Д.Оюунхорол: Энэ сонгуульд олон эмэгтэй ялагч болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна

2012/11/07
Share |
Д.Оюунхорол: Энэ сонгуульд олон эмэгтэй ялагч болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна

УИХ дахь  эмэгтэй гишүүдийн бүлгээс өчигдөр  орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй эмэгтэйчүүдээ дэмжиж, "Эмэгтэйчүүд чадна" аян эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.  Орон нутагт    эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй бодлого хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, хяналт зайлшгүй чухал гэдгийг гишүүд онцлов. Тиймээс эмэгтэйчүүдээ дэмжиж, саналаа өгөхийг нийт сонгогчдодоо уриаллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой уулзаж, ярилцсан юм. 

 

- Энэ удаагийн УИХ  өмнөхөөс хавьгүй олон эмэгтэй гишүүнтэй болсон. Ямар үр дүн харагдаж байна вэ?

- Өмнө нь гурав байсан УИХ дахь эмэгтэй гишүүд энэ удаад ес, удахгүй  10, цаашлаад 11 ч болж магадгүй байгаа. Шинэ УИХ ажлаа эхэлсэн 100 гаруй хоногийн хугацаанд төрийн түшээ эмэгтэйчүүд нийгмийн амьдралд хэрэгтэй, олон түмэнд тустай  олон хуулийн төсөл боловсруулсан. Тухайлбал, эмэгтэй гишүүдийн санаачлагаар  цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдлээ,   цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох асуудал нэг шатаар ахилаа.  Боловсролын салбарын багш, ажилчдад нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр  эмэгтэй гишүүдийн хүчээр  хэвээр үлдэж чадсан. Түүнчлэн  эх, нялхсын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,нийгмийн эрүүл мэндийн чиглэлд том дэвшил болсон  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гээд тоочоод байвал олон зүйл байна. Нийгмийн аюулгүй орчин, хүний сайн сайхны төлөө    эмэгтэйчүүд  санаа нэгдэн ажиллаж байгааг олон нийт талархан хүлээж авч байгаа нь ч мэдрэгдэж байна.    Иймд орон нутагт ч эмэгтэйчүүдийг сонгож, жендерийн мэдрэмжтэй хандахыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс нийт сонгогчдодоо хандан уриалж байгаа юм.

 

- Тухайн орон нутагтаа лидер болсон эмэгтэйчүүд олон бий. ИТХ-уудад ч олон эмэгтэй сонгогддог уламжлалтай. Та бүхэн ингэж дэмжиж байгаа юм чинь энэ удаагийн сонгуулиар бүр олуулаа болох нь ээ?

- Үнэхээр  эмэгтэйчүүд олуулаа сонгогдоно гэдэгт итгэлтэй байна.   Улсын хэмжээгээр нийт нэр  дэвшигчдийн 30 гаруй  хувь нь нийгэмд хийж бүтээснээрээ  танигдсан, боловсролтой, мэдлэгтэй    эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд нийгмийн сайн сайхны төлөө, эгэл хүмүүсийн амьдрал ахуйн бэрхшээл зовлонг хавьгүй илүү олж харж, гарах гарц, шийдлийг харж, асуудлыг шийдвэрлэдгээрээ улстөрд өнөөдөр үнэ цэнэтэй болсоор байна. Ямар ч сонгуульд эмэгтэйчүүд л шударга өрсөлддөг. Энэ хэрээр улстөр дэх бүх үйл ажиллагаа нь шударга явагддаг. 2013 оноос  хэрэгжих Төсвийн  тухай хуулиар төсвийн эрх  мэдэл    орон нутагт шилжиж байгаа учраас тэнд эмэгтэйчүүдийн оролцоо,  хяналт маш  чухал.    

 

- Тэгвэл эмэгтэй сонгогчдодоо хандаж юу хэлэх вэ?

- Монголын  хүн амын  тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог бүх шатанд нэмэгдүүлэхэд  нийт эмэгтэйчүүд маань хүчээ нэгтгэж  ажиллах  зайлшгүй  шаардлагатай   гэж би  үздэг. Амьдралд жижиг зүйл гэж ер байдаггүй. Эрчүүдийн жижиг гэж үздэг асуудлуудыг эмэгтэйчүүд олж хараад гэр бүлээ, үр хүүхдээ эрсдэлээс хамгаалдаг нь амьдралд байдаг  энгийн зүйл. Тэгвэл эмэгтэйчүүд нийгэм даяар ингэж ажиллах шаардлага байна. Эмэгтэй сонгогчид маань үүнийг ойлгож эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжих хэрэгтэй.   Өнөөгийн нийгэмд гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, задрал  явагдаж байгаа учраас гэр бүлийн хамтын  амьдралыг  дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай  байна. Үүнийг эмэгтэйчүүд л хийнэ.  Өнөөдөр улсын хэмжээний  716 мянган өрхийн   87 мянгынх нь амьдрал эмэгтэйчүүдийн нуруун дээр явна.   Эмэгтэй хүн нэгэн биедээ дааж давшгүй их ачаа үүрч,  гадаа гарч эр,  гэрт орж эм болон  үр хүүхдээ  өсгөж  яваа нь Монголын нийгмийн  сэтгэл  эмзэглүүлсэн асуудал юм.  Тийм учраас Гэр бүлийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гэр бүлийн хариуцлагыг өндөржүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, өмчлөх  эрхийг баталгаажуулах гээд  олон асуудлыг хуульчлах шаардлагатай  байна. Өнөөдрийн нийгэмд  цэцэрлэг,  сургуулийн хүрэлцээ хангамж, хүүхдийн хүмүүжил, ёс  суртахуун, монголчуудын эрүүл мэнд, төрөх болон хүүхдийн эмнэлэг  гээд олон хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн дуу хоолой  зайлшгүй шаардлагатай  байгаад  сэтгэл зовниж,  анхаарлаа хандуулмаар  байна.   Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүний наймааны золиос болсон охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах, бодит  тусламж дэмжлэг үзүүлэх гээд  олон  ажлыг төрөөс хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм учраас нэр дэвшигч эмэгтэйчүүд маань мэдлэг, мэдрэмж  хоёроо хослуулж сонгогчдын сэтгэлийг уншаарай. Сонгогчид маань дэмжсэн шиг дэмжээсэй, энэ удаагийн орон нутгийн сонгуульд олон эмэгтэй  ялагч  болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. 

 

Т.Бүдээхүү Эх сурвалж: Монголын үнэн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.