Гамбууш: Хөрөнгө мөнгөтэй хүнээс хүүхэдтэй болно оо

2012/08/20
Share |
Хүмүүс: Ганбууш | 
Гамбууш: Хөрөнгө мөнгөтэй хүнээс хүүхэдтэй болно оо

Бэлгийн ердийн бус хандлагатай гэдгээрээ олонд танигдсан Н.Гамбууштай ярилцав. Туулсан амьдралаар нь кино хийж байгаа, мэс засалд орж сав суулгуулна, хүүхэдтэй болохоор төлөвлөсөн гэхчлэн түүний ярианд бидний өмнө дуулаагүй зүйл цөөнгүй байна.  

 

- Таны амьдралаас сэдэвлэсэн олон ангит кино хийгдэж байгаа гэж дууллаа. Ямар учиртай кино юм бол?
- Би “Хүслээр заяагдаагүй тавилан” гэсэн зохиол бичээд хэсэг хэсгээр нь “Үдшийн шивнээ” сэтгүүлд өгч байсан юм. Бас “City night” сэтгүүлийн таван дугаарт гарсан. Тэр нь уншигчдад их сонирхолтой санагдсан юм байлгүй, редакцийн зүгээс надад “Энэ зохиолыг кино болговол яасан юм бэ?” гэсэн санал тавьсан юм. “Хүслээр заяагдаагүй тавилан” нь социализмын үе, картын системийн үе, зах зээлд шилжиж байгаа одоогийн ардчилсан нийгмийн байр байдлыг харуулсан кино юм. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх гээд л өдийгөөс төдий хүртэл зургаан төрийн нүүр үзлээ шүү дээ. Хорвоод хүн болж төрөөд өөрийгөө мэдэрч эхэлсэн үе, эцэг эх хоёр маань салсаны дараагаар муу хойд эхтэй учирсан гээд миний амьдралыг энэ  киногоор өгүүлнэ. Нийгэмд үйлчлэх, ашгийн бус гэдэг утгаараа телевизийн олон ангит кино хийхээр болсон. Аль телевизээр гаргахаа одоохондоо сонгоогүй байгаа.

 

- Найруулагчаар нь хэн ажиллаж байгаа юм? Бас гол дүрд нь хэн тоглож байгаа вэ?
- Одоохондоо киноны уран бүтээлчдийг нууцлаж байгаа. Нууц зүйл чинь цаанаа илүү сонирхолтой байдаг шүү дээ. Хэн хийж байгаа юм бол, яаж байгаа юм бол гэсэн бодлыг хүмүүст төрүүлж гарч ирнэ. Өөр кинонууд бол тэр тоглосон, энэ тоглосон тэгсэн ингэсэн гээд бүх зүйл нь ил задгай байгаад байна. Тэр бол сонин биш байдаг. Ер нь нууц байж байгаад гаргах чинь илүү амттай, илүү сонирхолтой биз дээ. Гамбуушийн бага насанд хэн тоглосон юм бол гэх мэт… Киноны эхэнд монологийн хэсэг явдаг. Кино эхлэхэд нэг өндөр хүүхэн Энхтайваны гүүрэн дээгүүр алхаж явахад машинтай хажуугаар нь өнгөрч байгаа залуучууд “Хөөе, хаашаа явах вэ, хэдээр явах юм?” гэж асууна, бүсгүй машинд суугаад л бага нас, бүх зүйлээ бодож эхлэнгүүт үргэлжлээд кинотойгоо холбогдож байгаа юм л даа.

