгол түмэн Н.Алтанхуяг, Лу.Болд хоёрын хуйвалдааны үр дүн болох автомат машины дор амьдрах гашуун хувь заяатай харгалаа гэж үү.Мөнх хөх тэнгэрийн дор автомат машин мөнхөд оршиж, автомат машины дор Монголын төр тогтнож, ард түмэн маань айж суух хэрэг үү? Тэгээд болоогүй ээ, автомат машин нь Лу.Болдын “Бодь” группийн мэргэжилтнүүдийн хүслээр хөдөлдөг гэж байгаа.Ардчилсан Монгол улсын хувьд хэтэрхий ичгүүртэй тогтолцоо биш гэж үү? Энэ бүх эргэлзээ болоод ичгүүрийг одоо л шийдэхгүй бол үргэлжид үнэнийг үгүйсгэж, сонголтондоо ч итгэдэггүй, төрдөө ч итгэдэггүй хардлагын хар үе эхэлнэ.

 

    Сонгогчдын саналын хуудсыг гараар  тоолон баталгаажуулж чадвал ялсан нам нь ч нэр хүндтэй, ялагдсан нь ч итгэл үнэмшилтэй, ард түмэн ч төрөө хүндлэх билээ.Эсвэл автомат машины сонголтыг ард нийтээрээ нүдээ аньж чихээ бөглөөд дагах уу? Эдүгээгээс зуун жилийн өмнө Манжийн амбаны зарлиг гэж зөрчиж болдоггүй, сөрж болдоггүй айхтар цааз байв.Харин ардчилсан Монгол улс автомат машин гэх хаантай болж, төр түмнээрээ  толгой бөхийн дагах цаг АН-ынхны зүтгэл, Лу.Болд, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нарын хуйвалдаанаар ингэж ирнэ гэж хэн мэдлээ.Манжийн төр нь АН, амбан захирагч нь автомат машин болсон юм биш үү?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uqbfsgzcqe QXwsvNblikmclllzon, [url=http://pynwvyliocpj.com/] pynwvyliocpj[/url], [link=http://dmtcoksyydlg.com/ ]dmtcoksyydlg[/link], http://qaoknqykudlt.com/
IP:5.188.84.7  2019-11-08 22:43:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.