“Бушхүүгийн үлгэр” киноны уран бүтээлчид 33 жилийн дараа

2012/11/12
Share |
Хүмүүс:
“Бушхүүгийн үлгэр” киноны уран бүтээлчид 33 жилийн дараа

Монголын түүхэнд үлгэрийн кино тун ховор бөгөөд монгол киноны алтан үе гэж хэлж болох 60-70 оны үед Герман улстай хамтран бүтээсэн "Алтан өргөө" (1961), богино хэмжээний кино "Ховдгийн гай" (1964) хамгийн сүүлд бүтээгдсэн үлгэрийн кино гэж хэлж болох "Бушхүүгийн үлгэр" гэсэн цөөхөн хэдэн кинонууд бий. Эдгээрээс анх удаа үлгэр домгийн сэдэвт кинонд тусгай эффект ашигласан нь “Бушхүүгийн үлгэр” хэмээх кино юм. Уг уран бүтээл нь тухайн үедээ хүүхэд багачууд төдийгүй бүх л үеийн үзэгчдийн үзэх дуртай киноны нэг байсан бөгөөд өдгөө монголчуудын сэтгэлд хоногшсон түүхэн бүтээл билээ. Харин өнөөдөр “Бушхүүгийн үлгэр” 33 нас хүрч байгаа бөгөөд энэ ойг тохиолдуулан КУДС-ийн багш, оюутнууд тус киноны уран бүтээлчидэд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр киноны уран бүтээлчид халуун дотно уулзалт хийж, 33 жилийн тэртээх өөрсдийн хүч хөдөлмөр, авъяас чадварыг шингээн хийсэн уран бүтээлээ дахин үзэж сонирхосон билээ. 

 

Тус киноны зохиолыг бичиж,  найруулж бас зураачаар нь ажилласан МУСГЗ П.Цогзол уг уулзалтын үеэр хэлэхдээ “Би энэ зохиолоо тухайн үеийн Монгол кино үйлдвэрийн техник технологийн боломжид тааруулан бичсэн бөгөөд түүнийгээ ч бүрэн дүүрэн ашигласан. Бушхүүгийн морь үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр нисэхээс аваад сүүжний яснаас шулам амилдаг хэсэгт ч тусгай эффект оруулсан. Энэ кино бол Монгол кино нэгтгэлийн бас нэгэн том амжилт болж чадсан. Өнөөдөр ингээд уран бүтээлчидтэйгээ уулзаж байхад тэр үед жоохон хүүхдийн дүрд тоглож байсан хөвгүүд маань 40 хэдийнэ гарчихсан харчуул болж. Ийм олон жилийн дараа эргээд уулзахад сайхан байна” хэмээн хуучиллаа. Ийнхүү “Бушхүүгийн үлгэр” киног амилуулсан уран бүтээлчид киноныхоо ойг тохиолдуулан халуун дотноор уулзаж, дурсамжийн хуудсаа эргэн сөхсөн юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.