“ТВ коктейль” хамтлагийн захирал А.Өнөржаргал: Өөскө өндөр, Цоомоо мундаг

2012/08/31
Share |
Хүмүүс:
“ТВ коктейль” хамтлагийн захирал А.Өнөржаргал: Өөскө өндөр, Цоомоо мундаг

Өнгөрсөн зун хаагуур явж, юу хийж амрав даа?

Манай хамтлагийнхан энэ зун дөрвөн зүг найман зовхист дөрвөн тийшээ салж амарсан шүү дээ. Миний хувьд бол гэр бүлээрээ нутагтаа очсон. Би чинь Сүхбаатар аймгийн хүн. Бас Хэнтий аймагийн үзэсгэлэнт газруудаар ч аяллаа ер нь л зуны турш хөдөөгүүр байсан юм байна. “ТВ коктейль” хамтлаг байгуулагдсанаас хойш бид хэд чинь үргэлж л хамт амардаг байж. Энэ жил л ингэж дөрвөн тийшээ явсан.  Их ажил эхэлхээс өмнө сайн амарч ирье гэж яриад л нутаг нутагруугаа явсан санасандаа хүртэл сайхан амраад ирсэн шүү.

Их ажил гэснээс сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан, жүжгийн бэлтгэл явж байх шиг байна?

Жүжгийн бэлтгэл ид явж байна.  Уран бүтээлийн сонин сайхан сүүлийн үед их байгаа шүү. “Хоёр ертөнцийн буудал” гээд сонгодог уран бүтээл тавихаар жүжгийн сургуулилилтандаа ороод явж байгаа. Анх удаа тайзан дээрээс үзэгчиддээ уран бүтээлээ хүргэх гэж байна. Энэ жүжиг бол 1999 онд зохиогдсон Францын профессор, зохиолч Эрик Эммануэль Шмитийн жүжиг л дээ. Яагаад энэ зохиолыг сонгож тоглох болсон гэхээр уг жүжгийн утга санаа бүх зүйл нь бидний, ТВ коктейль хамтлагийн үзэгчиддээ ямар юмыг (мессеж) хүргэх вэ? хааш нь хөтөлж дагуулах вэ? гэдэг тэр бүх философитой маань таарч байгаа хэрэг л дээ.

ТВ коктейль хамтлагийн жүжигчидээс гадна ямар, ямар уран бүтээлчид оролцож байгаа вэ? Найруулагчаар хэн ажиллаж байна?

Манай дөрвөөс гадна урилгаар Ц.Батхуяг буюу Амбий ах, Б.Навчаа эгч мөн Хүүхэд Залуучуудын театрт ажиллаж байсан Л.Эрдэнэ-Очир гэдэг жүжигчинийг урьж тоглуулж байгаа. Л.Эрдэнэ-Очир эгч бол хүүхэлдэйн театрт Дашхүү ах, Жааяа ах гээд мундагуудтай хамт олон жүжигт тоглож байсан, туршлагатай сайн жүжигчин л дээ. Жүжиг маань 6 дүртэй. Гэхдээ уран бүтээлчдийн нийт бүрэлдхүүн маркетинг массын хэсэгт 50-иад хүн ажиллаж байгаа. Тайзны зураачаар “Green art” студийн зураач Баярмагнай, хөгжмийн зохиолчоор манай бүх кинонуудын хөгжим дээр ажилласан Онон ажиллаж байна. Найруулагчийн хувьд бол Жанчивдоржийн Сэнгэдорж гэж манай үзэгчдийн сайн мэдэх найруулагч ажиллаж байгаа. Хамгийн сүүлд “Бодлын хулгайч” гэдэг кино хийсэн өмнө нь бол олон драмын жүжиг найруулж, тавьж байсан мундаг туршлагатай хүн шүү дээ.

Драмын жүжиг гэхэд ихэвчлэн хошин жанрын жүжигчид тоглож байгаа нь сонирхолтой санагдлаа?

Тийм шүү. Манай уран бүтээлчдийн бүрэлдхүүнийг хараад  үзэгчид инээдмийн жүжиг байна гэж андуураад байх шиг байгаа юм. “Хоёр ертөнцийн буудал” бол сэтгэлгээний драмын жүжиг. Цэвэр сонгодог уран бүтээл. Зориуд сануулж хэлэхэд манай жүжиг мэргэжлийн урлаг мэргэжлийн тайзан дээр байх ёстой гэдэг утгаараа дуурийн театрыг сонгож тоглож байгаа. Харин жүжигчдийн хувьд бол өмнө нь хөнгөн инээдтэй харагддаг байсан уран бүтээлчид мэргэжлийн тайзан дээр ямар байдлаар өөрсдийнхөө авъяасыг харуулах вэ гэдэг үзэгчдэд маань нэлээд сонин байх болов уу. Миний хувьд бол их сургуулиа төгсөөд “шинэ үе” продакшинд дагалдан жүжигчинээр ажиллаж байсан. Гэхдээ жүжгийн гол дүрд ажиллаж үзээгүй. Мэдээж номыг нь сурчихаад удаан байхаар мартаж мартагнах юм байдаг юм байна.  Бараг л эхнээс нь бүх хичээлээ хараад, сэргээгээд л явж байна.

