Л.Эрдэнэтуул: Баримтгүйгээр хэрэг үүсгэж өш хонзон авдаг чөтгөрийн тойрог улс төрд бий болох нь

2012/08/08
Share |
Хүмүүс:
Л.Эрдэнэтуул: Баримтгүйгээр хэрэг үүсгэж өш хонзон авдаг чөтгөрийн тойрог улс төрд бий болох нь

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн гишүүн, улс төр судлаач Л.Эрдэнэтуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-”Шударга ёс” эвслийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаярыг нотлох баримтгүй таамгаар хэ¬рэг үүс-гэж, Сүхбаатар дүүргийн шүүх ял өгч хорих анги руу ачсаныг улстөрчид, ажиглагч, судлаачид янз бү-рээр дүгнэж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?


-Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр томоохон мөсөн уултай харьцуулах юм бол дөнгөж орой нь шүү дээ. Тэр шийдвэр урт удаан хуга¬цаанд бэлтгэгдсэн, Н.Энхбаяр гэдэг улстөрчид ямар нэгэн байдлаар ял өгөх операци хоёр жил тасралтгүй үргэлжилсэн. Үйл явдлын эцсийн цэг болж гэх юм уу даа, шүүхийн шийдвэр гарлаа. Тэгэхээр гарцаагүй энэ үйл явдал улс төрийн хэлмэгдүүлэлт.

 


-Гэхдээ зарим хүн гарцаагүй шүүх засаглалын ажил. Яагаад гэвэл улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг нь юугаар нотлогдож байгаа юм гэж ярьж, бичиж байгааг та юу гэж үзэж байна?


-Би түрүүнд улстөрч гэж тодорхойлж хэллээ шүү дээ. Энэ их учиртай. Н.Энхбаяр даргын улс төрийн үйл ажиллагаатай нь холбоотой, хариу үйлдэл учраас бид шүүх үйл явцыг гарцаагүй улс төрийн сэдэлтэй, улс төрийн хэрэг гэж үзэж байгаа юм. Үйл явцыг хоёр хэсэгт хувааж үз¬вэл, нэгдүгээрх нь цэвэр хэлбэр талаасаа хууль эрх зүйтэй холбоотой буюу эрүүгийн байцаан шийтгэхтэй холбоотой асуудал тусдаа байгаа. Улс төрийн утга гэвэл мөн тусдаа асуудал болно. Би шүүх хурлын гурван өдрийн телевизийн шууд нэвтрүүлгийг анхааралтай ажигласан. С.Нарангэрэл болон бусад өмгөөлөгчдийн хэлж байгаагаас юу ойлгогдож бай¬на гэхээр, Н.Энхбаяртай холбож байгаа хэрэг нь эрх¬зүй, эрүүгийн байцаан шийт¬гэх хуулийн үүднээс ямар нэгэн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй.

 


Нот¬лох баримт гэж баахан дам яриа цуглуулчихаад нэг хүнтэй утсаар ярьсан ч юм шиг, үгүй ч юм шиг, ярьсан гэж би гуравдагч этгээдээс сонссон ч гэх шиг дам ярианаас бүрдсэн нотлох баримт гээчийг прокурор нь ичих ч үгүй уншаад зогсч байна лээ. Тэгэхээр би байтугай мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид тэр асуудлыг ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэлж байна. Тэгэхээр дөрвөн жилийн ял авах биш хууль зүйн утгаараа цагаатгах ёстой байсан болов уу гэж олон хуульч дүгнэж байгаа. Тэр байтугай, яллах талд бай¬даг хүмүүс албан бус байдлаар, ажлаа дуусгаж гэр¬тээ ирж шивнэлдэж байгаа байхгүй юу. Нотлох баримтгүй учраас энэ бол хэрэг биш гэж байгаа. Прокуор, шүүхэд ажил¬ладаг найз, нөхөдтэйгээ нэг бус удаа уулзаж байхад нотлох баримтгүй зохиомол хэрэг гэдгийг нь хэлж байна лээ. Хоёр¬дугаарт, Н.Энхбаяр дарга ч бай, иргэн ч бай, хэн байх нь хамаагүй түүний сүүлийн гурван жилийн байдлыг аваад үзэхэд, өөрөөр хэлбэл Ерөнхий¬лөгчийн албан тушаалаа өгснөөсөө хойш тэр хүн улс төрийн идэвхээ хумиа¬гүй. Улс төрийн тодорхой байр суурин дээр байсан. Энэ үйлдэл нь эрх баригчдад таалагдахгүй байсан. Тийм ч учраас тэр яриад байгаа асуудлууд хоёр жилийн өмнөөс үүссэн юм билээ. “Өргөө” зочид буудлыг, “Улаанбаатар таймс” сонины асуудлыг шалга гэсэн үүргийг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өгсөн.

