Өмнөговь руу нүүдэллэсэн “шувууд”-ын хэн нь хэн вэ?

2012/10/29
Share |
Хүмүүс:

Өнгөрсөн 20 жилийн турш тасралтгүйгээр засгийн эрх барьсан ч энэ сонгуульд олонхи байтугай цөөнх ч болох эрх зүйн боломжоо алдсан МАН орон нут­гийн сонгуульд онцгой ач холбогдол өгч байгаа. Тэртусмаа ч Таван­толгой, Нарийн сухайт, Овоот толгой гээд Монголын хамгийн том баялаг оршин байрладаг стратегийн онцгой бүс нутаг Өмнөговийн нут­гийн өөрөө удирдах байгууллага-ИТХ-д эрх мэдлээ батжуулахын тулд хамаг хүн хүчээ хаяж эхэлжээ.

 

Харам­салтай нь энэ аймагт МАН-ынхан чадалтай, чадвартай, найдвартай боловсон хүчин хан­галт­гүй бололтой. Тиймээс нийслэлээс мөнгөтэй хөрөнгөтэй, Өмнөговийн гэх хамааралтай хаа хамаагүй, эрээвэр хураа­вар хүмүүсийг аймгийн ИТХ-д нэр дэвшүүлсэн нь нутгийнхны өөрөө удирдах эрхэнд халдсан халдлага хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд шуугиж эхлээд байна. Тиймээс МАН-аас Өм­нө­говь аймгийн ИТХ-д нэр дэвшээд байгаа хүмүүсийн хэн нь хэн болохыг эрэн сурвал­жиллаа.

 

Тус аймгийн ИТХ-ын сонгуульд МАН, АН, МАХН, ИЗНН, МҮАН, бие даагч гэсэн зургаан субьект өрсөлдөж байна. Үүнээс МАН Өмнөговь аймгийн ИТХ-д нэр дэвшигч 33 төлөөлөг­чийнхөө 11-ийг нийс­лэлээс бүрдүүлсэн нь анхаарал татахаас аргагүй аж. Судалбал дээрх 11 “нүүдлийн шувууд” бүгдээрээ Улаанбаатарт ажиллаж амьдардаг, компанийн захирлууд байх юм. Тэд Өмнөговиос гаралтай, төрж өссөн гэх боловч ойрын хэдэн жил энэ нутагт ажиллаж, амьдрах нь байтугай зарим нэг нь харагдаж, үзэгдээгүй хүмүүс хэмээн нутгийнхан хэлэв.

 

1. Өмнөговь аймгийн МАН-ын дарга Л.ЭНХБОЛД

 

Энэ залуу тус айм­гийн МАН-ыг өнгөрсөн хэдэн жил Улаан­баата­раас удирджээ. Тэрбээр 2008 оны УИХ-ын сон­гуульд бие даан нэр дэвшиж намчирхалыг устгая хэмээн уриалж байсан нэгэн. Харин одоо намчихралын жинхэнэ амьд жишээ болж, тухайн үеийн МАХН, одоогийн МАН-д элсэн, намын дарга нь болж Өмнөговьд улстөржилтийн бодит үрийг тарьж байгаа аж. Хаяа нэг Даланзагдадад ирэхээрээ хэл ам хэрүүл шуугиан тарьж, байсхий­гээд л Улаанбаатарт хэвлэлийн бага хурал зарлан нутаг орноо муулахаас өөр юм хийдэггүй “улс төрийн хэнээтэй” залуу хэмээн нутгийнхан нь түүнийг тодорхойлов.

