Дуучин С.Сэрчмаа: Хайрт ээжийгээ алдсан ч надад бүхнийг туулах сэтгэлийн тэнхээ бол байгаа

2012/12/03
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
 Дуучин С.Сэрчмаа: Хайрт ээжийгээ алдсан ч надад бүхнийг туулах сэтгэлийн тэнхээ бол байгаа

Поп урлагийн сайхан бүсгүй хэмээгдэж цагтаа бишгүй л олон монгол залуусын сэтгэлийг эзэмдэж зүрхийг шархлуулж явсан дуучин С.Сэрчмаа эх орондоо ирснээс хойш уран бүтээлээ туурвин завгүй ажиллаж буй. Тэрбээр тун удахгүй өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын тухай бодит үнэнийг өгүүлэх “Би явлаа, баяртай” киногоо олны хүртээл болгохоор ажиллаж байгаа юм. Ингээд түүнтэй цөөн хором шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлүүдээс чинь яриагаа эхэлье.

 -Баярлалаа. Танай Factnews сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдхэн хоногийн өмнө “Бүсгүйн аргамж” шинэ дуу гаргасан байгаа. Энэхүү дуугаа “Sweetemotion хамтлагийн 15 жилийн ойн баяраар нийт үзэгчддээ дуулж сонирхууллаа.  Энэ нь дуу маань миний өөрийн амьдралаас сэдэвлэн хийсэн “Би явлаа, баяртай” киноны дуу юм. Үзэгчид нилээд хэд сонсож байж, сая сонсогчидод хүрч дууг хүлээж авдаг. Энэ дууны аяыг “Харанга”- ын Чука ах хийсэн. Үгийг бол Энхтайван, Баярхүү гэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр яруу найрагч зохиож өгсөн. Энэ дууг “New star” студи дээр бичүүлсэн байгаа.

-Дуучин Сэли өөрийнхөө амьдралаасаа сэдэвлэн бүтээсэн киногоо тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа. “Би явлаа, баяртай” киноныхаа талаар манай уншигчидад дэлгэрэнгүй яриач

За тэгэлгүй яахав. Сэли продакшны хамгийн анхны бүтээл бол яах аргагүй энэхүү кино бүтээл байлаа. Маш том зүйлээр гараагаа эхэлсэн гэж хэлж болно. 100 хувь өөрийн амьдралаар энэхүү киногаа хийсэн байгаа. Он гаргаад “Би явлаа, баяртай” нэртэй киногоо үзэгчдийн хүртээл болгож, нээлтээ хийе гэж бодож байна. Би өөрөө киноныхаа гол дүрд нь тоглосон төдийгүй продьюсерээр ажилласан. Кино маань гурван улс дамнан хийсэн уран бүтээл болсон. Монгол улсдаа, Хятадад, Германд зураг авалтууд хийсэн байгаа. Германы баг бол техникийн баг бүрдүүлсэн. Ерөнхийдөө гэрэлтүүлэгч, дууны найруулагч, оператор операторын туслах гээд. Харин зураг авалтын талбай обьектыг сонгох ажил дээр Шанхайн кино продакшн хамтран гүйцэтгэсэн.

-Та “Sweetymotion”-ы ойн тоглолтоор тайзнаа гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байсан гэж хэлж болно. Тухайн үеийн сэтгэгдэлээс хуваалцаач

