2012 оны 12 бахдам амжилт

2012/12/19
Share |
Хүмүүс:
2012 оны 12 бахдам амжилт

2012 оны 12 бахдам амжилт“Залуучуудын үнэн” сонин 37 дахь дугаараа уншигч танд өргөн барьж байна. Анх 4-р сарын 2-нд шинэчлэгдэн гарч эхэлсэн цагаас хойш дэлхий дахинд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа салбар салбарын залуусын авъяас чадвар, нэр хүндийг нь олонд таниулж бусдад үлгэр дууриалал болгон дэмжиж ажиллаж ирсэн билээ. Эргээд харахад бид сониндоо Монголын залуусын төлөөлөл болж, үеийнхнээсээ нэг алхмын өмнө амжилттай яваа олон хүмүүсийн тухай сонирхолтой ярилцлага, мэдээ мэдээллийг цаг үед нь нийтэлсэн байна. Харин бид энэ удаагийнхаа дугаарт Монголын бахархал болсон “2012 оны 12 бахдам амжилт”-ыг нэрлэж байна. Бид дараа дараагийнхаа дугаарт ч салбар бүрт амжилт гаргаж яваа залуустай уулзаж уншигчиддаа сонирхолтой ярилцлагуудыг хүргэсээр байх болно1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н. Түвшинбаяр Лондонгийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж дэлхийд данстай бөх гэдгээ харуулсан. Тэрбээр “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж Олимпийн мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. Энэхүү мөнгөн медалийг алтын дайтай мөнгөн медаль хэмээн Монголчууд хүлээн авч байсан. Учир нь Олимпийн алт, мөнгөн медальтай тамирчин Монголын спортын түүхэнд, тамирчдын дунд байхгүй. Н. Түвшинбаяр Лондонгийн олимпийн татамигаас мөнгөн медаль хүртсэнээр олимпийн наадмаас хошой медаль хүртсэн Монголын түүхэнд анхны тамирчин бөгөөд олимпийн 21 дэх медалийг эх орондоо авчирсан нь яахын аргагүй 2012 оны онцлох үйл явдал байлаа. Н. Түвшинбаяр Монголчууд бидний үндэсний бахархал, түүхэнд мөнхөд дуурсагдах домогт бөх болсон.2. Японы мэргэжлийн сумогийн 9-р сарын Аки башёд Харумофүжи Д. Бямбадорж түрүүлэн Якузоно цолны болзол хангаж Монгол түмнээ баярлуулсан билээ. Их аварга Таканоханагаас хойш мэргэжлийн сумогийн дэвжээг Монгол залуус эзэгнэх болсныг гадаад дотоодын сумо сонирхогчид ярих болсон. Үнэхээр л их аварга Асашёорю Д. Дагвадорж, Хакухо М. Даваажаргал зэрэг эх орон нэгт аваргуудынхаа араас мөр залган гарч ирсэн 70 дахь аварга Харумофүжи Д. Бямбадорж эх орныхоо бахархал нь болж чадсан юм.3. Дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн оюуны Олимп буюу “MEMORIAD-2012” тэмцээнд Монгол залуус илүүрхэж, ой тогтоолтын дэлхийн аварга Т. Мягмарсүрэн “Хүн хуанли”, С. Цогбадрах “Flash Numbers” төрлөөс алтан медаль хүртэж оюуны олимпийн аварга болцгоолоо. Мөн мөнгөн медалийг С. Акжол хөзрийн төрөлд хүртсэн. Ийнхүү манай баг хоёр алтан медалийг ихэрлүүлж нэг мөнгөн медальтай ирж Монголчуудаа баярлуулсан юм. Манай тамирчдын түрүүлсэн төрөлд урд хөршийнхөн дээгүүрт бичигдсээр иржээ. Гэтэл Монгол улсын тамирчин цээжлэх ёстой 300 тоог нэгийг ч алдалгүй нэрлэж дэлхийн улсуудад өөрийн орныхоо нэрийг мандуулж чадсан эдгээр оюунлаг залуус бидний бахархал юм.4. Монгол Улсын шатарчдаас 12-тойдоо Монгол Улсын спортын мастер, 13-тайдаа Олон Улсын мастер, 15-тайдаа шатрын олон улсын их мастер цолыг анхлан хүртэж амжилтаа бататгаж яваа Б. Мөнгөнтуул манай улсын шилдэг тамирчдын нэг юм. Мөн Улсын 3 удаагийн аварга Б.