- Кино бүтээхэд хөрөнгө мөнгө их хэрэг болно. Санхүүг нь хаанаас гаргаж байгаа вэ?
- Телевизийн олон ангит кино хийхэд хөрөнгө мөнгө их шаарддаг юм байна. Мөнгөгүй юм гэж өнөөдөр байхгүй. Нэг анги нь хорин минут байлаа гэхэд тэр хэсгийг бүтээхэд олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулагдана. Би  “Чонын алтан шагай” кинонд зургийн даргад нь тусалдаг байлаа. Манайхаас тайчих охидууд авч бааранд бүжиглүүлсэн. Ер нь би олон ангит киноны талаар “Чонын алтан шагай” киноноос тодорхой ойлголт авсан. Бас бүр дээр үед найруулагч Сүхбаатарын хийсэн кинонд цам бүжиглэдэг хэсэгт би бүжиглэж гардаг юм. Очирваань бурханы дүрд тоглосон. Багны цаана Гамбууш гэж харагдах биш. Кино хүнд хэцүү бүтдэг юм байна гэдгийг тухайн үед ойлгож авсан. Хөрөнгө санхүүгийн хувьд миний таньдаг хүмүүс тусалж байгаа. Бас кино хийж буй газар нь санхүүгээ хаанаас оруулж ирэхээ мэдэж байгаа байх.

 

- Саяхан 90 саяын Гансүхийн амьдралаас сэдэвлээд Бодлын хулгайч гэдэг киног хийлээ. Театрт гаргаад багагүй ашиг олж байна. Таны амьдралаас сэдэвлэсэн киног театруудад гаргаад мөнгө ашиг болж болохгүй гэж үү?
- Үгүй үгүй. Хамгийн гол нь би өөрөөрөө шоу хиймээргүй байна. Тэгсэн тэгээгүй хүмүүс миний тухай маш сайн мэддэг. Бараг наашаа харж инээж, цаашаа харж хашгирсаныг нь мэдчихсэн байдаг биз дээ. Тиймээс хүмүүст зөв ойлголт өгөхын тулд ашгийн бус кино хийхээр болсон. Хүн хүнийг гаднаас нь хараад ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгтэл хүний дотоод ертөнц агуу зүйл байдаг. Ер нь над шиг хүмүүс ямар хэцүү хүнд нөхцөлд амьдардаг юм. Тэр бүгдийг энэ киноноос олж харах байх.

 

- Кино зохиолыг нь та бичсэн юм уу?
- Мэдээж өөр хүн бичсэн.

 

- Кино хэзээ гарах вэ? 
- 2013 онд гарна гэж байсан.

 

- Олон ангит киног телевиз бүхэн хийдэг болсон байна. Таны амьдралаас сэдэвлэсэн энэ кино бусад киноноос юугаараа онцлогтой юм бэ? 
- Эгэл жирийн нэг хүний амьдрал. Юугаараа онцлогтойг та нар өөрсдөө тааж мэднэ шүү дээ.

 

- Кино бол нэг талаараа хүмүүжлийн хэрэгсэл мөн. “Хүслээр заяагдаагүй тавилан”-д хүнийг хүмүүжүүлсэн, ухааруулсан зүйлүүд гарах уу?
- Тийм. Сэтгүүлүүд дээр эротик кино гэж бичсэн байна лээ. Үгүй шүү дээ. Тийм биш. Зүгээр жирийн хүний амьдралыг харуулсан. Миний амьдрал хүмүүст их сонирхолтой санагддаг юм шиг байгаа юм. Үнэхээр хэцүү. Өнөөдөр сохор, доголон, мэдрэл муутай төрөөгүйдээ би баярлаад байгаа юм. Тэгсэн мөртлөө эрүүл саруул төрчихөөд дотоод ертөнцдөө зөрчилтэй амьдрана гэдэг асуудал байхгүй юу. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зарим нь хүнтэй сууж хүүхэд төрүүлж болдог. Надад бол тийм зүйл байхгүй. Хэнтэй ч хамт амьдрахгүй. Зүгээр л хүмүүсийн нууц амрагаар явдаг. Би заримдаа өөрийнхөө амьдралыг ойлгодоггүй. Энэ хачин ертөнцөд яаж тэсч үлдсэнийг кинонд үзүүлнэ. Хүмүүст амьдрах утга учир өгөх үүднээс энэ киног хийж байгаа. Хүн яаж ч төрж болно. Хүн хүслээрээ төрдөггүй шүү дээ. Зарим хүн эрүүл саруул мөртлөө хэн ч биш юм шиг амьдарч байна. Би тэд нартай адилхан төрсөн бол арай ондоо амьдарч байгаа даа. Эрэгтэй хүн болж төрсөн бол эхнэр хүүхэдтэй болоод сайхан амьдрах гэж зүтгээд гэр бүлийн аз жаргалыг амсаад явж байх байсан. Эмэгтэй хүн байсан бол эцэггүй ч хамаагүй долоо найман хүүхэд төрүүлээд үрийн жаргал эдэлсэн алдарт эх ч байх байсан юм билүү. Одоо олон гэр бүл салдаг болсон байна. Тэр хүмүүст гэр бүлийн аз жаргал хамгийн агуу аз жаргал байдаг юм аа гэдгийг ойлгуулах гэсэн юм. Өнөөдөр би байр суурьгүй явж байгаа ч сэтгэлээрээ баян байна. Гуньж гутрахгүй явж байна. Энэ бүх дотоод сэтгэлийн зөрчлийг кинонд харуулах болно.