15 жилийн дараа дахин нэг тайзан дээр гарч хамтдаа дуулна гэж бодсонгүй. Миний хувьд гайхамшигтай, дурсамж сэргэсэн үдэш байлаа. Бид жоохон охидууд байхадаа дуучин болох юмсан, олонд танигдсан хүн болох, CD хийж үзэх, тоглолт хийж үзэх юмсан гэж бодож хүсч мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл маш хол байсан бол одоо мөрөөдлөө олсон байна. Хамтлаг өөрийн хүрье гэсэн мөрөөдөлдөө хүрчихсэн, авья гэсэн бүхнээ авчихсан. Миний хувьд ч гэсэн тодорхой хэмжээний хүрээлэлтэй өөрийн гэсэн дуу, уран бүтээлүүдтэй боллоо. Манай хамтлагийн охидууд яах аргагүй өнөө цагийн рок попын төлөөлөл болж чадсан гэж хэлмээр байна. Энэ хамтлагийг оршино тогтнож ийнхүү хүчтэй болгож чадсан хүн бол яах аргагүй Чинбаа. Дуучин хүн гоё дуугүйгээр хэзээ ч явж чаддаггүй. Хичнээн гоё хоолойтой байсан ч аялгуу муу бол хүнд хүрдэггүй. Тэр аялгууг болгоныг гаргаж хийж байсан Чинбаадаа бас баяр хүргэмээр байна. Бид “Ингэн тэмээний дуу”-г гарын таван хуруу шиг тавуулаа нэг хүн шиг дуулна гэдэг их сайхан байсан.


-Яагаад продакшнаа “Сэли” гэж нэрлэсэн юм бэ.

Хүмүүс байнга л асуудаг лдаа. Сэрчмаа уран бүтээлийн гараагаа эхлүүлээд 14,15 жил болжээ. Мэдээж эмэгтэй хүн, дуучин хүн гэсэндээ нэр дээвэр туургатай байя гэсэндээ ингэж нэрлэсэн байгаа. Тэрнээс биш би нэг их онцгойрох гээд юм уу, бусдаас ялгарах гээд байгаа зүйл огтхон ч биш юм. Би нийгмийн сайн сайхны төлөө ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудын төлөө, их зүйлийг хийж туслаж дэмжиж явах үүднээс нээн ажилжуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байх. 

Киногоо ч гэсэн нийгэмрүү хандуулж залуучууд, бүсгүйчүүдэд зориулан хийсэн юм. Бүхий л насныханд зориулсан бүтээл гэж ойлгож болно.

 

-Таныг тухай үнэн худал мэдэгдэхгүй мэдээлэл их цацагддаг. Нөхрөөсөө саллаа, буцаад нийллээ гэх мэт. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авч байна вэ

Миний талаар байнга л шар хэвлэлүүдэд бичигддэг. Сэрчмаа үнэхээр нөхрөөсөө салсан уу үгүй юу, хакухотой холбогдсон уу, нөхөртэйгээ зодолдсон уу гэх мэтчилэн элдэв цуу яриа их хэвлэлээр цацагддаг.  Миний энэхүү киноноос нэгийг ойлгож, хоёрыг тунгаагаасай гэж хэлмээр байна. Би энэ киног ээждээ зориулан хийсэн байгаа. Ээж минь хэдхэн хоногын өмнө бурхан болсон. Уг нь би энэхүү киноныхаа нээлтийг ээждээ хамгийн түрүүнд үзүүлэн гэж их зорьж байсан. Даанч чадсангүй. Ээж минь намайг дээрээс харж, надад туслах байх. Хүний амьдрал ийм л байдаг. Гэрийнхээ отгон охин болохоор 30 нас хүрсэн ч гэсэн ээждээ би хамгийн эрх охин байсан. Хайрт ээжийгээ алдчихсан үнэхээр хэцүү байгаа ч надад энэ бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ бол байгаа.

-Таныг хүүхдийн элч дуучин боллоо гэж байсан. Ямар хүмүүнлэгийн ажил өрнүүлэх гэж байна вэ

Манай студи дуу, дүрс бичлэгийн студи л дээ. Ерөнхийдөө дэлгэц талруугаа. Би өөрөө дуучин хүн учраас цаашдаа олон уран бүтээл хийж дуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэхүү ажлынхаа хажуугаар дуулах сонирхолтой хүүхдүүдэд туслаад явах бүрэн боломжтой. Яг одоогоор өмнөө зорилт тавиад, төлөвлөгөө гаргаад өөрийн графикийн дагуу явж байна. Гэвч хэн нэгэнд туслая гэсэнд туслаад өөрийнхөө зүг чигийг мэдэхгүйгээр амьдралд явна гэдэг буруу зүйл. Одоохондоо ажил эхлээд удаагүй байна. Дээрээс нь кино гээд маш том ажил хийж байна. Тиймээс дараагийн зорилго чиглэлээ сайтар гаргаж байж, олонд тайлагнах ёстой байх гэж бодож байна.