 


Ингээд жил тойроход олигтой юм гараагүй. Хэрэг гээд шүүх рүү шилжүүлчих юм байгаагүй. Гэтэл прокурор аль нутгийн хүн билээ дээ, энэ үгийг би зориуд хашилтанд хэлчихье. Ингэж давхацсан улс төрийн сонирхлууд нэгдээд хэрэг гээч зүйл маш хурдацтай явж эцсийн дүндээ ял өгсөн.

 


-Сонгуулийн өмнөх баривчилгаанаас яах аргагүй хүчтэй өрсөлдөгчөө ял өгч, шоронд илгээх сонирхол байна гэж харагдсан. Гэ¬тэл одоо сонгууль болоод өнгөрлөө, тэр бүү хэл “Шударга ёс” эвсэл АН-тай эвсэх гэж байгаа. Эвсэх, эвсэхдээ Н.Энх¬баяр 2013 онд АН-тай эвсч орно гэсэн ойлголцол, тохиролцоонд хүрчихсэн байхад түүнийг заавал барьж, хорих шаардлага байна уу. Тэгэхээр үүсээд байгаа асуудлууд улс төрийн хэрэг биш юм уу гэж зарим хүн ярьж байна?


-Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг зөвхөн одоо цагаар хэмжигддэггүй. Түүн дээр нэмээд зарим хүний хувийн өшөө хорсол, өш хонзон Н.Энхбаяр даргад үүсгээд байгаа тэр хэргээс үнэртээд байгаа. Хувийн өш хонзонгийн асуудал юунаас үүдэв гэхээр гар¬цаагүй Н.Энхбаяр даргын улс төрийн үйл ажиллагаанаас шүү дээ. Тэгэхээр энэ бол улс тө¬рийн хэлмэгдүүлэлт мөнөөс мөн. Бид энэ үзэгдлийг анх удаа харж байгаа юм биш. Гэхдээ ийм хэмжээний, ийм том зиндааны улстөрч дээр ил тодоор хэрэглэж байгаагаас ардчиллын 20 жилийн хугацаанд, ардчиллын үнэт зүйлсийг бүхэлд нь үгүйсгэх шинж рүү орчихов уу гэж харж байна. Хүмүүс тодорхой хэмжээгээр мэдээлэл авч байгаа учраас мэдэж байгаа байх. Тун удахгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд асан болох гэж байгаа Ц.Нямдоржийн хувьд гэхэд л, түүний ярьж байгаа бүхнээс ямар нэгэн байдлаар Н.Энхбаярт хорссон, өш санасан үнэр үнэртэж байгаа шүү дээ.

 


-Тухайлбал?


-Би харьцуулсан жишээ хэлье л дээ. 2005 онд Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд түүнтэй олон хүн өрсөлдсөн. Гол өрсөлдөгч нь АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн М.Энхсайхан байсан. Гэтэл сонгуулийн дараа юу болсон бэ. М.Энхсайхан нэг талаас ялагд¬лаа хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаас Н.Энхбаяр дарга түүнийг надтай өрсөлдсөн гээд дөрвөн жил хялалзаж яваагүй. Үүнийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Дараа нь хэн хэн нь уулзаад Отгонтэнгэр хайрхан руу авирч байсан. Тэр үед хоёр эр хүн, улс төрийн хоёр лидер ойлголцолд хүрсэн, М.Энхсайхан дараа нь Шадар сайд болсон. Ингэж Монголын улс төрд хоёр Э-гийн түншлэл гэдэг зүйл бас их нааштай зөв үзэгдэл гарч ирсэн шүү дээ. Монголчуудын ярьдаг тамын тогооны үлгэр шиг улс төр их хэцүү шүү дээ. Хэн хэнээ өрсөлдөгч гэж үзэж жийрхдэг, жийдэг байхад анх удаа Ерөнхий¬лөгч хүн өрсөлдөгчөө харин ч Монголын улс төрд хэрэгтэй хүн гэж үзэж, дэмжиж түшиж явсан жишээ бий. Монголын улс төр гэж тоглоомын тодорхой дүрмээр явах ёстой ертөнц байхад түүнд үйлчлэх дү¬рэм, журам гэж байх ёстой. Өнөөдөр ямар дүрэм, журам бий болох гээд байна вэ гэвэл, нотлох баримт¬гүйгээр хэрэг үүсгэдэг, өш хонзон авдаг чөтгөрийн тойрог үүсэх гээд байна. Нийгэмд хортой ийм үйлдэл болж байгааг дээр байгаа нөхдүүд сайн ойлгох хэрэгтэй. Энэ жилийн сонгуулиар ялсан АН ч гэсэн ойлгох учиртай. Монгол орноо хөгжүүлэх, улс төрийг цэвэршүүлэх биш, бие биеэ өмнөх урдахийн өш хонзон авдаг байдал руу ингэж түлхэж болохгүй.

