Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх төлөвлөгөө

2012/07/17
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх төлөвлөгөө

Монгол Улсын гуравдах ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал маргааш болно. Түүнийг өргөө зочид буудлын хувьчлал болон Улаанбаатар таймс сонины хувьчлалыг хийхдээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шүүх гэж байгаа юм. Харин уг хэрэгт Н.Энхбаяр үнэхээр холбоотой байсан эсэх нь машид эргэлзээтэй байдаг юм. Түүний нэрийг сэвтүүлж улс төрийн тавцангаас арчихын тулд М.Энхболд, Т.Бадамжунай, Сү.Батболд, нар нийлэн зориудын гүтгэлэгийг тарааж, хууль хяналтынханы дээрээс өгөн дарамталж дээрх хэргийг үүсгэсэн юм.  Монгол Улсын Их Хурал 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг батлагдснаар улсын болон орон нутгийн төр, засгийн байгууллагын дэргэд хэвлэл, мэдээллийн байгууллагууд байж болохгүй, тэдгээрийг бүгдийг нь хувьчлах ёстой гэсэн шийдвэр гарсан билээ. Гэхдээ энэ шийдвэрийг хэрэгжүүлэхдээ тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагыг татан буулгахгүй байх, үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байх, сэтгүүлчдийн ажлын байрыг баталгаатай байлгах зэрэг зарчмыг баримтлах нь зүйтэй гэсэн бодлого гарсан байна.УБ хотын удирдлага энэхүү хуулийн дагуу өөрийн харъяанд байсан “УБ телевиз”, “УБ радио”, “УБ таймс” сонин зэргийг хувьчлах шийдвэрийг 2003 онд гаргажээ. Гэхдээ хувьчлалыг хоёр үе шаттайгаар явуулахдаа эхлээд дээр заасан зарчмуудын дагуу хэвлэл, мэдээллийн байгууллагуудын онцлогийг харгалзан тухайн байгууллагын менежментийн багт хувьчлах шийдвэр гаргасан байна. Ингээд “УБ телевиз”-ийг Ц.Балхжав тэргүүтэй менежментийн багт, “УБ радио”-г Булган ахлагчтай менежментийн багт, “УБ таймс сонин”-ыг Ж.Саруулбуян ахлагчтай менежментийн багт тус тус хувьчлах шийдвэр гарган 2004 онд Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Ж.Саруулбуян ахлагчтай багтай гэрээ байгуулжээ. Хувьчлалын бэлтгэл ажлын хүрээнд 2003 онд “УБ таймс” сонины байшин зэрэг хөрөнгийг үнэлүүлэхдээ 370 орчим сая төгрөгөөр тогтоосон байдаг. Ер нь хэвлэл мэдээллийн аль ч байгууллагыг хувьчлахдаа тухайн объектын үнийг тогтоосон байдаг бөгөөд түүнд газрын үнэлгээг оруулдаггүй байжээ. Энэ нь газрыг нь хамт хувьчилж байгаа биш гэдэгтэй холбоотой юм.Ж.Саруулбуян гэдэг ахлагчтай менежментийн баг үйл ажиллагаа явуулж байтал УИХ-ын гишүүн Т.Бадамжунай Л.Сэргэлэн хэмээх залууг Ж.Саруубуянтай уулзуулж, хамтран ажиллах гэрээ байгуулахыг шахжээ. Ж.Саруулбуян Т.Бадамжунай шахсаны дагуу Л.Сэргэлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу Л.