Дуучин Д.Болд: Алдарт хуурчийн өв залгамжлагчийн хувьд амьдралаа урлагт зориулна

2008/05/08
Share |
Хүмүүс: Д Болд | 
Дуучин Д.Болд: Алдарт хуурчийн өв залгамжлагчийн хувьд амьдралаа урлагт зориулна

Рок попынхон төдийлөн сүр бараатай “асч” чадахгүй байгаа нь үнэн. Харин “Камертон”-ын Д.Болд үүнийг хүлээн зөвшөөрч мэргэжлийн бус хүмүүс, чанаргүй уран бүтээл хийж байгаагаас ийм байдалд хүрч байгааг хэлж баийа. Монголын рок попын нөхдүүд дундаас MTV-гийнхэнд “олзлогдож” нэвтрүүлэг хөтлөх дээрээ тулаад байгаа түүний “Амьдралын гол дүр” нэртэй поп CV тун удахгүй фенүүдийнх нь гар дээр очих нь ээ.

-Сүүлийн үед Монголдоо тогтохгүй байгаа бололтой?
-Сая Сөүл руу “Амьдралын гол дүр” нэртэй поп CD-гээ хэвлүүлэх, мөн фото зургийн ажлаар явчихаад ирсэн. Солонгосын маш нэртэй фото зурагчинаар CD-нийхээ бүх зургийг авахуулсан. Ерөнхийдөө Солонгосын баг ажилласан. Зураг авалт маш амжилттай болсон. Ямар ч байсан гурав дахь бие даасан CD-ний маань зургууд маш чанартай болж байгаа.
-Рок попын урлаг нэг л унтрах тийшээгээ явж байна гэдгийг та юу гэхэв?
-Миний бодлоор чанартай уран бүтээл хийхгүй байгаадаа гол нь байгаа болов уу. Дууны хөгжмийн найруулга, бичлэгийн төвшин, продюсерүүд, ая зохиогчид гээд бүх юман дээр мэргэжлийн бус хүмүүс олон байна. Түүнчлэн менежмент дутуу байгаа учраас ийм яриа гаргахад хүргэж байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. Хэрвээ тухайн хүн өөрөө уран бүтээл хийж, дуучин болж, урлагийн алтан тайзан дээр хөл тавих гэж л байгаа бол өөрийгөө урлагийн төлөө золиослох хэрэгтэй. Чанартай уран бүтээл гаргахын тулд өөрийгөө бүрэн хэмжээгээр дайчилж, тодорхой хэмжээгээр мөнгө зарцуулах хэрэгтэй. Ийм байж чадахгүйгээс рок попын урлаг гал дөл шиг сайн асахгүй байна. Манай “В” продакшн зөвхөн чанартай уран бүтээл гаргахын төлөө л ажиллана. Бид дэлхийн стандарт, Азийн стандартад нийцсэн дуу бичлэгүүдийг гаргаж байгаа гэж хэлчихвэл бардамнасан болохгүй байх. Ямар ч байсан “В” продакшн байгуулагдсанараа бусад энэ төрлийн студиудэд үлгэр дуурайлал өгч байгаа болов уу гэж би хувьдаа найдаж байгаа шүү. Үзэгчид ч гэсэн чанартай хөгжмийг нь ялгаж, салгаж сонсох цаг удахгүй ирнэ.
-Шоу тоглолтууд ч олон болох юм. Харин дуучин Болд бараг л үзэгдэхгүй байх болж?
-Би болсон болоогүй шоунд оролцохыг боддоггүй. Мэдээж нэг уран бүтээлчийн тоглолт, хөгжмийн наадамд зайлшгүй орох шаардлагатай бол орно. Гэхдээ одоо хэн дуртай нь шоу хийдэг цаг болсон байна л даа. Тиймээс бид тэр болгон дээр тэнцвэртэй хандаж байгаа.
-Ер нь сүүлийн үед та дуучин гэхээсээ продюсер талдаа ажиллаад байна аа?
-Сүүлийн үед өөрийнхөө уран бүтээлийг хийхээсээ гадна продакшныхаа дуучдын продюсерээр ажиллаж байна. Сая “Гурван охин” хамтлагийн CD дээр продюсерээр ажиллаж гаргалаа. Бусад дуучдын бүх л CD-нүүд дээр ч өөрөө гардаж ажиллаж байгаа.
-”Volume 1″ цомогтоо “Хотын гудамж” дууг зөвшөөрөлгүй оруулснаасаа болж оюуны өмчийг хулгайлсан гэгдэж байсан. Тэр юу болсон бэ?