Гүндаваа нь энэ жил Турк улсын Истанбул хотод болсон дэлхийн олимпиадад амжилттай оролцож Шатрын спортын “Их мастер”-ын болзолыг хангасан.               Оюуны спортоор эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж яваа тэднээр бахархахгүй байхын аргагүй юм.5. Дэлхийн утга зохиолын ноён оргилуудын нэг “Гамлет” Монголын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин тавигдсан нь энэ оны шилдэг үзвэрүүдийн нэг болж чадсан юм. “Гамлет жүжгийг найруулах найруулагчийг шалгаруулах тендер зарлагдаж түүнд энэ цаг үеийн шилдэг найруулагч нар өрсөлдсөн бөгөөд тэднээс найруулагч Н. Наранбаатар шалгарсан. Өдөр тутмын амьдралдаа үүртэж түүртсээр ямххан сэтгэх яльгүй оюунтай болчихсон биднийг ийм “амттай” санаашралд автуулж, сонгодог урлагийн ноён оргилуудын нэг рүү бодлыг минь мацуулсан УДЭТ-ын хамт олон, найруулагч Н. Наранбаатарт талархсан сэтгэлээ илэрхийлье6. БНСВУ-ын Ханой хотод Олон улсын циркийн IV наадам болж, тус наадамд Монгол, ОХУ, Украйн, Куба, Лаос, Камбож, Франц, АНУ, Грек, Вьетнамын нийт 185 жүжигчин 5-н төрөлд авьяас чадвараа сорин өрсөлдсөн. Уг наадамд манай улсыг төлөөлөн оролцсон “АСА” циркийн жүжигчин, СТА Э. Лхагва-Очир гар дээрх тэнцвэрийн үзүүлбэрийн төрөлд үндэсний бүжгийн өнгө аяс бүхий уран нугаралт, тэнцвэрээр алтан медаль хүртсэн билээ. Эх орноо төлөөлөн оролцсон Э. Лхагва-Эрдэнэ өөрийн үзүүлбэрээрээ үзэгчдийг байлдан дагуулж, гайхшруулж чадсан юм.7. Монгол Улсын Төрийн шагналт зураач С.Саранцацралт XXI зууны дэлхийн шилдэг оюунлаг сэхээтний нэгээр тодорсон билээ. Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс эрхлэн тодруулдаг оны 2000 хүний нэг нь С.Саранцацралт болж уг шагналын өргөмжлөл, медалиа саяхан хүлээж аваад байна. Орчин үеийн гарамгай хүмүүсийн намтрын байгууллагаас олгосон шагналын хүндэт өргөмжлөлд бичихдээ “Олон улсын намтрын төвөөс Монгол Улсын нэрт зураач Сэр-Одын Саранцацралтын дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж 2012 оны дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр өргөмжлөв” гэжээ.                Уг цол, шагналыг урьд нь Монголоос тун цөөхөн буюу гарын таван хуруунд багтах хүн авсан байдаг. С.         