Ардчилсан намын оюунлаг цөөнхөд зориулав

2012/11/16
Share |
Хүмүүс: Бат-эрдэнэ | 
Ардчилсан намын оюунлаг цөөнхөд зориулав

 

/ Большевист үзэл санаа буюу “Олуулаа” лоозон/

“Олуулаа” буюу олон байх, олноороо нийлэх, олон болж байж хүчтэй болох гэсэн утга бүхий үг нь хуучин цагийн орос ах нарын хийсэн хувьсгалын үзэл суртал болгон хэрэгслэсэн “Большенство” гэсэн үгний Монгол орчуулга, бидний хэлэх дургүй социалист нийгэмд байсан “Большевики” гэдэг үгний эхлэл, “Большевист” гэх үзэл суртлын үндэс буюу “Олуулаа болох”, “Олуулаа хүчирхийлэх” гэсэн утгыг бүрэн агуулж, большевикуудын ажиллаж байсан арга барилыг Монгол оронд минь үрслүүлж, түгээх гэж тэмүүлээд байгаа үзэл суртал, уриа лоозон юм уу даа.

Хуучин Оросын социалист нийгмийг бүтээн байгуулах үйлсэд большевикуудын оролцсон оролцоог магтан дуулж, тэдэнгүйгээр социализмыг байгуулах ямар ч боломжгүй мэтээр лоозогнодог байсныг олон ч ном зохиол, үзэл суртлын бүтээлүүдэд тусган, онцолжээ.

19-р зууны сүүлээр Өрнөдийн нийгэмшлийн хүчтэй нөлөөн дор хаант Оросын нийгэм, улс төрийн тогтолцоонд өөрчлөлт гарч, зүүний болон барууны үзэл суртлын ялгарлыг тусгасан шинэ нам, хөдөлгөөнүүд үүсч гарах болсны нэг илрэл нь 1898 онд марксист үзэл санааг тугаа болгосон Оросын Ажилчны Социал-Демократ нам бий болсон түүхтэй.

Улмаар 1902 онд намын дотоод зөрчил тэмцлээс үүдэн “Большевик”, “Меньшевик” гэсэн 2 бүлэглэлд хуваагдаж, Оросын Ажилчны Социал-Демократ намын 2-р их хурлаар Төв хорооны сонгуульд цөөн суудлаар олонхийг бүрдүүлж чадсан /Одоогийн АН-ын статустай ижил/ бүлэг нь өөрсдийгөө “Большевик” хэмээн нэрийдэж, хувьсгалчдаас бүрдсэн улс төрийн бүлэглэл болохоо тунхаглан, асуудлыг хүчирхийллийн аргаар шийдвэрлэх ажлаа эхлүүлсэн байдаг.

Улс төр судлаачид “Большевик” гэдэг үзэл санааг “максималист”-ууд (“хөрөнгөтөн ангийг тэр чигт нь устгаж, дан ажилчны хөдөлгөөн мөн.” максимал мөрийн хөтөлбөрөөс...) хэмээн хөрвүүлж, анархист, эсерүүд болон зүүний хувьсгалт хөдөлгөөнүүдийг энэ нэрээр нэршилдэг байна.  

Большевикууд 1917 оноос В.И.Ленинээр толгойлуулан “Большевик” бүлэглэлийн хэлбэрээ өөрчилж “Большевист” намыг байгуулан өрх тусгаарласан байдаг. Тэд ажилчин ангийг дээдэлсэн, нийгмийн хувьсгал, интернационал үзлийг баримтласан марксист хувьсгалт улс төрийн урсгал нь “большевик үзэл” байх болно хэмээн тэр цагаас хойш тодотгон тунхагласан.

Большевик үзэл санааны үүсэл, түүхэнд үлдээсэн хар мөр, харгислалын талаар Английн түүхч Роберт Конквест өөрийн бүтээлдээ “Хэт хувьсгалч үзлээр “жигүүрлэсэн” оюун санааны хоосролд идэгдсэн цөөн тооны коммунистууд большевик үзэл санааг сэдэж, тэрс үзэлтнүүдийг устгах нэрийн дор хяналтгүй дарангуйлал тогтоохоор 1971-1923 оны Улаан террор буюу Оросын иргэний дайны үеэр бий болон идэвхижиж, өөрсдийн дайснаа гэж үзсэн цөөнхийн сэтхээтэн болох 140 мянга гаруй хүнийг буудан хөнөөх харгис үйлдлээ гүйцэлдүүлж чадсан” хэмээн баримттайгаар тодорхойлон бичжээ.

Тэгвэл Монголд АН-ын явуулж байгаа суртал ухуулга, зорьж буй зорилтууд нь большевикуудын үлдээсэн түүх, хар толбо, хэлмэгдүүлэлт, хоморголон халалтыг дагуулсан энэ ухагдахууныг бахархал болгон лоозогнох нь юуны учир, ямар санаа агуулж байгааг тодруулан асуух цаг нэгэнт иржээ.