Сэргэлэн нь хэвлэх үйлдвэрийн байшинг 5 одтой зочид буудал болгох хөрөнгө оруулалтыг дангаараа оруулах, мөн сонины үйл ажиллагааны урсгал зардлыг бүрэн хариуцахаар болж, хариуд нь сонины менежментийн багт орж, 40 хувийг нь авна гэсэн байдаг. Л.Сэргэлэн өмнө нь “Хадгаламж” банкны захирал байсан Цэрэнпүрэвийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, Оросын нэгэн банкнаас 1 сая гаруй ам.доллар мэхлэн зээлсэн байдаг. Тэр асуудлаараа шалгуулж шүүхэд очиж ял авахынхаа өмнө энэхүү хэргээсээ мултрахын тулд “УБ таймс сонин”-ы барилгад мөнгөө зарцуулсан, ингэхийг Т.Бадамжунай шахаж хийлгэсэн, “УБ таймс сонин”-ы төсөлд томчууд орсон гэж Т.Бадамжунай хэлсэн гэх зэргээр мэдүүлжээ.Л.Сэргэлэн өөрөө хэрэгт орохоос мултрахын тулд С.Баяр, Д.Дорлигжав мэтийн хүмүүсээр гүйж, гомдлоо ярихад нь цаадуул нь бусад нь хамаагүй, чи мэдүүлгээ өөрчилж, энэ хэрэгтэй холбогдуулж ганцхан Н.Энхбаярыг буруутгаж ярь, тэгвэл чиний Оросын банкнаас мэхэлж мөнгө авсан хэргийг чинь түдгэлзүүлж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахад хэрэгсэхгүй болгоно гэж даалгавар өгчээ.Нэгэнт өөрийн хийсэн хэргээрээ тэдний барьцаанд орсон Л.Сэргэлэн тэдний даалгаврыг биелүүлэн хохирсон болж нэхэмжлэл гаргахад хуулийн байгууллагынхан түүний залилж олсон мөнгийг хэн хамтран завшсаныг шалгаж тогтоохын оронд хэргийг нь түдгэлзүүлж, “УБ таймс сонин”-ы асудлыг ганцхан Н.Энхбаяртай холбогдуулан шалгаж эхэлдэг юм.Уг нь Л.Сэргэлэн Оросын банкнаас 1 сая ам.доллар мэхэлж авсан байдаг. Монгол төгрөгт шилжүүлвэл 1,2 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Тэр мөнгийг юу юунд зарцуулсан, хэн хэнд хэдийг өгсөн бэ? гээд шалгавал Т.Бадамжунай гарч ирэх гээд байдаг гэж хүмүүс ярьдаг. Л.Сэргэлэн анх мэдүүлэхтээ “УБ таймс сонин”-ы менежментийн багт М.Энхболдыг төлөөлж сэтгүүлч Ундармаа, Т.Бадамжунайг төлөөлж сэтгүүлч Ариунаа, Сү.Батболдыг төлөөлж түүний баз, хуульч, дэд сайд асан Гансүх, Н.Энхбаярыг төлөөлж түүний эхнэрийн дүү О.Алтан, УИХ-ын гишүүн Дашдоржийг төлөөлж түүний эхнэр Согоосүрэн нар байдаг гэж Т.Бадамжунайн хэлсэн хэмээн хэлжээ.Л.Сэргэлэн “УБ таймс сонин”-той байгуулсан гэрээний дагуу байшин барих гэж байгаа мэт жүжиглэж, менежментийн багийг болон зарим хуучин тоног төхөөрөмжийг “УБ таймс сонин”-ы байшингаас гаргажээ. Уг нь сонины менежментийн баг байшингаа бусдад түрээсэлж, өөрийнхөө өдөр тутмын үйл ажиллагаа явуулах боломжийн орлогыг хэнээс ч гуйхгүй олдог байжээ. Гэвч Л.Сэргэлэн: удахгүй 5 одтой зочид буудал барина, их орлого олно гэж худлаа ярьж, менежментийн багийг сонинтой нь хамт байрнаас нь гаргаж, өөр байранд түрээс авах биш, харин өөрсдөө түрээс төлж суух байдалд оруулжээ.