 


-Нууц биш бол, тэр нь юу вэ? 
-Улс төрийн хэлмэг¬дүүлэлт явж явж улс төрийн хоёр дахь аллага болох вий гэсэн бол¬гоомжлол надад байна. Шулуухан хэлэхэд, улс төрийн хэлмэгдүүлэлт нь шууд биш аллага ч гэх юм уу, нэг тиймэрхүү байдал руу оруулах гээд байна. Хоёр дахь гэж тэмдэглэж байгаагийн учир бол өнөөг хүртэл 1998 онд С.Зориг ямар учраас амь насаа алдсан нь илрээгүй байна. Тэр үйл явц улс төрийн аллага байсан гэдгийг нийгэм албан бусаар хүлээн зөвшөөрчихсөн. Өнөөдөр өрнөж буй үйл явцаас харахад, Н.Энх¬баяр даргыг шүүх хурал ямар шуурхай болчихов, нотлох баримт гээд байгаа зузаан хавтаснуудаас шүүрээд авчих үндэслэл алга. Гэтэл түүнийг яллаж, аль болох олон жи¬лээр нийгмээс тусгаарлах, тийм орчинд аваачих сонирхол юу байв гээд асуулт гарна. Мөн шүүх хурлын дараахан Н.Энх¬баяр даргын эхнэр О.Цолмон телевизэд өгсөн ярилцлагадаа Н.Энхбаяр даргыг өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлахдаа ямар нэгэн үл мэдэх тариагаар тарьсан гэдгийг тодорхой эх сурвалжаас авсан гэдгээ хэлсэн. Тэр бол зүгээр нэг бухимдсан хүний хардлага биш. Яагаад гэвэл, сонгуулиас хойш болон шүүх хурлын өмнөхөн би Н.Энхбаяр даргатай уулзаж ярилцаж байсан. Бие, эрүүл мэндийн хувьд бүрэн гүйцэд илааршсан гэж хэлж чадахгүй.

 

 

