Жүжигчин Б.Батжаргал: Хайрлаж хүндэлж явдаг жүжигчинтэйгээ хамт кинонд тоглосондоо өөрөөрөө бахархаж байна

2012/11/20
Share |
Хүмүүс:
Жүжигчин Б.Батжаргал: Хайрлаж хүндэлж явдаг жүжигчинтэйгээ хамт кинонд тоглосондоо өөрөөрөө бахархаж байна

“Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны кино саяхан албан ёсны трэйлерээ дэлгэсэн билээ. Энэ киноны нэг онцлог нь жүжигчин О.Долгор, С.Ариунбямба, С.Алтанхуяг, П.Баттөр, Л.Билэгжаргал, мисс Б.Бадамцэцэг, П.Шүүдэрцэцэг,Б.Батжаргал нарын зэрэг шинэ залуу уран бүтээлчид, тэр болгон түүхэн кинонд тоглоод байдаггүй шинэ дүр төрх олныг тоглуулсан юм. Ингээд тус кинонд тоглосон жүжигчин Б.Батжаргалтай ярилцлаа.

-Бидний урилгийг хүлээж авсанд баярлалаа. Өөрийгөө манай уншигчид танилцуулаач. Таныг төдийлөн сайн танихгүй байх.

Танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баярхүүгийн Батжаргал гэдэг. “Шүүдэр” продакшинд харьяалалтай шинэ залуу жүжигчин. “Ану хатан” түүхэн кинонд тоглосондоо их баяртай байгаа.

-Уран бүтээлийн гараагаа хэзээ эхэлсэн бэ

Уран бүтээлийн гараагаа 2006 оноос анх рекламд тоглож эхэлж байлаа. Түүнээс хойш олон ч реклам, кинонд тоглосон байна.

-Та өмнө нь “Орлон тоглогч” гэдэг кинонд гол дүр бүтээж байсан. Тэр кино таны анхны кино юу

Тиймээ. Манай найз анх кино пробонд орох санал тавьсан юм. Тэгээд би очиж бүртүүлж шалгуулаад тэнцсэн. Яагаад ч юм би дүрдээ хэт ороод уйлаад л, үнэн сэтгэлээсээ үгээ хэлж тоглосон болохоор найруулагчид их таалагдсан байна лээ. Хоёр хүний дүр бүтээж нэг кинонд тоглоно гэдэг мэргэжлийн жүжигчин биш хүний хувьд ихээхэн амаргүй байсан шүү.

-Таны өөрийн үндсэн мэргэжил. Яагаад жүжигчин болсон юм

Арьсан урлалаар юм хийдэг. Арьсаар их олон зүйл хийсэн. Яагаад энэ мэргэжил рүү орох болсноо өөрөө ч сайн мэддэггүй. Нэг мэдэхэд л халтираад орчихсон гэх үү дээ.  

-Ану хатан кинонд ямар дүр бүтээв, зураг авалт хэр хугацаанд болсон бэ хүнд хэцүү үе их байсан байх

Бэлтгэл ажлаас нь эхлээд хамт байлаа. Бүтэн нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Зураг авалт их олон газар болсон.  Энэ хугацаанд их юм сурч авлаа. Нум сум харвах, морин дээрээс сум шүүрэх гээд л. Энэхүү кинонд “Ану хатан”-ы багын найз Өлчирын дүрд тоглосон.

-Ану хатан кинонд тоглох нь таниас хэр их хүч шаардсан бүтээл вэ?

Бага балчираас өтөл буурал болтлоо хувирч кинонд тоглоно гэдэг их хэцүү байсан.  Тиймээс надаас маш их эрч хүч шаардсан бүтээл боллоо гэж хэлж болно.

- Зураг авалтын үед хөгжилтэй үе олон байсан байх. Заримаас нь дурдвал

Хөгжилтэй гэх зүйл их олон байгаа. Миний зураг авалттай үе дээр би орилоод хашгираад уйлдаг хэсэг байдаг юм. Тэр зураг авалт дээр айхтар уйлаад  яг гоё дүрдээ орж байтал сахал маань салаад унаад ирсэн. Юуны уйлах манатай болж байгаа юм чинь /инээв/ Бас бус хүмүүсийн онигоо зөндөө байгаа шүү.

-Одоо киноны саналууд их ирж байна уу

Саяхан “Цахлай” гээд олон ангит кинонд тоглох санал ирсэн. Ойрдоо нилээд киноны санал  ирж байгаа.  

-Хайрлаж явдаг жүжигчин байдаг байх нэрийн дурдаач

Нэрлэж барахгүй байх. Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Урлагийн алтан үеийн гол төлөөлөгч Г.Равдан гуай, гээд. Би “Мандухай хатан” киног жаахан байхдаа их үзэж байсан. Тэр кинонд тоглодог Минхай баатарыг ямар гоё ах вэ гээд  биширдэг байлаа. Тэгсэн сая “Ану хатан” кинонд тэр хүнтэй цуг тоглосондоо их баяртай байна. Хүүхэд байхдаа хайрлаж хүндэлж явсан жүжигчинтэйгээ хамт нэг кинонд тоглосондоо өөрөөрөө их бахархаж байгаа шүү.

