Төрийн алба төрлийн алба болсон нь буюу чимээгүй дарангуйлал

2012/11/14
Share |
Хүмүүс:
Төрийн алба төрлийн алба болсон нь буюу чимээгүй дарангуйлал

Ардчилсан нам сонгуульд хэдхэн суудал илүү авснаа ялсан гэж эндүүрч энд тэндгүй эрх дархаа зарлан, хална солино,нураана буулгана, шийтгэнэ,шоронд хийнэ гэж айлгах болсон. Энэ бүхний эцсийн зорилго нь өөрсдийнх нь хэлдгээр 120 мянгад хүрсэн гээд байгаа гишүүдээ ажилтай болгоход чиглэж буй . Өнөөдөр 170 гаруй мянган төрийн албан хаагч байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл эдгээр хүнээс 50 мянга нь үлдвэл их юм болох нь. Эрх баригчдын одоогийн аяглаж байгаа ааш араншинг харвал олон хүн ажилгүй болж гудманд гарах магадлал өндөр байна. Улс төрийн бус албан тушаалтнуудыг ч дарамтлах, өргөдлийг нь өгүүлэх зэрэг элдэв аргаар нэг нэгээр нь “шүд” сугалсаар дуусч байна. Орон нутгийн сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хуйгаар нь хоморголон халахаар тэсэж ядан хүлээж буй гэх. Чухамдаа маргааш хурдан болоосой гэж нэг гараараа нөгөө гараа арай ядан барьж байгаа аж. Зарим нь ч тэсэхгүй “за яахав чамайг сонгуулийн дараа бодийг чинь хөтөлнөө” гэж заналхийлж буй тухай мэдээллүүд захаасаа аваад бий.Төрийн албыг улс төрөөс ангид байлгахаар зорьсон дэвшлүүд ийнхүү ардчилагчдын үед алга болж буй нь эмгэнэлтэй.За ингээд олон зүйл нуршилгүй ардчилагчдын  хэрэглэж буй халаа,сэлгээний шилдэг аргуудыг баримт түшин дэлгэе.

 

1.Хууль зөрчин шууд томилох
Хамгийн анхны шийдвэр яамдуудын төрийн нарийн бичгийн дарга нарыг төрийн албаны хуулийг үл хэрэгсэн томилсон явдал. Яаран дааран хийсэн энэ томилгоонууд эрх баригчдын бялуу хуваах тэмцэл,фракцуудын зөрчил дунд юун хууль манатай болоод өнгөрсөн. Цорын ганцаараа хууччуулаас үлдчихээд байсан Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргыг тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр төсөв хэлэлцэх үеэр цөмийн станц байгуулах санал оруулж ирсэн алдаагаа тохож өгөөд Н.Алтанхуяг тонгорч орхино лээ.Эрх баригч нам сонгуулийн дараа улс төрийн албан тушаалуудыг өөртөө авдаг нь хаана ч байдаг л зүйл. Гагцхүү бэлтгэгдсэн төрийн албан хаагчдыг хууль зөрчин хоморголон халж, эгэл жирийн ажилтнууд руу довтлон тэдний оронд ах дүү амраг саднаа авч, мэргэжил боловсролгүй хүмүүсээр төрийн албыг дүүргэж буй нь Монгол төрийг сульдуулах аюултайг мэргэжилтнүүд хэлсээр байна.Төрийн нарийн бичгийн дарга нараа түр орлон гэх нэр хайрлан томилсныг “хуулинд ийм заалт байхгүй” гэж төрийн албаны зөвлөл хичнээн хэлээд ч тусыг эс олж тэд бялуугаа хуваадгаараа хуваацгаасан. Өнөөдрийн 16 яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хууль бус гэдгийг төрийн албаны зөвлөл мэдэгдсэн ч тэд үл тоомсорлон зөөлөн суудалд тухалжээ.

 

