Хүмүүс: Л Гүндалай | |
2012 оны орон нутгийн сонгуулийн дүн гарч, аймгуудын ИТХ засаг дарга нараа сонгох ажилд яаравчлан орж байна. Учир нь ирэх долоо хоногт багтаан орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах юм. Өчигдөр орой Хөвсгөл аймгийн ИТХ-ын анхны хуралдаан тун ширүүхэн болжээ. Шинээр сонгогдсон гишүүд ИТХ-ын даргаар МАН-ын гишүүн Т.Болдбаатарыг сонгосон байна. Мөн Хөвсгөл аймгийн шинэ засаг даргаар МАН-ын гишүүн "Лидер Кашмер" группын захирал Л.Ганболдыг сонгожээ. Сонирхолтой нь тэрбээр Хөвсгөл аймгаас олон удаа парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай өрсөлдөж, 24:17 гэсэн харьцаатайгаар ялсан байна.
Хөвсгөл аймгийн шинэ засаг дарга Л.Ганболд нь 1972 онд төрсөн, одоогоор хамгийн залуу засаг даргаар тодроод байна. Тэрбээр аймагтаа аялал жуулчлал, ноолуур боловсруулах бизнес эрхэлдэг. Хөвсгөл аймгийн иргэдэд ноолуур боловсруулах үйлдвэрийн бизнесээрээ ихээхэн танигдсан, бизнесээ шударгаар явуулдаг гэсэн нэр цэвэр хүн юм. Л.Ганболд нь Хөвсгөлдөө нэр хүндтэй гавьяат багш П.Лхагвасүрэнгийн хүү бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ийнхүү УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг улс төрийн цаг нь залуу байгаа бизнесмэн Л.Ганболд ялж засаг дарга болжээ.