”Грийн сити”-ийн “Нонгшим” гоймон хуурамч байж болзошгүй гэнэ

2012/10/31
Share |
Хүмүүс:
”Грийн сити”-ийн “Нонгшим” гоймон хуурамч байж болзошгүй гэнэ

2012 оны 10-р сарын 30, Мягмар гариг, 12:18Тэнэгийн дотор уужимхан гэдэг дээ. Ази даяар хорт хавдар үүсгэдэг “Нонгшим” бэлэн гоймонг эргүүлэн татаж, сүр дуулиан болж байхад манайхан юу ч болоогүй юм шиг сууж байх юм. Айж, эмээж байгаа ч юм алга. Нөгөө үүрэн холбооныхон, сүү үйлдвэрлэгчдийг “хашраагаад” байсан ШӨХТГ-ын дарга О.Магнай хааччихав. Уг нь “Грийн сити” ХХК-ийн “Нонг­шим” гоймонг зах, худалдааны төв, дэлгүүрээр зарахыг түр хугацаагаар хориглосон. Харин энэ шийдвэр бэ­лэн гоймонг импортлогч “Грийн си­ти” ХХК-д огтхон ч нөлөөлсөнгүй. О.Магнай өнгөрсөн баасан гарагт дээрх шийд­вэ­рийг гаргасан ч ням гараг гэхэд “Оргил” худалдааны төв зэрэг томоохон супермаркетуудад уг гоймон төрөл төрлөөрөө зарагдаж л байлаа. Томоохон худалдааны төвүү­дэд зарагдаж байгаа юм чинь зах, хүнсний дэлгүүрийн худалдагч нар түр хориглосон шийдвэрийг бараг дуулаа ч үгүй гэсэн үг.

 

Энэ асуудлаар өчигдөр “Грийн сити” ХХК-ийн захирал Ж.Энхтуяатай уулзах гэсэн боловч компанийн зүгээс бидэнд боломж олгосонгүй. Албаных нь утсаар холбогдож, оператор эмэгтэйгээс зарим зүйлийг тодруулахад “Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гоймонг шинжилгээнд өгсөн. Хариу гараагүй” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Түүний ярьснаар “Нонгшим” бэлэн гоймон импортоор орж ирэхдээ шинжилгээний бичигтэй ирдэг учраас гадаад руу шинжилгээнд явуулах шаардлагагүй аж. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лаборатори “Грийн сити” ХХК-ийн оруулж ирдэг “Нонгшим” бэлэн гоймонг хавдар үүсгэгч бодисгүй гэсэн дүгнэлт гаргавал Ази даяар шуугиан тарьсан “Нонгшим” гоймон зөвхөн Монголд хэвийн худалдаалагдана гэсэн үг. Хэрэв ингэвэл их сонирхолтой нөхцөл үүсч болох юм. Тухайлбал, “Грийн сити” ХХК БНСУ-ын “Нонгшим” группийн ал­бан ёсны төлөөлөгч хэмээн хуурамч “Нонгшим” бэлэн гоймонг оруулж ирдэг байж болох юм. Ингэж хардах хэд хэдэн үндэслэл бий. Жишээ нь “Грийн сити” ХХК-ийнхан Ази тивийн хэмжээнд яригдаж байгаа энэ асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа нь анхаарал татаж байна. Ерөөсөө л манайд хамаагүй гэсэн байдлаар хандсан. ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг үл тоож, “Манай үйл ажиллагаа хэвийн явж байна” гэсэн энгийн тайлбар өгчихөөд л бэлэн гоймонгоо зарсаар буй. Их сонин байгаа биз.

 

“Тэртэй тэргүй манайх БНСУ-аас наад гоймонг чинь оруулж ирдэггүй юм чинь юу гэж хавдар үүсгэгч бодис илрэх юм бэ” гэж хэлээд байгаа ч юм шиг. Тиймээс “Грийн сити” ХХК үнэхээр Солонгос улсын “Нонгшим” группээс бэлэн гоймонгоо татдаг уу гэдэг асуулт гарч ирж байна. “Грийн сити” ХХК жилд борлуулдаг 25 мянган хайрцаг бэлэн гоймонгоо “Нонгшим” группээс татсан бол өдийд Япон, Хятадын зах зээлээс бэлэн гоймонгоо эргүүлж татсан шиг сүржин юм болох байлаа. Гэвч тэгсэнгүй. Импортлогч хийгээд экспортлогч талын аль аль нь сандралд орсонгүй. Магадгүй “Грийн сити” ХХК урд хөршөөс хуурамч “Нонгшим” нэртэй гоймон татаж, Солонгосын “Нонгшим” группийн нэрийг барьдаг байж болох юм. Үүнийг нь БНСУ-ын “Нонгшим” групп мэддэггүй ч юм уу, бүү мэд. Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ энэ тал дээр анхаарал тавьж байгаа биз ээ.Хятадуудын хувьд ямар ч алдартай брэнд, хүнсний бүтээгдэхүүнийг жин­хэнээс нь ялгагдахааргүй хуулбарлаж дөнгөнө. Тэр тусмаа бэлэн гоймон мэ­тийн энгийн зүйлийг төвөггүйхэн хуулж, хуурамч бүтээгдэхүүнээ шахаж чадна. “Грийн сити” ХХК-ийн бэлэн гой­мон урд хөршөөс орж ирдэг боло­хоор манай хууль хяналт, мэргэж­лийн хяналтын байгууллагууд хавдар үүсгэдэг гоймонгийн асуудалд ач холбогдол өгөхгүй ч байгаа юм бил үү, хэн мэдлээ. Ази даяар энэ асуудал шуугиан тариад долоо хонож байхад ШӨХТГ-аас ямар нэгэн албан ёсны тайлбар, мэдэгдэл хийсэнгүй. Хэдэн мэргэжилтнээ худал­дааны төвүүдээр явуулсан боловч амжилтад хүрсэнгүй. Уг нь “Грийн сити” ХХК-ийнханд “Шинжилгээний хариу гартал түр хугацаагаар бэлэн гоймонгоо тат” гэдэг албан бичиг өгөхөд л хангалттай.

 

Гэвч “Грийн сити” ХХК-ийн захирал Ж.Энхтуяа гэгч О.Магнайгийн хэдэн мэргэжилтний “зарахаа боль” гэдэг үгийг тоосонгүй. Ямартай ч О.Магнайгийн эрч хүч “Нонгшим”-ийн бэлэн гоймон дээр ирээд шалдаа буув бололтой. “Грийн сити” ХХК-ийн хувьд зөвхөн бэлэн гоймон ч биш өөр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортолдог. Бид тус компанийн эргэлзээ дагуулсан импортын бүтээгдэхүүний талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.