Уг нь тус аймгийн ИТХ-д МАН, АН-ынхан бараг 50:50 харьцаатай. Өөрөөр хэлбэл Өмнө­говийг энэ хоёр нам хамтран удирддаг. Гэтэл засагт оролцоотой, шийд­вэр гаргахад хамтардаг атлаа МАН-ын дарга Л.Энхболд аймгийн удирд­лагын хийж бүтээ­сэн бүхнийг төдийгүй өмнөговьчуудад тараадаг нутгийн хишгийг хүртэл улстөржүүлэн эсэргүүц­дэг, өрсөлдөгч намынхнаа үзэн ядах сэтгэхүйтэй, сонин ааш аягтай нөхөр гэнэ. Аймгийн АН-ын дарга Бадраагаа мэс за­салд ороод үхэл амьд­ралын заагт байхад нь “үхээсэй” хэмээн харааж явсныг нь өмнөговьчууд одоо хүртэл зэвүүцэн ярьдаг юм билээ. Энэ хувийн онцлогтой улс­төржилт нь Өмнөговьд хөгжил биш хэрүүл тари­хаас хэтрэлгүй өнөөдрийг хүрсэн бололтой. Хувь хүнийхээ үүднээс монгол хүн тэр тусмаа уужуу, тайвуу сэтгэлтэй го­вийнхны үр удам гэхэд итгэхэд хэцүүхэн ийм нэг нөхрийг Өмнөговь айм­гийн МАН-ынхан туг далбаагаа болгон сон­гуульд орж байна. Тэрбээр МАН-ын жагсаалтын нэгдүгээрт жагсаж, нийс­лэлээс нүүдэллэсэн нэр дэвшигчдийг манлайл­жээ. Мөн тэрбээр Ман­дал-Овоо сум буюу тав­дугаар тойрогт давхар нэр дэвшин өрсөлдөх юм байна.

 

 

2.П.ПҮРЭВЖАВ - “Ололт” группийн захирал

 

2008 онд аймгийн ИТХ-ын сонгуульд Булган сумаас бие даан нэр дэвшээд ялагдаж байсан. Удалгүй МАХН-д /хуучнаар/ гишүүнээр элсэж аймгийн намын Бага хурлын гишүүн болсон. Аймгийн намын дарга Л.Энхболдтой бизнесийн холбоотой, улс төр, бизнесийн хамрагчид хэмээн яригддаг юм байна. Сүүлийн нэг жилд Өмнөговиор байн байн ирэх болсон. Энэ удаа­гийн сонгуульд МАН-ын жагсаалтын гуравдугаарт жагссан.

 

 

 

3. Б.МАШБАТ - “Газар Партнерс” ХХК-ийн захирал

 

Өмнөговь аймагт огт ажиллаж, амьдарч үзээ­гүй Улаанбаатарын хүн. МАН-д элсээд удаагүй. Аймгийн МАН-д хандив өгснөөр энэ удаагийн сонгуульд МАН-ын жаг­саалтын зургаад бичигд­сэн.

 

 

4. Ж.ОТГОНБАЯР-”ОБ капитал” группын захирал

 

Аймгийн ИТХ-д хоёр дахиа нэр дэвшиж буй. Өмнө нь 2008 оны орон нутгийн сонгуулиар Хан­хонгор сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Ха­рамсалтай нь нутгийнхны эрх ашгийг төлөөлөх учиртай ИТХ болон Тэргүүлэгчдийн хуралд тоотой хэдхэн удаа ирж, гэгээн дүрээ харуулах төдийгөөр үзэгшдсэн болж дөрвөн жилийн хугацааг үджээ. Уг нь энэ хүн Ханхонгор сумынх­ныг төлөөлөн аймгийнхаа парламентад сонгогдсон. Гэтэл Улаанбаатар дахь компанийнхаа ажлын зав чөлөөгөөр хуралдаа суух нь байтугай сонгуулиас хойш иргэдэд ч бараагаа харуулаагүй хоёр нутагтан ч биш жинхэнэ нүүдлийн шувууны сонгодог төлөөлөл байсан гэнэ. МАН-ын жагсаал­тын наймд бичигдсэн.

 

 

5. Г.МАШБАТ- мөн л намын дарга л.Энхбол­дын найз юм байна. Улаан­баатарт хувийн эмнэ­лэгтэй. Жилдээ ганц хоёр удаа Даланзадгадад ирээд явсныг эс тооцвол энэ аймагтай огт холбоогүй хүн бололтой юм. МАН-ын жагсаалтын 11-д бичигдсэн.

 

6. З.АМАРСАНАА - Айм­гийн МАН-ын хо­рооны Нийгмийн ард­чилал Монголын залуу­чуудын байгууллагын дарга юм байна. Мөн л Улаанбаатараас аймгийн­хаа залуучуудыг удирддаг гэснээс өөрөөр нутгийн­ханд мэдээлэл алга. МАН-ын жагсаалтын 11-т бичигдсэн.