Тиймээс улс төрийн шууд бус аллага яваад эхэлчихсэн гэж дүгнэж байгаа юм. Олон жил, урт хугацаанд шүү¬хийн дарамтанд байлгаж, мөрдөж мөшгиж, нэг бариад нэг суллаад, шүүх хурал болох ч юм шиг, болохгүй ч юм шиг сэтгэлзүйн ийм тавгүй байдал хүний наснаас чамлахааргүй он жилүү¬дийг хумсалдаг. Тэр байтугай, дэлхийд ховор олон хоног өлсгөлөн зарласан хүний биеийн байдлын хувьд эргээд хэвийн горимд ортол дор хаяж хагас жил болдогийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Гэтэл энэ хугацаа болоогүй байхад хорино гэдэг байж болшгүй юм. Шорон гэдэг чинь шорон шүү дээ. Эрүүл мэнддээ эргээд анхаарах боломжгүй нөхцөлд аваачна гэдэг мэдээж эрүүл мэндэд нь асар их хортой нөлөө үзүүлнэ. Нөгөө талаар, хязгаарлагдмал орчинд аваачна гэдэг Н.Энхбаяр даргын гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийг тэр хүний аюулгүй байдалд анхаарал тавих боломжгүй болгож байна. Тиймээс эцсийн дүнд тэр хүний амь нас нь хүртэл баталгаагүй болчихож байна шүү дээ. Ялангуяа өмнө нь янз бүрийн тариа хийх оролдлого байсан бол тэр үйлдлээ ямар нэгэн байдлаар давтахгүй гэх баталгаа алга. Эргээд харьцуулалт руугаа ороход С.Зориг гэдэг улс төрчийг биед нь халдаж, хорин хэдэн удаа хутгалж амь насыг нь богино хугацаанд хөнөөсөн бол одоо Н.Энхбаяр гэдэг улс төрчийн амь нас, эрүүл мэндэд харьцангуй удаан хугацаагаар хор хийж байна гэж харж болохоор байна. Тиймээс энэ асуудалд манай арай юм ойлгодог хэсгийнхэн, хэвлэл мэдээллийнхэн анхаарлаа хандуулаасай. Эрх баригчид, сонгуулийн дүнгээр одоо эрх барих гэж байгаа олонхийн санал авсан АН ч өөрөө онцгой анхаарал тавиасай гэж хүсч байна 1998 он шиг ниргэсэн хойно хаш¬гирав гэгч бүү болоосой гэдэгт чин сэтгэлээсээ санаа зовж байна.

 


-Сүүлийн үед “Шударга ёс” эвсэл, АН-тай эвсч засагт нэгдэх тухай гэрээ, хэлэлцээ цааш үргэлжлэх үү, үгүй юу гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ асуудал яах бол?


-Асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр гардаг үдэш “Шударга ёс” эвс¬лийн гишүүд, дэмжигчдийн хувьд ихээхэн бухимдалтай байсан. Арай ч тийм бусармаг шийдвэр гаргахгүй байх гэсэн горьдлого байсан учраас тэр бол хүн ёсны асуудал. Тэр шөнө би ч гэсэн хэлсэн “Хэрэв ийм шударга бус, ардчилсан нийгмийн хэм хэмжээг зөрчсөн шүүх хурал явагдаж байгаа юм бол яаж бид АН-тай эвсэх юм бэ” гэж. Олон гишүүн даргы¬гаа, лидерийгээ шоронд оруулчихаад өөрсдөө ал¬бан тушаал горьдож бай¬гаа юм шиг яаж эвсэх вэ гэж байсан. Тэр зүй ёсны, байх ёстой асуудал. Харин ч хүмүүс тэгж яриагүй бол гайхах ёстой асуудал байх. Тэр бол хүн чанарын илэрхийлэл, гарах ёстой байр суурь. Харин улс төрч, судлаач хүний хувьд тунгааж үзэхэд нэгдү¬гээрт, бусармаг шийдвэр гаргасан байгууллага, институт гэдэг тусдаа асуудал юм. Шүүхэд нөлөө үзүүлэх хүн, албан байгууллага хуулиараа бол Монголд хэнд ч байхгүй. Гэхдээ шууд бус нөлөөлөл гэсэн ойлголт бас байдаг.

 

 

Тэгэхээр хуулийнхны өөрсдийн хүрээлэл гэж нэг юм байгаа. Түүнд хүссэн, хүсээгүй экс болно байх гэж миний үзэж байгаа Ц.Нямдорж гэдэг хүн багтах уу, багтана. Энэ мэтээр шүүхэд шууд бусаар нөлөөлж байгаа хүн байна. Мөн улс төрийн намууд гэж байна. Яг статус талаас аваад үзвэл, тэдгээр нь тусдаа байгуул¬лага. “Шударга ёс” эвсэл” болон АН-ын хооронд байгуулсан гэрээ бол цэвэр улс төрийн намуу¬дын хооронд байгуулагдсан гэрээ. Гэхдээ мэдээж миний ярьсан шүүхийн асуудал, шударга ёс тогтоох, хэлмэг¬дүүлэлт болоод байгаа юм биш үү гэдгийг АН-тай ярих нь зүй ёсны хэрэг. Ярих ч болно. Гэхдээ ямар асуудал үүсчихээд байна гэвэл, ний нуугүй хэлэхэд “Шударга ёс” эвсэл 100 хувь сөрөг байр суурьт очно гэхэд эргээд МАНАН үүснэ. Дөрвөн жил засаг барьж ард түмэн залхсан, улс орноо худалдсан, эрээ цээргүй олигархиудын бүлэглэл дахин сэргэнэ. Яагаад бид МАНАН гэж нэрлэж, бүхэл бүтэн улс төрийн үзэгдэл гэдэг утгаар авч үзсэн бэ гэвэл, хоёр намын зүгээр нэг механик эвсэл байгаагүй шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд мөнгөөрөө, бизне¬сийн эрх ашгаараа, гадаадынхнаас, гадаадын хөрөнгө оруулагчдаас то¬дор¬хой хэмжээгээр урам¬шуулал авдаг, тэжээгддэг гэж хэлж болох улс төр-бизнесийн бүлэглэл байхгүй юу. Ийм мафи бий болчихсон. Тиймээс ард түмэн МАНАН эргэж битгий үүсээсэй гэж хүсч байгаа. Үүнийг бид нухацтай авч үзэх ёстой. Дахин МАНАН үүсвэл, тэртэй тэргүй махаа ч авч идэхээ байгаад элгээрээ мөлхөж байгаа ард түмэн дөрвөн жил тэсэх үү.