 

- Кинондоо хоёр нийгмийн амьдралыг харуулна гэж байсан. Социализмын үеийн нийгэм таны хувьд яажшуухан өнгөрсөн бэ? 
- Хүндхэн л үе байсан даа. Гудамжинд явж байхад араас чулуу шиддэг. “Яаж чамайг хорвоо дэлхий даадаг юм” гэж хэлдэг байсан. Тийм зүйлүүдийг би давж гарч ирсэн. Залуу хойч үеийнхэн биднийг зөвөөр ойлгоосой гэж боддог. Бид нар бол Монголдоо бэлгийн цөөнх гэж хэлэгддэг. Намайг бэлгийн цөөнхийн төлөөлөл гэж хэлээд байгаа нь утгагүй санагддаг юм аа. Тэд нарын төлөөлөл нь би байна ч гэж юу байхав. Саяхан Мөрөөдлийн театрын “Миний нууц хүү” жүжгийн нээлтийн улаан хивсний ёслолд намайг урьсан юм. Анх удаагаа улаан хивсний баярт оролцсон болохоор маш сонирхолтой санагдсан. Тэр ёслол дээр миний зургийг аймаар их авсан. Ер зүгээр зогсоохгүй. Хаана очно, тэнд дагаж очоод зураг дараад байсан юм. Тэгсэн “Hot news” надаас нэг ч ярилцлага аваагүй байж миний тухай таамгаар зохиогоод “Жинхэнэ эмэгтэй болно” гээд бичсэн байсан нь надад ердөө таалагдаагүй. Улаан хивсний ёслол дээр авсан зурагтай хамт эхний нүүрэн дээрээ тэр материалаа гаргасан байна лээ. Би жинхэнэ эмэгтэй болох гээд байхдаа ч яахав дээ. Сав суулгуулаад үр хүүхэд төрүүлж үзье гэж бодсон болохоос. Эцэгтэй эцэггүй нь хамаагүй өөрийн гэсэн хүүхэдтэй болъё гэж бодоод Тайландад сав суулгах мэс засал хийлгэх гэж байгаа юм. Тэрнээс хүйс солилуулах мэс засал биш шүү дээ. Бас “Гранд” сэтгүүлд “Эрлийз тавилан” гэсэн гарчиг дор намайг “Драгон”-ы арын дэнжид төрж өссөн гэж бичсэн байна лээ. За ямар тавилан байх нь хамаагүй ээ. Хамгийн гол нь миний төрж өссөн газрыг буруу бичсэн нь харамсалтай. Намайг бага байхад “Драгон” гэж байгаагүй. “Драгон” чинь 1989 онд баригдсан барилга. Арын дэнжид нь ганц ч айл байгаагүй байхгүй юу. Тийм эзгүй газар төрж өссөн юм байх аа. “Гранд” тэгж бичсэн байна лээ. Би 40 мянгатын 23 дугаар байранд төрж өссөн шүү дээ. “Драгон”-д бүжигчин байсан гэвэл үнэн л дээ. Хүнээс өөрөөс нь асууж тодруулаагүй байж ийм ул үндэслэлгүй мэдэмхийрч бичих нь буруу байх. Тийм үү. “Гранд “сэтгүүлийнхэн худал бичдэг тал дээрээ анхаараарай гэж хэлмээр байна. Би “Hot news”-ыг шүүхэд өгч мөнгө нэхэмжилдэг юм бил үү гэж бодож байгаад больсон. Нээрээ би мэс засалд ороод гоё болъё гэж бодож байгаа. “Перфект” эмнэлэгийн Оюун эмчтэй уулзсан. Оюун эмч миний зарим нэг хагалгааг үнэгүй хийж өгье гэсэн.

