Хүмүүс: |
Шинэ уран бүтээл бүрээс хуучин жүжигчидээ харсаар залхаж эхлээд байгаа үзэгчидээ баярлуулахын тулд загварын царайлаг охидоор цус сэлбэх гэж хичээж байгаа нь ёстой л нөгөө “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болж буй хэрэг юм. Тэгвэл “ТВ коктейль” хамтлагийнхан “Хоёр ертөнцийн буудал” жүжигтээ туршлагатай басхүү шинэ дүр төрх урьж, тоглуулж байгаа гэнэ шүү. Тэдний сонголт бол хуучины акулуудын нэг, хүүхэд залуучуудын театрт олон жил ажилласан жүжигчин Л.Эрдэнэ-Очир юм. Сүүлийн үед уран бүтээлийн ажлаас нэлээд хөндийрөөд байсан жүжигчин бүсгүй “Хоёр ертөнцийн буудал”-д тоглож байгаа нь түүний чадварыг мэдэх олон хүнд гэнэтийн бэлэг болж байгаа сурагтай. “Галзуу гурвалжин”, “Үхэл миний өмч” зэрэг И.Нямгаваа найруулагчийн олон жүжгүүдэд гол дүр бүтээж байсан Л.Эрдэнэ-Очирыг Б.Баатар найруулагчийн “Отелло”-д тоглож байснаар нь олон уншигч андахгүй билээ.