Саранцацралт Монголын уран зургийн ертөнцөд өөрийн гэсэн цоо шинэ, өвөрмөц өнгө төрхөөр ялгарч чадсан уран бүтээлч юм.8. Дэлхийн 100 гаруй улсын 550-иад сурагч оролцсон олон улсын математикийн 53-р олимпиадад Сэлэнгэ аймгийн харъяат, Монгол-Туркийн хамтарсан “Улаанбаатар” сургуулийн 11-р ангийн сурагч Э. Төрбат амжилттай оролцож Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн аваргын алтан медалыг хүртсэн. Уг тэмцээнд Э. Төрбат 94, 15 хувийн үнэлгээтэйгээр хамгийн өндөр оноо цуглуулж алтан медалийн болзол хангажээ. Ийнхүү 11-р ангийн сурагч дэлхийд өөрийн болон улсынхаа нэрийг гаргасан нь энэ оны гайхалтай үйл явдлуудын нэг байлаа.9. Монголын соёл урлаг, тэр тусмаа сонгодог урлаг, дуурийн тайзнаа өнгөрч буй оны онцлох эрхмүүдийн нэг бол МУГЖ Г.Ариунбаатар юм. М.И. Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээний эрэгтэй дуучдын төрөлд эхний байрт шалгарч эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд хүргэж чадсан билээ. Уг олон улсын наадам нь зэрэглэлээрээ дэлхийн аваргатай тэнцэхүйц нэр хүнд, ач холбогдолтой юм.10. Тайванийн Тайпэй хотноо болсон Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээнд манай шигшээ багын залуус амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Манай баг Ази, зүүн Азийн тэмцээнүүдэд олон удаа оролцон тоглохдоо Хятадын шигшээ багтай удаа дараа тоглож байсан ч өсвөрийн шигшээ, насанд хүрэгчдийн шигшээ, залуучуудын шигшээ багийн түүхэнд хожиж байгаагүй аж. Харин энэ удаад гайхалтай тоглолт хийж өөрсдийнхөө нэрийг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглүүлэн үлдээсэн юм.11. МЗХ-оос санаачилсан “Паркаа аваръя” хөдөлгөөн яах аргагүй энэ оны цахим ертөнцөөр эхэлж, одоо ч үүгээр хүрээгээ тэлсээр байгаа, олон хүнийг хамарч, асуудал дэвшүүлж чадсан томоохон хөдөлгөөн юм. Өнөөдрийн хувьд цахим ертөнцөөр хүмүүсийн хамгийн олон шайрлэж, лайкдаж байгаа групп бол “Паркийн газрыг чөлөөл” бөгөөд уг группэд нэгдсэн залуус паркийн талаар үзэл бодлоо чөлөөтэй солицож, шинэ санаануудыг дэвшүүлж байна. Хүүхэд залуучуудад зориулагдсан газрыг тэдэнд буцааж өгөхийг паркийн газрыг эзэмших болсон эрхмүүдээс шаардаад байгаа бөгөөд энэ хөдөлгөөнд хүүхэд залуусаас эхлээд урлаг спортынхон, ахмадууд, УИХ-ын гишүүд хүртэл нэгдээд байна. Мөн энэ хөдөлгөөн яригдаад өнгөрөх биш цаашид паркаа эргүүлж авахын төлөө эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд улам олон хүнийг хамарч нуугдмал олон асуудлыг ил болгож байгаа юм. Түүнчлэн 2012 оны онцлох үгээр “Паркийн газар” үг шалгарсан нь энэ хөдөлгөөн хэр олон хүний ярианы сэдэв болж байгааг гэрчилж байна.12. Дэлхийн алдарт “Michael Learns to Rock” хамтлагийг “Evento” компани болон МЗХ ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж Монголд авчирч 2 өдрийн турш гайхалтай тоглолтоор үзэгч фэнүүдтэй уулзуулсан нь 2012 оны хамгийн гайхалтай үйл явдал байлаа. 1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт хитүүд нь Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлагийн тоглолт олон хүний эргэлзээг тайлсан, хүсэн хүлээсэн мөрөөдлийг нь биелүүлсэн энэ оны шилдэг тоглолт байсан юм.Ц.БаянбилэгЭх сурвалж: Залуучуудын үнэн сонин


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.