Нээрээ мартах гэснээс найруулагч таныг магтах нь их байна уу? загнах нь их байна уу?

За даа магтаал бол одоогоор сонсоогүй байна аа. (инээв) Ер нь тэгээд загнуулаад л яваад байгаа шүү дээ.

Хамтлаг байгуулж байсан үеэ дурсаач?

Их сургуулиа төгсөөд “Шинэ үе” продакшинд дагалдан жүжигчинээр ажиллаж байхдаа Аюуш, Цоомоо хоёртойгоо санаа нийлж, нэвтрүүлэг хийж эхэлсэн. Хоёр жил гаруй “HOT чинжүү”-г хийж байгаад 2005 онд Цоомоо Аюуш Энхбаяр бид дөрөв нэвтрүүлгээ шинэчлэе,  жаахан өргөн хүрээнд амьд шоу маягтай “юм” хийе гэж шийдээд “ТВ коктейль” хамтлагаа байгуулж байлаа. “Сюрприз” нэвтрүүлгийн маань анхны дугаарт дуучин Дэлгэрмөрөн орж байсан санагдаж байна. Юу хийхээ мэдээд байдаг ямар ч тоног төхөөрөмж байхгүй, юу юу ч үгүй дөрвөн залуу л эхэлж байлаа шүү дээ. Өнөө орой нэг монтаж хийчихмээр байдаг компютер нь байхгүй, хамгийн муу камер ч бидэнд байдаггүй л байлаа шүү дээ. (инээв) Тэгээд л студитэй боллоо, тэрний дараа кино хийж үзлээ. Сэтгэл, зүтгэл байхад болдог л юм байна. Яг одоо бол бид нарын хамгийн том мөрөөдөл биелэж байна. Драмын жүжиг бол жүжигчин хүний хувьд хамгийн чухал зүйл л дээ.

Хэр олон найзтай вэ?

Найз нөхдийн хувьд бол “ТВ коктейль” хамтлаг үнэхээр баян. Хувийн, хувьсгалын, ажлын гээд л. Энэ жүжгийн хувьд ч гэсэн санхүүгийн тал дээр найз нөхдийн маань дэмжлэг маш их бий. Хувцас хэрэглэл, хөгжим гээд л бүх юм аа шинээр хийж байгаа болохоор зардал асар их шүү дээ.

Гэр бүлийнхээ талаар, эхнэр тань ямар ажил хийдэг вэ? Саяхан бүл нэмсэн гэсэн?

2 хүүхэдтэй, хүү охин хоёртой. Саяхан бага охин маань төрсөн. Их сургууль төгсөөд “HOT чинжүү” хийж эхэлж байсан үедээ анх эхнэртэйгээ танилцаж байлаа. Одоо 10 гаруй жил амьдарч байна. Манай эхнэр Герман хэлний орчуулагч мэргэжилтэй, одоо бол хувиараа бизнес эрхэлдэг.

Та хэр халамжтай хань вэ? Бас хэр сайн аав бэ?

Миний хэр сайн аав, хэр сайн хань гэдэгийг эхнэр маань, хүүхдүүд маань л хэлэх байх даа. Муу сайныг нь үнэндээ би хэлж мэдэхгүй байна. Ер нь урлагийнхан чинь тийм мундаг халамжтай хань, сайн аав байж чаддагүй юм шиг байгаа юм цаг наргүй ажилладаг болхоор. Тэгэхдээ эхнэр маань намайг ойлгодог, олон жил хамт амьдарлаа шүү дээ.

Хувиараа бизнес гэснээс жүжигчин Өнөржаргал амьдрахад хүрэлцэхүйц хангалттай мөнгө олж чадаж байна уу?

Хүрэлцээтэй. Ямар ч гэсэн хийж байгаа ажилтай, хийх ажилтай байгаа болохоор амьдралаа аваад л явж байна. Бүр нэг тал бүрт цацах, овойж оцойсон юм байхгүй ч боломжоороо сайхан амьдарч байна.