-”В” продакшнаас гаргасан “Volume 1″ цомог бол шинэ залуу дуучдыг сурталчлах зорилготой бий болсон. Энэ цомгийн өртөг ч маш өндөр. Тэнд миний хоёр дуу орсон. Харин тэр дотор “Ocean’s 11″ хамтлаг дуулсан. “Хотын гудамж” нэртэй дуу орсон байгаа л даа. Тэгтэл энэ дууг намайг дуулсан юм шиг, би авчихсан юм шиг байдлаар яригдаж байна л даа. Гэтэл би энэ дууг дуулаагүй, аваагүй. “Ocean’s 11″ гэдэг хамтлаг манай продакшн дээр СД-гээ хийлгэсэн, би болон манай найзууд СД-г нь ивээн тэтгэж хийлгэсэн байгаа. Тэр утгаараа энэ дуучны дууг “Volume 1″-дээ оруулж сурталчилж, дэмжие гэсэн үүднээс цомогтоо оруулсан. Тэрнээс бид нар энэ дуугаар мөнгө олох гэсэн юм байхгүй. Хүмүүс үүнийг зөв ойлгосон байх аа гэж бодож байна.
-Нөгөө хууль шүүхийн байгууллагад өглөө гээд байсан. Юу болсон бол?
-”Ocean’s 11″ хамтлаг дандаа хуучны дуунуудыг дуулсан. Манай “Камертон” хамтлагийн дууг ч дуулсан байгаа. Миний зохиосон “Явах цаг боллоо” дууг ч дуулсан. “Явах цаг боллоо” дуугаа “Ocean’s 11″ хамтлагт дуулуулсан гээд Камертон хамтлаг тэд нараас мөнгө аваагүй. Бидний дээр үеийн дуунуудыг дахин сэргээж, ард түмэнд шинэ найруулгаар дуулж хүргэж байгаа нь миний хувьд их гоё байдаг. Яагаад гэвэл тэр дуу хэзээ ч мартагдахгүй гэдэг утгаараа шүү дээ. Яахав зарим улсууд “Дуу ашиглалаа” гэж их хэмжээний мөнгө нэхдэг. Миний хувьд .уран бүтээл гэдэг үргэлж мөнхийн байх ёстой гэж боддог.
-Ингэхэд MTV-гээр нэвтрүүлэг хөтлөх гэж байгаа гэл үү?
-Ийм асуудал яригдаж байгаа. Удахгүй шийдэгдэнэ ээ. Тэгэхэд тодорхой болно. Өмнө нь сонин хэвлэлээр хамаагүй ярилцлага өгч болохгүй гэсэн гэрээтэй. Мэдээж Монгол хүн гэдэг утгаараа Монголынхоо рок поп урлагийг, залуучуудыг төлөөлж байна гэдэг үүднээс Монголынхоо урлаг соёлыг л сурталчилахын төлөө явна.
-Ер нь яагаад заавал өөрийг чинь сонгосон юм бол оо?
-Яахав дээ. Сонголт нь бол R & В , поп стилиэр дуулдаг. За тэгээд дэлхийн стандартад нийцсэн продакшнын үйл ажиллагааг Монголд эрхэлж явуулдаг. Маш олон дуучдын продюсер хийж байгаа, шинэ прожектүүд их хийж байгаа гэдэг үүднээс сонгосон байх. Тэд Монголын рок попын дуучдын дунд судалгаа хийсний үндсэн дээр сонгосон юм шиг байна лээ. Одоогийн байдлаар бэлтгэл ажил явж байгаа. Яг хэзээ болохыг сайн мэдэхгүй байна.
-Үнэнийг хэлэхэд рок попынхон өөрсдөө л зохиолын дууг дуулаад байна ш дээ. Тэр дундаас өөрийн чинь үеийнхэн зохиоын дууныхан болсон гэхэд хилсдэхгүй?
-Яахав дээ. Ер нь поп хөгжим, R & В хөгжим гэдэг бол маш том ялгаатай. Тиймээс ч би “Амьдралын гол дүр” нэртэй поп, “Only one” гэж нэртэй R & В хоёр цомог зэрэг гаргах гэж байгаа. Үүгээрээ поп цомог гэж ямар байх ёстой вэ, R & В цомог гэж яг ямар байх ёстой вэ гэдгийг харуулахыг зорьж байна. Шинээр гарч ирж байгаа залуучуудад энэ CD нэг юм хэлэх байх.
-Болд гадаадын дуу хулгайллаа гэдэг ойлголт бараг тогтчихсон гэхэд хилс болохгүй.