 


-Тэгэхээр засагт хамт¬рах гэрээгээ үргэлжүүлнэ гэсэн үг үү?


- Улс төрийн нөхцөл байдал ийм ээдрээтэй болсон учраас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай зогсоно. Цаашид шаадлагаа тавиад явна.Үүний зэрэгцээ өмнө нь зурчихсан байгаа АН-тай хамтарч Засгийн газар байгуулах гэрээ, хэлэл¬цээрээ үргэлжлүүлээд явна гэсэн шийдвэр гар¬гасан байгаа. Нэг талаас “Шударга ёс” эвслийнхэн ёс суртахуунгүй, хүн ча¬наргүй юм шиг харагдаж байгаа ч, яг үнэндээ ма¬най эвсэл дотор Н.Энх¬баяр даргыгаа шударга бус, дэндүү балмадаар эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаад зүрх нь өвдөөгүй хүн нэг ч байхгүй. Тэр байтугай хувь хүний хувьд надад албан тушаал хэрэг¬гүй, хэрэв Н.Энхбаяр даргыг суллуулж, цагаат¬гуулахад хувь хүний хувьд миний эрх чөлөө хэрэгтэй бол би бэлэн байна гэж байгаа хүн ч бий. Н.Энхбаяр Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөө¬рөгдсөн лидер гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр бүү хэл, тэр өнөөдөр Монго¬лын Нельсон Мандела юм. Өмнөд Африкийн харт арьснуудын арьсны үзлийн эсрэг үзлийн бэлгэ тэмдэг болж, Африкийн арьсны үзэлгүй анхны Ерөнхийлөгч болж байсан Нельсон Мандела бол дэлхий дахинд гайхагдаж байсан. Тэгэхээр Н.Энх¬баяр дарга түүн шиг Мон¬голын номер нэг улстөрч. Нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн түүхэнд үлдсэн улстөрч¬дийн түүхээс харахад бас л шударга бусаар бариг¬даж, хоригдож байсан байдаг. Энэ бол хувь хүний хувьд хүсэх хувь заяа биш. Н.Энхбаяр ч гэсэн шоронд орчих юм сан гэж мөрөөдөөгүй нь лавтай. Харин түүхийн сонголтоор, нийгмийн тохироогоор гэх юм уу ийм ээдрээтэй хувь заяа, хүнд ачаа тэр хүний нуруун дээр ирж байгаа гэдгийг хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас зарим хүний зүгээс энэ үйл явцыг ганц Н.Энхбаяр гэдэг хүний асуудал мэтээр ойлгоод байгаа тал бий. Ганц Н.Энхбаяр гэдэг хүний эрх ашгийг журмын нөхөд нь хамгаалж, янз бүрийн болзол тулгаад бай¬гаа юм биш.

