М.Энхсайханыг хэн deletle-в?

2012/08/21
Share |
М.Энхсайханыг хэн deletle-в?

МҮАН-ын дарга М.Энхсайхан Сангийн сайдын суудлаас өөрийн хүсэлтээр татгалзсан хэмээн сангийн авдрын түлхүүрийг атгахаар болсон Ч.Улаан тодотголоо. Хачирхалтай нь, М.Энхсайхан юуны учир амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв. Түүний гэнэтийн энэ шийдвэр хачирхал төрүүлэх боллоо. Сангийн сайдын суудлыг авах гэж өнгөрсөн хугацаанд нөхөрлөлөө хүртэл дэвсэлсэн нэгэн.

 

МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс дөрвөн жилийн ял оноосны дараахан АН-тай байгуулсан хамтарсан Засгийн газар байгуулах гэрээг цуцлахгүй гэдгээ товч бөгөөд тодорхой мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Засаг байгуулах асуудалд ямар хамаатай юм гэх байдлаар хандсан нь МҮАН-ын мэдэгдлээс цухалздаг. Энэ үед эвслийн багана ганхсан ч албан тушаалд дуртай хэд нь асуудлыг намжааж чадсан юм.   МҮАН сонгуульд дангаараа орсон бол өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан нь тодорхой. Иймээс л М.Энхсайхан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай гар хөтөлцөн, нөхөрлөсөн. Тэд мөнхийн дайснууд байсан бол зүү орох зайгүй болтлоо нөхөрлөж, улс төрийн хүрээнийхнийг шоконд оруулсан юм. Нэгэн цагт Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөл­дөж байсан тэдний нөхөрлөл энэ урт замыг туулсан гэхэд итгэмээргүй. Гомдсон, шарлахсан, өширхсөн сэтгэл нь тэдний урт удаан тэмцлийн замыг  нэгтгэж чадсан гэх нэгэн ч бий. Учир нь М.Энхсайханы хувьд ч Н.Энхбаяртай адил­хан сэтгэлийн мухартаа хорсол тээсээр өнөөг хүрсэн нэгэн. Хэдийгээр Н.Энх­баяр ши­г ил цагаан хэлдэггүй ч “М.Энхсайхан ардчилсан хүчнээс бус харин ардчилсан хүч­ний лиде­рүүд М.Энхсайханаас ур­важ ирсэн” гэх энэ томъёолол нь түүнийг экс Ерөнхийлөгчийн баруун гараас зүүгдэх тэр их зүрх зоригийг “бэ­лэглэсэн” ч байж болох л талтай.

 

Хоёр Э гэрээ байгуулан, нөхөрлөж буйг мань хүн нийтэд зарлахаа мартаагүй. Эс бөгөөс тэдний дунд нөхөрлөл гэж байхгүйг ч тодотгосон байдаг. Тэгвэл тэрхүү гэрээний хүчин төгөлдөр хугацаа хэзээ дуусах вэ. Мэдээж, баталгаат хугацаа дуусах мөчид тэр хоёр салан сарниж, зам мөрөө хөөх биз. М.Энхсайханы мэдэгдлээс ажвал нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч, гэрээний баталгаат хугацаа дуусгавар болох бололтой. Тэгвэл гэрээгээ умартан байж, Засгийн газрын танхимд орох гэж улайрсан тэрбээр нэрээ татах шийдвэр гаргахад ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн нь гарцаагүй биз. Тэр ч бүү хэл, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл дөрвөн суудлаа булаалдаж, тарж бутрахад хүрснийг намын нөхөд нь хэдийнэ нийтэд зарлачихсан. Иймээс М.Энхсайхан МАХН-МҮАН-ын эвслийн сайдуудыг хүлээлгүй танхимаа бүрдүүлэн ажиллах хэрэгтэй талаар Н.Алтанхуягт алтан хошуу хүргэсэн гэдэг. Хэрэв эвсэл дотоод зөрчлөө шийдвэрлэж чадахгүй сунжирвар хуулийн хугацаа дуусгавар болж Засгийн газар бутрах аюултай байж. Юутай ч түүний үг Н.Алтанхуягийг сайд нараа МАХН, МҮАН,ИЗНН-гүй яаран сандран өргөн мэдүүлэхэд зохих нөлөө үзүүлсэн гэдэг. Үүнээс үзвэл Н.Алтанхуягийн танхимд хамгийн ихээр санаа тавьж, сэтгэлээ чилээж байсан хүн нь М.Энхсайхан. Ийн атал өөрөө гар хоосон хоцорч, Ч.Улаанд найр тавьсан гэх үлгэрт итгэх гэж үү.

