Нэг үхрийн эвэр дорговол мянган үхрийн эвэр доргино

2012/11/08
Share |
Хүмүүс: Р Нямдорж | 
Нэг үхрийн эвэр дорговол мянган үхрийн эвэр доргино

Наадмын сонин сайхан аль хэдийнээ хуучирсан энэ цагт бие биенийхээ булхайг илчилсэн хөгтэй явдал болж өнгөрлөө.Энэ жил ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн 32 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. . Гэвч хариуг нь зарлалгүй өдий хүрсэн нь бөхчүүдийн дунд ихээхэн хагарлыг бий болгосон.МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хэвлэлийн хурал зарлаж улсын арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нарыг сэргээш хэрэглэсэн болохыг мэдэгдлээ. Баяр наадмаас хойш энэ хоёр бөхийн нэр сэргээш хэрэглэсэн хэмээн сонин хэвлэлээр бичигдэж байсан ч албаны эх сурвалж баталж чадаагүй байсан юм. Харин уг хэвлэлийн хуралд сэргээш хэрэглэсэн хэмээгдэж байгаа Улсын арслан Х.Мөнхбаатар сууж байсан нь олны анхаарлыг татав. Гэхдээ сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдэд ямар хариуцлага тооцох талаар шийдэлд хүрч чадахгүй болж. Учир нь Засгийн газар өөрчлөгдөж баяр наадмын комисс шинэчлэгдэх болсон. Ингээд хэвлэлийн хурлын үеэр улсын арслан Х.Мөнхбаатар "Би  нийтдээ 10 удаа сэргээшийн шинжилгээ өгсөн. Гэтэл энэ жил надад гармон өндөрссөн гэх хариу ирсэн. Ямар учраас ийм зүйл болов оо гэдэгт би гайхаад, Р.Нямдорж тэргүүнтэй уулзсан. Сар шинийн барилдаанд Мөнхбат аваргатай барилдаж байхдаа баруун мөрөө мулталсан. Үүнд би чилисэн палисан гэдэг эм уусан. Чилисэн палисанаас өөр эм огт уугаагүй учраас үүнийг шинжлүүлэхээр болсон. Тэгээд би өөрийнхөө зардлаар Солонгост очиж допингийн лабораторид нь шинжилгээ өгсөн. Тэр шинжилгээний хариу 10-14 хоногийн дараа ирэх юм. Тийм учраас би Р.Нямдорж тэргүүнд хүсэлт тавьсан ч хүлээж авалгүй хэвлэлийн хурал хийлгэлээ.

 

Би том цолтой бөхийн хувьд үүнд санаа зовж байна. Яагаад зарлах болсныг нь асуумаар байна. Миний нэрийг зарлаж байгаа нь хуулиндаа хэр нийцэж байгаа вэ? Ер нь намайг дарамталж хавчиж нүд үзүүрлээд байна. Яагаад гэвэл 2007 оны улсын наадмаар Н.Ганбаатар аймгийн арслан цолтой, би улсын заан цолтогоор долоогийн даваанд барилдсан юм. Тэгэхэд Р.Нямдорж гуай над дээр ирж тодорхой хэмжээний санал тавьсан. “За чи Ганбаатарыгаа дэмжээд заан болгочих. Би чамд 70 сая төгрөг өгье” гэсэн. Би татгалзсан. Би ард түмнээ хуурахыг хүсээгүй, шударга барилдахыг хүссэн учраас татгалзаад Ганбаатарыг өвдөг шороодуулсан. Гэтэл “Чи яасан овоо хүүхэд вэ. Чамайг би харна аа” гэж хэлсэн хэмээн нэлээд хэдэн баримтыг түшиглэн өөрийгөө өмгөөлж,  үндэсний бөхийн холбооны тэргүүн нь  өнөөх найраа гэдгчийг хийж явдгийг илчилж орхив. Үүний хариуд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж "Улсын арслан Х.Мөнхбаатарыг би багаас нь мэднэ. Энэ бол миний хамгийн дотны нөхөр Б.Бат-Эрдэнийн шавь байгаа юм. Хэд хоногийн өмнө надтай уулзахдаа ийм Мөнхбаатар байгаагүй. Гэтэл одоо маш гайхамшигтай зүйл яриад зогсч байгааг гайхаж байна. Миний насаараа бодож үзээгүй, манай удам бодож байгаагүй ийм зүйл ярьж байх юм. Би чамд 70 сая төгрөг өгье гэсэн юм уу. Ийм юм яривал би чамайг шүүхэд өгнө. Цаанаас нь Мөнхбаатарт хэн нэг нь ийм үг хэлэхийг зааж өгч л дээ. Монголын ард түмэн намайг мэднэ, Мөнхбаатар аа. Би чамаас юу гэж заан цол гуйх юм бэ. Мөнхбаатар аа ийм боловсролгүй байж болохгүй. Анх над дээр орж ирэхдээ юу гэж ярьж байлаа. Гэтэл өнөөдөр хэнээр үг заалгаад ирж байгаа юм. Нэг ийм бүлэг байдаг. Хүнийг яаж ингэж гүтгэж чадаж байна аа. Үндэсний баяр наадамд миний хүүхэд барилдахад би суудлаасаа босдоггүй. Би чамд юу гэж 70 сая төгрөг өгөх вэ. Надад тийм мөнгө байх ч үгүй. Би амьдралдаа тийм их мөнгөтэй байж үзээгүй. Уг нь чамайг дэмждэг байсан. Харин одоо үзэн ядаж байна. Р.Нямдорж мөнгөөр хүүхдээ цол авахуулсан гэж ярих хүн Монголд бараг байхгүй байх. 70 сая төгрөгөөр хүүдээ заан цол худалдаж авахыг санаархсан гэдэг нь огт үндэслэлгүй гүтгэлэг байна. Би бөхийн холбоог байгуулснаас хойш харин ч найраатай тэмцсээр өдийг хүргэсэн" хэмээн бухимдаж хоёулаа олны өмнө ёстой булайгаа дэлгэж орхив.

 

Эндээс харахад цолны найраа хийгээгүй хэмээн бөхчүүд мэдэгдсээр ирсэн. Харин МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, улсын арслан Х.Мөнхбаатар нарын маргааны үр дүнд олны нүдэн дээр цолны найраа байдаг гэдгээ өөрсдөө нотолж орхилоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Наро-Фом
IP:141.101.132.216  2018-07-19 16:02:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.