Эрүүгийн хуулийн 150-р зүйл ангийг нярав, манаачид л хэрэглэнэ

2012/07/23
Share |
Хүмүүс:
Эрүүгийн хуулийн 150-р зүйл ангийг нярав, манаачид л хэрэглэнэ

Хуульч, өмгөөлөгч  Пүрэвдоржийн Сарантуяа  миний бие хуулийн мэргэжил эзэмшихээр Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн ангид сурч байхдаа Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааныг Оросын нэр бүхий алдартай эрдэмтэд болох Трофимов Н.И., Агеев А.Н., Рыбальская В.Я. зэрэг багш нараар заалган төгссөнөөс хойш  24 жил мэргэжлээрээ ажиллаж сурсан онол мэдлэгээ хуульд зохицуулан ажиллаж ирсэн.

 

Сүүлийн үед  “Төрийн албан тушаалтны” гэх хэрэгт холбогдсон төрийн албан хаагч байсан болон одоо ч төрийн алба хашиж байгаа иргэдэд “Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл”-д зааснаар ял төлөвлөөд байгааг миний хувьд буруу гэж  үзэж байгаа тул хоёр зүйл заалтыг өөрийн ойлгодгоор бичье. Мөн уг зүйл ангийн талаар   хүмүүс ямар учиртай зүйл анги болохыг мэдэхээсээ мэдэхгүй нь олон юм шиг санагдсан ба бүр хуульчид хүртэл хоорондоо энэ зүйл ангийн талаар ямар хэрэгт,  хэнд оногдуулж болох талаар маргалдах болжээ.

 

Сонин хэвлэлд төрд алба хашиж байсан болон алба хашиж байгаа төрийн албан хаагч нарыг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл заалтаар л ял шийтгүүлэх гэж байгаа мэтээр  бичигддэг нь тэдэнд тэдгээр зүйл ангиар л ял оноодог ёстой юм шиг ойлгогддог бололтой.

 

Эрүүгийн хуулийн 19-р бүлэг буюу “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” бүлэгт Эрүүгийн хуулийн 150-р зүйл болон хулгай, дээрэм, залилан хамаарагдана.Эрүүгийн хуулийн 150-р зүйл анги: “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх”
150.1”д “Аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол....”,торгох,3 сар хүртэл баривчлах ялтай,150.2-т “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол......”,3-6 сарын хугацаагаар баривчлах, эсхүл 5 жил хүртэл хорих ялтай,150.3-т  “Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Дээрхи гэмт хэргийг үйлдэгч нь хэн байж болохыг онолд болоод хуулийн тайлбарт заасныг үзвэл “субъект нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг бүхий, хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн , сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл  хэрэг хариуцах чадвартай иргэн байна” гэжээ.
Энэ хэргийн субъектэд “Төрийн албан тушаалтан” яагаад ч орохгүй , яагаад гэвэл Эрүүгийн хуульд Төрийн албан хаагч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өмч хөрөнгө завшсан үрэгдүүлсэн бол тусгайлан заагдсан зүйл ангитай.

 

Эрүүгийн хуулийн 150-р зүйлд  холбогдох субъектийг ямар албан хаагчид  хэн холбогдож болох нь манай хуулийн тайлбарт байдаггүй.
Тэгэхээр бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг бүхий этгээд гэдэгт- ажил үүргийнхээ хувьд болон  гэрээт харилцаа эсвэл тусгайлан өгсөн даалгаварын дагуу өөрт нь байгаа бусдын эд хөрөнгийг харж хамгаалах ёстой, эсвэл тохиролцсоноор, хуульд зааснаар захиран зарцуулах   этгээд байх ба жишээ нь манаач, нярав, худалдагч, мөнгө хураагч кассчин гэх мэт албан хаагчид хамаарагдана. Ажил үүргийнхээ хувьд компьютер засварлах засварчин ч үнэ бүхий их хэмжээний компьютерүүдийг үрэгдүүлэх хувьдаа завших тохиолдолд энэ зүйлд зааснаар шийтгүүлнэ.

 

Гэмт хэргийг бүрдүүлэх бүрэлдэхүүний нэг хэсэг бол яах аргагүй “субъект” . Субъект болж чадахгүй л бол тухайн зүйл ангиар зүйлчлэх ёсгүй.
Харин Эрүүгийн хуулийн 28-р бүлэгт Албан тушаалын гэмт хэргийг зүйлчилсэн ба 263-р зүйл “Төрийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэж нэрлэгдсэн.

 

263.1-д “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд  үлэмж хэмжээний хохирол учирсан бол .......” гэсэн ба торгох, 3 сар хүртэл баривчлахаар заасан.
263.2-т Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол ....” гээд албан тушаал эрхлэх эрхийг нь хасч торгох, 5 жил хүртэл хорихоор заажээ.

 

Эрүүгийн хуулийн тайлбарт субъектийг /ямар хүн хамаарагдах/ тайлбарлахдаа: “ Энэ бүлэгт дурьдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх, албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна” гэж тодорхой тодорхойлжээ.

 

Дээрхи 150, 263 гэсэн зүйл ангиудын аль аль нь аж ахуйн нэгж байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан бол гэсэн ижил объекттой боловч хоёр өөр бүлэгт заагдсан өөр өөр субъекттэй зүйл ангийг албан тушаалын хэрэгт холбогдсон болгонд хэдэн үйлдэл дээр сэжиглэгдэж байгаагаас үл хамааран өөрөөр хэлбэл нэг үйлдэлд ч цугт нь оноож иргэнээ хохироож хэлмэгдүүлэх нь олширсон байна.Яагаад ийм болсоныг өөрийн бодож байгаагаар тайлбарлахад: 263-р зүйлд “263.3” гэсэн заалт байхгүй өөрөөр хэлбэл “онц их хэмжээний хохирол учруулсан бол” гэх заалт байхгүй байгаагаас төрийн албан тушаалтанд ЭХ-ийн 150.3 заалтыг оногдуулаад байгаа юм болов уу.

 

Мөн шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгөхөөр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь элбэг байдаг учир прокурор болон мөрдөн байцаагч нар хэргийг буцаалгахгүйн тулд аль алиныг нь оногдуулаад шүүх аль тохирохыг нь хэрэглэх боломжоор хангаад байгаа мэт,
Эсвэл нөгөө “Улс төрийн хэрэг” гэдэг нь юм болов уу. Шууд хэлбэл “зайлуулах гэсэн этгээдэд хэрэглэх”. Арай ч үгүй баймаар.
Бүр нэмээд Эрүүгийн хуулийн 148-р зүйл ангийг ч оноодог нь түгээмэл.

 

Бичигдэж буй хоёр зүйл ангийг мөн харьцуулаад харахад  хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байтал албан тушаалтан нарт оногдуулж буй ялын хэмжээ жирийн албан хаагч нарт оногдуулах ялын хэмжээнээс бага байгаа нь ажиглагдаж байна.

 

Мөн хэн ч нэг хэрэгт нэг удаа шийтгүүлэх, нэг үйлдэлд түүнд тохирох нэг л зүйл ангиар ял сонсох байтал энэ зарчим алдагдаж байгаад харамсаж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.