Найруулагч, жүжигчин Б.Навчаа: Чи үнэхээр тэгж их хордож, шартаад байгаа юм бол над шиг босч ир л дээ гэж тэр коммент бичсэн хүнд хэлмээр байна

2012/09/16
Share |
Хүмүүс: Навчаа | 
Найруулагч, жүжигчин Б.Навчаа: Чи үнэхээр тэгж их хордож, шартаад байгаа юм бол над шиг босч ир л дээ гэж тэр коммент бичсэн хүнд хэлмээр байна

УДБЭТ-т энэ сарын 9-нөөс эхлэн 19 хүртэл тоглогдох “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн гол дүрд тоглож байгаа, найруулагч, жүжигчин Б.Навчаатай цөөн хором ярилцсан юм. Анх удаа л уянгын дүрийг тайзнаа амилуулсан жүжигчин бүсгүй мөдхөн дурлалын романс-аар үзэгчидтэйгээ золгоно гэсэн шүү. 

Драмын жүжигт тоглож байгаа юм байна, шинэ уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

Тийм ээ. “Хоёр ертөнцийн буудал” гээд жүжигт тоглож байна. Жүжиг маань өдөр бүр маш олон үзэгчтэй, зритель дүүрэн сайхан байгаа. Үзэгчдийн сэтгэгдэл хичнээн өндөр байгааг жүжгийн дараа бидэн дээр уйлж, дуулсаар гүйж ирж байгаа олон хүнээс мэдэрч байна. Энэ бол хамгийн сайхан, халуун дулаан мэдрэмж шүү дээ. “Хоёр ертөнцийн буудал” жүжигт цэвэрлэгч эмэгтэйн дүрд тоглож байгаа. Навчаа гэдэг хүнийг ер нь найруулагчид сонгож авахдаа ч, тоглосон дүрүүдээс нь ард түмэн хараад ч тэр нэг их ааш араншинтай хүний дүрд л тоглодог, энэ хүн бол уянгын дүрийг бүтээж чадахгүй дээ гэсэн таамаг байдаг байсан бол энэ дүр маань “үгүй шүү” гэж хэлж байна л даа. Нэг үгээр бол хүмүүсийн хэвшмэл бодолд цэг тавьж байгаа юм уу даа. Маш өрөвдмөөр, хамгаас цайлган, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, сайхан эмэгтэйн дүр байгаа юм. Ийм дүрд өмнө нь тоглож байгаагүй юм аа, дандаа л ааш араншинтай айхтар хүний дүрийг бүтээж байсан байна шүү дээ.

Нээлтээ хийснээсээ хойш нэлээд хэдэн удаа тоглолоо, шинэ Навчааг ирж харсан үзэгчдийн сэтгэгдэл хэр байх шиг байна?

Ерөөсөө ирээд, үзээд явж байгаа хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй байгаа шүү дээ. “ТВ коктейль” хамтлаг дээр хошин шогийн тодотголтой Амбий, характерны дүр бүтээдэг гэдгээрээ хүмүүст хүрчихсэн Навчаа хоёр ороод ирэхээр хүмүүс нэг жаахан тээнэгэлзээд байсан юм шиг байгаа юм. Гэтэл инээдмийн жүжиг байх гэсэн таамаг нь энд огт өөр бүр 360 градус эргэж, өнөө хэд маань шоконд орж байгаа байхгүй юу. Ийм гоё мэдрэмжийг ойрд авсангүй, ер нь энэ мэдрэмжийг анх удаа л авлаа, ямар сайхан юм бэ гэх халуун, дулаан үгнүүдийг үзэгчдээсээ сонсоно гэдэг л хамгийн сайхан байна. Бид нарыг арай ч хий дэмий магтаагүй байх гэж бодож байгаа. Ер нь “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн хамт олон хошин шогт ч тоглож чадна, сонгодог уран бүтээлд ч тоглож чадна гэдгээ харуулж чадаж байгаа шүү.

 

Б.Навчаа эгч найруулагчдаа загнуулж байна уу?

Бэлтгэл сургуулилтын үед загнуулна шүү дээ. Бүгд л адилхан загнуулдаг. Найруулагчид яг эмоци нь ороод ирэхээр нэг их хүн загнадаг байхгүй юу. Угаасаа жүжигчид бид нар ч тэрийг нь сайн мэддэг болохоор загнаж байна гэж хүлээж авдаггүй юм аа. Ажил нь юм чинь. Стрессдэж байна даа, яг онгод нь орчихож, ёстой загнадаг дээрээ байна даа л гэж бодохоос биш намайг загналаа барилаа гэдэг үүднээс хэзээ ч хүлээж авахгүй шүү дээ.