-Сүүлийн үед дуучин болгон кино урлагт хүч үзэх болсон. Таны хувьд ч  кинонд тоглож байна. Цаашдаа кино урлагт хүч үзнэ гэсэн бодолтой байгаа юу

Надад сүүлийн үед гадны уран бүтээлчид хамтран кино хийе, кинонд тоглоод өгөөч гэсэн саналууд маш ихээр ирж байгаа лдаа. Гэхдээ би өөрийгөө кинонд тоглох тийм мэргэжлийн түвшинд хүрсэн гэж бодохгүй байна. Хүн ямарваа нэгэн зүйл хийх чадвартай байдаг. Уран бүтээлч, дуучин хүн гэдэг бол тайзны асар их мэдрэмжтэй. Тайзан дээр дуулна гэдэг бол хагас нь драм байдаг. Ядаж дуундаа орох гээд мэдрэмж их шаарддаг. Дуучин хүн бол дүрд хувирч кинонд тоглоно гэдэг бол энгийн хүнийг бодвол арай ойр, дөт байдаг. Хэрвээ надад олон улсын хэмжээнд кинонд тоглох санал ирвэл тухайн нөхцөлд би сайн дүрээ судалж, багш авч бэлтгэл сургуулилт хийж байж тоглоно. Гадны дуучдыг ч гэсэн хараад байхад тийм байдаг юм байна лээ. Гэхдээ өөрийгөө хөгжүүлж боловсруулж байж кинонд тоглоно гэж бодож байгаа.

-Таныг хятадад байх хугацаанд хятад дуучин боллоо гэж их яригдсан. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ

Тухайн үед би хятадад сургуульд сурч, амьдарч байсан болохоор тэндээ би уран бүтээлээ хийж байсан. Өвөрмонгол хүмүүс  монгол дуунд маш дуртай. Байнга л “Хурд”, “Харанга” хамтлагийн болон, дуучин С.Жавхлангын дуунуудыг сонсож байдаг. Өвөрмонголчууд орчин үеийн урлагт маш их дуртай болохоор манай дуучдын урьж дуулуулж, хамтарч ажиллах болсон. Би тэнд байх хугацаандаа бие даасан тоглолтоо хийсэн лдээ. Намайг тэнд очоод дуугаа дуулахаар Сэрчмаа хятадын дуучин болчихлоо гээд байдаг. Ингэж хэлж арай болохгүй юм шиг санагддаг. Хэрвээ би өөрийн иргэншилээ болиод хятад паспорттой болоод тэнд уран бүтээлээ хийгээд явбал бас буруутгаж болох юм. Би хятад дуучин биш. Миний хувьд би хаана ч явсан эх ороноороо бахархаж явдаг би эх орондоо хайртай ээж аавтай минь зүрхэнд оршдог. Зөв үйлдэлтэй хүн угаасаа цаг хугацааны явцад хүмүүст зөв ойлгогддог байхаа гэдэгт итгэдэг.

-Цаашдын уран бүтээлээсээ сонирхуулаач

Миний бүх CD зарагдаад дуусчихсан байгаа болохоор хүмүүс хэзээ шинэ CD гаргах вэ гээд асуугаад байна лээ. Он гаргаад хуучин дуунуудынхаа түүвэр гаргах төлөвлөгөөтэй байгаа. Мөн шинэ шинэ уран бүтээлээр фэнүүдээ бэлэг барина. Мэдээж чанартай даацтай уран бүтээлүүдээр бэлэг барихын тулд хичээж ажиллана.

-Бидний урилгыг хүлээнэ авч цаг зав гаргаж ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдын чинь ажилд өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.