 

- Ямар хагалгаа?
- “Перфект” эмнэлгээр хамар, хөх хийлгэх юм. Нүүрэндээ алтан утас гүйлгүүлж магадгүй. Царайг бага зэрэг янзалж өгнө гэсэн. Эхлээд Тайланд яваад зарим нэг эмчилгээгээ хийлгэчихээд ирье гэж бодож байгаа. Монголд хийлгэж болохгүй хагалгааг гадаадад хийлгээд, Монголдоо хийж болох хагалгааг эндээ л хийлгэх хэрэгтэй шүү дээ. Манайхан бас чадалтай. Би Оюун эмчид итгээд нүүр бардам хагалгаанд орно гэж бодож байгаа. Одоо миний насны эмэгтэйчүүд хагалгаанд ороход яг тохиромжтой. Тэрнээс хорин хэдтэйдээ мэс засалд орж залуу насаа эвдүүлээд яах юм бэ? Би дуучин Ануг ойлгодоггүй. Үнэхээр хөөрхөн охин. Тэгээд яагаад дахин дахин хагалгаанд ороод байдаг юм. Хүний залуу насны өнгө жавхаа бол гоё шүү дээ. Та нар бол үүнийг мэдэхгүй. Миний насан дээр очихоороо л ойлгоно.

 

-    Яагаад заавал Тайландыг сонгож мэс засал хийлгэж байгаа юм бэ?
- Заавал Тайландад хийлгэнэ. Яагаад гэвэл Тайландад энэ хагалгааг өдөр тутамд хийдэг. Тийм болохоор арай туршлагажсан байх. Би 12 дугаар сарын 17-нд явна гэж байсан юм. Тэгсэн тэнд үер болоод 17000 хүн нас барлаа гэсэн мэдээ гарсан байсан. Хоёр гурван хоногийн дараа дахиад мэдээ уншсан чинь 25000 хүн нас барлаа гэсэн байсан. 25001 дэхь хүн нь монгол хүн байна гэж хэлүүлэлтэй биш. Тэнд очиж үхээд юу хийхэв гэж бодоод жаахан хүлээгээд байна. Хагалгаа нь гайгүй л юм гэсэн. Гурав хоног эмнэлэгтээ хэвтүүлээд гаргадаг. Гадуур 14 хоног хяналтанд явуулаад л баяртай гэдэг гэсэн шүү дээ. Тэнд би гамаа бариад хоёр сар болдог юм билүү гэж бодож байгаа. Яагаад гэвэл хагалгаа хийлгэсны дараа Монголдоо хүрч ирдэг. Тэгсэн нэг хүнтэй тор нор гэчихвэл буцаад очилтой нь биш. Түүний оронд тэндээ бүх зүйлээ ок болгоод ирсэн дээр биз дээ.

