Мисс Х.Баярмаа: Миний ирээдүйн нөхөр болох залуу мэдлэг чадвараараа надаас илүү хэд дахин боловсролтой байх хэрэгтэй

2012/11/12
Share |
Хүмүүс: Б Баярмаа | 
Мисс Х.Баярмаа: Миний ирээдүйн нөхөр болох залуу мэдлэг чадвараараа надаас илүү хэд дахин боловсролтой байх хэрэгтэй

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Өвөр монголын Ордос хотноо болж өндөрлөсөн билээ. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Хүсэлбаатарын Баярмаатай ярилцлаа. Харин түүнтэй ярилцаж байхад нилээд дэггүй гэж дүгнэхэд хүрсэн юм. Гэхдээ л түүний яриа ялдам инээмсэглэл шигээ зөөлөн гэгээлэг байсан юм.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.  Х.Баярмаагаар сонин сайхан юу байна?

Сайн байцгаана уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхий миссийн тэмцээнээс ирээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд гараа хумхиад зүгээр суусангүй. Уран бүтээлийн холбогдолтой ажлууд саналууд их ирж байгаа. Би сургуулиа төгссөнөөс хойш ээж аавийнхаа продакшинд  ажиллаж байна. Манай анхны уран бүтээл болох “Хүүхнүүд дэлбэрэл аюултай тоглолт” үзэгч түмэнд хүрлээ. Шинэ залуу уран бүтээлчидээр дүүрэн эрч хүчтэй тоглолт маань  хүмүүст маш их таалагдсан байна лээ.

-Та хүмүүнлэгийн ажлаа нийслэлийн утааг бууруулахаас эхлэхээр болсон. Яагаад ийм шийдвэр гаргасан юм

Миссийн тэмцээнд оролцож байгаа гоо бүсгүй болгон хүмүүлэнгийн ажил эрхлэдэг. Манай оронд утаанаас хамаараад сүүлийн үед саажилтай хүүхдүүд ихээр төрөх болсон. Миний хувьд их хүндээр туссан учраас эндээс явахын өмнө саажилтай хүүхдүүдийн талаар судалгаа хийсэн. Хүмүүнлэгийн ажлаа хараахан эхлүүлээгүй байна. Хөрөнгө оруулагч гэдэг амаргүй асуудал байдаг. Энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Дэлхийн миссийн ерөнхийлөгч Жулиан Мурли надад туслахаа мэдэгдсэн.  Хамгийн гол нь намайг хүмүүнлэгийн ажлаа эхлэсэн цагт манай улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж туслаж дэмжихээ албан ёсоор мэддэгсэн байгаа.

-Хүүхдэд их хайртай юм. Хүүхэд насныхаа тухай яриач

Хүүхэд байхдаа нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Би хамаатануудынхаа дунд ганц эмэгтэй нь байсан болоод тэрүү нилээд эршүүд хүүхэд байсан. Бусад эмэгтэй хүүхэд шиг гэртээ хүүхэлдэй барьж тоглож байсангүй. Дандаа гадаа байлдаж тоглодог байлаа. Мөн бүжиг, такевондогоор хичээллэдэг хөдөлгөөнтэй хүүхдийн тоонд ордог байлаа.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ

Би багаасаа л драмын театрт байдаг байлаа. Ээжийн тоглосон жүжгүүдийн үзэх дуртай. Аав маань бас олон кино найруулсан. Миний эргэн тойрон дандаа алдартай гайхалтай жүжигчид байсан. Тэдний дунд өсөж хүмүүжсэн болохоор урлагийн чиглэлээр ажиллах болсон. Би мэргэжилдээ маш их хайртай цаашдаа ч тууштай ажиллана гэж бодож байгаа.

-Холиувидын жүжигчин болно гэж нэгэн ярилцлагандаа дурдсан байсан. Таны зорилго гэж хэлж болох уу

Тэгж хэлж болно. Хүн болгон дотроо мөрөөдөлтэй алсын хардаг. Миний хувьд энэ мэргэжлээрээ улам илүү амжилт гаргаад чадвал дэлхийд мандсан жүжигчин болохыг хүсч байгаа. Яагаад хүн тэгж мөрөөдөж болохгүй гэж.  Энэ бол жүжигчин хүн болгоны мөрөөдөл шүү дээ. Гайхалтай уран бүтээл хийж амжилт гаргаж болно. Би үзэгч түмний хүсэн хүлээсэн жүжигчин болно гэж хичээж байгаа.

-Таны хайрлаж хүндэлж явдаг жүжигчин хэн бэ

Миний хайрлаж хүндэлж явдаг жүжигчин бол миний ээж. Бас И.Одончимэг эгч байна. Тэр бол мундаг жүжигчин. Энэ хоёрыг хайрлаж хүндэлж явдаг шүү.

