Үзэгчдийн хүсэн хүлээсэн ”Давтагдашгүй” тоглолт

2012/10/18
Share |
Хүмүүс:

Монголчууд үнэхээр урлагаар цангажээ. Тэр дундаа жинхэнэ амьд хөгжим, рок, попын уран бүтээлээр. Монголын рок, попынхон үнэхээр “унтаа” байдалтай байгааг хэн ч хэлнэ.

 

 

Харин зарим хүнийг нойрноос нь сэрээсэн нэгэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон нь “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Давтагдашгүй” тоглолт байв. Энэхүү тоглолт гурван өдөр болсон ч үзэгчдийн билетийн эрэлт сүүлчийн өдөр хүртэл буураагүй. Бүр 20 мянган төгрөгийн үнэтэй билет шагийн үнээр 50 мянган төгрөгт хүрсэн юм.

 

Энэ бол сайн, сайхан уран бүтээлийг иргэд маань гар таталгүй үзэх эрмэлзлэлтэй байгааг харуулж буй. Үнэхээр ч Монголд шоу бизнесээр амьдралаа залгуулахад бэрх ч чанартай сайн уран бүтээлчдийг Монголчууд дэмжсээр ирсэн. 

 

Энэ ч үүднээс Чинбаагийн тоглолт өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан, бямба гаригт “Соёлын төв өргөө” дүүрэн үзэгчдийн өндөр сэтгэгдэл дор болж өндөрлөсөн. 

 

“Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч, “Emotion” хамтлагийг үүсгэн байгуулагч, “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбат үнэхээр л өөрийгөө “Давтагдашгүй” гэдгээ нотолсон. Түүний тоглолт Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон 70, 80-аад оны аялгуунуудаар эхэлсэн нь амьд хөгжмийн гайхамшигтай дуугаралт үзэгчдийг өөрийн эрхгүй огшуулахад хүргэсэн юм. Б.Шарав, Н.Жанцанноров зэрэг шилдэг хөгжмийн зохиолчдын сэтгэл хөдөлгөм аялгуунуудыг тэрбээр эгшиглүүлсэн. Хөгжим тоглохоос гадна тэрбээр өөрийн хит болсон “Дэгжин нүдэн”, “Танайд хононо доо”, “Би чамд хайртай” зэрэг дуунуудаа дуулж муугүй дуучин  гэдгээ ч харуулсан. 

 

 

Энэхүү тоглолтын чимэг бөгөөд үзэгчдийн цөсийг хөөргөсөн хэсэг бол яах аргагүй “Никитон” хамтлагийн уран бүтээл байлаа. “13 жилийн дараа энэхүү тайзнаа дахин хамт гарах гэж байна” гэж Чинбаа зарлахад үзэгчид “Никитон, Никитон ...” гэж хашгирсаар байв. Үнэхээр ч дуучин Бачка буюу Ц.Батчулуун тайзнаа гарч ирж “Манго, танго ...” гэсээр “Никитон дуулж байна” хэмээх дуугаа дуулж үзэгчдийг баярлуулсан. Ганцхан дуу дуулаад хөшигний араар яваад орсон Бачкаг үзэгчид мэдээж зүгээр явуулаагүй дахиулсан. Дахиад дахиулах гэсэн ч тоглолтын нэгдүгээр хэсэг дууссан гэсэн зараар үзэгчид хэсэг тайвширсан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ биш ч энэ өдөр “Никитон” хамтлагийн дөрвөн гишүүн ирж уран бүтээлээ хүргэж үзэгчдэд ёсолсон. Тэднийг Монголчууд үнэхээр санасныг “Соёлын төв өргөө”-нд байсан үзэгчид гэрчилнэ. 

 

 

“Давтагдашгүй” тоглолтын хоёрдугаар хэсэгт “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Дашдондог зэрэг Монголын сор болсон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөн барьсан юм. Мөн энэ өдрийн бас нэгэн сонирхол татсан уран бүтээлч бол “Sweetymotion” хамтлагийн экс гишүүн Т.Солонго. Тэрбээр хамтлагтайгаа эргэн нэгдэн тайзнаа гарч уран бүтээлээ хүргэсэн юм. Бүрэн бүрэлдэхүүнээрээ дуугаа дуулсан “Sweetymotion” энэ өдөр хамтлагийн продюсер Чинбаадаа баярлаж талархаж явдгаа илэрхийлж нэгэн бэлгийг барьсан нь өөрсдийнхөө хийсэн амтат бялуу байсан. Мөн тэд энэ өдөр төгссөн мэргэжил болох төгөлдөр хуур, хийл зэрэг хөгжмийг тоглож “Давтагдашгүй” тоглолтод хүчин зүтгэсэн юм.


Б.Чинбат энэ өдөр Н.Жанцанноров гуай шиг мундаг хөгжмийн зохиолч болохыг мөрөөддөг тухайгаа ярьсан. Тэрбээр түүхэн кинонд хөгжим бичих мөрөөдөл нь биелж “Аравт” киноны хөгжмийг бичсэнээ үзэгчдэд сонирхуулахад түүний чадварыг биширсэн үзэгчид босч алга ташин баяр хүргэж байсан. 

 

Тус тоглолтын бас нэгэн чимэг нь “Харанга” хамтлагийн дуучин Лхагваа ирж дүүдээ уран бүтээлийн дээжээсээ өргөн барьсан нь байв. “Толин хул” дуугаа дуулсны дараагаа дахиулах хүсэлт авсан Х.Лхагвасүрэн тайзнаа гарч ирээд Чинбаагийн хүсэлт болох “Миний аав адуучин хүн” хэмээх сайхан дууг дуулж үзэгчдийг уярааж, дахиад дуулуулъя гэсэн ч “Харангын хар азарга” хочтой Лхагваа “Энэ чинь миний биш, миний дүү Чинбаагийн минь тоглолт шүү дээ” гэсээр хөшигний араар орсон. Дуучин Х.Лхагвасүрэн тайзнаа гарч ирэхдээ Чинбааг “Хүн биш. Хөгжим” гэж хэлсэн нь яг оносон мэт санагдав. 

 

 

Үнэхээр ч шавилхан биедээ багтамгүй авьяастай, сэргэлэн Чинбаа давтагдашгүй ээ.  Гайхалтай амьд хөгжмийн тоглолтууд, рок, попын дуучдын хамгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэсэн яах аргагүй л үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтыг Чинбаа хийж чадлаа.

 

Эх сурвалж www.gogo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Москва Косино-У
IP:95.85.68.36  2018-09-21 08:48:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.