Ө.Энхтүвшин намын даргаар, Ж.Сүхбаатар генсекээр сонгогдох нь гарцаагүй боллоо

2012/07/24
Share |
Хүмүүс: Ө Энхтүвшин | 
Ө.Энхтүвшин намын даргаар, Ж.Сүхбаатар генсекээр сонгогдох нь гарцаагүй боллоо

Ардын намын ээлжит Бага хурал өнөөдөр болно. Энэ бага хурал МАН-ын ирээдүйг тодорхойлж, цаашид нам шинэ уур амьсгалаар улс төрийн давцанд дахин сэргэлт авах уу, эсвэл хуучин арга барилаараа зугуухан мөхөх үү гэсэн замыг сонгоно гэж гишүүд дэмжигчид нь дотроо жиг жуг хийж буй. Мэдээжийн хэрэг энэ бүхэн нь ямар хүнээр намыг толгойлуулах вэ гэдгээс шууд хамаарна.

 

90 жилийн түүхтэй нам удирдлагын том багтай. Тэр багт ажилладаг дарга нар яах вэ. Удирдах зөвлөлийн гишүүд гэж олон дарга бий. Аливаа шийдвэрт намаас барьж орох бодлогыг тодорхойлдог Удирдах зөвлөлийнхөн бүгдээрээ хариуцлага хүлээвэл зохих ёстойг зарим гишүүд ярьж байгаа юм. Намын нэр солих, сонгуулийн хуулийн өөрчлөлтүүдийг Удирдах зөвлөлөөс гаргаж, Бага хурлаар баталгаажуулсан хөдөлшгүй баримт бий. Тэгэхээр Удирдах зөвлөл МАН- ын толгой гэсэн үг. Өчигдөр УИХ-ын чуулганыг гацаан байж хуралдсан МАН-ын тэдгээр "толгой”-нууд үндсэндээ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор шийдсэн талаар эх сурвалж мэдээлж байсан. Энэ нь өнөөдрийн бага хурлын шийдвэрээр баталгаажих учиртай. Энэ нь зөв ч биз, заавал хийх ёстой ажил ч биз. Хамгийн гол нь одоо хэнээр МАН-ыг удирдуулж, шинэчлэлийн бодлогыг бариулж, 2016 оны сонгуульд амжилттай оролцох вэ гэдэг нь намын бага хурлын амин сүнс. Намын даргад өмнөх парламентад УИХ дахь МАН- ын бүлгийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин сонгогдох нь тодорхой болоод байна. Тэгвэл намын хоёр дахь хүн, генсикээр өнөөдөр МАН хэнийг сонгох бол оо.

 

МАН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хүч түрж буй хүмүүст Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар болон УИХ-ын гишшүн, УИХ- ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асан Ж.Сүхбаатарын аль нэгийг сонгох нь баараггүй болсон гэнэ. Тиймээс одоо хэн нь чухам МАН-ын гал тогоог цэвэрлэж, гайхалтай тэр шинэчлэл гээчийг нь хийж чадах вэ гэдэг л хамгийн сонирхолтой бөгөөд, хариуцлагатай асуулт болж байна.

 

Байгаль орчны сайд Д.Цогтбаатарын хувьд намын нарийнд сонгогдох боломж бараг байхгүй нэгэн. Өмнөх парламентын үед хамтарсан Засгийн газар салахад азаар ч гэх үү, эзээр ч гэх үү сайдын суудалд сууж үзсэн улс төрийн товчхон түүхтэй, нимгэн туршлагатай нэгэн. Тэгээд ч зуугаад жилийн баялаг түүхээрээ бахархдаг МАН “бацаан”-аар бодлого бариулна гэдэг тэдний хувьд байж боломгүй зүйл. Тиймээс шинэчлэл гэдэг үг хүчтэй сонсогдож буй энэ цаг үеийн далим Цогтбаатар сайдтанд сайхан боломжийг мэдрүүлсэн дэгээ. Гэхдээ өмнө хэлсэнчлэн генсекийн хувь энэ удаад түүнээс холуур байх нь тодорхой гээд нам дотроо ч, намаас гадуур ч түүнийг нэг их чухалчлахгүй байна.

 

Дараагийн нэр нь цохиж яваа эрхэм бол УИХ-ын гишүүн, ГХ-ы сайд асан Г.Занданшатар. Улс төрд өнгөрүүлсэн түүний туршлагаас харахад тэрээр залуу цагтаа намын залуучуудын байгууллагыг толгойлж байсан түүх бий. Залуучуудын байгууллагаас төрийн дээд байгууллага руу дамждаг МАН-ын уламжлал түүнийг УИХ-ын гишүүн, Засгкйн газрын гишүүний хүндтэй албанд овоо хэдэн жил хөл залгуулсан гэдэг юм билээ. Тийм ч болохоор үүндээ ирдэж нэрээ баасдсан удаа ч түүнд байдаг. Хадгаламжийн банкнаас 14.3 тэрбум төгрөг алдагдсан хэргийг 2007 оноос эхлэн шалгаж эхэлсэн байдаг. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар холбогдож, банкны алдагдсан мөнгөөр Солонгост казино тоглосон талаар чих дэлсч байв. Гэтэл тэдэнд холбоотой казиногийн хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар казинод тоглосон болох нь нотлогдоогүй гэдэг билээ. Ингэхээр МАН-д шинэчлэл хэрэгтэй л юм бол хуучин бууны хугархай, эсвэл “Нялх Сэнгүм” тэргүүтнүүд генсект зүтгээд ямар ч нэмэргүй, МАН дотор элдэв лобби, ил далд “урт гар” татаж түлхэхгүй л бол шүү дээ.