-Сүүлийн үед Болд гээд хүн R & В гэж хөгжим гаргаад ирсэн нь үнэн биз дээ . Тэгсэн R & В хэмнэл нь бусад R & В хэмнэлүүдтэй адилхан байдаг л даа. Бүр тийм тогтсон дүрэмтэй. Тэр утгаараа “Дуу хулгайлчихлаа”гэдэг яриа гардаг байх. Зарим нь мэдсэн ч зориуд цуурхал тараагаад байдаг ч байж мэднэ. Янз бүрийн юмнууд байгаа л даа. Гэхдээ би тэр болгон дээр нэг их эмзэглээд байдаггүй. Яагаад гэвэл би Монголд шинэ гарч ирж байгаа урсгал R & В гэдэг хөгжмийг анх гаргаж ирж байгаа учраас хүмүүс сайн ойлгохгүй тал байгаа биз дээ. Мэдээж хүн бүр хөгжмийн боловсролгүй шүү дээ. Тэгэхээр би хулгайлсан хулгайлаагүй гэж хэрэлдэхийнхээ оронд хийсэн бүтээснээ харуулая гэж боддог. Яахав тэгээд хүмүүс ойлгоно л доо.
-”Камертон”-ы дөрвөл хамтарч уран бүтээл хийгээсэй гэж фенүүд тань хүлээдэг?
-Одоогийн байдлаар “Камертон” хамтлаг түр завсарласан. Яг тарсан гэж ойлгож болохгүй. Ямар ч байсан тус тусдаа ажил хийж байна. Зарим нь сургууль срёлД сурч байна. Шинэ амьдрал зохиож байна. Миний хувьд уран бүтээлээ идэвхитэй хийж байгаа.
-Шинэ амьдрал гэснээс та гурав Мээдээгээ гэр бүлтэй болооч гэж их хэлдэг байсан биз?
-Манай М-ээдээ сая охинтой болсон. Танай сониноор дамжуулаад Мээдээдээ, гэр бүлд нь ч гэсэн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе гэж хэлэх байна.
-Ингэхэд гэр бүлдээ хэр цаг гаргаж чадаж байна?
-Би ер нь цаг зав муутай байдаг. Хэдийгээр цаг зав муутай ч эхнэр хүүхдүүдээ халамж анхаарал тавихыг хичээдэг. Болж л өгвөл гэртээ, гэрийнхэнтэйгээ байх дуртай.
-Бага чинь том болж байна уу?
-Том болж байна аа. Манай охины дуулсан дуу аавынхаа гаргаж байгаа поп цомгонд дуулсан. Удахгүй дууг нь FM-үүдээр цацна. Сонсогчид тун удахгүй манай охины аавтайгаа хамт дуулсан дууг сонсох байх аа.
-Ингэхэд та клипэндээ аятайхан охидыг тоглуулдаг. Дараа нь нэр холбогддог болж?
-Клип хийх продакшнууд охидыг сонгодог. Би өөрөө сонгодоггүй шүү дээ. Гэнэт дараа нь нэр холбосон янз бүрийн асуудал гарч л байдаг. “Захиа”клипний охинтой холбоод бичсэн байна лээ. Үнэхээр тийм зүйл байхгүй учраас шүүхэд өгсөн. Шүүх үнэн зөвийг нь тогтоож өгсөн.
-Бас эсрэгээрээ Болдын клипэнд тоглосон охид Ц.Мянганбаярын амраг болдог ч гэдэг?
-Янз бүрээр ярьж байна л даа. “Монгол газар” компани Монголын соёл урлаг, рок попын урлагийг маш олон жил дэмжиж ирсэн. Зөвхөн “Камертон”-ыг биш шүү дээ. Тиймээс соёл урлагийг дэмждэг энэ том байгууллагыг ингэж хэлэх дэмий л юм даа. “Монгол газар”-аас өөр тогтвортой, олон жил урлагийг дэмжиж ирсэн компани байхгүй. Тийм учраас тэдэнд талархаж явна уу гэхээс муулахыг бол би таагүй хүлээж авдаг.
-Өөр бизнест хүч үзэж байна уу? Нөгөө МВ-гийн нэг давхарт байсан “В” shop хаачсан бэ?
-Хийж байгаа юм бий. Гэхдээ би хамгийн түрүүнд урлагаа тавина. Яагаад гэхээр би өөрөө урлагийн гэр бүлд төрж өссөн. Жамьян хуурч гэдэг том хүний өв залгамжилж авч явж байгаа хүний хувьд Монголын соёл урлагийн төлөө өөрийнхөө бүх биеэ зориулахыг хичээж явдаг.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.