Тэд УИХ-ын сонгуульд энэ нэрийг “Олуулаа” хэмээн лоозогнож орсноо, одоо орон нутгийн сонгуулиар “Бүр олуулаа” гэж лоозогнох нь үр дүнгээ өгнө гэдэгт хэт итгэсэн үү, эсхүл больщевикуудын явсан замналаар явахаар шийдвэрлэсэн үү, эсхүл үзэл суртлын дэмийрэл, солиоролд өртөж, сохорсон уу, ямар ч л байсан “Бүр олуулаа” гэх оюун санааны бус, хүний олныг нийлүүлж, улс төржүүлж, намчирхсан нийгмийн бүлэглэлийг бий болгохоор улайран зүтгэж байна.

Бас л хуучин социалист нийгмийн үед “Олуулаа” гэх үгийг агуулсан энгийн нэгэн ойлголт байсныг АН-ынханд эргэн сануулах шаардлагатай болж байна. Жирийн жаалууд олуулаа болж байгаад цөөхүүлээ болсон хэдийгээ бүлэглэн дээрэлхэх, алга үзэх, нүд үзүүрлэх, хэт мөчөөрхөөд үзэл бодолдоо үнэнч, бууж өгөхгүй бол олуулаа нийлж байгаад польдон зодох хүртэл арга хэмжээ авч байсан бүх шалтгааны ард “Тэд нар олуулаа” байсан гэх тодотгол байнга дагалдаж байсныг санаж байна.

Манай АН-ын нөхдүүд ч энэ цаг үед амьдарч, хүмүүжиж, олуулаа нийлж үе нэгтнээ алагчлах, дээрэлхэх гэсэн ойлголтийг түгээж явсан, дүүргийн, байрны, орцны, сургуулийн, ангийн атаманууд “Олонтой”  намдаа уг нь.

Одоо цагт ч ялгаа бараг алга. Орчин цагийн хүүхэд, залуусыг харахад олуулаа нийлж, бусдыгаа сайнаар бус муугаар үлгэрлэн, жижиг дарангуйлал тогтоож байгаа үйлдэл телевиз, фэйсбүүк, твиттэр, сайтуудаар бичлэг, дүрс нь харагдаж, нотлогдох л юм. Гэхдээ соц нийгмийн үеийн атамануудаас арай ондоо болсон зүйл нь нэршил “Хип хоп”-ын, охидуудын, Өргөөгийн, Тэнгисийнхэн гэж өөрчлөгдөн, соёлын хувьд хамаагүй дээрдэж, ядаж л ил харагдах нь бага болж, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан үйлдэл, үйл явдлаа бичлэгээр харуулдаг болсон байна.

Ер нь Монгол хүний эр чадал, зүрх зориг хаана харагддагыг манай АН-ын цөөн тооны удирдлагууд хэр төсөөлж боддог бол, олуулаа бүр олуулаа болоод авбал болох нь тэр хэмээн төсөөлж, намхан атлаа бусдын өмнүүр бус, ардуур орж нуугдан, ажил хийх гэж бус, хэлмэгдүүлэлт эхлүүлэх гэж, олуулаа л байвал бусдыг дарангуйлж болно гэсэн ойлголтыг өвөртөлсөн бололтой.

Бидний бахархал болсон өвөг дээдэс эзэн Чингис хаан болон Монголын үе үеийн хаадууд цөөхүүлээ хэрнээ, жинхэнэ эр зориг, оюун ухаан, эв нэгдэл, хүч чадлынхаа давуу талыг зөв тооцож, ашиглаж чадснаар дэлхийг байлдан дагуулсан гэж сонсож байснаас Монголчууд оросуудтай, хятадуудтай нийлээд олуулаа болж байгаад дэлхийн талыг эзэлсэн гэж сонсоогүй л юм байна.

Тэгээд ч “Хүний олон хүнээ барьж иддэггүй” гэсэн Монгол ардын нэгэн сайхан зүйр үг байдгийг санах хэрэгтэй. АН-ынхны явуулж байгаа “Олуулаа” хэмээх үзэл суртлын мөн чанарыг илрүүлэн хэлэхийг хүссэн болохоос, улс төрийн байр сууринаас хандан шүүмжлэхийг хүссэнгүй, аливаа юманд учир зүй, зорилго, зорилт байх ёстой.

Утга учиргүй олуулаа, бүр олуулаа болох лоозон дэвшүүлэх нэрээр элэг нэгт Монгол түмнийг минь хагаралдуулах далд санаа агуулж байгааг нь зүгээр хараад сууж чадахгүй нь, намтай намгүй өмнө нь амьдарсаар ирсэн, цаашид ч амьдрах л байлгүй.

Энэ хэт улс төржилт, талцал, хэлмэгдүүлэлт, гүтгэлэг, гэр бүлээрээ эрх мэдэлд тэмүүлсэн шунахайралт, эрээ цээргүй явдал, ядуу үгийн цуглуулга, холбоосуудаа гоёоор магтаж, хүний тархи, толгойруу хүч хэрэглэн чихэх үйлдлээ зогсоож, соёлтой, хөтөлбөрийн, хөгжлийн төлөө тэмцэл болгон өөрчилбөл зүгээр санагдах юм даа.

Б.Ганхуяг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.