2. Залхаах, дарамтлах, айлган сүрдүүлэх
Энэ аргыг  яамдын газрын дарга нар, мэргэжилтнүүд дээр амжилттай ашиглаж байна. Засгийн газар  амралтын өдөр ажиллана гэж эхлээд зарласан байна. Ажлаасаа халагдах вий гээд бүгд  өдөр шөнөгүй ажиллав. Өдөр бүр тэднээс өө сэв хайна. Өмнө нь хэн ч биш байсан мэдлэг чадвар дутуу илтгэгч шинэчлэгч дүр эсгэсэн залуучууд яамдаар эргэлдэж толгойтой бүхнийг хална гэж сүрдүүлнэ. Өмнөх ажлуудыг нь шалгана, шалгуулна гэж дарамтална бас үгүйсгэнэ.  Мөн оронд нь улаан ардчилагч ирэх гэж буйг АН- ын хүн ирэх гэж байгааг байн байн дуулгаж сануулна.  Ажлаа арван хуруу шигээ мэддэг чинь огт падгүй гэнэ.  Ингэж төрийн албанд залхаан цээрүүлэлтийг цэвэрхэн явуулж эхэлжээ.  Шинэ залуу боловсон хүчнүүдийн ар гэрийхнийг нь ч бас алдалгүй нарийн судалжээ. Энэ судалгаагаар гадаадад өндөр боловсрол эзэмшсэн эмэгтэйн ээж ардчилсан намаас бус өөр улс төрийн хүчнээс нэр дэвшсэн байсан тул бүсгүй ажлаас халагджээ.Дээрээс тушаал авчихсан гэмээр улс төржих байдал хөдөө орон нутагт газар авч нэг  суманд байтугай нэг тэнгэр дор багтахаа байтлаа муудалцав. Өнөөх эв нэгдэл гэдэг үг аль хэдийн алга болж сонгуулийн үеэр л улс төрждөг байсан ард түмэн маань сандал суудлын төлөө шат шатандаа  улам бүр холдсоор байна. Хоморголон халалт ингэж намаараа талцах явдлыг улс орон даяар өөгшүүлэв. Уг нь сонгуулийн өмнө хөдөө орон нутагт улс төржилтөөс татгалзъя гэж байсан намуудын ойлголцол  өнөөдөр ул болж намыг сонгох холимог тогтолцоогоор сонгууль явахаар болчихоод байгаа. Энэ нь ороннутгийн сонгуулийн дараа улс төржилт тэнгэрт хадахын дохио гэдгийг ажиглагчид онцолж байна.Улс төрчид  өөрийн хоорондын талцлаа зохицуулаад явчихдаг нь амьдрал дээр нэгэнт батлагдсан зүйл. Харин энгийн иргэд хэрхэн эвлэлдэх юм бол доо зайлуул.  Хууль, хяналтын багйгууллага ч улаан цайм улс төржиж, хүчтэй байгаад нь үйлчилж байгаа нь нэгэнт ил болсон зүйл. гар дүрэх боллоо.   Ажлаас халагдагсдын өдрөөр бус цагаар өсөж байгаа ч тэдний хувьд ил гарах нь эрсдэлтэй гэж үзсээр харин Ардчилсэн намын чимээгүй түрэмгийлэл үргэлжилсээр байна. Ил гарч байгаа цөөн хэд нь “ ажилдаа үлдэнэ гээгүй ээ, ядаж хууль номын дагуу хандаж өгөөч” гэх гуйлттай л байгаа аж.  Говьсүмбэр аймгийн ХХҮХ-ийн дарга Д.Батцэцэг, Дорноговь аймгийн ХХҮХ-ийн дарга А.Нарантуяа нар ингэж гуйгаад тусыг эс олсон тул арга буюу хэвлэлд хандаж зовлонгоо ярьсан байна. Тэднийг ажлаас халсан тушаал ч гараагүй байхад орны хүмүүс нь хэдийнээ томилогдож хөөж туусан байх юм.

 

3. Өргөдлийг нь өгүүлэх  шалгарсан арга
Бид өдөр бүр нэг албан тушаалтан огцрох өргөдлөө өгсөн мэдээг сонсож байна. Сүүлийн “шүд сугалах”, “самар цөмөх” гэж халагдах үйл явцыг нэрийдэх болж. Эрх баригчдын аргыг л хэлж байгаа хэрэг аж.

 

«Сайн дураар»-аа огцрох сэжигтэй үйлдлийг Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж 2012оны есдүгээр сарын 10-нд УИХ-ын дарга З.Энхболдод халагдах өргөдлөө өргөн барьснаар эхэлжээ. Л.Пүрэвдорж дарга 2009 оны нэгдүгээр сарын 9- нд Монголбанкны ерөнхийлөгч болоход инфляци 32 хувьтай, Монгол Улсын гадаад валютын нөөц 657 саяхан ам доллар байж. Харин «сайн дураар» ажлаасаа огцроход нь инфляци 15.1 хувь, гадаад валютын нөөц 2909.7 сая ам долларт хүрсэн байж. Монголбанкны ажлын хамгийн гол хоёр үзүүлэлт Л.Пүрэвдорж даргын үед ингэж л өссөн харагдаж байна.

