УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Нутгаасаа ганц сайн бөх төрүүлэхээр таван жилийн өмнө Бүрэнтөгсийг Увсаас дагуулж ирж байлаа

2012/07/16
Share |
Хүмүүс: Ц Нямдорж | 
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Нутгаасаа ганц сайн бөх төрүүлэхээр таван жилийн өмнө Бүрэнтөгсийг Увсаас дагуулж ирж байлаа

Угийн нутгархаг, бас амь нэгтэйгээрээ алдартай Увсынхан магнай тэнэгэр наадаж байна. Сүүлийн хоёр жил дараалан наадмын түрүүг авсан Увсчууд энэ жил илүү баяр хөөртэй байгаа. Хэний ч нүдэнд тороогүй аймгийн арслан залуу шууд таван цол алгасан Улсын арслан цол хүртэж, Үндэсний их баяр наадамд түрүүлж, нутаг усныхаа нэрийг орон даяар цуурайтуулж байгаа учраас тэд баярлахаас ч яахав. Хамгийн сонирхолтой нь Аймгийн арслан Бүрэнтөгсийг анх бөхийн спортод хөтлөж, олны хөлийн газар дагуулж ирсэн хүн бол Хуульзүйн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Түүнтэй баяр наадмын талаар цөөн хором хуучиллаа.

- Сайхан наадаж байна уу? Энэ жил хаагуур наадам үзэв?
- Сайхан наадаж байна. Наадмын эхний өдөр гэрээсээ гарсангүй, үр хүүхдүүдтэйгээ бужигнаж, гэртээ зурагт үзэж наадлаа. Хоёр дахь өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд наадсан. Гурав дахь өдөр уяачдын баяр үзээд явж байна даа. Энэ жил нар хур тэгширсэн сайхан наадам болж байна.Наадамчин олны сэтгэл тэнэгэр сайхан байна.

 

- Наадмын талаарх сэтгэгдэл хэр байна.
- Наадмын өмнө надаас “Энэ жил хэн түрүүлэх бол?” гэж асууж байсан юм. Тэр үед би наргиан болгоод “Нэг бол манай нутгийн хүн түрүүлнэ. Нэг бол манай хүчний байгууллагын салбараас төрсөн хүн төрүүлнэ” гэж хэлж байсан юм. Манай Рагчаа заан үзүүрлэж цол нэмлээ. Сэтгэл их өндөр байна. Рагчаагаа цол нэмэх байх гэж олон жил харсан. Ямар ч байсан итгэл алдсангүй. Рагчаагаа дараа нь жич шагнана даа. Би энэ зааныг хүндэлж, шүтэж явдаг. Олон жил сайхан барилдаж байгаа. Яах аргагүй Монгол төрийн наадамд түрүүлэх хэмжээний бөх. Харин П.Бүрэнтөгс гэнэт түрүүлж олныг гайхшруулсан сайхан наадам болж өндөрлөлөө.

 