 

Эхний үед сонины түрээсийн төлбөр, цалин зэрэг өдөр тутмын зардлыг өөрөөсөө гаргадаг байв.Л. Сэргэлэн УБ хотос болон МХЕГазраас албан ёсны зөвшөөрөл авалгүй, барилга байшингийн батлагдсан зураг, хөрөнгө оруулалтын эх байхгүйгээр “УБ таймс сонин”-ы байшинг нурааж эхэлжээ. Одоо бодоход үүний цаана байшинг нурааж, газрыг нь зарж, Оросын банкнаас мэхэлж авсан мөнгөө үржүүлж, жижиг ашиг хонжоо хөөцөлдөж байсан нь тодорхой байдаг.Байшинг нурааж байх үед Мэргэжлийн хяналтын газраас хэвлэх үйлдвэрийн байшинг өндөрсгөж болохгүйг мэдэгдсэн албан тоот ирүүлсэн байна. Нэгэнт Мэргэжлийн хяналтын газраас  Л.Сэргэлэнгийн   байшин нураасан асуудлыг хууль бус гэсэн шаардлага ирсэн тул  байшинг нураах ажлаа зогсоожээ. Ингээд “УБ таймс сонин”-ы барилга балгас болжээ. Тэнд байшингаа түрээслэх битгий хэл өөрсдөө орж ажиллах ямар ч бололцоо байхгүй болжээ. Байшинг нурааж байхад хөдөлмөр хамгаалал байхгүй байсан тул нэг хүн унаж нас барсан байна. Байшинг нурааж, газрыг нь зарж, ашиг олохыг бодож, тэр талаараа цаагуураа Т.Бадамжунайтай сэм тохирсон байсан Л.Сэргэлэн нэгэнт бодсон төлөвлөгөө нь биелээгүй тул гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хойрго хандаж эхэлсэн нь сонины байдлыг улам хүндрүүлэв. Л.Сэргэлэн “УБ таймс сонин”-ы байшинг дур мэдэн нурааж, тус сониныг байргүй болгов. Дээр нь сонины урсгал зардлыг төлөхөө болив. Сонин цалин тавих, бусдын байрыг түрээслэх мөнгөгүй болжээ. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, харин ч сониныг хүнд байдалд оруулсан мөртлөө Л.Сэргэлэн тус сонины 40 хувийг авна гэж зүтгэсэр байв. Харин энэ шаардлагыг нь УБ хот зөвшөөрөөгүй байна. Менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуян, менежментийн баг хүнд байдалд оржээ.

 

