МАХН-ын Интерполд явуулсан захидлаас болж, Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва нар муудалцжээ

2012/11/13
Share |
МАХН-ын Интерполд явуулсан захидлаас болж, Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва нар муудалцжээ

МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүд намын дарга Н.Энхбаярдаа үнэнч гэдгээ харуулж Интерполд захиа илгээсэн. Хэдийгээр тэд Интерполд захиа илгээх нь Засгийн газрыг тогтворгүй байдалд оруулна хэмээн мэдэж байсан ч түүнийг үл тоон захиагаа өнгөрсөн долоо хоногт явуулсан юм. Хамгийн түрүүнд Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан захиа илгээсэн.

 

Тиймдээ ч тэрээр албан тушаал, эрх мэдлээ ашиглан, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр тооцогдон АТГ-т шалгагдаж байгаа юм. Учир нь тэрээр Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжлахаа зогсоож өгөөч гэсэн утгатай албан бичиг явуулсан юм. Уг захидлаас болж, Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, мөн эрэн сурвалжлах ажиллагааг эргэж харахаар болсон билээ. Гэтэл уг хэрэг намжаагүй байтал МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүд Интерпол руу захиа явуулсан нь АН-ынхны дүргүйг хүргээд авав. Мэдээж тэдний энэ алхамыг АН-ынхан таашаахгүй байгаа аж. Тиймдээ ч Засагт хамтарсан намууд энэхүү захидлаас болж, саналын том зөрүүтэй байгаа юм байна. УИХ-ын сонгуулийн дараа АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулсан билээ. Түүнчлэн энэхүү захидлаас болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва нар муудалцсан гэх мэдээлэл саарал ордонд тарсан талаар эх сурвалж мэдээлэв.

 

Эх сурвалжийн мэдээлснээр Н.Алтанхуяг “Хамтарсан Засгийн газар байгуулчихаад ингэх хэрэг байна уу даа” гэх утгатай үгийг Д.Тэрбишдагвад чулуудахад, хариуд нь Д.Тэрбишдагва “Бидний хийх ажлын нэг хэсэг” гэж хэлснээс болж санал зөрсөн гэв. Гэхдээ ирэх долоо хоногт орон нутгийн сонгууль болох гэж байгаа. Тиймээс орон нутгийн сонгууль өнгөрсний дараа энэхүү асуудлыг дахин авч хэлэлцэнэ хэмээн Н.Алтанхуяг хэлсэн гэлээ. Юутай ч МАХН-ын Интерполд илгээсэн захидлаас болж, засагт нэлээн асуудал үүсэх бололтой.

 

Б.Золбоо

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.