- Увс аймгийн гаралтай, хэний ч нүдэнд торж байгаагүй аймгийн арслан түрүүллээ. Танай нутгийнхан их л баяртай байх шиг байна?
- Тэгэлгүй яахав. Би УИХ-ын дарга байхдаа 2007 оны өвөл нутагтаа очсон юм. Тэр үед аймгаасаа ганц сайхан бөх төрүүлчих юмсан гэж битүүхэн хорхойсч явсан үе. “Бөх болчихоор ганц сайн хүү аваад ир” гэж аймгийн удирдлагуудад хэлтэл энэ П.Бүрэнтөгсийг дагуулж ирж байлаа. Бүрэнтөгсийг анх хот руу дагуулж ирсэн хүн нь би юм шүү.   Тэгээд тэр намар нь хот оруулж ирж зургаан сар болгосон. Сүүлд нь сумогийн Батбаяр зодог тайлаад монголд ирж байсан ш дээ. Тэр үед арга хэмжээ зохион байгуулахад нь Япон руу явуулчих санаатай Батбаяр, түүний багш нартай танилцуулж байсан. Тэр үед Бүрэнтөгс, Цэвэгням хоёрыг зэрэгцүүлээд зогсооход Бүрэнтөгс хоёр хуруу хиртэй өндөр байсан. Тухайн үед дөнгөж 10-р ангийн хүүхэд байсан юм.  Тэгээд тэр жил 10 төгсөөд орж ирэхэд нь А.Сүхбат аваргад  өгч дөрвөн жил сургасан. Дараа нь Балжаа аварга дээр ирээд энэ жилийн баяр наадамд түрүүллээ. Тэгээд манай Увсаас гаралтай наадмын түрүү бөхчүүд чинь Хан-Хөхий уулсаа дагасан бөхчүүд л дээ. Баянаа аварга, Балжаа аварга, Мөөеө аварга, Ганбат арслангууд чинь Бал даргын нутгийн хүүхдүүд юм шүү дээ. Манай нутгаас бөхийн түрүү авч сайхан бэлэгшээлтэй наадам болж байна.

 

- Тэгвэл та Бүрэнтөгсийн талаар их сайн мэдэх хүний нэг байх нь?
- Мэднээ, мэднэ. Багын тэвчээр хатуужил сайтай хүүхэд байсан. Ганц Бүрэнтөгсийг ч бус өөр хоёр ч хүүхэд Улаанбаатарт авчираад нэг, нэг компанийн захирал бараадуулууд өгчихсөн. Тэд маань бэлтгэл сургуулилт хийгээд явж байгаа. Манай нутгаас өөр олон сайхан бөхчүүд төрж гарах байх гэдэгт итгэлтэй байгаа. Манайхан нутгаасаа бөхтэй болох гэж хичээдэг, хөрөнгө мөнгө, цаг зав зарцуулдаг. Үүнийг би нэг их буруу зүйл гэж боддоггүй шүү. Тэртээ тэргүй монголчууд суурьшмал соел иргэншилд уусаж байна. Тиймээс ёс заншилаа сэргээж, хадгалахад Монгол бөх их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлздэггүй.

 

- Сүүлийн үед улс төрчид морь их сонирхож байгаа. Таны хувьд?
- Уг нь жаахан хол байх юмсан гэж хичээдэг л юм.

 

- Яагаад
- Би өөрөө бага залуудаа морьтой ноцолдож өссөн хүн. Миний аав нэгдлийн 500-600 адуу хариулдаг адуучин хүн байлаа. Тиймээс би өөрөө морь мэднэ. Нэг морь руу шимтээд орчихвол хэтэрхий гүнзгий орчих байх гэж болгоомжилдог хүн. Гэхдээ сүүлийн үед морь сонирхоод л байгаа.

 

- Өөрийн гэсэн морьдтой болсон уу?
- Амьтан ах дүүгийн бэлэглэсэн морь байлгүй яахав. Гэхдээ цуглуулж, эмхэлж аваагүй. Ачийн маань нэр дээр нэг азарга уралддаг юм. Энэ жил их тааруухан давхисан байна лээ.

 

- Энэ жилийн наадам урт удаан болж байна. Саяхан сонгуулийн уур амьсгалд өртөж, бухимдаж байсан иргэдийн ч сэтгэл санаа тайвширч байх шиг байна?
- Сонгууль, наадам хоёр нэг талаараа их адилхан шүү дээ. нэг нь ялж, нөгөө нь ялагдаад л дуусдаг. Хаана ч очсон ялагдсан намынхан гунигтай, гомдолтой л байдаг. Сонгууль болдгоороо болж, наадам ч болдгоороо болоод л өндөрлөж байна. Одоо засаг төрөө эмхэлэх, өвөлжилтийн бэлтгэлээ базаах гээд биднийг их ажил хүлээж байгаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.