Кёкүшюзан Д.Батбаярыг ”Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томилж, Таван толгойн нүүрсийг Япон руу гаргахаар зэхэж эхэллээ

2012/09/04
Share |
Хүмүүс: Батбаяр | 

Н.Алтанхуягийн эвслийн Засгийн газар олон агентлагийг татан буулгаж, төрийн өмчит цөөнгүй компанийг нэмж байгуулахаар зэхэж байна. Мөн хуучин төрийн өмчит компаниудын дарга, удирдлагуудыг сольж эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар ирэх долоо хоногт олон төрийн өмчит компаний захирлыг солих юм байна. Үүнээс хамгийн эхэнд тодроод байгаа нь Өмнөговь аймгийн Таван толгойн ордыг хариуцаж буй “Эрдэнэс Тавантолгой”. Хачирхалтай нь хуучин дарга Н.Энэбишийн оронд УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг томилохоор АН-ынхан ярьж эхэлжээ.   Энэ жил дахин УИХ-ын гишүүн болж чадаагүй “унасан бөх” ийнхүү чухал газрын даргаар  очихоор яригдаж байгаа нь цаанаа учиртай аж. Сүүлийн үед хятадууд Таван толгойн нүүрсийг чанар муутай гэж голоод худалдаж авах нь эрс багассан. Тиймээс энэ ордын нүүрсийг Хятадад биш өөр оронд экспортлох тухай зарим “сийрэг” толгойтнууд нь бодож олжээ. Тэд Хятадаас өөр Япон улс руу нүүрсээ гаргаж болох тухай боломжийн санаа гаргасан байна. Үүний тулд Таван толгойн нүүрсийг япончуудад борлуулж чадах тийм хүн олохоор шийдсэн нь хуучин цагийн сумоч Кёкүшюзан Д.Батбаяр дээр буусан гэнэ. Монголд анх сумо бөхийг дэлгэрүүлж, Японд анх монгол залуусыг таниулсан түүнийг япончуудтай амархан хэл амаа ололцох хүн гэж үзсэн байна. Гэхдээ энэ саналыг дэмжихгүй цөөн хүн ч бас байгаа гэнэ.

 

 

Өөрийгөө Монголын толгой бизнесмэнүүдийн нэг гэдэг тэрбээр үнэхээр топ баячуудын нэг. УИХ-ын хамгийн олон машинтай, хамгийн олон компанитай гишүүнээр хэдхэн сарын өмнө тодорч байв. Түүний мэдэлд нийт 22 компаний хувьцаа байдаг бол “Хаммер-Эйч-2”, “Айди Кью-7”, “Бенз Эс-550”, “Тоёота Приус” гэсэн дөрвөн дөрвөн машин сольж унадаг нэгэн. Кёкүшюзан Д.Батбаяр “Оллоо такси”, “Хурдан шонхор”, “Кёкүшюзан хөгжил сан”, “Юнайтед Ойлшелл”, “Баясгалант өргөө констракшн”, “Инойвасаки”, “Эх үрсийн жаргалан” зэрэг 8 компанийг дангаараа эзэмшдэг. Гэхдээ энэ олон компани нь хэр ашигтай ажилладаг вэ гэдэг нь тодорхойгүй. Д.Батбаярыг ч сайн бизнесмэн гэж хэлэх хүн ховор л байх болов уу.

 

Тэрбээр 2008 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихдээ Япон руу 20 мянган хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна гэж том амлаж гарч ирсэн юм. Гэсэн ч 20 мянга байтугай 20 хүн ч Кёкүшюзан Д.Батбаярын буянаар арлын орон руу яваагүй. Тиймээс энэ худал амлалт нь 2012 оны сонгуульд түүнийг амыг асуусан гэхэд хилсдэхгүй.   Таван толгой гэх их мөнгөн дээр эргэлдэх, буруудвал Монголын хүүхдүүд хоосон хонох ийм чухал төсөлд эдийн засагч биш сумоч эрхмийг суулгах гэж байгаа нь арай л нүдээ олохгүй томилгоо гэдгийг олон хүн хэлнэ.

 

Таван толгойн нүүрсийг өөр оронд экспортлоно гэдэг боломжийн санаа. Гэхдээ энэ ажлыг “унасан бөх” Д.Батбаярт хариуцуулах нь хэр сийрэг ухаан бэ гэдгийг бодох л хэрэг.

 

Эх сурвалж:  www.24tsag.mn /Т.Гэрэл/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.