 

Өнгөцхөн харвал, айлын гэр манаж үлдсэн эрхмүүд хаяагаад хадарч буй дүр зураг харагдана.  МАХН нэрний төлөө экс Ерөнхийлөгч чамлахааргүй хөрөнгө мөнгө, хөлс хүч зарцуулсан. Гэтэл нэр бүхий эрхмүүд түүний босгосон өргөөнд сонгуулиас хэдхэн хоногийн өмнө очиж, тухалчихаад амтатны дээдийг идэж, өнгөтэй өөдтэй бүхнийг нь өмчирхөж байна. Харин хөлс хөдөлмөрөөрөө босгосон эзэн нь нарсны амьдралд өвдөж, зовон шанална.
Тэр ч бүү хэл, гэрийн хаяа манаж, харж хамгаалж байх учиртай дээрх эрхмүүд бялуундаа бялуурч МҮАН-ыг шантаажлан 3х1 гэсэн харьцааг баримталж, талцаж хэрэлдэхэд хүргэсэн аж. Ямартаа л, бүлгийн дарга Н.Батцэрэг  “Улс төрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж сайдын суудлыг 3:1 гэсэн харьцаагаар хуваарилахаар шийдвэр гаргасан. Эвслийнхээ эв нэгдлийг хадгалах үүднээс ийм шийдвэрт хүрсэн” гэжээ. Түүний үгнээс үзвэл эвслийг бутлахгүйн тулд М.Энхсайхан шар тосноос татгалзсан байж мэдэх нь. Эс бөгөөс эвсэл бутарч мэдэх эрсдэл нүүрлэсэн байж болзошгүй бололтой.

 

Гэхдээ лавхан өнгийгөөд харвал эксийн урт гар, улс төрийн нүүдэл нь төмөр торны цаана ч хүчирхэг байгаагийн нотолгоо энэ байж мэдэх юм. МҮАН-д хоёр яам өгч, Сангийн сайдад М.Энхсайханы нэрийг дэвшүүлж байснаа хэлсэн, ярьснаасаа буцсан нь хэн нэг том хүний санал, санаачилга биш гэж үү. Түүнчлэн хэрэв 3х1 гэсэн харьцааг хүлээн авахаас татгалзвал эвсэл байгуулах гэрээгээ ч цуцлах талаар яригдсан гэх. Хэрэв энэ бүхэн үнэн бол, тийм болоод М.Энхсайхан нэрээ татсан нь үнэн бол МАХН-ын дарга төмөр торны цаанаас ажлаа эрхлээд эхэлсний илрэл болов уу. М.Энхсайханы зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэх хүн нь эксээс өөр хүн байх билээ. Нөгөөтэйгүүр, МАХН-ын дарга “албан” өрөөнөөсөө ажлаа эрхэлж байгаа бол хамтарсан Засгийн газрын хувь заяа ч ээдрээтэй болж мэднэ. Эксийн эцсийн нүүдэл нь өөрийг нь ангал руу унагасан эрхмүүдээс өшөөгөө авах гэдэг нь гарцаагүй. Тиймдээ ч АН-тай байгуулсан гэрээг цуцлуулаагүй байлгүй. Харин МАХН-тай эвсэл байгуулснаар МҮАН-ынхан хожсон ч эцсийн мөчид М.Энхсайхан хоосон хоцорлоо.

 

Л.НИНЖ
Эх сурвалж: "Нийгмийн толь"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.