Нураана, буулгана, хална, солино, шоронд илгээнэ

2012/11/10
Share |
Хүмүүс:

Нураана, буулгана, хураана, хална, солино, шоронд илгээнэ. Ардчилсан намынхны ажлын гол арга барил эдгээр үгэн дээр л тогтож байна. Зурагт үзэхээр тэр ч барилгыг, энэ ч байрыг нураана, хураана гэж айлган дарамтлах хотын дарга Э.Бат-Үүлийн яриа хөвөрч, сонин уншихаар тэнд тэдэн албан хаагч ажилгүй болгоно, энд ч хэдэн төрийн албан хаагчийг хална гэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сүрдүүлэг үргэлжилж байна. Харин шүүх цагдаа нь сонгуулийн үр дүнг эрх баригчдын таалалд нийцүүлэн засч өөрчилдөг гаж жишиг тогтоож байна. Прокурорын байгууллага удахгүй ял эдлэх магадлалтай гэгдсэн хүмүүсийг нэр цоллон зарлаж, эрх баригч хүчний бодлогыг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэдэг болов. Төрийн ордонд УИХ-ын дарга З.Энхболд сөрөг хүчнийхээ үг хэлийг боомилж, Тамгын газраас ямар нэг мэдээлэл гадагш алдагдвал ажилтай чинь ярина шүү хэмээн төрийн албан хаагчдыг дарамталж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүд зунжин амарч байгаад ажилдаа ормогцоо Ардчилсан намын захиалгат шийдвэр гаргаж байна. СЕХ ард түмнээс сонгогдсоныг нь биш сонгогдоогүйг нь УИХ-ын гишүүн болгоно хэмээн гүрийж байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас эхлээд ангийн анд уруугаа салаавч өгдөг соёлгүй, ёс зүйгүй гишүүн захаас аван олон байна. Бас болоогүй араас нь ихээхэн дургүй хүргээд байвал шоронд ч илгээж чадна шүү, надад эрх нь байхад та нар муусайн юмнууд яах юм, би мэддэг юм гэж ханцуй дотроо салаавч нуун аархах гишүүд ч хөлхөлдөх болов.

 

 

Ер нь бид ямар оронд амьдарч байгаа юм бэ гэж эрх баригчдаас асуумаар санагдах юм. Ардчиллын 20 гаруй жилийн хөгжлийн үр шимээр бий болсон төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байх зарчим энэ засгийн өнгөн дээр “булшлагдах” нь. Олуулаа нийлэн амраг садан, ах дүүгээ төрийн албанд шургуулсан Ардчилсан намынхан олуулаа хуулийн дээс алхан дураар тонгочиж эхэллээ. УИХ дахь сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилохын тулд боломжит бүхий л хуулийг зөрчихийн зэрэгцээ хараат бусаар ажиллах ёстой шүүх, цагдаа, прокурор, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэцийг ёстой л харцаараа хөдөлгөж байна. Ардчилсан намын засаглалын үед Монголын парламентын ардчилал хумигдаж, устаж мөхөхөд тун ойрхон боллоо. 22 жилийн дараа ардчиллыг анх өлгийдөж авсан хүмүүс өөрсдийнхөө гараар энэ ардчиллыг устгах юм гэж хэн санах билээ. Гэвч итгэхээс аргагүй үйл явдлууд сонгуулиас хойш шил даран өрнөж байна. В.И.Лениний хөшөөг буулгах үеэр хэвлэлийн хурал зарлаж, ХХ зууны энэхүү хүний хэн болохыг тодорхойлоод байсан хотын дарга Э.Бат-Үүлийн хэлж буй үг, хийж буй үйлдэл түүнээсээ ч нэг их ялгараад байх юмгүй болов. “Энэ Ленин чинь дандаа нураа, устга, хураа” гэж хэлдэг байсан юм гэж Үүл баатар айлдсан. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харвал тэр ч бас “Нураа, хураа, устга, хал соль” гэсэн үгээр л үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Ямар сайндаа түүний энэ үгнээс залхсан ард иргэд ийм амны билэггүй нийслэлийн Засаг даргатай Улаанбаатар хот минь хөгжих л байгаа даа хэмээн халаглах вэ дээ. Ганц амбаар барьж, хадаас хадаж үзээгүй хий цэцэрхэгч улстөрчдөөс нураа, устга гэсэн үг гарахдаа ч амархан байх л даа. Бүтээн байгуулалтад хуруу нэмэрлэж чадахгүйгээс хойш дэмий хоосон зүйл чалчиж, хошуу нэмэрлэхээ боливол таарна. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж үйлс нь хазайчихсан урагшгүй нөхөр байна. Төрийн байгууллагын удирдлагыг халж сольж оронд төлөөний хүнээ томилсондоо ханаж цадахгүй, жижиг гэлтгүй албан тушаал руу ч хомхойрон шунаж байна. Ердөө л төрийн албыг өөрийнхөө намын бааз суурь болгохыг хүссэндээ Ардчилсан намынхан манаач, үйлчлэгчийн албыг ч голохгүй сольж хольж байна. Нураана, хураана, буулгана, хална солино гэсэн үгийг гол уриа лоозонгоо болгосон Ардчилсан намынхан улс эх орон, ард түмнийг минь хааш нь л залуурдаад байна даа.

 

Н.Бүрэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.