 

Таны бодлоор “Хоёр ертөнцийн буудал” байдаг болов уу?

Байгаа. Байдаг болоод л хүмүүс ийм зүйл ярьдаг байж таарна. Генетик үхэл, би хонгилоор явж байсан, хоёр хүн намайг дагаж байсан, цагаан гэрэл гээд л хүмүүс янз янзын юм ярьдаг биз дээ. Харин “Хоёр ертөнцийн буудал”-д очоод тэгж их ярьсан хэлсэнээ л мартчихаад байгаа байхгүй юу. Магадгүй дөнгөж ирэх очихоо л санаад байгаа хэрэг байх.

 

Сонирхолтой юм, та тэгэхээр далдын, тайлагдашгүй зүйлд итгэдэг байх нь?

Далдын юманд уу?  Итгэх үедээ итгэнэ ээ. Яригдаад л байгаа юм чинь зайлшгүй байгаад л байдаг гэсэн үг биз. Олны үг ортой гэдэг дээ. Жишээлбэл хар гараг гээд л хүмүүс ярьдаг. Ямарваа нэгэн байдлаар үзэгдсэн, харагдсан болоод л хүмүүс түүнийг ярьдаг байх. Нэг удаа би айлд ороод, хавтас нь урагдчихсан сонирхолтой ном уншиж байсан юм. Тэр номон дээр яг манайх шиг ийм ертөнц байж байгаад эцсийн, дээд хөгжилдөө хүрээд, сүйрэхийн даваан дээр манай дэлхий дээр хэдэн хүнээ нүүлгэж ирүүлсэн гэсэн байсан. Би тэрийг уншаад энэ л үнэн юм байна даа гэж бодсон. Хэрэв үнэхээр хүн сармагчингаас үүссэн юм бол өнөөдөр энэ сармагчингууд чинь яагаад хүн болохгүй байгаа юм бэ. Хэрвээ үнэхээр Ч.Дарвины бичсэн шиг шанаган хорхойноос хүн үүссэн юм бол өнөөдөр энэ шанаган хорхойнууд чинь яагаад яваад эхлэхгүй байгаа юм бэ? Тиймээ. Тэгэхээр хүн гэдэг чинь өөрөө аягүй том философи, том оюун ухаан, адгуусны хамгийн дээд төрөл. Хүн бол хүнээрээ л төрөөд хүнээрээ л мөнх амьдардаг юм байна. Хүн үхээд хойд насандаа нохой ч юм уу, хандгай ч юм уу болдоггүй л байхгүй юу. Хүн бол хүн төрлөөрөө л бий болдог юм байна гэсэн бодол маань жүжгийн зохиолоо уншсанаас хойш улам бүр батлагдаж байгаа шүү.

 

Найруулагчийн ажлаа хийж байна уу, сүүлийн үед ямар найруулгын ажил хийв?

Үгүй ээ. Ёстой амжихгүй байна. Ирэх жил сургуулиа төгсөнө, би чинь одоохондоо жүжигчиний л мэргэжилтэй хүн шүү дээ. Найруулагч болох гээд л үзээд байна. Надад бол диплом биш номын дууг нь сонсох л чухал байгаа болохоор найруулагчийн эчнээд сурч байгаа. Харин ирэх жил төгсөхдөө ямар нэг найруулгын ажил хийж таарна. Тэр үед юу хийх нь үү? Дэлгэцийн богино хэмжээний кино л хийх болов уу гэдэг таамаг  надад өөрт бол байгаад байна.

 

Мэдээж киноны саналуудад дарагдсан хэвээрээ биз?