Удалгүй Л.Сэргэлэн үзэгдэхээ ч болив. Харин хааяа үзэгдэхдээ нөгөө 40 хувиа нэхнэ, эсхүл өнөө мэхэлж олсон 1,2 тэрбум төгрөгийнхөө 500 сая орчимыг нь байшин нураахад болон цалин тавьж, байрны түрээс төлөхөд зарцуулсан гэж хэлнэ. 500 сая төгрөг буцааж өгөхийг шаардана. Эсхүл түүнийх нь оронд хотоос 20 га газар өгөхийг шаардана. Ж.Саруулбуян ахлагчтай багийнхан хариуд нь түүнээс хүлээсэн үүргээ биелүүлэхийг, ажлын байртай болгох, урсгал зардал даах, цалин тавихыг шаардана. Ийнхүү Л.Сэргэлэн болон Ж.Саруулбуян ахлагчтай менежментийн багийнхны хоорондын харилцаа дүлий, сохор хоёрын яриатай адилхан болжээ.УБ хотынхон Л.Сэргэлэнгийн зарцуулсан мөнгө үнэхээр 500 сая төгрөг болсон эсэхийг шалгахаар комисс байгуулан шалгуулжээ. Л.Сэргэлэн 500 сая төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсонгүй. Харин Л.Сргэлэн хүмүүст ярихдаа 1,2 тэрбум төгрөгийнхөө 500 саяыг “УБ таймс сонин”-д, үлдсэн 700 саяыг нь Орос руу бэлнээр нь авч явж байгаад оросуудад дээрэмдүүлсэн гэж ярина. Ийм яриаг нь сонсмож байгаа хүн бүр худал ярьж байгааг нь гадарлана. Оросуудад биш, магадгүй Т.Бадамжунай нарт “дээрэмдүүлсэн” байх гэж инээлдэнэ. Т.Бадамжунай шиг хүн Л.Сэргэлэнг “УБ таймс сонин”-ы төсөлд зүгээр оруулсан гэдэгт хэн ч итгэхгүй.Л.Сэргэлэн өөрийг нь “УБ таймс сонин”-д Т.Бадамжунай оруулсан гэдгийг сайн мэдэх боловч Д.Дорлигжав нарын даалгавраар намайг Н.Энхбаяр хохироосон гэж ярина. Уг нь Н.Энхбаяртай уулзаж байгаагүй байдаг. Түүнтэй уулзаж байгаагүй Н.Энхбаяр Л.Сэргэлэнг яаж хохироох билээ дээ?Ж.Саруулбуян нь Т.Бадамжунай, Л.Сэргэлэн нарын буруугаас болж хүндхэн байдалд орсон учир, өдөр бүр байрны түрээс, цалингийн өр, НДШ-ийн өр, урсгалын зардлын өр шаардагдах учир сонины ажлаасаа хөндийрч, УБ хотын удирдлагадаа ч олдохоо байж, удалгүй Үндэсний түүхийн музейн захирал болжээ. УБ хотын удирдлага ч арга барагдахдаа сонины ажлыг бүрмөсөн унтраачихгүйн тулд сэтгүүлчдээс нэгийг нь түр хугацаагаар Ж.Саруулбуянгийн оронд томилжээ.Тэгэж байтал тухайн үеийн МАХН-ын удирдлагын доторх зөрчлөөс УБ хотын удирдлага ч солигджээ. УБ хотын шинэ удирдлага “УБ таймс сонин”-ы ээдрээтэй асуудлыг шийдэхдээ аль болохоор өөрсдөд нь хүндрэлгүй байх тактикийг баримталсан байдаг. Сониныхоо ажлаас гарсан, багийн ахлагч байсан Ж.Саруулбуянгийн оронд сэтгүүлч, зохиолч До.Чулуунбаатарыг сонины сэтгүүлчид саналаараа багийн ахлагч болгожээ. Л.Сэргэлэн нарын буруугаас болж, нурчихсан байшинтай, түрээсийн зардал төлөх, цалин тавих, урсгал зардал гаргах хөрөнгийн эх үүсвэргүй болсон “УБ таймс сонин”-ы менежментийн багийн ахлагч болсон До.Чулуунбаатар юуны түрүүн сониныхоо өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн болгон цэгцэлж, хувьчлалыг хийж дуусгах талаар УБ хоттой ярилцжээ. До.Чулуунбааатар “УБ таймс сонин” хотын өмч байх үед ийм зохисгүй ажил явагдсан тул хотын удирдлагад хандан Л.Сэргэлэнтэй холбоотой асуудлыг зохицуулж шийдэж өгөхийг хүсэхэд УБ хотын удирдлага: тэр залууд зарцуулсан мөнгөнийх нь оронд газар шийдэж өгч болох юм, гэтэл тавьж байгаа шаардлага нь арай хэтэрсэн, тэгээд ч өөрөө үүргээ биелүүлээгүй, дураараа аашилж байшин нураасан, яг хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхой бус байна зэрэг шалтгаанаас болоод асуудлыг шийдэх боломжгүй байна гэсэн хариу өгч байв.До.Чулуунбаатар багийн ахлагчийн сониныхоо ажлыг хэвийн болгох, цалингийн өрийг барагдуулах, НДШ-ийн өр, татварын өр зэргийг багасгах, менежментийн багаараа хувьчлах тухай ярилцаж, саналаа УБ хотод хэлж байлаа. Нэгэнт байшин нурсан дахин үнэлгээ хийж, анхны үнэлгээг бууруулж өгөхийг хүссэн боловч УБ хотын удирдлага дахин үнэлвэл нурсан байшингийн үнэ буурч магадгүй хэмээн болгоомжилж, байшин болон зарим хуучирсан тоног төхөөрөмжийг анхных нь тогтоосон үнээр буюу 370 сая төгрөгөөр хувьчлахаар болжээ. Чингэхдээ До.Чулуунбаатарт хэлсэн нь, та нар багаараа хувьчилж авая гэж байгаа бол энэ үнээр нь ав, байшин нурсан нь үнэн ч шинэ үнэлгээ хийж, үнийг нь буруулахгүй гэв.До.Чулуунбаатар мөнгөний эрэлд гарч, олон хүн, байгууллагад хандан мөнгө зээлэх, хамтран ажиллах тухай санал тавьжээ. Харамсалтай нь тийм бэлэн мөнгөтэй хүн олдсонгүй. Харин ахмад сэтгүүлч Бямбажал гуай манай Ховдын бизнесмен залуу байгаа юм гэж нэгэн залууг танилцуулсан нь Б.Хуяг байжээ.Б.Хуяг тэр үед “Медиа Холдинг” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд До.Чулуунбаатарын тавьсан саналыг сонирхож, “Медиа холдинг” компани хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулж болох юм гэжээ.