 

Тэгэхээр Л.Пүрэвдорж дарга «өөрийн хүсэлтээр» огцрох хүсэлтээ өргөн барих ажлын хариуцлага алдсан ноцтой алдаа, хариуцлага хүлээх ёс зүйн үндэслэл харагдахгүй байна. Уул нь төв банкны ерөнхийлөгч хуулиараа 6 жилээр сонгогдддог ч улс төр түүнийг  өргөдлийг нь өгүүллээ. Учир битүүлэг өргөдөл өгсөн тохиолдлууд нэмэгдсээр байна.УИХ-ын сонгуулийг анх удаа автомат системээр будлиангүй явуулсан хэмээн магтагдаж байсан СЕХ-ны дарга Н.Лувсанжав, голчтой шударга гэгдэн ихэд үнэлэгддэг Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа нар 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдөр «өөрийн хүсэлтээр» албанаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн нь бас л цочмог хүлээж авах тохиолдол байлаа.  Ерөнхий аудитор Ч.Раднааг явуулахдаа өнгөрсөн  аль хэдийн албаа өгчихсөн Засгийн газрын үйл ажиллагааг нэг өдрийн хуралдаанаа зориулан байж бахаа хангаж байх юм. өдрийн хуралдаанаа зориулж  кайф авав. Харин ерөнхий  аудитор маань ажлаа тайлагнаж байна гэж бодсноос биш түүнийг тэднийг олон нийтэд ажлаа хийдэггүй мэт харагдуулах хар төлөвлөгөө байсныг гадарлаа ч үгүй биз. Ч.Раднаа мэтийн хүмүүсээс болж төсвийн  мөнгө алга боллоо гэх ганц үг шидээд л ажлыг нь булаасан тухай мэдээлэл хэвлэлийн хуудсанд шарлаагүй байж буй.СЕХ-ны даргыг яагаад сольсон нь нэг өдрийн дараа л тодорхой болсон бөгөөд түүний орыг залгасан Ч.Содномцэрэнгээр Өвөрхангай аймагт ялагдсан Г.Батхүү, С.Зоригт нарыг тангараг өргүүлэх шийдвэр гаргуулах гэж л яарсан хэрэг байсан юм.

 