Уран бүтээлийн саналууд үргэлжлээд ирж байгаа. Өнөөдөр дөнгөж нэг киноны мотор дуугараад, зураг авалт нь эхэллээ. “Хамгийн сайхан эмэгтэй” гэдэг нэртэй. Навчаа гэдэг хүн ерөөсөө дурлаж, хайрлаж, романтиклаж хэн нэг эр хүнтэй үнсэлцдэг, тэврэлддэг дүрд огт тоглож үзээгүй байхгүй юу. Амьдралдаа анх удаа л дурлалын романс-д тоглохоор болж байгаа нь энэ. Ерөөсөө намайг дандаа л нэг талаас нь хараад байх үзэгчдэд сонин биш шүү дээ. Сүүлийн үед би өөртөө нэг цензур тавиад байгаа. Зохиолыг нь уншиж үзээд надаас бас урд өмнө бүтээж байсан дүрүүдээс маань өөр, огт амилуулж байгаагүй дүрийг илэрхийлэх хэмжээний зохиолыг л хүлээж авна, тоглоно. Нөгөө л адил төстэй, өмнөх шигээ байх юм бол тийм санал тавьсаны хэрэггүй ээ, би хүлээж авахгүй гэсэн үг л дээ.

 

Жинхэнэ утгаараа стиль, имиж ээ өөрчлөх гэж байгаа юм байна, гэхдээ та өмнө нь бас иимэрхүү ярилцлага өгч байсан байх шүү?

 Тийм ээ. Тэгж байсан. Тэгэхдээ энэ чинь хүний амьдрал шүү дээ. Бид нар чинь уран бүтээлээрээ л амьдардаг улс, өөр бизнес энэ тэр эрхэлдэг биш. Үр хүүхэд маань сургууль соёлд ч орчихлоо, ар гэрээ би л авч явах ёстой өрх толгойлсон эмэгтэй болохоор мэргэжлээ гололгүй хийх л ёстой л доо. Бас тэр ярилцлаганы доор аягүй олон хүмүүс коммент бичсэн байсан. Хэрэггүй ээ, чи гоё жүжигчин, өөрөөс чинь өөр ийм дүрийг гаргаж чадах хүн байхгүй, энэ хэвээрээ л бай гэсэн утгатай. Тийм дэмжлэгийг олон хүнээс сонсохоор бас нээрээ л тоглоно тоглохгүй гэж хэлэх ёстой ч юм уу үгүй ч юм уу гэж бодогдсон л доо. Гэхдээ юм гэдэг чинь олон давтагдаад яваа л байхаар надоела (нэгэн хэвийн) болох гээд байдаг. Тэр тусмаа жүжигчин хүн хэтэрхий нэг хэвд цутгагдах дэмий. Өөрөө бас хөгжих хэрэгтэй шүү дээ. Энэ жүжигчин ямар ч дүрд тоглож чаддагийг ард түмэнд харуулах хэрэгтэй. Өнөөдөр манай жүжгийг үзээд гарч байгаа хүн бүр Навчаа гэдэг жүжигчинийг урд урдны тоглолтуудаасаа шал өөр дүр бүтээжээ гэдгийг 100 хувь хэлээд өгнө.

 

Б.Навчаагийн дүр кино болгонд заавал байж таардаг?

 Угаасаа тэр чинь амьдралд байдаг л характер шүү дээ. Хажуу айлд чинь ч юм уу,  хамаатан садан дунд чинь ч юм уу,  хадам талд чинь ч юм уу эсвэл албан газарт чинь ч юм уу заавал нэг тийм эсрэг дүр байж л байдаг байхгүй юу. Тэр эсрэг дүрийг л навчаа чадна гэж бодоод байгаа юм уу даа. Үнэндээ жүжигчинийг ерөнхий л тоглуулаад байгаа болохоос биш яг тулж ажиллаад,  чамаас ийм юм гарах ёстой шүү гэж жүжигчинийг өөрчилж, найруулдаг найруулагч өнөөдөр Монголд цөөхөн болчихсон. Энүүгээрээ яг юу гэх гээд байна вэ гэхээр би Ж.Сэнгэдоржийг магтах гээд байна л даа. Ж.Сэнгэдорж найруулагч бол өнөөдөр бид нарыг бүгдийг нь эвдэж гаргаж чадаж байгаа.

 

Найруулагч Б.Навчаа өнгөрсөн хугацаанд жүжигчинтэйгээ тулж ажиллаж, өөрчилж найруулж чадаж уу?

Би ч бас өөрөө алдаатай л ажилласан байгаа байхгүй юу. Хоёр кино найруулсан байна. Яг үнэндээ жүжигчидээ нухаж ажиллуулсан бол илүү юм гарах ч байсан юм бил үү.

 

Тэгвэл цаашид?

