ХОРВООГИЙН ХОЁР ТЭНЭГИЙН ЗОДООН ҮНЭХЭЭР АЛИА БАЙЛАА

2012/08/31
Share |
ХОРВООГИЙН ХОЁР ТЭНЭГИЙН ЗОДООН ҮНЭХЭЭР АЛИА БАЙЛАА

УИХ-ын гишүүн У.Хүрэл­сүх Г.Баярсайхан гишүүнийг зодчихлоо. Зодох ч гэж цохичихлоо. “Эр улс шиг үзье” гэж аархаж байгаад шанаадаад  унагаачихав. Яасан ч их омогтой юм. Ямар ч  тэнэг юм. Гэхдээ  Г.Баярсайхан нь бас  адилхан. Хорвоогийн хоёр тэнэгийг хүзүүнээс нь холбочихсон мэт тэдний зодоон үнэхээр алиа байлаа. Айлын ааштай авгай шиг  У.Хүрэлсүхийн энгэрийг юун ч сүртэй самарддаг юм, Г.Баярсайхан нь. У.Хүрэлсүх нь ч гэж У.Хүрэлсүх. Ааг омгоо багтааж дийлэхгүй яваа 18-тай бацаан шиг л сүрийг үзүүлэв. “Би л том биетэй. Би л уурлахаараа догшин” хэмээн зарлаж байгаа аятай. Сонгуулийн өмнөхөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа буу үүрч давхисан нэвтрүүлгээс нь цус үнэртэх шиг болж билээ. Бүхэл бүтэн намын  генсек атлаа  буу үүрч, цэргийн хувцас өмсөж жүжиглэсэн нь жирийн гишүүдэд огтхон ч таалагдаагүй гэдэг. Ер нь  УИХ-ын гишүүдийн ёс зүй бүхэлдээ уруудаж доройтсоны илэрхийлэл энэ. 

 

Гэхдээ иймэрхүү зодоон Төрийн ордонд гарсан түүх анхных нь биш.

 

УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа хоёр жилийн өмнө гишүүн асан Ж.Сүхбаатарыг цохиж авсан удаатай. Цохих, цохихдоо цам­цаар нь хоолойг нь боож эгээтэй л ухаан алдуулж унагаагүй гэдгийг Ж.Сүх­баатар гишүүн мэдээлж бай­сан. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Д.Очирбатыг одоогийн УИХ-ын дэд дарга Л.Цог Төрийн ордонд заамдаж авах гэж мөрлөж, дайрч бөөн юм болсон. Үүний араас У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын зодоон орж байна.

 

Г.Баярсайхан гишүүний хувьд У.Хүрэлсүх гишүүнээр зодуулсан эхний бөгөөд эцсийн хүн биш. Учир нь У.Хүрэлсүх гишүүн Онцгой байдлын сайдаар ажиллаж байхдаа замын хөдөлгөөний дүрэм биелүүлэхийг шаардсан замын цагдааг барьж авч зодсон удаатай. Үүнийгээ тэрбээр “Эр хүний ёсоор ярилцсан” гэдэг утгагүй тайлбараар аргацаасан. Дүрэм зөрчинө. Дүрэм зөрчснийг нь сануулахад нударганы амт үзүүлнэ. Энэ бол У.Хүрэлсүхийн өөртөө зориулж зохиосон хууль. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ч  УИХ-ын гишүүн болдог байхыг үгүйсгэх аргагүй.

 

Гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг намынхаа байранд, тэр дундаа өөрийнхөө өрөөнд барьж, зодож байсан. Энэ үед нь хамгаалагч болон туслах нь өрөөнийх нь хаалгыг гаднаас нь түгжиж, хүн зодох бүрэн боломжоор нь хангаж өгсөн тухай мэдээлэл тухайн үед гарч байсан.  Ингэхдээ Э.Мөнх-Очирыг “Чи яагаад намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцдэг юм бэ. Чи хэн юм бэ” гэх мэтээр элдвээр харааж, загнасан гэж байгаа. Тэр бүхнийг нь мэдээлсэн сэтгүүлч мэдээллээ хэтэрхий гоёчлох зорил­гоор “Э.Мөнх-Очир  гишүүнийг цахил­гаан сандалд суулгаж байгаад зоджээ” гээд биччихсэн нь Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд өгөөш болж өгсөн. “Очиж, очиж цахилгаан сандалд суулгаад байх даа яах вэ дээ. Ёстой худлаа залах юмаа” гэсэн ёжтой тайлбараар тэр асуудлыг аргацаасан. Азаар Э.Мөнх-Очир нь  таг дуугүй өнгөрсөн.  Бас 2004-2005 онд  Ц.Элбэгдоржийн Засгийн газарт сайд байхдаа намынхаа шатсан тугийг толгойдоо боочихоод танкын хувцас өмсөж Төрийн ордонг гороолж байлаа.  У.Хүрэлсүх улстөрч хувь хүнийхээ хувьд ийм л хүн. Тэр үүнээс өөрөөр байж үзээгүй. Өөрөөр байж чадахгүй ч үгүй.   Сураг сонсох нь ээ намынхаа гишүүдийг бүгдийг нь цэргийн сонсогч мэт командалж, захирч, зандарч, заналхийлж суудаг гэх. Юм л бол гараа зангидаад босоод ирдэгт нь дасч өгөхгүй байгаагаа дэлгэх намынх нь нөхөд ч мэр сэр гарч л байсан. Гол нь тэд үг хэлэх эрхгүйдээ бантаж явсаар байгаад У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүний суудалд суулгасан. Үүнд нь эрдсэн У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы танхимыг зодооны талбар, УИХ-ын гишүүнийг Ардын намын номхон хүлцэнгүй гишүүн гэдгээр хараад байна.

 

Г.Баярсайхан гишүүний хувьд ч асуудал бий. УИХ-ын дарга З.Энхболдын фракцид багтаж, түүний хайр ивээлээр байнгын хорооны даргын сэнтийд суусан байж болно. Цаашлаад ирээдүйгээ У.Хүрэлсүхийн туулсан замналаас илүү өргөн хүрээнд харж байж ч мэднэ. Тэглээ гээд У.Хүрэлсүхийн уурыг барж, өөрийгөө од болгох их нүүдлийг тархиа дэлсүүлэн байж   хийх хэрэг байсан уу. Оготны нүхнээс ч гараад ирж чадах заль мэхээ ийм маягаар хэрэгжүүллээ гээд тэр юу хожих юм бэ. Магадгүй энэ зодооныг харсан Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүдээс чамгүй олон нь У.Хүрэлсүхийн талд гараа өргөн “Харин ч дутуудуулчихлаа” хэмээхийг үгүйсгэх аргагүй. Намынхаа нөхдийг гомдоож, намынхаа даргын үгнээс зөрж, намынхаа эв нэгдлийг хагалан байж УИХ-ын гишүүн болсон гэм нь түүнийг ийм “ялд” унагаавал гайхах зүйлгүй. Нэг ёсны хүнээрээ байж чадаагүйнхээ төлөө амсах шийтгэл нь У.Хүрэлсүхийн атгасан гар байсан гэвэл арай ч хэтрүүлсэн, уран сайхны шинжтэй зүйрлэл болж хувирна байх. Гэхдээ л Г.Баярсайхны өөрийнхөө төлөө хийсэн хувийн улс төр нь эргээсээ хальсан уу гэхээс дутаагүй л болов уу. Иймд түүний толгой дээр буух нударганы “амт” У.Хүрэлсүхээр эхэлж байгаа нь энэ байж мэдэх юм. Үргэлжлэлийг нь намынх нь нөхөд “амсуулж” мэднэ. 

 

Эцсийн дүндээ энэ бол хоёр өөр ааш зантай, ашиг хонжоотой улстөрчдийн уур омог дээр хийсэн дүгнэлт. Бурууг нь хайвал тэд хоёулаа буруутай. Буруугүйг нь эрвэл эзэн холбогдогчгүй болж мэдэх тийм л нэг зодоон саарал ордонд өрнөлөө. Эндээс үүдэн У.Хүрэлсүхийг хөөж, Г.Баярсайхныг бангадах санал ард олны дунд ирэх өдрүүдэд өрнөвөл гайхах зүйл үгүй биз ээ.

 

Г.ОТГОНЖАРГАЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.