МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын дарга З.Энхболдыг шүүхэд нөлөөлөхийг шаардав

2012/08/01
Share |
Хүмүүс: Ө Энхтүвшин | 

МАН-ынхан Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй бойкотлож буй нь  олонд ил болоод байна. Тус намын шинэхэн дарга Ө.Энхтүвшин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдтой уулзахдаа “Өвөрхангайн хоёр мандатын асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа. Шүүхийн үйл явцыг түргэлүүлэх хэрэгтэй байна. Бид хоёр хүнийхээ УИХ-ын гишүүний тангаргийг нь өргүүлмээр байна. Хэрэв та УИХ-ын даргаар албан ёсоор сонгогдсон л юм бол үүнд онцгой анхаарал тавиач гэлээ” хэмээн сэтгүүлчдэд ярьсан юм. Үүнийг хүсэлт гэхэд хэцүү. МАН-ынхны УИХ-ын даргад тавьсан шаардлага гэвэл ононо. Тодорхой хэлбэл, МАН-ын дарга Ө.Энхтүвшин “УИХ-ын дарга З.Энхболд та албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, шүүхэд нөлөөл. Шүүхийн шийдвэрлэхгүй гацааж буй манай хоёр хүний асуудлыг хурдан шийдвэрлүүлж өг” гэсэн шаардлага.

 

Харамсалтай нь, ийм шаардлага тавих хүн нь УИХ-ын дарга З.Энхболд биш. Шүүхийн байгууллагын ажил УИХ-ын даргатай ямар ч хамаагүй. Шүүх бол бие даасан засаглал. Шүүхийн байгууллага бусдаас ялангуяа, улс төрөөс хараат бус ажилладаг гэдгийг МАН-ынхан мэддэггүй бололтой.  Шүүхийн шийдвэрлэх асуудлыг улс төртэй хольж хутган, шүүхийн байгууллагад тавих ёстой шаардлагаа УИХ-ын даргад хаягласан нь олон түмний эгдүүцлийг төрүүлж байна. Үүнээс улбаалаад УИХ-ын өмнөх дарга Д.Дэмбэрэл шүүхийн шатанд очсон МАН-ынхантай холбоотой аливаа асуудал, хэрэг, маргаанд хөндлөнгөөс нөлөөлж, өөрсдөдөө ашигтай байдлаар зохицуулдаг байжээ гэж хардахад ч хүргэж байгаа юм. Шүүхийн байгууллагад ингэж хөндлөнгөөс нөлөөлдөг жишиг өмнө нь байсан учраас л МАН-ын дарга Ө.Энхтүвшин намаа төлөөлж, дээрх шаардлагыг тавьсан байх гэж үзэх нэгэн ч байна.

 

Өвөрхангайд УИХ-д МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хууль зөрчиж, сонгогчдод эд зүйл тараасан хууль бус үйлдэл нь шүүхээр тогтоогдсон учир Сонгуулийн ерөнхий хороо нэрийг нь өргөн барихаас татгалзсан билээ.  Хан-Уул дүүргийн шүүхэд сар гаруйн өмнө АН-аас нэр дэвшигч Д.Зоригт “Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид Сонгуулийн тухай хууль зөрчлөө”  хэмээн гомдол гаргасан. Тус дүүргийн шүүх эл гомдлыг хэлэлцээд “Н.Төмөрхүү, С.Чинзориг нар хууль зөрчсөн нь тодорхой байна” гэсэн тогтоол үйлдсэн байгаа юм. Гэтэл тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол бичсэн. Тус шүүх тэдний давж заалдах гомдлыг хэлэлцэхээр хоёр ч удаа шүүх хуралдааны тов зарласан ч шийдвэрлэж чадаагүй. Уг нь, өнгөрсөн долоо хоногт шүүх хурал хийхээр товлосон байлаа. Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын бие төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргаснаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Ингэж Өвөрхангайд МАН-аас нэр дэвшигчдийн асуудал Нийслэлийн шүүх дээр ирээд гацчихав.

 

МАН-ынхан хууль зөрчиж, олонхийн санал авсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг УИХ-ын гишүүн болгохын тулд улайрч, УИХ-ын чуулганы хуралдааныг ирцээрээ бойкотлоод зогсохгүй, УИХ-ын даргыг хүртэл шүүхийн ажилд хөндлөнгөөс нөлөөлөхийг шаардлаа.

 

УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан С.Эрдэнэг сонгууль будлиантуулсан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэмээн буруутгаж, хууль хяналтынхан үнэн мөнгийг тогтоохын тулд түүнийг “аав”-ынд хүртэл хэдэн сар хорьсон удаатай. Эцэст нь, хууль хяналтынхан түүнийг хэлмэгдүүлсэн болж таарч, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Ингэж С.Эрдэнэ УИХ-ын гишүүний тангаргаа хагас жилийн дараа өргөж байлаа. Тухайн үед АН-ынхан С.Эрдэнэгээр УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх гэж одоогийн МАН-ынхан шиг улс төрийн жудаггүй аашлаагүй, асуудалд хүлээцтэй хандсан юмдаг.

 

Ардчилсан сонин / Б.Алтанцэцэг /

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.