Цаашид мэдээж энэ дээр маш их анхаарна. Өөрөө уг нь мэдээд байдаг боловч өнөө л санхүү өнөө л хоног хугацаанд баригдаад тэр бүр санаандаа тултал ажиллаж чадахгүй юм аа. Нэг хоног өнгөрөхөд л 300, 400 мянган төгрөг нэмэгдэж үрэгдэж байдаг болохоор хүний халааснаас авчихсан мөнгөө эргүүлж өгөхийн тулд ганц өдөрийн наана ч болтугай дуусгах нь л чухал болчихдог. Кино гэдэг чинь цаг хугацаатай уралдсаар байтал зах зээлийн шахуу л юм болчихоод байх юм.

 

Манай киночид сүүлийн үед урт хэмжээтэй реклам их хийдэг болжээ хэмээх шүүмжлэл ард түмэн дунд яригдах болсон?

Мэдэхгүй байна аа. Хүн хүнд яаж таалагдахаас л шалтгаална шүү дээ. Бүх кино урт реклам гэж би хэлж чадахгүй. Сайн кинонууд зөндөө байна. “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” гээд сайн болсон кинонууд байна шүү дээ. Гэхдээ үнэхээрийн муу кино хийж байгаа хүн бас байнаа байна. Тийм “явахгүй” кинонуудыг хүмүүс угаасаа үзэхгүй болохоор чимээгүй шигшигдээд алга болоод байдаг шүү дээ. Харин хүмүүс үзээд л байна гэдэг бол ард түмэнд тодорхой хэмжээнд хүрч байна гэсэн үг. Энэ бол тэр киног тийм муу кино биш гэдгийн л баталгаа болов уу.

 

Тэгвэл хүмүүсийн яриад байгаа өнөөх урт рекламнаас зайлсхийхийн тулд яах ёстой юм бол?

Өшөө л хөгжих ёстой. Тулга тойрсон сэдэв, зохиолоос зайлсхиймээр байна. Одоо энэ телевизийн сериалууд гэхэд гэр бүл, хайр дурлал, найз нөхөд гээд л өнөөх л тулга тойрсон үйл явдал. Хангалттай биш үү. Анх л арван жилийн хүүхдүүдийн нэг иймэрхүү кино би хийсэн, тэрнээс хойш хичнээн хүн хичнээн ч ийм юм хийчихэв дээ. Яахав би бол өөрөөрөө бахархдаг юм аа. Хүн чинь өөрийгөө бас үнэлж байх хэрэгтэй шүү дээ. Анх удаа би Монголд 60 ангит хүүхдүүдийн кино хийсэн. Энэ бол миний том амжилт. Тэрийг би сайн уран бүтээл болсон гэж хэлэхгүй. Харин ард түмэн бол хэлэх нь хэлдэг, муулах нь ч муулдаг л юм. Тэгэхээр энэ бол ерөөсөө дундаж. Бүүр аймшигийн юм болсон бол хүмүүс пөөх, паах болно шүү дээ. Яахав “Хэцүү анги” маань дундаж болсон байх. Тэгэхдээ анх удаа санаачилж, түүнийхээ араас булган сүүлтэй байж, олон сериалууд төрүүлсэн болхоор би энэ уран бүтээлээрээ бахархдаг. “Рашаантын 18”-аараа ч би бахархдаг. Энэ киног долоо хоногийн дотор нэг кино театрт 13000 хүн үзэж байсан. Үнэхээр өндөр тоо шүү. Ашиг ч сайн олсон. Сайн ч кино. Жүжигчид маань ч  өөрсдөө сайн тоглож, амьдралын нюансуудыг сайхан гаргасан. Тэрийг бол би урт реклам гэж хэлэхгүй ээ. Харин сериал кино бол минутандаа хүргэх гэж урд дүрсээсээ давтах зэрэг хий юмнууд их ордог л доо. Одоо тэгээд “надоела” болсон баахан сериалуудаас залхаж байна шүү дээ. Өөр сэдэврүү орох хэрэгтэй. Сүнс сүүдэр, сүг, сэтгэхүйн аймшгийн сериал яагаад хийж болохгүй байгаа юм бэ. Яагаад шал өөр, өөр зүйл хийж чадахгүй байгаа юм бэ?.

 

Та тийм сериал хийх үү?

