Дуучин Ч.Бат-Эрдэнэ соёлын яамны хэлтсийн дарга болох уу

2012/08/24
Share |
Хүмүүс: Ч Бат-Эрдэнэ | 
Дуучин Ч.Бат-Эрдэнэ соёлын яамны хэлтсийн дарга болох уу

Олны дунд Ээнээ хэмээн нэрлэгдсэн Монгол Улсын гавъяат жүжигчин, “Дуучдын холбоо”-ны тэргүүн Ч.Бат-Эрдэнэ Ирландын “Carlyle institute’’-ийг төгсч байгаа сурагтай. Тэрбээр гадаадын нэртэй сургуульд сурч байх хугацаандаа оюутныхаа амралтаар эх орондоо ирээд дуучин П.Идэржавхлангийн “Аавыгаа санахаар” тоглолтыг зохион байгуулснаас гадна хэд хэдэн залуу дуучдын уран бүтээл дээр ажиллаж заавар зөвлөгөө өгөөд амжжээ.

 

Менежментийн чиглэлээр сурч байгаа гавьяат маань саяхны нэг ярилцлагадаа “Үндсэн мэргэшиж байгаа чиглэл нь манлайллынх юм. 09.00-17.00 цаг хүртэл хичээллэнэ. Нэлээн ядарч байгаа. Цаг зав муу болохоор дуулаад, цомгоо гаргаад яваад байх боломж байсангүй. Үнэндээ Монголд уран бүтээл хийгээд явах, тэнд номын дуу сонсох хоёр асар их ялгаатай байлаа. Тэнд байхад Монголд маань олон сайхан баяр болоход ёстой сэтгэл хөдөлж өгнө дөө. Миний нэг хобби ая зохиох болоод байгаа. Тэр хоббигоороо чамгүй хэдэн дуутай болчихож. Уран бүтээлийн андууд болох яруу найрагч Х.Баянмөнх, “Анир” студийн захирал А.Алтанхуяг зэрэг найзууд маань намайг CDгээ гаргаач гэсэн хүсэлт тавьсан. Түүний дагуу өөрийнхөө зохиосон дуугаар CD гаргах гээд ажиллаж байна.

 

Тэгэхээр удахгүй надаас гарсан аялгуугаар бүтсэн шинэ цомог гарах юм” хэмээн ярьжээ. Менежментийн чиглэлээр СУИС-д мастер хамгаалж, Удирдлагын академид Удирдахуйн мастер цол хүртсэн Ч.Бат-Эрдэнэ Монгол Улсын соёл урлагийн салбарт менежмент асар дутагдалтай энэ цаг үед зөв менежмент, зөв удирдлагыг бий болгохыг зорьж байгаагаас гадна урлагийн ирээдүйд санаа зовнисон хэсэг хүмүүстэй хамтран соёл урлагийн менежерт зориулсан удирдахуйн лавлах ном гаргажээ. Тэрхүү ном нь соёл урлагийн бүх шатныхны гарын авлага болоод байгаа бөгөөд цаашид 19 цуврал гаргах гэнэ. Монголын урлагийг дэлхийн урлаг болгохын тулд дор хаяж 40 улсын урлаг соёл, ёс заншлыг судлах хэрэгтэй гэж үздэг гавьяат “Надтай надгүй монголын урлаг хөгждөгөөрөө хөгжөөд явна. Гэхдээ явж явж бүх дууны урлаг бүгд нийтийн дуун дээр нийлнэ гэдгийг би гарцаагүй мэдэж байна. Яагаад гэвэл нийтийн дуу монгол ардын дууны үргэлжлэл. Одоо судалгаагүйгээр уран бүтээл хийдэг цаг өнгөрсөн.

 

Бүх зүйлд нарийн судалгаа, шинжилгээ шаардагдана. Нэг хүн дуу хийгээд дуулсан дуугаа FM, радиогоор явуулаад нэр алдарт гардаг үе өнгөрсөн” хэмээн ярьжээ. Ийнхүү Монголынхоо урлаг соёл, тэр дундаа дууны урлагийг дэлхий нийтэд хүргэхийг зорьж яваа гавьяат удахгүй Соёл спорт, аялал жуулчлалын яамны хэлтсийн даргын албанд томилогдох гэж буй сурагтай. Хэрэв энэ үнэн бол урлагийг мэддэг, түүний зовлон жаргалыг мэдэрсэн даргатай болох нь ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Энэ хоолоогүй дуучин яаж гавьяат болов
IP:45.117.35.13  2018-10-02 13:19:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.