 

Энэ Монголын нийгмийн асуудал, улс орны эрх ашгийн асуудал. Яагаад гэвэл, улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж байна шүү дээ. Өнөөдөр хүнд ямар ч үндэслэлгүйгээр ял тулгаж, хоморгонд нь сэтгүүлч Д.Чулуунбаатар нарын хүмүүс явж байна. Ингэж чадаж байгаа юм чинь маргааш гудамжаар явж байгаа жирийн нэг залуу нүдэнд нь хүйтэн харагдвал чирээд аваад явах нь байна шүү дээ. Хэнийг ч ямар ч хэрэгт гүтгэж, суулгаж болдог юм байна гэсэн муухай жишиг тогтох нь. Би энэ явдлыг сэдэлтээр нь улс төрийн хэлмэг¬дүүлэлт гээд байгаа болохоос янз бүрийн сэдэлтээр байж болох байхгүй юу. Хувийн өш хонзон, хэн нэгэнтэй тооцоо бодох гээд олон асуудлыг хамруулж болно. Өнөөдөр Монголын шоронд хилс хэрэгт гүтгэгд-сэн, ямар нэгэн байдлаар шүүгч, прокурорын дургүйг хүргэсэн, эсвэл нөгөө тал нь хахууль өгсөн гээд янз бүрийн байдлаар хэлмэгд¬сэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ бол хэлмэгдүү¬лэл¬тийн асуудал өргөн утгаараа явж байгаагийн илрэл. Цаашид ч болно гээд үүд хаалга нь нээгдчихээд байгаагийн дохио. Шүүх шударга шийдвэр гаргах, прокурор нотлох баримтуудаа гаргасан, стандартад нийцсэн хэрэг бүрдүүлэлтээ хий¬гээч гэдэг асуудал тавиг¬дах ёстой. Хэлмэгдүүлэлт явчихлаа, шударга шийдвэр гаргаач гэсэн шаард¬лага тавьж буй хүмүүс зөвхөн иргэн Н.Энхбаярын төлөө шаардлага тавиагүй, Монголын нийт иргэд, хууль цаазын бай¬далд шударга ёс тогтооё гэсэн оролдлого байгаа. Тиймээс үүнийг зөвхөн Н.Энхбаярт, МАХН-д, “Шударга ёс” эвсэлд хамааралтай асуудал гэж ойлгож болохгүйг хатуу¬хан хэлчихье.

 


-Эвсэлд багтаж байгаа хоёр субьектийг албан тушаалаас болж задарна гэсэн мессэж их цацагд-сан. Энэ тухай?


-Тийм оролдлогууд МАН-ын зүгээс, АН-ын зарим фракцуудын зүгээс хийгддэг. Дахиад МАНАН үүсгэх сонирхол¬той хэсэг бүлэг, фракцууд МАН, АН-ын аль алинд бий. Тэдний эвслийг задраасай гэж хүсэлд бид хурлаараа хариуг нь өгчихсөн. “Шударга ёс” эвсэл дотроо янз бүрийн санаа бодолтой ч нэг хуралдахаараа хамгийн авууштай нь нэг байр суурин дээрээ тогтож чаддаг. Тиймээс эвсэл задарчихна гэж мөрөөдөөд хэрэггүй. Мөн асар богино хугацаанд МАНАН-гаа дахиад үүсгэнэ гэж горь¬доод хэрэггүй. Монгол нэгэнт өөрийгөө ардчил¬сан улс гэж тунхаглаж байгаа бол ардчиллын гол зарчим хүний эрх, эрх чөлөө, амьд явах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхүүдийг хангах учир¬тай. Энэ үүднээс Н.Энх¬баяр даргын асуудал шу¬даргаар шийдэгдэх учир¬тай, шийдэгдэх ч болно. Үүний төлөө тэмцлээ бид орхихгүй. Тэмцэл олон арга, хэлбэртэй. Засаг төрд хамтарна гэдэг бид¬ний шударга ёсны төлөөх тэмцлийн нэгэн арга зам байгаасай. Саяхан шүүх хурлын дараа АН доторх зарим бүлэг, фракцид байдаг миний найз нөхөд үнэхээр шударга бус зүйл боллоо гэж хэлж байсан. МАН-ынхан ч гэсэн бүгдээрээ Ц.Нямдорж болж, арилсан дотортнууд болчихоогүй. Тиймээс цаашид бидэнд гарц бий гэж бодож байгаа.

 

 

Ч.Зотол, Зууны мэдээ сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Как купить героин в москве Сайт закладоРº соли москва Как правильР½Ð¾ нюхать клей закладкР¸ в ГолицынРµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Наро-фом
IP:185.14.194.75  2018-02-24 16:09:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.