 

Ингээд До. Чулуунбаатар, Б.Хуяг нар хоорондоо тохиролцож, До.Чулуунбаатар “Медиа холдинг компани”-ас 370 сая төгрөг зээлсэн байна. Зээлсэн мөнгөөрөө УБ хотод “УБ таймс сонин”-ы хувьчлалд төлөх ёстой 370 сая төгрөгийг төлжээ. До.Чулуунбаатар, Б.Хуяг нар хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээр ярилцан тохиролцож, “Медиа холдинг” компани өмнө нь зээлсэн 370.0 сая төгрөг дээрээ нэмж 500.0 орчим сая төгрөг, нийтдээ 800 гаруй сая төгрөгийг зээл болон хөрөнгө оруулалтаар “УБ таймс сонин”-д өгөхөөр болж, хариуд нь “УБ таймс сонин”-ы олонхи хувьцааг биш, харин цөөнх буюу 49 хувийг эзэмшихээр тохиролцжээ. Энэ талаар До.Чулуунбаатар сониныхоо менежментийн багийн гишүүдэд, ялангуяа өдөр тутмынх нь ажилд оролцдог гишүүддээ мэдээлж, тэдний санал, дэмжлэгийг авчээ. Тэд ч Л.Сэргэлэнгийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж ихээхэн хүнд хэцүү байдалд орсон байсан учир, тэгээд ч Л.Сэргэлэн үнэн худал нь мэдэгдэхгүй 500 сая төгрөг зарсаныхаа төлөө “УБ таймс сонин”-ы 40 хувийг авна гэсэнтэй харьцуулахад “Медиа холдинг” компани 800 сая төгрөг зарцуулж, 49 хувийг нь эзэмшихээр болсон нь менежментийн багт илүү шударга санагдсан байна.Гэхдээ УБ хотынхон “УБ таймс сонин”-ы хүндхэн асуудлыг До.Чулуунбаатар ахлагчтай багт үүрүүлж хувьчлахдаа нурчихсан байсан байшинг өндөр үнээр зарж, дээр нь “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулжээ. До.Чулуунбаатарт нарийн тайлбарлалгүйгээр давхар утга санаа бүхийн санаа шургуулсаныг өнөөдөр УБ хотын удирдлага, хууль хяналтын байгууллагынхан ашиглаж, илт хууль зөрчсөн ажиллагаа явуулж байна. Тэрхүү гэрээнд “Өр төлбөр барагдуулах” гэсэн заалтанд До.Чулуунбаатарт тайлбарлалгүйгээр Л.Сэргэлэнгийн зарцуулсан гэх бохир мөнгийг До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг төлөх ёстой мэтээр сүүлд нь ашиглагдаж болох битүү санаа шургуулсан байжээ.

 