Та сая хэллээ л дээ боломжийн сайхан амьдарч байна гэж, Тэгэхдээ зүгээр ер нь чадах байсан бол өөрчилмөөр, бүтээмээр, хиймээр зүйл бас байгаа л байх даа?

Мэдээж тийм болмоор байна, тэрийг авмаар байна, тэгэх юм сан, ингэх юм сан гэсэн юм бол түм бум шүү дээ. Гэхдээ тэр бол асуудал биш л дээ. Ямар өнөөдөр үхэх гэж байгаа биш, маргааш үхэх гэж байгаа биш тийм ээ. Тэр бүгдийг хийхийн тулд үхэн хатан мөнгөний хойноос гүйх нь ч хаашаа юм. Бодоод, хүсээд, тэмүүлээд явж байхад аяа аяандаа л болох зүйл.

Өөскө Цоомоо гэдэг хоёр нэр үгэлж л хамт байдаг, Ер нь хамтрагчийнхаа тухай яриач?

Оюутан болсон цагаасаа эхлээд л Цоомоо, Энхбаяр, манай жүжгийн туслах найруулагч Түшигээ бид хэд байнга л хамт байлаа шүү дээ. Найзлаад, хамтарч ажиллаад арванхэдэн жил болж байна. Бие биенийгээ бол одоо маш сайн мэднэ, бараг уншина шүү дээ.

Өөскө Цоомоо хоёрын хэн нь өндөр вэ?

Өөскө өндөр өө

Тэгвэл Өөскө Цоомоо хоёрын хэн нь мундаг вэ?

Цоомоо мундаг аа (инээв)

Хошин урлагийн жүжигчидийг харахаар инээд хүрээд байдаг даа, та ер нь амьдрал дээрээ ямар хүн бэ?

Би амьдрал дээрээ шал эсрэгээрээ шд. Угийн их дуу цөөтэй. Хүмүүс бүр яагаад ийм даруухан болчихсон юм, яачихсан юм бэ гээд байдаг. Найз нөхөд, аав ээж, эхнэр маань хүртэл гайхдаг гээч. Багаасаа л үг дуу цөөтэй байсан. Ярих ёстой юм аа яриад л хүмүүстэй ойлголцчихдог болохоор.

Тэгвэл ааштай байх нь?

(инээв) Нээрээ манай гэрийхэн намайг ааштай гээд байдаг юм аа. Би ч тэгээд гэр бүлийнхэндээ л нэг том, атмаан болохоос биш бусад хүмүүст тийм биш шүү дээ. Бүр таалагдахгүй бол дуугүй л тэгээд орхичихдог юм.

Хамтлагийнхаа захирал нь байх аа? Ер нь бол захирна биз?

Захирана ч гэж дээ манай хамтлаг чинь аягүй ардчилсан хамтлаг шүү дээ. Яахав шийдвэр гаргах түвшинд миний санал илүү чухал  байдаг ч хамтлагийн бодлогын хүрээнд бидэнд ойлголцохгүй зүйл гэж байдаггүй юм. 10 гаруй жил хамт ажилласан болохоор тэр шүү дээ. Аа харин уран бүтээлийн идей санаан дээр бол маргах зүйл байдаг ч бие биедээ аль болох буулт хийж, ойлголцох замаар л хамтарч ажиллана шүү дээ. Тэрнээс нэг их социалист нийгэм биш захирч захируулаад байх асуудал байхгүй л дээ.

Хааяа бол бас шоудана биз?

Шоу цэнгээн бол миний өгөөш гэдэг үе бас байсаан байсан. (инээв) Харин одоо тэр үе өнгөрсөн шүү дээ. Сургуулиа төгсөөд юу хийхээ ч мэдэхгүй, ямар ч зорилгогүй явсан үедээ бол бас сайн шоудаж байжээ.

Дараагийнхаа уран бүтээлийн талаар, үзэгчдэд энэ намар ТВ коктейль кино хийх үү гэдэг их сонирхолтой байх шиг санагдсан?

Дараа дараагийн уран бүтээлүүдийг одоо ярихад бол эрт байна. Мэдээж кино бол хийнэ. Хүүхэлдэйн кино ч хийх төлөвлөгөөтэй байна. Төслийн хэмжээнд яригдаж байгаа санаанууд олон байгаа шүү. Харин яг одоо бол бид анхныхаа драмын жүжгэн дээр ажиллаж байгаа гэдэг маань л их чухал байна. 9 сарын эхээр нээлтээ хийх манай хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал”-д саатаарай гэж үзэгчидээ уриалмаар байна.


Өөскө
Өөскө
Өөскө
Өөскө
Өөскө
Өөскө
Өөскө
Өөскө
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.