 

- Мэс засал хийлгэхэд хэдий хэмжээний мөнгө орохоор юм шиг байна?
- Хоёр гурван хүн ивээн тэтгэх юм. Тэр хүмүүсийн нэрийг өөрсдийнх нь зөвшөөрлийг авсаны дараа хэлнэ гэж бодож байна. Мэс заслын төлбөрөөс гадна бүх зардал нь нийлээд 25 мянган доллар болох юм. Гэхдээ 25 мянган доллар мөнгөтэй хүнд бол машины л мөнгө байхгүй юу.

 

- Ивээн тэтгэх хүмүүс чинь таны найзууд уу?
- Найзууд биш. Бас сонгуультай холбоотой. Сонгуулийг далимдуулах хэрэгтэй шүү дээ.

 

- УИХ-ын гишүүн ивээн тэтгэх гэж байгаа юм уу? 
- Гишүүн биш ээ. Хэн ч байж болно шүү дээ. Хэн нэгэнд би тусалж болно. Жишээлбэл түрүүчийн сонгуулиар “Халуун хөнжил” “Янаг хорвоо” “Сэрүүлэг” сонин, “ТВ-8” телевизийг үндэслэгч С.Баярмөнх, “Женко” Баттулга хоёр Баянхонгор аймагт өрсөлдсөн юм. С.Баярмөнх өөрийнхөө нутагт нэр дэвшсэн болохоор рейтинг маш өндөртэй явж байсан. “Женко” Баттулга бол гарах магадлал бага байлаа. Тэгтэл ганцхан хар пиар хийгээд С.Баянмөнхийн нэрийг унагасан байхгүй юу. Яасан гэхээр гомо Нараад хэдэн төгрөг өгөөд “Халуун хөнжил”, “Янаг хорвоо”,  “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнхийг би дэмжиж байна, та бүгд С.Баярмөнхийг сонгоорой гэж хэлүүлсэн бичлэг хийгээд түүнийгээ хүмүүст үзүүлсэн байхгүй юу. Тэр бичлэг Баянхонгорт гарахад л С.Баярмөнхийн нэр хүнд унаад “Женко” гараад ирсэн. Хүнийг магтаж байна. Гэхдээ хэн магтаж байна гэдэг чинь сонин байхгүй юу. Жишээлбэл С.Баярмөнхийг Монголын алдартай эмэгтэйчүүд болох УИХ-ын гишүүн С.Оюун юм уу, АЖ Цогзолмаа гуай магтсан бол нэг өөр. Тэгэхэд чинь гомо Нараа магтаж байна гэхээр бас л асуудалтай байхгүй юу .Тэгэхээр эд нар чинь хар пиар хийж хэнийг яаж унагах вэ гэдгээ мэддэг хүмүүс шүү дээ.

 

- Тэгээд та хар пиар хийх гэж байгаа юм уу?
- Үгүй ээ. Зүгээр нэг хүнд тус болж магадгүй. Мөнгөө өгвөл тус болно. Эсрэг талынханыг нь бол би мэднэ. Сонгуульд хичнээн их мөнгө цацлаа ч ганцхан хар пи ар хийхэд л унадаг биз дээ.

 

- Сав суулгуулсан тохиолдолд хүүхэдтэй болох магадлал өндөр байдаг уу?
- Өндөр байдаг гэж хэлсэн. Манай дүү нар надад “Юу хийж хагалгаанд ордог юм. Хүүхэд төрүүллээ ч яалаа, байсан ч яалаа. Өнөө маргаашгүй үхэх гэж байж” гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар юу ярьж байгаа юм. Нөхөртэй нөхөргүй байх нь ямар хамаатай юм. Өөрөөсөө унасан хүүхэдтэй болж үрийн жаргалыг мэдэрмээр байна шүү дээ гэж хэлсэн. Хүн ганцхан амьдрах насандаа сайхан амьдрах юмсан гэж боддог шүү дээ. Ганцхан амьдрах насанд архи ууж траншейнд ч юм уу, өвгөнтөд очихыг би хүсээгүй. Сэтгэлийн тэнхээгүй байхыг би хүсэхгүй.-    Та тэгвэл удахгүй хүүхэдтэй болох юм байна даа? -    Мэдэхгүй. Мөрөөдөж л байна. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Би сав суулгуулж хүүхэд төрүүлнэ л гэсэн бодолтой яваа. Дээгүүр доогуур яаж зохицуулахыг эмч нар л мэдэх байх. Саяхан шинжилгээгээ өгсөн. Тэгэхэд миний бүх эрхтэн эрүүл, суурь өвчингүй гарсан. Тэгэхээр би урт наслах байх аа.