-Багадаа ямар хүүхэд болно гэж боддог байсан бэ

Бусад хүүхдүүдийн адил сансарын нисгэгч, эмч, цагдаа гээд л их туйлбаргүй хүүхэд байсан. Гэхдээ жүжигчин болно гэж ер бодож байгаагүй. Миний бага нас гэвэл зовлон, жаргал холилдсон сайхан үе өнгөрсөн.  Би дээрээ гурван ах, гурван эгчтэй. Багадаа нилээн дуугүй, аймар ичимхий хүүхэд Нийслэлийн 46-р сургуулийг төгсч байлаа. Харин амьдрал гэдэг зүйл намайг энэ ичимхий зангаас минь салгасан.

Аав ээжтэйгээ хамт амьдарсан тэр үе надад үнэхээр сайхан байсан. Манай аав намайг 11 настай байхад өнгөрсөн юм. Түүнээс хойш ээж маань биднийг өсгөх гэж хэрэндээ хичээдэг байлаа. Шөнө болгон орондоо уйлдаг байж билээ. Тухайн үед зах зээл гараад амьдрахад улам хэцүү болсон. Бид хоолгүй хонох наад захын асуудал байсан. Аавыг өнгөрөөд төд удалгүй дөрвөн жилийн дараа ээж маань тархины хорт хавдар гэдэг аймшигт өвчнөөр өнгөрсөн. Тэгээд л бид үнсэнд хаясан шалз шиг өнчирч үлдсэн. Би их олон төрлийн ажил хийж өссөн. Ер нь бол их амьдрал туулсан гэж өөрийгөө боддог шүү. Тэр болгонийгоо одоо санаж явдаг.


-Таныг ингээд ярьсан чинь “Гарын таван хуруу” гэдэг кино санаанд орж байна. Та нарын амьдрал түүнээс хэцүүгээр нүдэнд минь төсөөлөгдөж байна шүү

Одоо бодоход аав ээжийгээ ганцхан удаа ч гэсэн баярлуулж байхгүй яавдаа гэж их харамсдаг. Ер нь манай эгч л энэ олон хүүхдүүдийг хүний зэрэгтэй хүн болгож өсөж хүмүүжилсэн. Эгчдээ хайртай шүү гэж хэлмээр байна.

-Эхнэр хүүхэдтэй юу. Гэр бүлээ танилцуулаач

Эхнэр хүүхэдтэй. Манай эхнэр хувиараа бизнес эрхлэдэг Нямдулам гэдэг бүсгүй байгаа. Нэг хүүтэй Бат-Энгүүн гэдэг. Одоо 6 настай. Улсын тэргүүний Нэгдүгээр сургуульд сурч байна.

-Танай гэрбүлд урлагийн хүн байгаа юу

 Манай ээж цэцэрлэгийнхээ дуу хөгжмийн багш хийдэг хүн байсан. Сонирхуулахад манай ээж “Мартагдашгүй намар” киноны Сарнай гээд гол дүрийн пробонд ороод тэнцэж байсан гэсэн.

-Таны хувьд мөнгө гэж юу бэ

Одоо цагт мөнгөгүй бол хүн биш болчихсон юм бишүү. Хүмүүс мөнгөтэй бол сайн үйлчилнэ. Мөнгөгүй хүнд уучилаарай болчихсон хорвоо байна лээ. Уг нь амьдрал гэдэг зүйл чинь их сайхан. Даанч мөнгө гэдэг зүйлгүй бол амьдрал, амьдрал биш болчихсон байна гэж бодож байна.

-Таны “Орлон тоглогчид” мөнгөний талаар их нарийн тусгасан байсан

Мөнгөнөөс л болж ах дүү, амраг садан найз нөхөд бүгд л мууддаг болчихож. Тийм битгий байгаасай гэсэн үүднээс тус кинонд харуулахыг зорьсон.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ

Гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах дуртай. Мөн гэртээ сайхан амттай хоол хийж идэх дуртай шүү

-Эх орныхоо юугаар бахархаж омогшдог вэ?

Би эх орныхоо бүх зүйлээр бахархдаг. Би хаана ч халхын хүү гэж явах дуртай. Монгол орон шиг сайхан орон дэлхийн хаана ч байхгүй.

-Монголын залуусын талаарх таны бодол?

Манай залуучууд их авьяастай, хүчтэй, дайчин гэж боддог.

 

-Залуу хүний хувьд хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач.

Их олон мөрөөдөл бий. Гэхдээ миний хувьд элэг бүтэн амьдарч байвал бүх зүйл аяндаа сайхан болдог гэж боддог.

Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. 

Танай сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.