Сериал гэхээр жаахан айдастай л болчихоод байна. Аягүй их ядарсан болхоор. Одоо ч гэсэн би бүтэн амарч амжаагүй л явна. “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн бэлтгэлийн үеэр гэхэд л өдрийн 2 цагт цуглаад шөнийн 3 цагт тардаг байсан. Хоногт хоёрхон цаг унтаад өглөө нь 7 цагт хүүхдээ сургуульд хүргэж өгөх гээд босдог байлаа шүү дээ. Ашгүй тоглолт маань эхлээд, ингээд жигдрээд эхлэнгүүт “Хамгийн сайхан эмэгтэй” киноны маань зураг авалт эхэлчихлээ. Тэгэхээр одоо надаа бодогдож байгаа юм юу вэ гэхээр ямар ч байсан 3 хоног нэг сайхан амармаар, унтмаар байна. Тэрний дараа олон ангит сериалын санаа орж ирэх байх.  

 

Нээрээ жүжигчин Б.Навчаа хэр үнэтэй жүжигчин бэ?

Одоо мэдэхгүй юм аа. Нээрээ сонин дээр Монголын жүжигчидийг жагсаачихсан байна гэнэ ээ. Хамгийн үнэтэй жүжигчин Батаа байна гэсэн. Би өөрөө олж хараагүй л дээ. Манай энэ масс-д явж байгаа хүүхдүүд л хэлсэн юм. Та бас нэлээд дээгүүр явж байна билээ гэж. (инээв) Ёстой мэдэхгүй юм. Тэрийг одоо яаж, ямар үзүүлэлтээр жагсаагаад байгааг би сайн ойлгохгүй байгаа л даа. Үнэ цэнэтэйгийн хувьд ярих юм бол би үнэ цэнэтэй жүжигчин. Үнэ мөнгөний хувьд бол энэ харьцангуй ойлголт. Хааяа найз нөхөддөө туслахын тулд үнэгүй тоглож болно. Энэ бол үнэгүйдэж байгаа хэрэг биз. Зарим уран бүтээл дээр залуу хүмүүсийг дэмжинэ. Навчаа эгчээ та манай кинонд тоглоод өгөөч, та л тоглочихвол гээд гуйгаад байгаа хүүхдүүдээс илүү их мөнгө шаардаад байхыг би хүсэхгүй. Үнэхээр бололцоотой, нөхцөлтэй байж байгаад чи л тогло гэж байгаа хүнтэй бол ханш ярилцах л ёстой байхгүй юу. Тэгэхээр энэ бол харьцангуй ойлголт байгаа биз.

 

Сонин гэснээс та өөрийнхөө талаарх хар, шар мэдээллүүдэд хэрхэн ханддаг вэ?

Би нэг их интернэт, сайтруу аялаад байдаггүй л дээ. Хааяа нэг ороод комментийг нь уншихаар үнэндээ дургүй хүрээд байдаг юм. Саяхан нэг удаа манай жүжгийн талаар хүмүүс юу бичиж, ярьж байна гээд сонирхоод харлаа л даа. Тэгсэн чинь архичин Амбий, нахал Навчаа хоёр тоглосон байгаа юм чинь ямар л олигтой юм болов гэж дээ гээд биччихсэн байна лээ. Тэрийг бол энгийн ард түмэн хэзээ ч бичихгүй. Тэрийг бол нэг муу жүжигчиний сэг л бичиж байгаа. Жүжигчинээрээ ажиллаж чадахгүй, атаархаж жөтөөрхөж явдаг, яахаа мэдэхээ больчихсон, хэн ч тоохгүй, сэтгэл санаа нь урлагт байгаад байдаг бие нь бол аль хэдийн авсандаа орчихсон гэдэг шиг урлагаас холдчихсон тийм л амьтан бичиж байгаа байхгүй юу. Хүнд ингэж хар, буруугаар атаархаж явахаар чи өөрөө тэмц л дээ. Би ч гэсэн амьдралд нухлагдаад л явж байхдаа өөрөө сэтгэж “Хэцүү анги” гэдэг кино хийгээд л босч ирсэн хүн шүү дээ. Чи үнэхээр тэгж хордож, шартаад байгаа бол над шиг л босч ир л дээ гэж тэр коммент бичсэн хүнд хэлмээр байна.

 

Жүжигчин хүн болгонд нэг мөрөөдлийн дүр байдаг байх?

Би ёстой тийм, ийм юманд тоглох юмсан гээд л мөрөөдөөд байдаггүй юм аа.

 

Ихэнх хүмүүс түүхэн кинонд тоглох юм сан гэж хэлдэг?