 

- Хүүхдээ төрүүлчихвэл таны одоогийн амьдрал өөрчлөгдөх үү? 
- Тэгнэ шүү дээ. Хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй тас тэврээстэй байна шүү дээ. Тайландаас ирсэний дараа буудалд байх магадлал маш бага болно. Хоёр жил хэртэй эмнэлэгээр явах байх.

 

- Бүжгийн олон төрлөөс яагаад заавал тэр задгай төрлийг сонгосон юм бэ?
- Би Улаан-Үд хотын Соёлын дээд сургуульд сурч байсан юм. Тэгэхэд манайд сонгодог бүжиг, ардын бүжгийн багш нар бүгдээрээ байсан. Ганцхан энэ жанр байгаагүй юм. Бусад бүх төрөл байсан. Байхгүй зүйлийг сонгосон нь дээр гэж бодоод энэ төрлийг сонгосон. Байхгүй юмны анхдагч болсон нь дээр биз дээ. Бааранд тайчихыг чинь Москвад дадлага хийж байгаад сурсан байхгүй юу. Би анх Гал командын хоёр давхарын зааланд цагдаа нарт тайчиж үзүүлж байлаа. Өндөр зэрэглэлтэй бааранд тайчдаг байсан.

 

- Зах зээл ч байсан байх. Хэр их мөнгө олсон бэ? 
- Иймэрхүү шугамаар олсон мөнгө чинь тэгээд л дуусдаг. Гадаад дотоодод тоглолтоор яваад дууссан. Айхтар мөнгө хураасан зүйл байхгүй. Мөнгөтэй байсан бол байр авчихсан байгаа шүү дээ. Гэхдээ одоо хагалгаанд орж ирчихээд өөрийн гэсэн байртай, машинтай болно гэж бодож байгаа. Тэр бол асуудал биш. Ямар ч байсан өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй. Хүүхэдтэй болчихвол байртай болохгүй бол болохгүй. Бас хэнээс хүүхэдтэй болох вэ гэдгээ би шийднэ. Аав нь хөрөнгө мөнгөтэй хүн байх ёстой. Хамгийн гол нь хүүхдээ гэр бүлийн хүмүүжил сайтай өсгөх хэрэгтэй. Жаахан юманд гутраад архи дарс уучихдаг арчаагүй эр хүн болчихвол хэцүү. Надад ч гэсэн ууж идэж наргиж явсан үе бий. Гэхдээ туйлширч ерөөсөө болохгүй. Хүмүүс их туйлширдаг байхгүй юу. Залуустаа хандаж хэлэхэд учраа мэдэхгүй байхдаа амьдралаа зохиогоорой. Амьдралыг багаас нь босгох хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээтэй сайхан амьдрах хэрэгтэй. Амьдралд хайртай байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.Ярилцсан

 

Т.Хулантахь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
gerlee teneg ymaaaaaaaaaa chi
IP:122.201.17.202  2013-11-01 18:18:59
eezmjz GRgqffnzkdlvjlsyyl, [url=http://ivgdmvhiznsh.com/] ivgdmvhiznsh[/url], [link=http://givffnbqsxwq.com/ ]givffnbqsxwq[/link], http://ocystmiqanwl.com/
IP:46.161.9.32  2016-05-24 18:03:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.