-Сүүлийн үед өөрийг тань киноны урилгад дарагдаад байгаа гэсэн нууц биш бол ямар кинонд тоглох  гэж байна

Тиймээ киноны урилгууд ихээр ирэх болсон. Гэхдээ би одоохондоо продакшныхаа үйл ажиллагаанд санаа тавьж ажиллаж байна. Тэр болгон киноны саналыг хүлээж авч чадахгүй байгаа болохоор нааштай хариу өгөхгүй байгаа.

-Таны гоо сайхны нууцаас сонирхьё. Охид бүсгүйчүүд миссийн гоо сайхны бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхож байгаа байх. Өөрөө ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ

Намайг дэлхийн миссд оролцож байхад японы Октартын бүтээгдэхүүн ивээн тэтгэсэн. Түүнээс хойш энэхүү бүтээгдэхүүнийг маш ихээр хэрэглэх болсон. Миний арьсанд ч гэсэн маш гайхалтай зохицдог юм.

-Гоо сайхны мэс ажилбарын талаар хэр бодолтой байдаг бэ. Өөрөө хэзээ нэгэн цагт хийлгэнэ гэж боддог уу

Би оюутан байхдаа энэ талаар судалгаа хийж байсан. Охид бүсгүйчүүд маань гоо сайхандаа ихээхэн анхаарч мэс ажилбарыг дэмжиж хийлгэдэг болжээ. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Одоохондоо гоё сайхан байгаа ч гэсэн яваандаа сөрөг үр дагавар авч ирдэг тул хийлгэхгүй байсан дээр охид бүсгүйчүүддээ зөвлөмөөр байна.

-Сүүлийн үед миссүүд гэлтгүй олны танил бүсгүйчүүд өөрийн гоо сайхнаа гэрэл зүрганд мөнхлөх гээд нүцгэн зургаа авахуулж сэтгүүлийн нүүр чимэх болсон. Танд тийм бодол байгаа юу

Одоохондоо тэр тал дээр нүүр хагараагүй байгаа. Магадгүй хоёр, гурван жилийн дараа бодож үзэх асуудал. Тиймээс би иймэрхүү зүйл дээр татгалзсан хариу өгч байгаа.

-Баярмааг юу чимдэг юм болоо

Боловсрол мэргэжилдээ их анхаардаг. Тиймээс намайг гэрийн хүмүүжил, боловсрол маань чимдэг юм болов уу гэж бодож байна.

-Ханхүү хайж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Нөхөрт гарах гэж яарсан юм уу. Өөрт чинь ямархуу залуу таалагддаг бэ

Уг нь би тийм ярилцлага өгөөгүй л юмсан. Тэгээд бичсэн байсан. Одоохондоо нөхөрт гарах бодол алга байна. Надад бодож төлөвлөсөн зүйл байгаа. Миний хувьд биеэ зөв өвч явдаг, эр хүний тал дээр ухаалаг, хөгжилтэй, цэвэрч залуу таалагддаг. Харин миний ирээдүйн нөхөр болох залуу маань мэдлэг чадвараараа надаас илүү хэд дахин боловсролтой байх хэрэгтэй гэсэн шалгуур тавьж байгаа.

-Ийм хөөрхөн бүсгүйд өчнөөн хайрын захиа ирсэн байх. Анх хэзээ хайрын захиа авч байсан бэ. Болзоонд их уригдаж байна уу

Би ерөөсөө хайрын захиа авч байгаагүй. Харин сүүлийн үед ганц хоёр ирсэн юм уудаа. /инээв/ Ойрын үед зав зай муутай байгаа болохоор болзоонд явах зүйл гарахгүй байна. Санал тавьсан хүмүүс байгаа. Утсаа унтраагаад  ажилдаа анхаарч байна.

-Цаашдын зорьсон төлөвлөсөн ажлынхаа талаар тодруулаач

Цаашдаа маш олон зүйл төлөвлөсөн байгаа. Манай хамтлаг шинэ залуу эрч хүчээр сэлбэгдээд удаагүй байна. Тиймээс хамтлагаа олонд таниулахын тулд олон уран бүтээлүүд хийж байгаа. Нэвтрүүлэг, кино гаргах гээд завгүй л байна. Саяхан би нэг жүжиг орчуулсан. Тэр жүжгээ “Гэгээн муза”-д оруулахын тулд тайзны жүжиг болгох гээд ажил ар араасаа ундарч байна. Мөн “Хүүхнүүд дэлбэрэл аюултай” жүжгээ хөдөө орон нутгаар явж тоглоно.

-Нэвтрүүлэг гэлээ, ямар нэвтрүүлэг хийх вэ

Монголд энтертаймент чиглэлийн нэвтрүүлэг байхаа больжээ. Анзаараад байхад дандаа ашгийн төлөө нэвтрүүлэг хийдэг болсон байна. Тэгвэл “Шилдэг өнгө” хамтлаг ашгийн бус залуучуудад хандсан энтертаймент нэвтрүүлэг хийх гэж байгаа.

-Бидний урилгыг хүлээнэ авч цаг зав гаргаж ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдын чинь ажилд өндөр амжилт хүсье. 

-Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!