Уг нь өр төлбөрт шүүхээр тогтоогдсон өр төлбөр л хамрагдах ёстой бөгөөд Л.Сэргэлэнгийн зарцуулсан гэх мөнгө нь нэгд, залилангийн мөнгө, хоёрт, анхнаасаа энэ төсөл рүү угаах гэж хийсэн мөнгө, гуравт, өр төлбөр биш, харин хөрөнгө оруулалтын шинжтэй мөнгө, дөрөвт, “УБ таймс сонин”-гийн менежментийн баг ба Л.Сэргэлэн нар түүни й зарцуулсан гэх мөнгөний талаар уулзан тохирч, өр төлбөр гэж бичээгүй юм. Тавд, хамгийн гол нь Л.Сэргэлэн өөрөө гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй билээ.Ямар ч байсан До.Чулуунбаатар сониныхоо үйл ажиллагааг хэвийн болгох, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой НДШ-ийн өр, татварын өр зэрэг төлбөрийг барагдуулж, хамт олныхоо цалин тавих, байрны түрээсийг төлөх зэрэг зардлыг хөөцөлджээ. Үүний тулд дээр хэлсэнчлэн “Медиа Холдинг” компаниас 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч, менежментийн багаа хуралдуулж, тогтсоны дагуу нийт 800 орчим сая төгрөг зарцуулсан учир “ Медиа Холдинг ” компанид “УБ таймс сонин”-ы 49 хувийг эзэмшүүлэхээр болжээ. До.Чулуунбаатар менежментийн багт байсан Ж.Саруулбуян, Ундармаа, Ариунаа нараас нийтдээ 110 орчим сая төгрөгөөр хувьцааг нь худалдан авчээ. Ингээд УБ хотын гаргасан шийдвэрийн дагуу хувьчилагдсан  “УБ таймс сонин” өнөөгийн байдлаар дараах хувьцаа эзэмшигчидтэй болсон байна. Үүнд: - До.Чулуунбаатар 33 орчим хувь- “Медиа Холдинг” компани 49 хувь- Гансүх 6,0 хувь- Баярмөнх 6,0 хувь- Алтан 6,0 хувь тус тус эзэмшиж байна. Гэтэл түрүүн хэлсэнчлэн УБ хотын Засаг дарга хууль хяналтын байгууллагынхантай хуйвалдаж, Т.Бадамжунайн даалгавраар хууль бус худал үндэслэлээр, эрх мэдлээ хэтрүүлэн Л.Сэргэлэнгийн мөнгийг төлөөгүй гэсэн шалтгаар “УБ таймс сонин”-ы хувьчлалыг хүчингүй болгож, Л.Сэргэлэнд хотын төсвөөс дур мэдэн, хууль зөрчин 500 сая төгрөг олгожээ.

 

 Дээр нь АТГ-аас дахин үнэлгээ хийлгэж байгаа нэртэй хуурмаг ажил зохион байгуулж, “УБ таймс сонин”-ы нурсан байшинг гэнэт 2,1 тэрбумаар үнэлүүлж, ээлжит худал “үндэслэл” гаргаж ирэв. Яав ч нурсан байшин 2,1 тэрбум төгрөг хүрэхгүй нь ойлгомжтой. Ер нь нурсан байшинг үнэлэх аргачлал ч байхгүй нь тодорхой. АТГ үнэлгээний компанийг авч ажиллуулахдаа байшингийн үнийг нэмэгдүүлэх, дээр нь газрын үнэлгээг нэмж үнийг нь аль болохоор өсгөж, УБ хот ихээхэн “хохирсон” мэт хэтрүүлсэн тооцоо гарга гэсэн үүрэг өгсөн ажээ. Ингээд АТГ-ын гаргасан худлаа үнэлгээгээр тогтоосон 2,1 тэрбум төгрөгийн объектын 49 хувийг “Медиа холдинг” компани нь 800 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж авсан нь тус объектыг “үнэгүйдүүлж” авсаны “тод жишээ” болж байгаа юм гэнэ. “Медиа холдинг” компани нь “УБ таймс сонин”-ы 49 хувийг нь авахдаа зарцуулсан хөрөнгийг 100 хувьд шилжүүлэн өсгөж тооцвол 1,7 орчим тэрбум төгрөг болж байна. Өөрөөр хэлвэл энэ жишгээр тооцвол “Медиа холдинг” компани нь “УБ таймс сонин”-ы 100 хувийг авсан бол 1,7 тэрбум төгрөг зарцуулах байсан байна. Энэ нь АТГ-ын даалгавраар объектын үнэлгээнд орох ёсгүй, орж ч байгаагүй газрын зохиомол үнэлгээг “УБ таймс сонин”-ы үнэлгээнээс хасвал хэдийгээр АТГ нь нурсан байшинг үнэлэхдээ хэт өсгөж үнэлсэн ч “Медиа холдинг” компанийн зарцуулсан хөрөнгөнөөс хямд гарч байгаа юм.УБ хот аливаа объектыг хувьчлахдаа өмнө нь ч, одоо ч газрын үнэлгээг оруулж байгаагүй, оруулдаг ч үгүй билээ.