МАН-д шинэчлэл хэрэгтэй. Шинэчлэлийг шинэ хуучныг хослуулж чадах, шавар шавхайнаас ангид, үзэл бодол эрүүл, үйл хөдлөл ариун хүн л хийнэ. Тус намын шинэчлэлийг бий болгох боломжтой гэгдэж, МАН-ын генсект нэр нь дээгүүрт яваа гурав дахь хүн нь УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар.

 

Тэрээр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө СЕХ-ны нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга зэрэг төр захиргааны дээд байгууллагад 12 жил тасралтгүй ажиллажээ. Энэ үеэс л өөрийгөө чамбай улс төрч болох ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан юм. Төрийн албанд үнэн сэтгэлээр зүтгэж, өсөн дэвжиж, итгэл даан ажиллаж чадах хүн гэдгийг нь туршлагатай улстөрчид  олж харсан тул итгэл найдвар хүлээлгэн, уг албан тушаалд томилох байх гэж хүлээн суугаа аж. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөний дараа сургуульдаа багшаар үлдэх, эсвэл багшийнхаа тавьсан саналын дагуу УИХ-ын гишүүний туслахаар ажиллах хоёрын сүүлийнхийг нь сонгон төрийн албанд орж, ажлынхаа гарааг эхпүүлж байжээ. Элдэв асуудалд орооцолдон, намынхаа нэр хүндийг унагаж яваагүй, төрийн мөнгөнөөс дур мэдэн сохор зоос ч халааслаагүй учир тэр. Нэр цэвэр, ноён нуруутай, өөрийн гэсэн эрхэм чанар, аливаад тууштай, зорилготой байх нь түүний баримталдаг гол зарчим. Үүнээсээ ч хазайдаггүй.

 

Тиймээс гишүүн асан Ж.Сүхбаатарт намынх нь эгэл жирийн гишүүд ам сайтай байна. Төр түшилцэн явахдаа чамгүй зүйл хийж, нийгэмд шударга ёс тогтоохоор ажилласан, элдэв хэл аманд ороод байдаггүй цэгц, шударга хүн гэх. Мөн намдаа шинэчлэл хийх асуудлыг олон ч удаа хөндсөн боловч тухайн үеийн удирдлагууд нь хүлээн аваагүй гэдэг. Үүнээс гадна хараат бусаар шийдвэр гаргах чадвартай, хэний ч нөлөөнд автдаггүй, төрийн ноён нуруутай хүн юм байна. Өмнөх парламентад Ө.Энхтшүвшин УИХ дахь бүлгийн дарга, Ж.Сүхбаатар УИХ-ын ТББХ- ны дарга байсныг ч энд санах учиртай. Хэрэв энэ хоёр МАН- ын I, II хүн болбол гар нийлж, гайгүй сайн ажиллана гэдэг нь эргэлзээгүй. Ер нь, түүнийг генсек болговол доройтож буй намыг сэргээн босгочихно. Дараагийн сонгуульд ялалт авчирна гэсэн яриа ч бий. Энэ нь ч үнэний ортой биз. Хэн нэгний лоббид орохгүй, хувийн эрх ашгийг урьтал болгодоггүйг хэн бүхэн мэднэ. Ж.Сүхбаатар намынхаа ямар нэг лобби бүлгийн гишүүн бус зөвхен Ж.Сүхбаатарын байр суурийг илэрхийлсээр ирсэн болохоор тэр. Түүний байр суурийн нэгээхэн хэсэг нт авлигын эсрэг тэмцэл. Авлигатай тэмцэх санаачлагыг гарган өмнөх парламентад Авлигын эсрэг бүлэг байгуулж, АТГ-ын үйл ажиллагаатай нягт танилцан, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар нээлттэй сонсгол явуулж байлаа. Санаачлан батлуулсан хууль ч чамлахааргүй. Ер нь, хуулийн талаар чамлахааргүй мэдлэгтэй, шинэлэг сэтгэлгээтэй залууг намын генсекээр шууд сонгоно байх гэсэн иргэдийн хүлээлт ч үүсээд буй. Ямартай ч, бусдаасаа ялгарах содон, худлаас хол үнэнд ойр түүнд намынх нь гишүүд чамгүй итгэл үзүүлэн дэмжиж байна. Тиймээс МАН- ын Ерөнхий нарийн бичгийн даргаар түүнийг нэрлэж байгаа ажээ.

 

Н.Билгүүн 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.