Үгүй ээ. Түүхэн кинонд бол би хэзээ ч тохирохгүй. Намайг хар л даа. Би чинь Чингсийн талын хүн биш байгаа биз дээ. Миний царай бол цэвэр монгол царай биш шүү дээ. Манайхан чинь хавтгай таваг шиг царайтай, онигор нүдтэй, навтгар хамартай хүмүүс байдаг даа. Харин би чинь монхор хамартай гонзгойдуу царайтай хүн. Хэрвээ түүхэн кинонд тоглохоор болвол харь орноос олзолж авчирсан шивэгчин маягийн юм л болох байх. Тэгэхээр өөрийнхөө ийм царайг мэддэг болхоор түүхэн кинонд тоглох юмсан гэж хэзээ ч мөрөөддөггүй, мөрөөдөх ч үгүй.

 

Тэгээд танд үнэхээр бүтээх юм сан гэж хүсдэг дүр байхгүй гэж үү?

“Big” энтертайментын Болдоо надад “Эх” гээд нэг зохиол ярьсан юм л даа. “X түц”-ийн Батаа бид хоёрыг тоглуулна гээд. “Өөрөө зохиолынхоо санааг гаргачихсан байсан. Үнэхээр ямар нэг дүр мөрөөддөг бол би тэр дүрийг л үнэхээр мөрөөдөж байгаа байх. Энэ бол үнэндээ гайхамшигтай, маш гоё, намайг бүрэн задалсан, их тийм хэрдхийлгэм драмтай дүр л дээ. Тэр л хэзээ нэгэн цагт биелэлээ олж, үзэгч түмэнд хүрэх байх аа гэж найдаж байна даа.


Б.Навчаа, Ц.Батхуяг, А.Өнөржаргал
Б.Навчаа, Ц.Батхуяг, А.Өнөржаргал
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ruvell A million thanks for posting this inrtnmaoiof.
IP:188.143.232.27  2016-04-17 22:55:13
Retta Right oniht-s helped me sort things right out.
IP:188.143.232.27  2016-04-19 00:33:14
Jalia The accident of finding this post has brehgtined my day http://wrmhmuax.com [url=http://nmwquwxw.com]nmwqu wxw[/url] [link=http://ehdtmbxdy.com]ehd tmbxdy[/link]
IP:188.143.232.32  2016-04-19 09:03:23
Sparky The forum is a brhtegir place thanks to your posts. Thanks!
IP:188.143.232.32  2016-04-19 19:17:56
Valjean Me and this article, sitting in a tree, L---G-R-N-IEN-A! http://scyslefwx.com [url=http://hkdezhidj.com]hkde zhidj[/url] [link=http://pbvjywlw.com]pbvj ywlw[/link]
IP:188.143.232.27  2016-04-20 00:19:28
hxheentoi Z9ngzHtwqhndnsduhl, [url=http://tpjxjpucumqj.com/] tpjxjpucumqj[/url], [link=http://mthnrfyzsngf.com/ ]mthnrfyzsngf[/link], http://hwvmbbywvfek.com/
IP:46.161.9.32  2016-05-21 14:29:17
vtdgfoc WqnruPkbbxunucygfy, [url=http://ticivxyhjlys.com/] ticivxyhjlys[/url], [link=http://ygyixcezjmrj.com/ ]ygyixcezjmrj[/link], http://kxcbrwfdoxwh.com/
IP:5.101.0.130  2017-01-20 00:24:53
vtlzcf n4db1gmkkcdihowyaj, [url=http://ddyvmfocgltv.com/] ddyvmfocgltv[/url], [link=http://orzbwreqselr.com/ ]orzbwreqselr[/link], http://jrbmhkrktjhs.com/
IP:5.101.0.130  2017-01-21 04:57:47
pafbfoj XeBOi1kpmqaddyokuu, [url=http://ftuxoyoreoin.com/] ftuxoyoreoin[/url], [link=http://hhjnvzavkqkz.com/ ]hhjnvzavkqkz[/link], http://jpajafyikjco.com/
IP:5.101.0.130  2017-01-25 23:17:46
uaorurfkzso jlBeY6tkqupxptqhbr, [url=http://lwnpqzlbwfju.com/] lwnpqzlbwfju[/url], [link=http://kxdagnrgzicv.com/ ]kxdagnrgzicv[/link], http://jwafoucybpve.com/
IP:5.101.0.130  2017-01-25 23:29:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.