ХАНГУГ НОЁДЫН ТААШААЛД ГАНЦААРАА НИЙЦСЭН ХААН

2012/11/06
Share |
Хүмүүс:

Солонгост докторашурт сурч байгаа хүүгийнхээ урилгаар очиж шинэ төрсөн ачаа харчихаад далимд нь эмнэлэгг үзүүлж бас дэлгүүр хоршоо хэсч, амралтын хэд хоногоо Сөүлд өнгөрөөгөөд ирнэ хэмээн том төлөвлөгөө гаргачихсан явсан найз бүсгүй минь бөөн бухимдал ирлээ.

 

"Энэ Солонгосчууд арай дэндэнэ ээ" хэмээхээр нь Элчин сайдын яам виз өгсөнгүй дээ хэмээн бодож амжаагүй байтал огт өөр зүйлийн тухай ярих нь тэр. Тэрбээр хүүгээсээ ирсэн урилгыг аваад визний материалаа бүрдүүлэхээр Солонгосын Элчин сайдын яамнаас зааж өгсөн буюу төлөөлөн гүйцэтгэх байгууллага руу нь очжээ. Ийм үүрэгтэй газар нэг биш юм. Хотын төвд ЭСЯ-тай ойрхныг нь сонгоод визний анкет авч бөглөөд санхүүгийн баталгаа гэх зүйл дээрээ гацчихжээ.

 

Учир нь БНСУ-д зорчих монгол хүн 10-20 сая төгрөгийн хадгаламжтай байх ёстой. Гэхдээ хамгийн гол нь энэ хадгаламж өөр хаана ч биш зөвхөн ХААН банкинд байршсан нөхдөлд үүнийг хүчинтэйд тооцон визний материалд хүлээж авна гэснээс л хамаг асуудал үүсчээ. "Хэзээ ийм болсон юм вэ, яагаад заавал ХААН банк гэж. Би өөр банкинд хадгаламжтай хэмээн хэдэнтээ хэлээд ч нэмэр болсонгүй. Манайх ийм журамтай гэхээс өөр тайлбар хэлж мэдэхгүй тэр охиныг загнаад ч яах билээ. Ойрхноор нь танай ажил дээрээс ЭСЯ-ных нь цахим хуудас руу орж үзэх гэсэн юм" хэмээв.

 

Бид хамтдаа суугаад үзлээ. Элчин сайдын яамны http://mng.mofat.go.kr хаягаар ороод үзэхэд БНСУ-д зорчих визний тухай ерөнхий танилцуулга гэсэн хэсэгт энэ улс руу зорчих иргэд хаана хандаж виз авах болон, тавих шаардлага зэргийг тун дэлгэрэнгуй бичжээ. Эндээс бидний сонирхсон зүйлээ БНСУ-ын ЭСЯ-ны визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж гэсэн хэсэгт доорх мэдээлэл байв.

1 .Хадгаламжийн бүтээгдэхүүний нэр: БНСУ-ын визний зориулапт бүхий хугацаатай хадгаламж
2.Хадгаламжийн хэмжээ: 10 000 000- 20 000 000 төгрөг
3.БНСУ-ын ЭСЯ-ны тогтоосон харилцах банк: ХААН банк /Зөвхөн дараах салбаруудад дээрх дансыг нээнэ: ХААН банкны Төв салбар, Сүхбаатар салбар, Их Хүрээ салбар, Ард кино театрын салбарт тус тус хадгаламжаа байршуулна. Нэг сарын турш туршилтын үйл ажиллагааны дараа ХААН банкны бүх салбарыг хамруулах төлөвтэй байна/
4.Хадгаламж эзэлшшгчийг баталгаажуулах тухай: Виз мэдүүлэгч нь өөрийн нэр дээрх: БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэсэн гэрээ болон банкны дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан визний анкет болон холбогдох материалын хамт өгнө. /ЭСЯ нь ХААН банкнаас өдөр бүр тухайн данс нээлгэсэн иргэдийн жагсаалтыг авч шалгана/.

Яг ингэж бичжээ. Тиймээс хүү рүүгээ ярьж өөр банкинд байгаа хугацаатай хадгаламжаа цуцлаад ХААН руу шилжүүлэх ганцхан арга байна. Виз авч хүүхдүүд рүүгээ явахын тулд үүнээс өөр яах билээ хэмээн бухимдсан найз минь гарч одов.

 

 

Уг нь Монгол Улс, БНСУ-ын хооронд зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх тухай яриа хөөрөө хийж байна, "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа гэхчилэн дарга даамлууд зөндөө л ярьдаг.

Гэтэл иймэрхүү янзаар хөнгөвчилсөн болж таарлаа. Өмнө нь хадгаламжтай, нэг үгээр тус улсад "харлаад" үлдэхээргүй хөрөнгийн чадавхи сайтай гэдгээ батлан харуулахаар хэдэн цаас дансандаа байршуулсан байхыг л шаарддаг байж. Гэтэл одоо мөнгөө зөвхөн ХААН банкинд хадгал хэмээн зааж зурж өгдөг, түүнийгээ улам хүчитгэхийн тулд визнийхээ шаардлагад ил тодоор оруулаад өгчихсөн нь үнэхээр ойлгогдохгүй байгаа юм.

 

Монгол Улс арилжааны 14 банктай. Бүгд л Монгол Улсын иргэдэд ижил тэгшээр үйлчилгээ үзүүлдэг. Төр засгаас ч банкаар дамжуулах үйлчилгээг иргэдэд хүргэхдээ элдэв ялгаварласан үйлдэл хийхгүй байхыг сануулдаг. Ийм байтал БНСУ-ын Элчин сайдын яам иргэдийг хадгаламжаар нь ялгаварлан хандаж байна. Арилжааны энэ олон банкнаас ХААН-ыг онцолж сонгосныг ойлгох хүн цөөн юм. ХААН банк үндэсний хөрөнгө оруулалттай биш. Япон эзэнтэй, монголчуудын оролцоотой л  банк.

 

Магадгүй энэ нөхцөл нь эрхэм хангуг ноёдын таашаалд илүүтэй нийцэж итгэл даахаар санагдсан уу, эсвэл ХААН-ыхан сурсан зангаараа элдэв лообий хийж Элчин сайдын яамыг ийм шийдвэр гаргуулсан уу, бүү мэд. Ямартай ч Монгол Улсын иргэн БНСУ-д зорчих бол зөвхөн япон эзэнтэй ХААН банкинд 10 саяас доошгүй төгрөг хадгалуулсан байх ёстой. Тийм учраас иргэд бусад банкинд буй өндөр хүүтэй хадгаламжаа хуу хамаад ХААН-д тушаах хэрэгтэй болж байгаа аж. Хаана байна өнөөх шударга өрсөлдөөний зарчим.

 

Н.САРАНГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН СОНИН/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.