 

7. Ц.ДОРЖСҮРЭН- “Энержи Ресурс” ХХК-д ажилладаг. Аймгийн МАН-ын дарга Л.Энхбол­дын ойрын хамаатан. МАН-ын жагсаалтын 17-д бичигдсэн.

 

8. С.МӨНХБАЯР-Дорно­говь аймагт нүүрс­ний уурхайд ажилладаг гэдгээс өөр мэдээлэлгүй. МАН-ын жагсаалтын 22-т бичигдсэн.

 

9. Б.АМАРЖАРГАЛ- Улаанбаатар хотод амь­дардаг. Түүнийг таних, мэдэх хүн Өмнөговьд байсангүй. МАН-ын жаг­саалтын 23-т бичигдсэн.

 

10. Н.НАРАНБААТАР- Аймгийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад сураг тасарч, энэ жил сонгуулиар гэнэт нутгаа зорин гарч ирж буй нэгэн. Дорноговьд нүүрсний уурхайтай болсон гэсэн мэдээлэл байна. МАН-ын жагсаалтын 27-д бичигдсэн.

11. С.БӨХЗОРИГ- Нийслэлийн Баянгол дүүрэгт хороон даргаар ажиллаж байсан. Аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажилладаг. Гэхдээ Улаанбаатар хотод амьдардаг тул завсар чөлөөндөө Өмнөговьд ирж улстөр хийдэг нэгэн бололтой. МАН-ын жагсаалтын 31-д бичигд­сэн.

 

Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас ийм 11 нүүд­лийн шувуу нэр дэвшээд байна. Хамгийн сонир­холтой нь энэ амйгийн МАН-ын дарга дэд дарга, залуучуудын байгуул­лагын дарга нар нь бүгдээрээ Улаан­баатарт ажиллаж амь­дардаг хү­мүүс байх юм. Өмнөговь аймаг 100 гаруй мянган хүн амтай, Мон­голын том аймгуудын нэг. Гэтэл энэ аймагт ажил­лаж амьдар­даг, байнга оршин суудаг хүмүүс дотроос МАН-ын хороо, залуучуудын бай­гуул­лагыг тэргүүлж, удирдах хүн олдоогүй бололтой юм.

 

Тэгээд ч зогсохгүй МАН-ын жагсаалт болон нэр дэвшигчдийн 3/1 буюу 30-40 хувийг нийс­лэлээс бүрдүүлсэн нь Өмнөговьчууд МАН-ыг биш, ардчилалд илүү хайртай, ардчиллыг илүү их дэмждэг гэсэн ойлголт төрүүлснийг нуух хэрэг­гүй байх.

 

12. Ц.ЭРДЭНЭЧУЛУУН - “Гандирс”-ын захирал

Мөн МАН-ын дээрх нүүдлийн шувуудаас гадна МАХН-аас нэр дэвшигч “Гандирс”-ын Ц.Эрдэ­нэчулуун хатагтай анхаа­рал татаж буй. Түүнийг цагтаа хуучин МАХН буюу одоогийн МАН-ын нөлө бүхий улстөрч асан одоо УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шарав­доржийн эхнэр гэдгээр хүмүүс андахгүй. Энэ хатагтай нийслэлийн төвийн аль ашигтай, төв газрын байрлалыг сонгож барилга барьдаг болсноор нь Улаанбаа­тарынхны анхаарлын төвд байдаг. Харин сүүлийн үед улстөрд нэлээд эрчимтэй орж байгааг тэр бүр сайн мэдэхгүй байх. “Гандирс”-ын захирал Өмнө­говь аймгийн ИТХ-ын сонгуульд МАХН-ын жагсаалтаар хоёрду­гаарт жагсаж, Далан­задгадын 15 дугаар тойрогт нэр дэвшиж буй аж.

* * *

Энэ мэтийн сонин содон, цочирхмоор нэр дэвшигчдээр дүүрсэн Өмнөговийн ИТХ-ын сонгууль сонирхолтой болж мэдэхээр байна. Нийслэлээс ниссэн нүүдлийн шувууд өм­нийн бүсийн баян бүрд болсон Өмнөговийн баялгийн төлөө ийнхүү нүүдэллэж эхэллээ. Харин эрх мэдэл, эд хөрөнгө дагасан нүүд­лийн нэр дэвшигчдийн цуваа нутгийн өөрөө удирдах байгууллагад буудаллаж чадах болов уу.

 

Д.АЛТАЙ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.