Ардчилагчид багаа хууллаа

2013/01/09
Share |
Хүмүүс:
Ардчилагчид багаа хууллаа

Хорин гурван жилийн өмнө хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хийсэн хувьсгалчид өдгөөгийн төрийн өндөрлөгүүд. Ус агаар мэт дутагдсан үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөг эрэлхийлэн дүн өвлийн хүйтэнд цементэн талбайд өлсгөн зарлаж байсан хүмүүс өнөөдөр өөрчлөгджээ.

 

Аливаа дарангуйлагчид ард иргэдийг арчаагүй дорой байлгаж, үг хэлэх хийгээд үзэл бодлоо илэрхийлэхийг нь хориглодгийн адил тэд монгол хэлтнүүдийг сэтгэгдлээ бичихдээ өөрийнхөө бүхий л мэдээллийг давхар бүртгүүлэх шаардлагатай болгох шийдвэр гаргаж байна. Бусдыг гутаан доромжилж, садар самуунд уруу татагдсыг илрүүлэх зорилготой гэж халхавчилж буй эл үйлдэл нь үнэндээ хэтэрхий явцуу намчирхалтай холбоотой гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

 

Сүхбаатарын талбайд майн баяраар л ганц удаа жагсаал болдог байсныг эс тооцвол 1990-ээд оныг хүртэл бид “уйтгартай” нийгэмд аж төрж байсан шиг санагддаг. Хүн бүр нэгэн ижил бараан хувцастай. Аавууд бүгд адил хар, бор пальто курткатай байдаг бол ээжүүд бүгд ижил 45-ын гутлаар гангарч, булган захтай пальто авч өмсөх гэж мөнгө хураадаг байлаа.

 

Аав, ээжүүд ажилдаа явж, хүүхдүүд гэрээ манаж хоцорно. Байр болгоны орц нэгэн ижил. Дүү нараа аваад гудамжинд тоглох хүүхдүүдийн өмсч, зүүсэн гутал хувцас, тэр байтугай айл бүрийн тавилга, хөргөгчин дэх хоол хүнс хүртэл нэгэн ижил байсан цаг. Шинэ жилээр л ганц удаа мандарин хүнсний дэлгүүрт зарагддаг байсныг эс тооцвол амттан шимттэн, чихэр жимс их л ховор. Энэ бүхнийг өөрчилж, шинэчлэл хийхийг уриалсан болохоор ардчилсан хүчнийг ард түмэн дэмждэг ...

 

 

Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг болохоор л Ардчилсан нам гэдэг үг эрх чөлөө гэсэнтэй ижил сонсогддог. Гэтэл энэ үгнээс тэс хөндлөн, дарангуйллын шахуу шийдвэр гаргаж байгаа нь энэ хүмүүсийг албан тушаалын хараал иджээ гэхээс өөр үг олдохгүй нь.
Үнэндээ сайт гээч асар өргөн хүрээг хамарч, иргэд болон редакцийн амь холбоог үүсгэдэг тэрхүү гүүрээр дамжуулж үзэл бодлоо илэрхийлдэг мянга мянган монголчууд түүгээр л амьд харилцааг үүсгэдэг. Дэлхийг “хавтгай” болгоод буй гавьяа нь ердөө л энэ.
Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл дундаас хамгийн амьд, хамгийн өргөн хүрээг хамарч байгаагийн хамгийн гол учир нь тухайн нийтлэл, ярилцлага, мэдээллийн талаар өөрийнхөөрөө асуудалд хандаж байгаад орших нь дамжиггүй. Зарим тохиолдолд төрийн зүгээс хав дарсан үнэнийг сэтгэгдлээр ил болгох ч явдал бишгүй олон. Гэтэл тухайн хүний нэр, гэрийн хаягаас эхлээд бүхий л мэдээллийг нь ил болгоно. Ингэснээр нөгөө мэдээллээ сэтгэгдлээр дамжуулан үлдээсэн хүний аюулгүй байдалд халдаж, ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломж нь бий болно гэсэн үг.

 

Ингэж хэлэхээр “Эзэнтэй болгох хэрэгтэй. Хэн нь мэдэгдэхгүй хүн зүхээд, худлаа гүтгэдэг шүү дээ” гэх хүмүүс цөөнгүй гарна. Мэдээж элдвээр хүн доромжлох нь буруу. Гэхдээ сэтгэгдлийг хэн ч албан мэдээллээс нь салгаж ойлгохтойгоо болчихсон. Сэтгэгдэл бичнэ гэдэг нь зүйрлүүлж хэлбэл ердөө л үгээ хэлэх чөлөөт индэр гэсэн үг. Харин энэ индрийн ард хэн зогсч байгааг шууд ил болгочихвол хэн ч өөрийн бодсон, санаснаа хэлж чадахгүй болно гэсэн үг.

 

Сэтгэгдэл болгоны араас хянаж, цагдаад эхэлбэл мөнөөх гэм буруутайг зөвхөн шүүх тогтооно гэсэн ардчилсан зарчим ч алдагдана.

 

Л.НАРАНТӨГС
Эх сурвалж www.news.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.