Хүмүүс: |
Нийслэлийн шинэ мэр Э.Бат-үүл хотын ажлаар орон нутгийн сонгуулийг гайгүй сайн хийж байна.
Өмнөх Засаг дарга нарынхаа хийсэн ажлыг дурдах дургүй тэрээр хурдны зам, метро, шинэ хорооллын төлөвлөлтийг ердөө хоёр сарын дотор хийчихсэн жинхэнэ баатар хүн шиг л ярьж байгаа. Үнэн хэрэгтээ том хотын төлөвлөлт гэдэг хоёр гурван сарын дотор хэдэн хүн ярьж суугаад шийдчихдэг асуудал биш. Сая гарсан хүнтэй, ийм олон машин хотын төвөөр нь холхисон том хот болно гэж төлөвлөөгүй нийслэл маань зах зээлийн нийгмийн шуурганд ачаагаа даахаа больсон нь үнэн. Түгжрэл, утаа, газрын маргаан хүмүүсийг залхаасан. Гэтэл Үүл баатар маань үүгээр нь их шоудах юм. Одоо ажлаа хиймээр байна. Өвөл хаяанд ирлээ. Хамгийн наад зах нь их хотод маань гэрэл цахилгаан байнга тасрах болоод удаж байгааг мэр маань мэдэж байгаа юм болов уу. Орчин үеийн байрууд цахилгаанаар халаалтаа шийдсэн нь цөөнгүй. Хэдэн цагаар байтугай хэдхэн минут цахилгаан тасрахад л байр нь хөлдөнө гэсэн. Захын зарим гэр хорооллуудад гэрэл тасрах бол бараг хэвийн үзэгдэл бөгөөд гэрэл цахилгаангүй өрх маш олон байна. Гэтэл үүнд анхаарахын оронд хэзээ биелэх нь тодорхойгүй мөрөөдлийн юм яриад малилзтал инээгээд л орой болгон зурагтаар гарч шоудаад явах юм. Сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. Харин өвөлжийн бэлтгэл шалгасан хүндхэн өвөл болох төлөвтэй байна. Үүнд илүүтэй анхаарч ажиллахыг иргэд юу юунаас илүү хүсч байна, Бат-Үүл баатар аа.