 

Тэгээд ч газрыг нь хувьчилж байгаа биш тул түүний үнэлгээг оруулна гэдэг нь утгагүй юм гэдгийг дахин онцлон тэмдэглэе.Нөгөө талаар УБ хот хувьчилж буй объектын үнэлгээг хийхэд менежментийн багийн ахлагч До.Чулуунбаатар нөлөөлөх ямар ч бололцоогүй бөгөөд хувьчлагдсаны дараа зээл өгч, хөрөнгө оруулсан “Медиа Холдинг” компани болон бусад хувьцаа эзэмшигчид ч “УБ таймс сонин”-ы үнэлгээнд мөн л ямар ч холбоогүй билээ.Үнэлгээг УБ хот л хийлгэсэн бөгөөд нураад үнэгүй шахуу болчихсон байшинг үнийг нь бууруулалгүй менежментийн багт хувьчилсан нь хотынхон анхнаасаа тус багт бүх ачааг үүрүүлэх зарчмыг баримталсан гэж ойлгогдож байна.Харин “УБ таймс сонин”-ы До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг нь УБ хотоос гаргасан шийдвэрийн дагуу л ажиллаж байсан нь хөдлөшгүй үнэн юм.Гэтэл өнөөгийн эрх баригчид, тэдгээрийн гар хөл болсон хууль хяналтын байгууллагынхан “УБ таймс” сонин”-ы хувьчлал буруу болсон юм шиг, энэ нь Н.Энхбаяртай холбоотой мэт буруутгахыг оролдож байгаа. Дээр өгүүлсэн түүхээс үзвэл “УБ таймс сонин”-ы хувьчлалд Н.Энхбаярын оролцоо байгаагүй нь тодорхой байна. Эхлээд энэ асуудалтай Н.Энхбаярыг холбох гэж оролдохдоо Л.Сэргэлэнгийн зохиомол мэдүүлгийг үндэслэл болгож, Н.Энхбаяр эхнэрийнхээ дүү О.Алтангаар дамжуулан энэ төсөлтэй холбоотой болсон гэж мушгин гуйвуулж байсан. О.Алтан бол бие даасан хүн учир тэр ахынхаа өмнөөс, ах нь дүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй гэдгийг Үндсэн хуулинд заасан байдаг. Тэгэж ярих юм бол М.Энхболд, Т.Бадамжунай, Сү.Батболд нарыг тэднийг төлөөлж менежментийн багт орсон сэтгүүлч Ундармаа, Ариунаа, хуульч Гансүх нартай холбон шалгах хэрэгтэй шүү дээ. Гэтэл эдгээр эрхмүүдийг хэлбэрдэж асуусан болоод бүх анхаарлыг ганцхан Н.Энхбаяр дээр төвлөрүүлж, түүнийг ганцааранг нь буруутгахыг улайрч байгаа нь энэ бол анхнаасаа улс төрийн зорилгоор түүнийг хэрэг төвөгт холбогдуулахын тулд гаргаж ирсэн зохиомол хэрэг гэдгийг нотолж байна.Дараа нь энэ үндэслэл Н.Энхбаярыг уг асуудалтай холбоотойгоор буруутгахад учир дутагдалтай юм гэдгийг “ойлгосон” хууль хяналтынхан “Медиа холдинг” компаниар дамжуулан Н.Энхбаярыг энэхүү хэрэг гээчид холбогдуулах гэж улайрч байна.

 

 “Медиа холдинг” компани нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн компани юм. Дахин давтан хэлэхэд дүү нь ахынхаа өмнөөс, ах нь дүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж Үндсэн хуулинд маш тодорхой заасан байгаа. Тэгээд ч “Медиа холдинг” компани нь хууль зөрчөөгүй билээ. Энэ компани гагцхүү менежментийн багийн ахлагч До.Чулуунбаатартай түүний багийнхаа өмнөөс гаргасан хүсэлт, тавьсан саналын дагуу ажиллаж, ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл огт биш юм. Дээр нь дээрх түүхээс харвал До.Чулуунбаатар, “Медиа холдинг” компани нь УБ хотоос гаргасан шийдвэрийн дагуу шударга ажилласан нь ойлгомжтой байна. Мөн хүлээсэн үүргээ биелүүлж ажиллажээ.Энэ асуудалд хариуцах эрх мэдлийн хүрээний хувьд Н.Энхбаяр оролцох, холбогдох ямар ч сэжүүр байхгүй байгаа юм. Үүнийг Н.Энхбаяртай холбож шалгаж байгаа нь цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт юм. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.