 Энэ цуваа УИХ- ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоор үргэлжиллээ. Тэрээр намайг шахаагүй гэж гүрийж байгаа ч түүнд нь итгэх хүн олдоогүй. Харин УИХ-ын дарга Ардын намын буйдан суудал нөлөөлснийг үгүйсгэхгүй гэж үг алдсан нь Ц.Шаравдорж сайн дураараа өргөдлөө өгөөгүйг гэрчилнэ. УИХ- ын хэвлэл,мэдээллийн албан даргыг хэрхэн халсан нь бас сонин. Их хурлын дарга З.Энхболд Өвөрхангайн хоёр найзаа  тангараг өргүүлэхээр бэлтгэл базаалгаж байж. Харин энэ энэ нууц мэдээллээ хэвлэлийн албаны даргыг тараасан гэж үзэн халжээ.4. Дараагийн ээлжУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд «МИАТ» ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхоныг дуудан мэдээлэл сонслоо. Олонд ил болсон энэ аргыг хэвлэлийнхэн хэдийнээ ойлгож “ За одоо Ц.Орхоныг пялах нь” өөр хоорондоо мөрийцөөд ч авч.Гишүүд түүний хийсэн мэдээллийг нь сонсож, баахан загнасны дараа “өөрийн хүсэлтээр” гэдэг үгтэй өргөдлийг нь авчээ. Сар гаруйн өмнө “Эрдэнэс таван толгой” компанийн тайланг эдийн засгийн байнгын хороон дээр бас сонсож, дараахан нь шинэ дарга томилогдсон нь  гишүүн асан Я.Батсуурь байв.Хэн нэгэн аавын хүү, ээжийн охин ажилтай болох нь буруу ч биш байж болно. Үүний цаана нуугдаж буй хамгийн том аюул нь цөөхөн хэдэн монголчууд дотроо хагаралдаж, нам,эвслээрээ хуваагдан биесээ үзэн ядах болж эхэлсэн нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд  заналхийлж эхэлжээ. Ардчилсан нам ард түмнээ хувааж байна.5.Төрийн алба төрлийн алба болов.Халаа сэлгээний дараа төрийн алба чансаажиж буй бол бас болж байна.Гэтэл үгүй юмаа. Ямар мэргэжилтэй,ажлын туршлагатай эсэх нь огт падгүй эрх баригчдын ивээлд байдаг эсвэл ах дүү, амраг садан нь бол хэнбугай ч том албан тушаал хаших боломж нээлттэй, харин ардын хүүхэд бол хаалга тас хаалттай. Ах дүү амраг садны томилгоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ах Ц.Арсландоржоо Нийслэлийн төрийн өмчит компанийн захирлаар томилуулснаар эхэлсэн. Олон нийтийн дунд шүүмжлэл өрнөөд эхлэнгүүт мэдрэмжтэй Ерөнхийлөгч маань ахыгаа албан тушаалаас нь татсан. Айсуй Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ ч нөлөөлснийг үгүйсгэхгүй.  Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг 25 настай хүргэн дүү  Дэнзэнгээ хажуудаа авч, ЗГХЭГ - ын дэд дарга болгож суга татсан. УИХ-ын дарга ч хоцорсонгүй эхнэр Бат-Өлзийгөө  хууль зүйн яамны эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрын даргаар хэвээр үлдээж. Төрийн гурван орой нь хамаатан саднаа өөд татах ажилд ханцуй шамласан бол яаж дутахав гэгчийн үлгэрээр бусад нь ч хошууран оржээ.Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн  С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Газрын тосны газрын дарга болов. Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Монголын цахилгаан шуудан компанийн захирал, Г.Уянгын нөхөр А.Баатархуяг МОНЦАМЭ агентлагийн дарга болж дэвшив. Орон нутгийн сонгууль болж байгаа энэ өдрүүдэд ч албан тушаалын хийрхэл улам бүр хүчээ авч Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр хүүхэд,хамаатан садан 14 хүн иргэдийн хуралд нэр дэвшжээ.Баянголд С.Эрдэнэтэй нэр дэвшсэн С.Одонтуяа ганцхан нөхрөө ажилтай болгосондоо атаархсан уу эсвэл дараагийн сонгуульдаа санаа зовсон уу С.Эрдэнийн үйлдэлд эгдүүцэж байгаагаа намынхандаа хэлсэн нь хэвлэлд гарсан.Түүний эхнэр,хүү,охин,авга ахынх нь хүүхэд,жолооч,бие хамгаалагч гээд 14 хүн иргэдийн хуралд нэр дэвшжээ.Ямартаа л дүүргийн иргэдийн хурал С.Эрдэнийн гэрт болно гэсэн хошин яриа гарч байхав.За ах дүүгийн томилгоог үргэлжлүүлье. УИХ- ын гишүүн С.Баярцогт  ө ах  С.Баярбатаа Эрчим хүчний яамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хөл хүрэх газраа гүйсээрээ эхнэрээ  Үйлдвэр,хөдөө аж ахуйн яаманд хурган дарга болгож санаа нь амрав. Энэ удаагийн хүч түрсэн томилгоонд хууль үйлчлэхээ байсан бөгөөд өөрөө өөрийнхөө яриад батлуулсан хуулийн эсрэг ажилласан нэг сайд бол Х.Тэмүүжин юм. Тэрээр төрсөн дүү Х.Хулангаа найз сайд Н.Гантөмөртөө хэлснээр БШУЯ-ны  Хууль, эрхзүйн газрын даргаар томилуулсан. Хэвлэлээр нэг шуугихад “Манай дүү намайг загнасан” маягийн юм яриад сууж байгаа. Тэгээд мань сайд төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийг булааж оффис болгох ажилдаа орсон. Дүү нь дуулгавартай ах  Х.Тэмүүжингээ “ард түмний эмнэлгийг бүү булаа”загначихдаггүй л юм байхдаа. Тэгвэл ч олон хүн баярлана даа.Тахимаа өгөхгүй унжсаар төрийн ажлыг гацаагаад байгаа гишүүн асан Г. Батхүүгийн туслах хүүхэн ч  мөн л боловсролын яамны газрын дарга болчихсон тууж явна .Нэг ардчилал фракцад багтдаг тэд ядах юмгүй томилгоо хийсэн байна. Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар УИХ- ын гишүүн Түвдэндоржийн ах гэдгийг мэдэх нэгэн бий. Энэ жагсаалт цааш үргэлжлээд дуусахгүй бөгөөд хамаатан садны хэлхээ холбоо төрийн албанд аалзны тор мэт сүлжжээ. Шинэ хуультай болж гольдрилдоо орж байсан төрийн алба чухамдаа ардчилагч гэгч хүмүүсийн төр барих үед төрлийн алба болон хувирлаа. Төрийн албан хаагчид чадвартай мэргэшсэн байх нь төр хүчтэй байхын үндэс бол  тэр алба нь төрлийн алба болсноор сульдаатай хүүхэд шиг сул дорой боллоо.Орон нутгийн сонгуулийн дараа төрийн алба ардчилсан намын нэр зүүсэн 120 гаруй мянган хүний оромж болж мэдэх аюул занал бий.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.