Хүмүүс: |
Оросын “Ростехнологий” корпорацийн удирдлагууд өнгөрсөн 14, 15-нд өдрүүдэд манайд айлчилсан. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэр дэх Монгол (51), орос (49) хоёр талын эзэмшлийг хувь тус бүрээр нь багасгаж, илүү гаргасан хувийг багц болгон стратегийн хөрөнгө оруулагчдад худалдах санал тухая яригдсаныг орорын хэвлэлүүд бичээд эхэлжээ. Хоёр талын хувийг тус бүр 25 хувь +1 хувьцаа болгон, үлдэх 50 хувь -2 хувьцааг худалдах санал гарсан хэмээн “Ростехнологий” корпорацийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлсэн байна. Гэвч суурин дээрээ буюу дараахан нь дээрх мэдээллээсээ татгалзаж, “Тодорхой хувь хэмжээ яригдаагүй...” хэмээн тайлбарласан юм. Жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 мянган тонн зэсийн, 4500 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэдэг “Эрдэнэт” ХХК-ийн энэ жилийн цэвэр ашиг 145.9 сая доллар болох төлөвтэй байгаа аж. “Ростехнологий” корпорацийн төлөөлөгчийн хэлснээр 2008 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн шинэчлэлд 402.2 сая доллар зарцуулсан бөгөөд үүний 103.2 саяыг өөрийнх нь ашгаас гаргажээ. Сүүлийн гурван жилд талуудын хүртсэн ноогдол ашиг 140 сая ам.долларт хүрсэн байна.“Эрдэнэт” үйлдвэрт стратегийн түншийг татан оролцуулах нь олборлолт, боловсруулалт болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх сайн талтай” гэж “Ростехнологий” корпорацийн ерөнхий захирал Сергей Чемезов хэлсэн байна.
Тус корпораци одоогоор энэ төсөлд хөрөнгө оруулах бололцоогүй байгаа хэмээн Оросын зарим шинжээчид үзэж байгаа бөгөөд “Эрдэнэт”-ийн хувийг дэлхийн хэмжээний томоохон тоглогчид тухайлбал “Rio Tinto”, “BHP Billiton”, “Glencore” компаниуд ч авч болох аж. “Ведомости” сонины сурвалжлагч Оросын зэсийн томоохон үйлдвэрлэгчид болох “Норникель”, “УГМК”, “Металлоинвест” компаниуд энэ төсөлд оролцох эсэх талаар сонирхсон боловч компаниуд тайлбар хийхээс татгалзжээ. “Норникель” компанид ойр эх сурвалж “Ведомости” сонинд хэлснийг үзвэл, тус компани Монголыг сонирхож буй ч “Эрдэнэт”-д хөрөнгө оруулах талаар яриа хэлэлцээр одоогоор хийгээгүй байгаа гэв. Хамтарсан үйлдвэрийн хувийг худалдсанаас олох ашгийг ОХУ-д зэс боловсруулах үйлдвэр барихад зарцуулахаар төлөвлөж байгаагаа “Ростехнологий” корпорацийн төлөөлөгч хэлсэн боловч уг төлөвлөгөөнийхөө тухай нарийн тодорхой яриагүй байна. Харин ноён С.Чемезов “Зэс боловсруулах хамтарсан үйлдвэр барих нь зах зээлд буй одоогийн байр сууриа өргөжүүлэх, улмаар шинэ зах зээлд гарах бололцоог бидэнд олгох болно” хэмээн хэлснийг “Ведомости” сонин иш татжээ.